Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/02141

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/02141

 

 

Д.Ганбат нэхэмжлэлтэй
Д.Ганбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02396 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Ганбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Түвшин, Л.Батдэлгэр нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Батзаяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Баттогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Иргэн Д.Ганбат 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Ш.Түвшин, Л.Батдэлгэр нартай зээлийн гэрээг бичгээр байгуулж 50 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлдэгч нараас 2013 оны 4 дүгээр сарын 25-нд хүү 1 000 000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 25-нд хүү 1 000 000 төгрөг болон үндсэн зээлээс 13 000 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарыбн 25-нд үндсэн зээлээс 3 100 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 28-нд хүү 1 000 000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй бөгөөд удаа дараа шаардахад төлөгдөөгүй үндсэн зээл болон зээлийн хүү болох 40 875 200 төгрөгийг 3 сарын дотор буюу 2014 оны 7 дугаар сарын 25-ны дотор төлнө гэдгээр илэрхийлж зээлийн хүүг 4 хувь байхаар гарын үсэг зурж тохиролцсон боловч мөн төлөөгүй. Зээлдэгчийн зүгээс Зээлдэгч бид 2013 оны 7 дугаар сарын 28-ны байдлаар 34 640 000 төгрөг өгөх ёстой байсан бөгөөд үүнээс хойшхи зээлийн хүүг төлөх боломж үнэхээр байхгүй байна. Харин 35 000 000 төгрөг төлөөд дуусгах хүсэлт тавьж байна. Ингэхдээ 5 000 000 төгрөгийг нь өгөөд 30 000 000 төгрөгийг нь 2014 оны 10 дугаар сарын 1-ний дотор төлж барагдуулах талаар хүсэлт тавьсныг нь хүлээн зөвшөөрч 2014 оны 8 дугаар сарын 8-нд дахин бичгээр хэлцэл хийсэн. 2015 оны 3 дугаар сарын 25-нд дахин 30 000 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс сарын 2 хувийн хүүтэйгээр төлөхөөр 3 сарын хугацаа сунгахаар тохиролцсон. Гэвч үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөлгүй өнөөдрийг хүргэсэн. Дээрх хугацаанд зээл болон зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж, зээлдэгч нартай удаа дараа уулзаж зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардаж тайлбар бичиж, гарын үсэг зуруулж баримтжуулж байсан болно. Иймд хариуцагч Ш.Түвшин, Л.Батдэлгэр нараас үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 19 800 000 төгрөг, нийт 49 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Ганбатаас хариуцагч Ш.Түвшин, Д.Ганбат нар нь 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 50 000 000 төгрөгийн сарын хугацаатай, 2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд түүнээс хойш зээлийг байнга төлж явж байсан бөгөөд зээлд 5 000 000 төгрөгөөр 2 удаа мөнгө төлсөн байхад дээрх гүйлгээг бичээгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр үнийн дүн зөрүүтэй байх бөгөөд хариуцагч нараас авсан зарим төлбөрийг оруулаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 49 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар 50 000 000 төгрөгийн талаас илүү төлбөрийг төлсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Түвшин, Л.Батдэлгэр нараас 20 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганбатад олгож, нэхэмжлэлээс 29 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Түвшин, Л.Батдэлгэр нараас 258 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбатад олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа, өмгөөлөгч Г.Баттогтох нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 4 дүгээр талд байгаа гэрээнээс бусад баримтуудыг гэрээний талын хэн алиных нь хүсэл зориг илэрхийлэгдэхгүй, нэхэмжлэгч уг баримтад гарын үсэг зураагүй, зөвхөн нэг талын гэрээний илэрхийлэл буюу хариуцагч нар зээлээ төлөх баталгааг бичгээр илэрхийлсэн баримт гэж үзсэн бол шүүхээс ... 30 100 000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан зээлийн гэрээний ар талд 20 100 000 төгрөгийг төлсөн тухай бичвэрээр ... тогтоогдож байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Хариуцагч нараас 20 100 000 төгрөгийг төлсөн гэдгийг 4 дэх талын ар бичигдсэн хэсгээс хэрхэн бодож гаргасан нь ойлгомжгүй байхаас гадна уг мөнгийг нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авсан талаарх баримт байхгүй. Шүүх зээлийн төлбөрт 20 100 000 төгрөгийг хариуцагч нараас төлсөн болохыг нотлоогүй атлаа нэхэмжлэгчийн гарын үсэг зураагүй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ эргэлзээтэй, хоёр талаас нь тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ганбат нь хариуцагч Ш.Түвшин, Л.Батдэлгэр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар 19 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 30 800 000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нартай 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээгээ сар бүр дүгнэн зээлийн үндсэн төлөлт, хүүгийн талаар харилцан тохиролцсоор ирсэн гэж тайлбарласан байна.

 

Талууд 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.Ганбат нь хариуцагч Ш.Түвшин, Л.Батдэлгэр нарт 50 000 000 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хугацаанд сарын 2 хувийн хүүтэй зээлүүлжээ. /хх-ийн 4 тал/ Зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөг өгсөн асуудлаар зохигчид маргаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо ... хариуцагчийн хэргийн 4 дэх талд буй зээлийн гэрээний арын хэсэгт 20 100 000 төгрөг төлсөн тухай бичвэр бодит байдалд нийцэхгүй гэсэн үндэслэл заасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох хэргийн 4 дүгээр хуудасны ар талд ... эхний сарын бэлнээр 1 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 25-нд хүү 1 000 000 төгрөг өгсөн, 2013 оны 6 дугаар сарын 25-нд хүү 1 000 000 төгрөг өгсөн, үндсэн мөнгөнөөс 13 000 000 төгрөг өгч 37 000 000 төгрөг үлдэв гэсэн, хэргийн 58 дугаар талд ... Д.Ганбатын Төрийн банкны 109800001046 тоот депозит дансанд 2014 оны 9 сарын 27-ны өдөр Батдэлгэрээс орлого 9 627 080,90 төгрөг ... гэсэн баримт тус тус хэрэгт авагдсан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нарыг 31 000 000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудасны ард авагдсан бичгийн баримт болон төрийн банкны дансны хуулгаар тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Талууд 2013 оны 7 дугаар сарын 25-наас 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сар бүр бичгийн гэрээ байгуулж, үндсэн зээл болон хүүгийн талаар тохиролцсон байх бөгөөд хамгийн сүүлд үндсэн зээл 30 000 000 төгрөг, 33 сарын хүү 19 800 000 төгрөг, нийт 49 800 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, бичгийн баримт үйлдсэн байна. /хх-ийн 4-14 тал/

 

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл байгуулж, гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Д.Ганбат нь хариуцагч Ш.Түвшин, Л.Батдэлгэр нараас уг гэрээний үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар дээрх бичгийн баримтыг үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш мөнгө төлсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан бичгийн баримтуудаас зөвхөн хоёр баримтыг үнэлэн дүгнэлт гаргасан, бусад баримтын талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулсан бичгийн баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02396 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дахь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Түвшин, Д.Батдэлгэр нараас 49 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганбатад олгосугай гэж,

2 дахь заалтад ...258 950... гэснийг ...407 000... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ганбатын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                           М.НАРАНЦЭЦЭГ