Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/02132

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        05          06                                     101/ШШ2022/02132         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.У-н  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ДА” НҮТББ-д холбогдох,

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Хариуцагч “ДА” НҮТББ-ын хувьцаа эзэмшигч Н.А өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У, түүний өмгөөлөгч У.М нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.У би Б.М-ийн үүсгэн байгуулсан “ДА” ТББ-ын 2018 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр cap хүртэл явагдах "М" хөтөлбөрт 2018 оны 08 дугаар сард бүртгүүлж, 5,000,000 төгрөгийн төлбөрөө Б.Б /Б.М-ийн төрсөн дүү/-ийн Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлж, “ДА” ТББ буюу Б.М-с хэрэглэгчийн нэр, нууц үг агуулсан мэйл ирүүлснээр гэрээ байгуулсан болно. Уг хөтөлбөрийг анхнаасаа 5 жилийн 25,000,000 төгрөгийн төлбөртэй байсныг урамшуулал зарласан хэмээн 5 жилийн 5,000,000 төгрөгийн төлбөртэй болгосон байдлаар танилцуулсан бөгөөд миний хувьд 2018 оны 09 дүгээр сараас эхлэн 2019 оны 10 дугаар cap хүртэл хөтөлбөрт хамрагдаж, ажлын ачаалал, шаардлагаар 2019 оны 11 дүгээр сараас хөтөлбөрт оролцохгүй явсаар 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэвтэрч орох гэсэн боловч орох боломжгүй болсон байсан. Өөрөөр хэлбэл энэ цаг хугацаанаас өмнө орох эрхийг маань хаасан байж таарсан.

“ДА” ТББ болон Б.М-н хэлж, сурталчилснаар бол дээрх хөтөлбөр нь 5 жилийн хугацаанд 5,000,000 төгрөгийн төлбөртэйгээр 5 жилийн дотроо хэдийд ч, ямар ч хичээлээ өөрийн сонголтоор үзээд суралцаад явах боломжтой, уян хатан хөтөлбөр гэсэн болохоор л миний хувьд ажил, амьдралын нөхцөл байдалтайгаа уялдуулан хажуугаар нь оролцоод, хамрагдаад явахад зохимжтой, хүссэн үедээ хараад уншаад, ажил ихтэй үедээ, амрах үедээ хойшлуулаад байх боломжтой юм байна гэж таалагдсан тул 5,000,000 төгрөгийг төлсөн. Хэрвээ тийм биш байсан бол, хатуу хуваарьтай, хатуу хөтөлбөртэй байсан бол ажил хийдэг хүмүүс түүнд 5 жилийг зарцуулахгүй, бас жил бүр 5,000,000 төгрөг зарцуулахгүй нь тодорхой билээ.

Миний нэвтрэх эрхийг хааснаас хойш M B хуудас /ажилтан руу нь/ руу мессеж бичиж асуутал өөрийн тань эрхийг нь хаа гэсэн шийдвэр гаргасан гэж мессеж бичээд блоклосон. M B буюу Б.М руу удаа дараа мэйл бичсэн боловч огт хариу бичээгүй. 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Д А”-н ажилтан М.С руу мэйл бичсэн. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариу ирүүлсэн бөгөөд мэйлийн утга нь 2018 онд зарласан хөтөлбөрийн хугацаа, төлбөрийг үгүйсгэсэн утгатай мэйл илгээсэн байсан. Тодруулбал, 5 жилийн 25,000,000 төгрөгийн хөтөлбөр, 1 жилийг бэлэг болгоод өгсөн, мөн үйлчилгээний нөхцөл зөрчсөн тул эрхийг хаасан гэсэн тайлбар өгсөн юм.

Түүнээс хойш надтай харилцах шаардлагагүй гээд миний мөнгөө шаардаж бичсэн мэйлд хариу өгөхгүй болсон. Хэдийгээр би 7 сарын хугацаанд завсарласан ч гэсэн уг хөтөлбөрийн нэг онцлог нь хэзээ ч хамаагүй өөрийн нэвтрэх эрх, нууц үгээрээ ороод шаардлагатай зүйлүүдээ үзээд судлаад явна гэж анхнаасаа ойлгосон байсан бөгөөд ийм онцлогтой хөтөлбөр гэдгийг ч Б.М нь хэлсэн байдаг.

Б.М нь “ДА” ТББ-ын шугамаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж, нэлээд хэмжээний орлого олдог бөгөөд хүмүүсийг хөтөлбөрийн нөхцлөөрөө эхнээсээ татаж оролцуулаад таалагдахгүй болонгуут өөрийн дураар эрхийг нь хааж, загнаж, доромжилж, оролцоогүй хугацааных нь мөнгийг өгөхгүй байж болохгүй, ингэж хүний эрх ашгийг хохироохыг би огт хүлээн зөвшөөрөхгүй.

Би дээрх хөтөлбөрт хамрагдахын тулд банкнаас тухайн үед зээл авч төлбөрөө төлж байсан, цаг хугацаа болон санхүүгийн хувьд хохирсон.

Тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Б.М нь нэхэмжлэгчийг санхүү хариуцсан менежерээр ажиллах хүсэлт тавьсан, үүнийн дагуу сарын цалинг 2,000,000 төгрөгөөр тохирсон боловч 2019.07.16-ны өдрөөс 2019.08.15-ны өдөр хүртэлх хугацааны цалин гээд 1,100,000 төгрөг, 2019.08.16-ны өдрөөс 2019.09.06-ны өдөр хүртэлх хугацааны цалин 738,095 төгрөг тус тус өгсөн. Үүнээс болоод тохиролцсон цалинг өгөөгүй учраас түүнтэй муудалцсан. Энэ талаар хувьцаа эзэмшигч Н.А тайлбартаа бичсэн байна.

Хариуцагч “Д А” НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд 4 иргэн бүртгэгдсэн, үүнээс Б.Б 2019 онд гишүүнээс гараад 3 иргэн үлдсэн байна.

Эдгээрээс Б.А, Б.М нар гадаад улсад амьдардаг, Н.А тус улсад байдаг, тэрээр хувьцаа эзэмшигч гишүүний хувьд нэхэмжлэлийг гардан авсан байна. Уг хуулийн этгээд албан ёсоор улсын бүртгэлээс хасагдаагүй байх тул түүнийг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж үзэх үндэслэлтэй.

Хувьцаа эзэмшигч Б.А нь тус НҮТББ-тай холбоогүй гэх боловч энэ нэхэмжлэлийн талаарх хариу тайлбарыг цахимаар ирүүлсэн, Н.М мөн адил энэ байдлыг мэдээд өөрийн ажилтан М.С-оор дамжуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг шүүхэд ирүүлсэн байна.

Гэвч тэрээр хуулийн этгээдийг төлөөлөх эрх олгоогүй гээд нэхэмжлэлийг гардаж аваагүй, төлөөлөх эрхгүй учраас шүүх түүнд гардуулах боломжгүй болсон байна.

Үүнээс үзэхэд М.С нь энэхүү нэхэмжлэлийн талаар удирдах зөвлөлийн дарга Н.М-д мэдэгдсэн, тэрээр үүнийг мэдсэнийхээ үндсэн дээр хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлсэн гэж үзэж байна.  

Иймд тус НҮТББ-тай байгуулсан гэрээний дагуу 5 жилийн хугацааны хөтөлбөрт 2 жил хүрэхгүй хугацаанд хамрагдаж, үлдсэн 3 жилд түүний хөтөлбөрт нэвтрэн орох эрхийг хаасан учраас нээгдэхгүй байсан тул талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, хариуцагч “ДА” НҮТББ-аас хөтөлбөрт хамрагдаагүй хугацааны төлбөр болох 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “ДА” НҮТББ-ын хувьцаа эзэмшигч Б.А шүүхэд цахимаар ирүүлсэн тайлбартаа:

Сайн байна уу, миний нэрийг Б.А гэдэг би Австрали улсын Сидней хотод амьдардаг.

Миний нэр дээр шүүх хуралд дуудсан бичиг ирсэний дагуу энэ и мэйлийг бичиж байна. Би Дасгалжуулалтын академийн ажлаас 2019 онд гарсан бөгөөд одоо үйл ажиллагаанд нь ер оролцдоггүй, холбоогүй байдаг билээ.

Гадаадад амьдардаг учраас доорх дуудсан шүүх хуралд очиж чадахгүй байгаагаа энэ и мэйлээр илэрхийлж байна гэжээ.

 

Хариуцагч “ДА” НҮТББ-ын хувьцаа эзэмшигч Н.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Н.А нь 2018 оноос “ДА” ТББ-д ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Ажлаас гарах хүсэлтийг хүлээж авахгүй, ажлаа шууд орхисон /хуулийн 1 сарын хугацаа өнгөрсөн учир/ гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгөөгүй, ажилласан хугацааны цалинг олгоогүй тул миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.

Одоогийн Б.У-ын нэхэмжлэлийн адил Д.М гадаадад байгаа гэдэг шалтгаанаар хариуцах эзэн итгэмжлэл өгөхгүй явсаар миний бие нэхэмжлэлээсээ татгалзсан.

Намайг ажиллаж байх үед үүсгэн байгуулагчийн тооны шаардлагын дагуу ажилтан Б.А, Н.А миний бие жинхэнэ үүсгэн байгуулагч Б.М нарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Миний бие одоо тухайн байгууллагад огт хамааралгүй, албан ёсны үүсгэн байгуулагч биш тул тухайн нэхэмжлэлд хариуцлага хүлээх боломжгүй юм. “ДА” ТББ нь албан ёсны хаягтай. Тухайн хаяг дээр тус байгууллагад ажилладаг эрх бүхий ажилтнуудад итгэмжлэл үүсгэн Б.У-ын нэхэмжлэлд хариуцлага хүлээлгэхийг хүсч байна.

Б.М нь байгууллага үүсгэн байгуулахаас өгсүүлээд санхүү, үйл ажиллагаатай бүхий л ажлаа итгэмжлэлээр Монгол улсад явуулдаг учраас уг хэрэгт ч итгэмжлэлээр оролцох бүрэн боломжтой гэж үзэж байна.

Миний асуудал шийдэж өгөөгүй, удаа дараа иймэрхүү утгагүй шалтаг хэлж дахин 1 хүнийг хохироохыг хүсэхгүй байна. Миний бие хариуцагч бус хохирогч тул “ДА” ТББ-д хандсан хэрэгт огтын хамааралгүй болно гэжээ. /хх-ийн 64-65/

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Ариг банк” ХХК дахь 0 тоот дансны хуулга, Б.У-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Z и мэйл хаягаас B и мэйл хаяг руу 2018.09.01-ний өдөр илгээсэн захидал, B и мэйл хаягаас 2020.07.02-ны өдөр M и мэйл хаяг руу, 2020.07.15-ны өдөр A и мэйл хаяг руу, 2020.07.17-ны өдөр S и мэйл хаяг руу илгээсэн захидалууд /хх-ийн 3-9/ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “ДА” НҮТББ-ын дүрмийн хуулбар, “ДА” ТББ-ын захирлын 2020.02.01-ний өдрийн 01/20 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, М.С-н иргэний үнэмлэхийн хуулбар болон тайлбар, “ДА” ТББ-ын хувьцаа эзэмшигч Б.А, Н.А нарын тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.04-ний өдрийн 101/ШШ2020/02770 дугаар захирамжийн хуулбар, А и мэйл хаягаас М и мэйл хаяг руу 2022.04.19-ний өдөр илгээсэн захидал /хх-ийн 13-18, 58, 66-69, 70-73/, зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр “ДА” ТББ-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Б.М-ийн Монгол улсын хилээр орсон, гарсан тухай лавлагаа, Б.А, Н.А нарын Монгол улсын хилээр орсон, гарсан тухай лавлагаа болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаануудыг /хх-ийн 28-30, 32, 43-49/ тус тус бүрдүүлсэн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч “ДА” НҮТББ-д холбогдуулан түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчтай 2018 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр cap хүртэлх хугацаанд түүний хэрэгжүүлэх "Б" хөтөлбөрийн сургалтад 5 жилийн хугацаанд хамрагдахаар тохиролцож, сургалтын төлбөр 5,000,000 төгрөгийг төлсөн, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сургалтад нэвтрэх эрхийг хаасан учир гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэжээ.

Хэрэгт авагдсан “ДА” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний дүрэм, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд тус хуулийн этгээд нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлийн идэвхтэй төлөв хэсэгт 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Б.А, Б.М, Н.А нар бүртгэлтэй, идэвхгүй төлөв хэсэгт 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Б.Б тус тус бүртгэгдсэн байна. /хх-ийн 13-15, 29-30/    

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6-т: “Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ”,

7 дугаар зүйлийн 1-т: “Төрийн бус байгууллагыг дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд нь заасан бусад үндэслэлээр татан буулгаж болно. Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг төрийн бус байгууллагын эрх барих байгууллага гаргана”, 7 дугаар зүйлийн 3-т:Төрийн бус байгууллагын эрх бүхий байгууллага нь түүнийг татан буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр ирүүлэх бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс хасна” гэж тус тус заасан.

Үүнээс үзэхэд “ДА” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь улсын бүртгэлд бүртгэлтэй, дүрэм болон хуульд заасан заасан бусад үндэслэлээр татан буугдаагүй, үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч “ДА” НҮТББ-ын хувьцаа эзэмшигч Б.М нь 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус тус Монгол Улсын хилээр гарсан, буцаж улсын хилээр орсон бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022.01.06-ны өдрийн 2-4в/122, 2022.02.24-ний өдрийн 2-4в/959 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон. /хх-ийн 32,43/

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т: “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна” гэж заасан.

 

“ДА” НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд Батсүх овогтой Мөнгөнтуяаг удирдах зөвлөлийн дарга гэж бүртгэсэн байх боловч гүйцэтгэх захиралтай холбоотой  мэдээлэл бүртгэгдээгүй, тусгагдаагүй байх тул тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гишүүн Н.А-д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардуулан өгөх ажиллагааг гүйцэтгэсэн болно. /хх-ийн 60-63/

 

Тус НҮББ-ын хувьцаа эзэмшигч, гишүүн Н.Ань нэхэмжлэлийн шаардлагыг өөрт нь хамааралгүй, тухайн хуулийн этгээдийн албан ёсны үүсгэн байгуулагч биш гэх тайлбарыг, тус шүүхийн шүүгчийн 2020.08.04-ний өдрийн 101/ШЗ2020/02770 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, захирал гэх Б.М-д нэхэмжлэлийг хүргүүлсэн гэх и мэйл зэрэг баримтын хамт шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 64-69/

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хөтөлбөрийн зохицуулагч Н.А, Б.М, М.С нарын хоорондоо бичсэн и мэйл, Б.А-н шүүхэд цахимаар ирүүлсэн тайлбар, “Ариг банк” ХХК-ийн 0 тоот данснаас 2018.08.31-ний өдөр 5,000,000 төгрөгийг “Б утгаар” ХААН банк ХХК дах Б 0 тоот данс руу шилжүүлсэн депозит дансны харилцагчийн монгол хуулга зэрэг баримтаас үзэхэд хариуцагч нь 2018 оны 9 сард өөрийн зохион байгуулж буй “Б” хөтөлбөрийн сургалтад нэхэмжлэгчийг хамруулах, нэхэмжлэгч нь сургалтын төлбөрт 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэхээр байна. /хх-ийн 4,6-9/

 

Дээрх үйл баримтаар “ДА” НҮТББ нь бизнес санаа олгох зорилготой, бизнес хэрхэн эрхлэх тухай сургалтыг 5 жилийн хугацаатай явуулах, Б.У нь хөтөлбөр хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хэрэглэгчийн нэр, нууц үгээр хөтөлбөрийн сургалтад нэвтэрч, өөрийн боломжит хугацаанд сургалтад хамрагдаж, хөлс төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байх талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ийнхүү тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б.У нь сургалтын төлбөрт хариуцагч “ДА” НҮТББ-д 5,000,000 төгрөг төлсөн, ийнхүү төлбөрөө төлснөөр 2018 оны 09 сараас 2019 оны 10 сар хүртэлх хугацаанд сургалтад хамрагджээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т: “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2-т: “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж зааснаас үзэхэд зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагчийн зүгээс хэрэгжүүлж буй “Б” хөтөлбөрийн сургалтад түүний илгээсэн нэвтрэх нэр, нууц үгийн дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 09 сараас 2019 оны 10 сар хүртэлх хугацаанд сургалтад  хамрагдсан, хариуцагч нь 2020 оны 6 сараас түүнийг сургалтад нэвтрэн орох боломжгүй болгосон нь зохигч талуудын хоорондоо бичиж байсан и мэйлээр  тогтоогдож байх бөгөөд хариуцагч түүний нэвтрэх эрхийг хаасан шалтгааныг сургалтын төлбөртэй холбон тайлбарласан хариуг илгээсэн байна.

 

Зохигч талуудын хооронд бичсэн и мэйлээс үзэхэд хариуцагч нь 1 жилийн хугацааны төлбөр 5,000,000 төгрөг, 5 жилийн хугацааны төлбөр 25,000,000 төгрөг, үүнийг үйлчилгээний нөхцөл 7-т тусгасан, мөн 1 жилийн хугацаанд хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд дараагийн 1 жилийн хугацааны хөтөлбөрийг бэлэг болгох талаар тохиролцсон гэх байдлыг нотолсон баримтгүй байхаас гадна тэдний тайлбараар нэхэмжлэгч нь 2 жилийн хугацааны сургалтад хамрагдсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т: “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2020.07.15-ны өдөр сургалтад тохиролцсон хугацааны турш хамрагдах хүсэлтээ и мэйлээр илэрхийлсэн, түүний уг хүсэлтэд хариуцагч нь татгалзсан хариуг и мэйлээр ирүүлсэн байгааг хариуцагчид нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх бөгөөд харуицагч нь 5 жилийн хугацаанд өөрийн хэрэгжүүлж буй сургалтад хамруулах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг түүнд сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна. 

 

Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан тул мөн өдрөөр тэдний хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, гэрээг цуцлах хүртэлх хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй байх тул хариуцагч “ДА” НҮТББ-аас 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж байх тул хариуцагчаас уг үнийн дүнгийн хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжид 133,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 359 дүгээр зүйлийн 359.1-т тус тус зааснаар хариуцагч “ДА” НҮТББ-аас 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “ДА” НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 133,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ