Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2018/00619

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүх бүрэлдэхүүн А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суух, утас 000, РД:0000 Т овогт Н-ы Еийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (дарга К.Б, утас 0000),

Хамтран хариуцагч: Б аймгийн Ө сумын Засаг дарга (Засаг дарга Х.Б, утас 00000) нарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С (Улаанбаатар хотоос онлайнаар), хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б, хамтран хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг дарга Х.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, иргэдийн төлөөлөгч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрээс учирсан хохирол 8 сая төгрөг, өмгөөллийн зардал 3 сая төгрөг нийт 11 сая төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Н.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оны 8 сард иргэн Г.Эаас 2005 оны гэрчилгээтэй 630 м.кв газрыг дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө буюу байшингийн хамт худалдан авч, гэр бүлээрээ амьдарч байгаа бөгөөд Ө сумын газрын алба гэрчилгээг шилжүүлэн олгосон, хуулиар олгосон газартаа л байшин барьсан, энэ үед уг газар өөр хэн нэгний мэдэлд байгаагүй. Гэтэл газрын алба хөрш айл бидний дунд гарсан маргааныг зөв шийдвэрлэхгүй, миний барьсан байшингийн доорх газрыг иргэн Х.Б, Б.Г-ад өмчлөн миний гэр бүлийн эрх ашгийг дордуулан хохироосон. Би анх 630 м.кв газрын гэрчилгээтэй газрыг худалдан авсан, Газрын алба надад түүнийг шилжүүлэн өгч Газар эзэмшүүлэх гэрээ хийж, тэр газартаа л би байшин барьсан. Энэ хугацаанд Газрын алба хууль ёсоор газрыг эзэмшиж өмчилж байгааг шүүхэд мэдүүлж байсан боловч Газрын албаны хайнга, хариуцлагагүй ажиллагаанаас иргэн би гэр бүлийн хамт хохирч барьсан байшингаа нураахаас өөр аргагүй байдалд хүрч, миний эрх ашиг хохирч байна. Би анх аймгийн Газрын албанаас олгосон газрын гэрчилгээ бүхий 630 м.кв газрыг авсан, түүн дээрээ байшин барьсан болохоос хүний газарт байшин бариагүй, шударгаар эзэмшиж байсан тул энэ байшинг барьсан. 2014 оны 10 сарын 03-ны өдрөөр огноолсон өргөдлийг танай байгууллагад гаргаж, энэ маргааныг зөв зохистой шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч одоо хүртэл хариу өгөөгүй. Энэ байшинг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар нурааж би байшинг Ө сумын Төрийн сангийн төлөөлөгчөөр үнэлүүлсэн ба 8 сая төгрөгийн үнэлгээ хийсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед шинжээч томилон үнэлгээ хийсэн бөгөөд эрс зөрүүтэй үнэлгээ хийсэн. Газрын албаны буруу үйл ажиллагаа, хүчин төгөлдөр гэх газар олгосон гэрчилгээ зэргийн улмаас би хохирч, өөрсдийн барьсан орон гэрээ аргагүй шахалтын улмаас өөрсдөө нурааж хохирсон тул нэхэмжлэл гаргаж байна. Миний бие Б аймгийн Ө сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар захирамжийн дагуу Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай иргэний Г овогтой Эаас 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0065113 дугаар гэрчилгээтэй 630 м.кв газрыг дээр нь баригдсан үл хөдлөх хөрөнгө буюу байшин 2 ширхэг амбаарын хамт худалдан авч, Ө сумын Газрын албанд тухайн үед хандаж хуулийн дагуу Ө сумын Засаг даргын 68 дугаар захирамжийн дагуу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0256007 дугаар бүхий гэрчилгээтэй 630 м.кв газрыг 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлэн авсан. Хуулиар олгосон газарт байшин барьсан. Тухайн үед Б аймгийн Ө сумын Засаг дарга болон газар хариуцсан газрын даамал зөв шийдвэр гаргаж хуулийн дагуу ажилласан бол иргэн миний бие хохирохгүй байсан. Иймд Б аймгийн Ө сумын Засаг дарга болон Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 8 сая төгрөг, мөн энэ хугацаанд өмгөөлөгч авч гэр бүлийн эдийн засгийн хувьд хохирсон өмгөөллийн зардал 3 сая төгрөг нийт 11 сая төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Иргэн Г.Эын газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Ет шилжүүлсэн шийдвэр Ө сумын Засаг даргын захирамж тул манай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцах боломжгүй гэжээ.

Хамтран хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг дарга Х.Б шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Н.Еийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл буюу холбогдох нотлох баримтуудыг авч үзэхэд дараах байдалтай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь, Одоогоор Н.Еийн эзэмшиж байгаа газрыг анх 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 74 дүгээр захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон хавсралтад заасан 50 иргэнд олгохоор зөвшөөрөн хавсралтын 6 дугаар баганд бичигдсэн 0879 нэгж талбарын дугаартай Ггийн Э 0.042 хэмжээ бүхий газрыг 50 жилийн хугацаатай 0065113 гэрчилгээний дугаартай хэмээн тусгаж эзэмшүүлсэн байна. 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших гэрчилгээнд газрын хэмжээг 0.0630 м2 болгон өөрчилж захирамжийн хавсралтад заасан хэмжээнээс 0.210 м2 илүү тусгаж гэрчилгээг зассан байна. Энэхүү гэрчилгээ дэх газрын хэмжээ хэн засвар хийж 0.0360 м2 газар болгож 210 м2 газрыг илүү бичсэн байх эсэх нь хэний буруу үйлдэл болох нь тогтоогдоогүй байжээ. Иргэн Г.Э энэхүү эзэмшиж байсан газраа 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар захирамжийн дагуу Н.Ет шилжүүлсэн үеэс эхлэн хөрш суух иргэн А.Б хоёрын хооронд газрын маргаан үүсэж эхэлж шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэсэн байжээ. Харин Ө сумын Засаг даргаас Г.Эын эзэмшиж байгаа 0.042м2 газарт 210 м2 газар нэмж талбайн хэмжээг 0.0630 м2 болгож өөрчилсөн эсэх талаар захирамж гарч байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд хэн нэгний гэрчилгээ заасан явдалд Ө сумын Засаг дарга 13 жилийн дараа хариуцлага хүлээж төлбөр төлөх үндэслэлгүй тул Н.Еийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Н.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: 2009 оны 5 дугаар сарын 05-ний өдөр гэрчилгээ олгож гэрчилгээний дагуу байшингаа барьсан. Нэхэмжлэлдээ дурдсан хохирлоо барагдуулахыг хүсэж байна. 8000000 төгрөг 8x5 харьцаатай 40 м.кв блокоор баригдсан дээвэртэй байшинг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардсанаар нураасан. Газрын маргаан 2011 оноос хойш тасралтгүй үргэлжилж сая нэг дуусгавар болсон. Энэ хугацаанд захиргааны болон иргэний шүүхэд маргаан үүссэн болохоор өмгөөлөгч авч өмгөөллийн хөлс 3000000 төгрөг төлсөн. Нийт 11000000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар энэ хэргийн хариуцагч биш байна. Яагаад гэвэл гэрчилгээ олгосон гарын үсэг зурсан Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар биш Ө сумын Засаг дарга гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу нураасан асуудал болохоос Газрын харилцаа барилга хот байгууллага очиж нураасан асуудал байхгүй. Үл хөдлөх хөрөнгө барсан газар тухайн үед хэн ч эзэмшээгүй байсан. Хууль бус газарт өөрөө зөвшөөрөлгүй байшин барсан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэв.

Хамтран хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг дарга Х.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2005 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай захирамжийн дагуу Г.Э гэдэг хүнд 420 м.кв газрыг эзэмшүүлж Засаг даргын захирамж гарсан. 2009 онд нэхэмжлэгч Н.Е худалдан авсан байна. Шилжүүлэн авсан эзэмшлийн гэрчилгээндээ 630 м.кв болсон байна. Тухайн үед 420 м.кв газрыг томсгож 630 м.кв болгосон Засаг даргын захирамж гараагүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Г.Эын 2005 онд авсан газрын гэрчилгээнд засвартай байсан хэн засварласан нь тогтоогдоогүй учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол байгаа. Хэн засварласан нь тодорхойгүй гэрчилгээнд Ө сумын Засаг дарга ямар ч буруугүй хариуцлага хүлээхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан зохигч нараас бүрдүүлж өгсөн 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай Б аймгийн Ө сумын Засаг даргын Эрхийн гэрчилгээ олгох тухай захирамж, энэ Ө сумын Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжийн хавсралт, мөн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №0065113 дугаартай Газар эзэмших гэрчилгээ Г.Эын, мөн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Эзэмшил газрын бусдад шилжүүлэх гэрээ, мөн 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаартай Б аймгийн Ө сумын Засаг даргын Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамж, мөн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон №0256007 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Н.Е, Ө сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан А.Е нарын байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудад заасан үйл баримтуудыг үнэлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр Б аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийдвэр, мөн Б аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай шийдвэр тус тус гарсан байх тул эдгээр нотлох баримтуудад дахин эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Мөн Ө сумын 1-р багт байрлах А.Б, Б.Г нарын өмчлөлийн 359.6 м2 газрыг Н.Е, Б.Гүлжайна нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай Б аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон дээр нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай Б аймгийн Ө сумын Засаг даргын Эрхийн гэрчилгээ олгох тухай захирамж болон энэ захирамжийн хавсралтаар Г.Э нь Ө сумын 1-р багийн нутаг дэвсгэрээс 0,042/м2/ га газрыг 50 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон байхад Б аймгийн Ө сумын Засаг даргаас олгосон 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №0065113 дугаартай Газар эзэмших гэрчилгээ-нд Г.Э нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 031300779 дугаар бүхий 0,0630 м2 /га/ газрын 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэж газрын хэмжээ илүү бичсэн байна. Энэ газрын хэмжээ 0,0630 гэсэн тоог засварласан болох нь Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай Шинжээчийн дүгнэлт болон 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/738 дугаартай Б аймгийн Прокурорын газрын Прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор тус тус нотлогдож байна.

Гэтэл хариуцагч Ө сумын Засаг дарга 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаартай Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Ө сумын иргэн Г Эын 031300779 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Ны Ет... зориулалтын дагуу шилжүүлэхэд урьд гарсан Ө Засаг даргын 2005 оны 74 тоот захирамжийг хянаж үзэлгүйгээр шууд Г.Э холбогдох хэсгийг хүчингүй болгож, шилжүүлсэн газрын шаардагдах материалыг бүрдүүлж шинээр гэрчилгээ олгож гэрээ байгуулан Газрын тухай хуулийн 38.4 заасны дагуу бүртгэж авахыг газрын даамал /А.Ет/-д даалгаж хууль зөрчсөн байна.

Улмаар Сумын Газрын даамал А.Еийн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон №0256007 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-гээр Н.Ет Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 031300779 дугаар бүхий 630 /0,063/ м2 /га/ газрыг 46 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн ба 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн гэрээ байгуулсан байна.

Иймд төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрээр олгосон эзэмшил бүхий газарт барьсан нэхэмжлэгч Н.Еийн 8х5 метрийн харьцаатай 40м2 банзан байшинг 2018 оны 01 дүгээр сарын 24-нээс эхлэн нурааж 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 30 минутад бүрэн нурааж газрыг чөлөөлсөн болох нь Б аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 03/70 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол болон 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

Иймд төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрээр олгосон эзэмшил бүхий газарт барьсан нэхэмжлэгч Н.Еийн 8х5 метрийн харьцаатай 40м2 зуны байшинг нурааснаар Н.Ет хохирол учирсан болох нь нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Ө сумын төрийн сангийн төлөөлөгчийн Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт-ыг үндэслэн Н.Еийн байшингийн үнэ 8000000 төгрөгийг хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Н.Ет олгох нь зүйтэй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хууль бус шийдвэрээр хохирол учирсан гэсэн нь нотлогдохгүй байгаа тул хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хэсгийг, мөн нэхэмжлэгч Н.Е нь Монгол Улсын үндэслэн хуульд заасан эрхийнхээ дагуу өмгөөлөгч сонгон авах, эрх зүйн туслалцаа авахад төлсөн гэх 3 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 142950 төгрөгийг хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Н.Ет олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-ийг тус тус баримтлан Б аймгийн Ө сумын Засаг даргаас хохирол байшингийн үнэ 8000000 (найман сая) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т овогт Ны Ет олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3000000 (гурван сая) төгрөг болон хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Еийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 (нэг зуун ерэн мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргаас 142950 (нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ет олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

Б.МАНГИЛИК