Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01738

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01738

 

Б.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02132 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.У

Хариуцагч: Д НҮТББ

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Д ТББ-ын 2018 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр cap хүртэл явагдах Миний бизнес хөтөлбөрт 2018 оны 08 дугаар сард бүртгүүлж, 5,000,000 төгрөгийг төлж, гэрээ байгуулсан. Уг хөтөлбөрийг анхнаасаа 5 жилийн 25,000,000 төгрөгийн төлбөртэй байсныг урамшуулал зарласан хэмээн 5 жилийн 5,000,000 төгрөгийн төлбөртэй болгосон байдлаар танилцуулсан. Миний хувьд 2018 оны 09 дүгээр сараас эхлэн 2019 оны 10 дугаар cap хүртэл хөтөлбөрт хамрагдаж, ажлын шаардлагаар 2019 оны 11 дүгээр сараас хөтөлбөрт оролцоогүй. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр уг хөтөлбөрт нууц үгээр нэвтэрч орох гэсэн боловч орох боломжгүй болсон.

1.2. Миний нэвтрэх эрхийг хааснаас хойш ө хуудас /ажилтан руу нь/ руу мессеж бичиж асуутал өөрийн тань эрхийг нь хаа гэсэн шийдвэр гаргасан гэсэн мессеж ирсэн. 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагын ажилтан М.Солонго руу мэйл бичсэн. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариу ирүүлсэн бөгөөд мэйлийн утга нь 2018 онд зарласан хөтөлбөрийн хугацаа, төлбөрийг үгүйсгэсэн утгатай байсан.

Иймд Д НҮТББ-аас хөтөлбөрт хамрагдаагүй хугацааны төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Н.А нь 2018 оноос Д ТББ-д ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн.

2.2. Намайг ажиллаж байх үед үүсгэн байгуулагчийн тооны шаардлагын дагуу ажилтан Б.Ариунжаргал, Н.А миний бие жинхэнэ үүсгэн байгуулагч Б.Мөнгөнтуяа нарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Миний бие одоо тухайн байгууллагад огт хамааралгүй, албан ёсны үүсгэн байгуулагч биш тул тухайн нэхэмжлэлд хариуцлага хүлээх боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д НҮТББ-аас 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 133,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Д НҮТББ-ын хувьцаа эзэмшигч Н.Ад нэхэмжлэлийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэсэн процессын алдаа гаргасан. Лавлагаагаар Б.Мөнгөнтуяа нь тус хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдсон. Тэрээр Монгол улсын хилээр гарч, энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийг гардаж авах этгээд байхгүй болох нь тогтоогдсон. Энэ нь нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл байтал хариуцагчийг хууль тогтоомжоор төлөөлөх эрхгүй этгээдэд нэхэмжлэлийг гардуулж хэргийг шийдвэрлэсэн. Б.Мөнгөнтуяа нь хэргийн нөхцөл байдлыг шийдвэр гарсны дараа мэдсэн.

4.2. Шүүхийн ажиллагааны баримт бичиг, эрх үүрэг, нөлөөлөл, шүүх хуралдааны тов зэргийг хэргийн жинхэнэ хариуцагчид мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй. Нэхэмжлэл гардуулагдсан Н.А нь нэхэмжлэлийг гардаж авсан ч хариу тайлбар өгөхдөө хариуцагч байгууллагад хамааралгүй болохоо нэхэмжлэлд хариуцагчийн байр сууринаас биш хэрэгт хамааралтайгаар тайлбар өгөөгүй.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон и-мэйл хаяг дахь шуудангууд нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүхийн үзлэг, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ноцтой алдаа гаргасан. Нэхэмжлэгч нь 5 жилийн сургалтыг 5,000,000 төгрөгөөр тохиролцсон гэдгээ нотлоогүй байхад хариуцагчийн 1 жилийн төлбөрөө 5,000,000 төгрөг гэдэг үндэслэлээ нотлоогүй гэх тайлбар үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь илт нэг талын баримталсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Д НҮТББ-д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...би хариуцагч бус хохирогч тул Д ТББ-д хандсан хэрэгт огт хамааралгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь 2018 оны 09 сараас 2019 оны 10 сар хүртэлх хугацаанд сургалтад хамрагдсан, хариуцагч нь 2020 оны 6 сараас түүнийг сургалтад нэвтрэн орох боломжгүй болгосон нь и-мэйлээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сургалтад хамрагдах хүсэлтээ и-мэйлээр илгээсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон цахим баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. /хх 6-9/ Өөрөөр хэлбэл, дээрх баримтыг хуульд заасан аргаар бэхжүүлээгүй тохиолдолд уг баримт нь нотлох чадвараа алдана. Шаардлагатай тохиолдолд шүүх зохигчийн хүсэлтээр уг баримтад үзлэг хийж, нотлох баримтыг бэхжүүлэх боломжтой.

4.1. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүх үнэлж, шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй.

4.2. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

5. Харин анхан шатны шүүх хариуцагч Д НҮТББ-ын хувьцаа эзэмшигч Б.Мөнгөнтуяа, Б.Ариунжаргал нар Монгол Улсын хилээр гарсан тул хариуцагч байгууллагын хувьцаа эзэмшигч, гишүүн Н.Ад нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Мөнгөнтуяа нь Б.Баднайсүрэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг бүрэн төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжтойг тэмдэглэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 133,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН