Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00483

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02396 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2141 дүгээр магадлалтай,

Д.Гын нэхэмжлэлтэй

Ш.Т, Л.Бнарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Г 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Ш.Т, Л.Бнартай зээлийн гэрээг бичгээр байгуулж 50 000000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлдэгч нараас 2013 оны 4 дүгээр сарын 25-нд хүү 1 000 000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 25-нд хүү 1 000 000 төгрөг болон үндсэн зээлээс 13 000 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 25-нд үндсэн зээлээс 3 100 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 28-нд хүү 1 000 000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй бөгөөд удаа дараа шаардахад төлөгдөөгүй үндсэн зээл болон зээлийн хүү болох 40 875 200 төгрөгийг 3 сарын дотор буюу 2014 оны 7 дугаар сарын 25-ны дотор төлнө гэдгээр илэрхийлж зээлийн хүүг 4 хувь байхаар гарын үсэг зурж тохиролцсон боловч мөн төлөөгүй. Зээлдэгчийн зүгээс Зээлдэгч бид 2013 оны 7 дугаар сарын 28-ны байдлаар 34 640 000 төгрөг өгөх ёстой байсан бөгөөд үүнээс хойшхи зээлийн хүүг төлөх боломж үнэхээр байхгүй байна. Харин 35 000 000 төгрөг төлөөд дуусгах хүсэлт тавьж байна. Ингэхдээ 5 000 000 төгрөгийг нь өгөөд 30 000 000 төгрөгийг нь 2014 оны 10 дугаар сарын 1-ний дотор төлж барагдуулах талаар хүсэлт тавьсныг нь хүлээн зөвшөөрч 2014 оны 8 дугаар сарын 8-нд дахин бичгээр хэлцэл хийсэн. 2015оны 3 дугаар сарын 25-нд дахин 30 000 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс сарын 2 хувийн хүүтэйгээр төлөхөөр 3 сарын хугацаа сунгахаар тохиролцсон. Гэвч үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөлгүй өнөөдрийг хүргэсэн. Дээрх хугацаанд зээл болон зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж, зээлдэгч нартай удаа дараа уулзаж зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардаж тайлбар бичиж, гарын үсэг зуруулж баримтжуулж байсан болно. Иймд хариуцагч Ш.Т, Л.Бнараас үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 19 800 000 төгрөг, нийт 49 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гаас хариуцагч Ш.Т, Д.Г нар нь 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 50 000 000 төгрөгийн сарын хугацаатай, 2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд түүнээс хойш зээлийг байнга төлж явж байсан бөгөөд зээлд 5 000 000 төгрөгөөр 2 удаа мөнгө төлсөн байхад дээрх гүйлгээг бичээгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр үнийн дүн зөрүүтэй байх бөгөөд хариуцагч нараас авсан зарим төлбөрийг оруулаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 49 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар 50 000 000 төгрөгийн талаас илүү төлбөрийг төлсөн гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02396 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Т, Л.Бнараас 20 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гад олгож, нэхэмжлэлээс 29 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Т, Л.Бнараас 258 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2141 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02396 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Т, Д.Л.Бнараас 49 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гад олгосугай гэж, 2 дахь заалтад ...258 950... гэснийг ...407 000... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэгт хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Д.Г хариуцагч Ш.Т, Л.Бнарт “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж 50 000 000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 0,2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч талаас 2013 оны 3 дугаар сары 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 14 000 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3 100 000 төгрөг, Төрийн банкны дансанд 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг нийт хариуцагч Ш.Т, Л.Бнар нийт 30 100 000 төгрөгийг төлсөн. 50 000 000 төгрөгийн 0,2 хувийн хүү нэг сард 100 000 төгрөг буюу 3 сарын хүү 300 000 төгрөг билээ. Тэгэхээр 50 300 000 төгрөгнөөс төлсөн 30 100 000 төгрөгийг хасахаар 20 200 000 төгрөг юм. Үүнийг анхан шатны шүүх зөв бодож зөв дүгнэж үндэслэл бүхий шийдвэрлэсэн болно. Гэтэл хавтаст хэрэгт байгаа “Зээлийн гэрээ”-нд хүүг тодоос тод 0,2 хувь гэж бичсэн байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх зээлийн хүүг 2 хувийн хүүтэй байна гэж дүгнэсэн нь илтэд нэг талыг барьж нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “Талууд 2013 оны 7 дугаар сарын 25-наас 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сар бүр бичгийн гэрээ байгуулж, үндсэн зээл болон хүүгийн талаар тохиролцсон байх бөгөөд хамгийн сүүлд үндсэн зээл 30 000 000 төгрөг, 33 сарын хүү 19 800 000 төгрөг, нийт 49 800 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, бичгийн баримт үйлдсэн байна /хх-4-14/, Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл байгуулж гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ш.Т, Л.Бнараас уг гэрээний үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй” гэжээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүх талууд гэж зээлдүүлэгч, зээлдэгч нарыг хэлээд байгаа бол талууд ганц л удаа “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр л “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан билээ. Талууд дахиж ямар ч гэрээг нэмж байгуулаагүй бөгөөд хэрвээ байгуулсан бол хэдэн төгрөгийн “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж хэдэн хувийн хүүтэй, хэдий хугацаатай байх мөн талууд гарын үсзг зурж баталгаажуулсан байх ёстой. Гэтэл талууд дахин ямар ч гэрэ байгуулаагүй бөгөөд үүнийг анхан шатны шүүх “Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулсан, гэрээг сунгаж байсан талуудын тохиролцоо гэж үзэх боломжгүй, хуулиар тогтоосон зээлийн гэрээний агуулга, гэрээний талын хэн алины нь хүсэл илэрхийлэгдэхгүй, нэхэмжлэгч уг баримтад гарын үсэг зураагүй, зөвхөн гэрээний нэг талын илэрхийлэл буюу хариуцагч нар зээлээ төлөх баталгааг бичгээр илэрхийлсэн баримт гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн дурдсан хугацаагаар хүү тооцох үндэслэлгүй” гэсэн зөв дүгнэсэн гэж үзэж байгаа болно. Гэтэл хариуцагч Ш.Т, Л.Бнар 50 000 000 төгрөгийг 0,2 хувийн 3 сарын хугацаатай зээлсэн мөнгөнөөс 30 100 000 төгрөг төлсөн байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх нэмж 49 800 000 төгрөг 30 100 000+49 800 000=79 800 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн болно. Иргэний хуулийн 282 зүйлийн 282.1-д заасны дагуу талууд хоорондоо хүүг тохиролцсон байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх яг ямар хуулийг баримтлан хүүг нэмж, яг ямар аргачлалаар үндсэн зээлийг нэмэгдүүлсэн тодорхой бус байгаа болно. Мөн Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэсэн байтал зээлсэн мөнгөнөөс илүү төлөхөөр шийдвэрлэж байгаа нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдлыг гаргасан бөгөөд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ш.Т, Л.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49 800 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар 19 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 20 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нараас 49 800 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тухайн маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ харилцан биелүүлэх ёстой  байна. Гэрээний дагуу Д.Г нь Ш.Т, Л.Бнарт 50 000 000 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 1 хүртэл хугацаанд сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргээ биелүүлжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдэгч нар сар бүр, төлөх ёстой үндсэн зээл болон хүүг тооцож, үүргийг зөвшөөрч байсан байх ба 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үндсэн зээл 30 000 000 төгрөг, 33 сарын хүү 19 800 000 төгрөг, нийт 49 800 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нар 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зээлж авсан 50 000 000 төгрөгийг хугацаандаа бүрэн төлөөгүй, зээл болон хүүд 31 000 000 төгрөг төлсөн боловч нэхэмжлэл гаргасан 2018 оны 03 сарын 23 хүртэл хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогджээ. Гэрээний нэг тал болох зээлдэгч нар үүрэг биелүүлэх хугацааг сунгаж, сунгасан хугацаанд хүү төлөх үүрэг хүлээсэн хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлдүүлэгч уг нөхцөлийг зөвшөөрч, хугацааг сунгасан нь гэрээг чөлөөтэй байгуулах талуудын эрхийг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлж, анхан шатны шүүхийн алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар   сарын 15-ны өдрийн 2141 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА