Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00632

 

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00632

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00546 дугаар дугаар шийдвэртэй,

 

Б.А-ын нэхэмжлэлтэй,

“Б” ТББ-д холбогдох,

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь “Б” ТББ-ын 2018 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл явагдах "Миний бизнес" хөтөлбөрт 2018 оны 08 дугаар сард бүртгүүлж, төлбөр 5,0 сая төгрөгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан.

1.2. Уг хөтөлбөр нь 5 жилийн 25,0 сая төгрөгийн төлбөртэй байсныг урамшуулал зарласан хэмээн 5 жилийн 5,0 сая төгрөгийн төлбөртэй болгосон байдлаар танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 09 сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хөтөлбөрт хамрагдаж, ажлын ачаалал, шаардлагаар 2019 оны 11 дүгээр сараас хөтөлбөрт оролцохгүй явсаар 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэвтэрч орох гэсэн боловч орох боломжгүй, эрхийг хаасан байсан.

1.3. “Б” ТББ-аас дээрх хөтөлбөр нь 5 жилийн хугацаанд 5,0 сая төгрөгийн төлбөртэй 5 жилийн дотроо хэдийд ч, ямар ч хичээлээ өөрийн сонголтоор үзээд суралцаад явах боломжтой, уян хатан хөтөлбөр гэсэн.  

1.4. Нэхэмжлэгчийн нэвтрэх эрхийг хааснаас хойш “В-” хуудас руу мессеж бичиж асуухад “өөрийн тань эрхийг хаа гэсэн шийдвэр гаргасан” гэсэн бөгөөд Бйн ажилтан М.Г-ос 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр имэйлээр “5 жилийн 25,0 сая төгрөгийн хөтөлбөр, 1 жилийг бэлэг болгоод өгсөн, мөн үйлчилгээний нөхцөл зөрчсөн тул эрхийг хаасан” гэсэн тайлбар өгснөөс хойш төлбөрөө буцааж шаардсан имэйлд хариу өгөхгүй болсон.  

Иймд 5 жилийн хугацааны хөтөлбөрт 2 жил хүрэхгүй хугацаанд хамрагдаж, сайт руу нэвтрэх эрхийг хаасан учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, 3 жилийн төлбөр болох 3,0 сая төгрөгийг “Б” ТББ-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Б.А- нь “Б” ТББ-ын “Миний бизнес” хөтөлбөрт 2018 оны 08 дугаар сард бүртгүүлж, цахимаар гэрээний болон үйлчилгээний нөхцөлтэй танилцан төлбөр болох 5,0 сая төгрөгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдаж, 2018 оны 09 дүгээр сараас 1 жилийн хугацаанд “миний бизнес” 8 модультай хичээлийг судалж, хөтөлбөртөө хамрагдан дуусгасан. Талуудын тохиролцсон үндсэн хугацаа нь 1 жил байсан бөгөөд 4 жилийн хугацаанд урамшуулал олгож болох байсан. Урамшууллаа авах эсэх нь нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаарна. 5 жил гэдэг нь өмнөх хичээлээ давтан үзэж болох асуудал юм.

2.2. “Миний бизнес” хөтөлбөрийг 1 жилийн хугацаатай, 5,0 сая төгрөгийн төлбөртэйг анхнаасаа нэхэмжлэгчид танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 5 жилийн 25,0 сая төгрөгийн төлбөртэй байсныг гэж бичсэнээс үзвэл нэхэмжлэгч 1 жилийн 5,0 сая төгрөг гэдгийг мэдэж байсан болно.

2.3. Б.А- нь энэхүү хөтөлбөртөө бүрэн хамрагдаж дуусгасныг өөрийн үр дүнгээ дүгнэж, хүртсэн үр дүнгээ танилцуулдаг видео бичлэг зэргээр нотлогдоно.  

2.4. Нэхэмжлэгч Б.А- нь “Б” ТББ-ын “Миний бизнес” хөтөлбөрт амжилттай хамрагдсан идэвх зүтгэл зэргийг харгалзан хөтөлбөрт хамрагдахын хажуугаар тус байгууллагад ажиллаж байсан зэргийн урамшуулал болгон уг хөтөлбөрийг цахимаар хэдийд ч орж дахин үзэх эрхийг олгосон. ТББ-д ажиллаж байхдаа бусадтай их таарамжгүй, үйл ажиллагаанд саад учруулаад байсан тул ажлаас чөлөөлж, нэвтрэх эрхийг нь хаасан.

Гэрээгээр авах ёстой байсан сургалтын үйлчилгээгээ авч дууссан ба дуусгавар болсон гэрээг цуцалж, 3,0 сая төгрөгийг шаардах эрхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ТББ-аас 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 70,200 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, олгосон урамшууллыг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

“Миний бизнес” хөтөлбөрөөр 8 модуль бүхий хичээл бүрэн ороод дууссан ба 4 жил нэвтрэх эрхээр орж, үзсэн хичээлээ давтах, дахин үзэх эрхийг олгосон, мөн 1 жилийн төлбөр 5,0 сая төгрөг байсан гэдэгт талууд маргаагүй.

Гэтэл урамшууллаар олгогдсон үнэ төлбөргүй үйлчилгээг төлбөртэй гэрээний харилцааны төлбөрт хамруулж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчтэй хамт сурч байсан гэрч н.М- “эхний жил 5,0 сая төгрөгийн төлбөртэй “Миний бизнес” хөтөлбөрийг судлаад дууссан ба үлдсэн жилийн урамшууллын хугацаанд шинэ хичээл үзэхгүй ба зөвхөн үзсэн хичээлээ давтах, сэргээх боломжтой сайт руу нэвтрэх эрх байсан” гэж мэдүүлсэн.

Мөн төгсөлтийн баярын бичлэгт шүүхээс үзлэг хийлгэсэн. Урамшууллаа эдлэх эсэх нь дадлагажигчийн өөрийн эрхийн асуудал ба урамшуулал нь үнэ төлбөргүйгээр олгож буй боломж юм. Гэтэл шүүхээс төлбөртэй гэж үзэж урамшуулал эдлээгүй тул 3,0 сая төгрөг буцаан авах эрхтэй гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Хариуцагч байгууллагаас 5,0 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлээд дууссан ба гэрээний харилцаа дуусгавар болсныг шүүх анхаараагүй. Дуусгавар болсон гэрээний харилцаанаас нэхэмжлэгч татгалзах, мөнгө шаардах эрхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс 3,000,000 төгрөгийг өгөхгүй байх үндэслэлээ нотолж чадаагүй. Учир нь үүнтэй холбоотой гэрээ хэлцэл, бичмэл нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Ямар гэрээний зүйл, заалт, ямар хуулийн зүйл, заалтыг Б.А- зөрчсөний улмаас төлбөрийг өгөхгүй байгаа, сургалтад хамрагдах эрхийг хассан талаар тодорхой биш. Бичлэгт үзлэг хийлгэхэд н.З- тухайн хөтөлбөрийг танилцуулсан. Үүнээс үзэхэд 5 жилийн хугацаатай 5,000,000 төгрөгийн хөтөлбөр байна. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг зөв хэрэглэж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч “Б” ТББ-д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.А- нь “Б” ТББ-аас зохион байгуулсан “Миний бизнес” хөтөлбөрт 2018 оны 9 дүгээр сараас суралцаж эхэлсэн болон төлбөрт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ.  

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь уг хөтөлбөр 5 жилийн хугацаатай 5,000,000 төгрөгийн төлбөртэй гэж тайлбарласан бол хариуцагч тал уг хөтөлбөрийн үнэ 1 жилийн 5,000,000 төгрөгийн төлбөртэй, 2-5 дахь жилд суралцагч хөтөлбөрийг давтан үнэгүй үзэх урамшуулал эдлэхээр тохиролцсон гэж маргасан.   

 

4.2. Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр youtube.com сувагт хадгалагдсан 3 бичлэг, си ди бичлэгт тус тус үзлэг хийсэн, үзлэгийн тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ. Иймд уг бичлэгт буй мэдээллийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж, сургалт 5 жилийн хугацаанд 5,000,000 төгрөгийн төлбөртэй болохыг зөв тогтоожээ.

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр В- гэх цахим хаягаас Б.А- гэх цахим хаягт илгээсэн захидалд “Б” ТББ нь өөрийн үйлчилгээний нөхцөл хөтөлбөрт оролцож буй гэрээний нөхцөлтэйгөөр төлбөр төлж бүртгүүлдэг дотоодын дүрэм журамтай” гэж бичсэн боловч энэ талаар баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна. Энэ тохиолдолд өөрийн үйл ажиллагааг гэрчээр нотлуулах шаардлагагүй, гэрч Г.М-ын “ерөнхий 8 модуль хичээлтэй. 2 сарын хугацаанд эрчимжүүлсэн сургалт хийсэн. Ерөнхий төлбөр нь 5,000,000 төгрөг байсан. Урамшуулал нь 4 жил тэр хөтөлбөрөө дахин үзэх байсан” гэх мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй, үнэн зөв биш гэж дүгнэхээр байна.

 

4.3. Түүнээс гадна хариуцагч тал нь гэрээгээр тохиролцсон 5 жилийн хугацаанд сургалтыг давтан үзэх боломжийг сүүлийн 3 жилийн хугацаанд нэхэмжлэгчид олгоогүй байгааг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дүгнэх юм. Нөгөө талаас хариуцагч нь гэрээг цуцлах болсон үндэслэл нь нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил гаргасан гэдгийг нотлохгүй байна.

Мөн хариуцагч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг урамшуулал эдлэх эсэх нь өөрийнх нь асуудал гэсэн боловч ийнхүү урамшууллыг эдлэх нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч тал 3 жилийн хугацаагаар хязгаарласан байна.

 

4.4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхийг буруу хэрэгжүүлсэн тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, эдлээгүй эрх, хязгаарлагдсан эрхийн хүрээнд 3 жилийн хугацаан дахь 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.    

  

5. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ТББ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.БЯМБАСҮРЭН

                                           

         ШҮҮГЧИД                                             Д.НЯМБАЗАР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА