Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/03089

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/03089

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Я-ны гаргасан,

 

Хариуцагч: Х ХХК

 

Хариуцагч: Б.Х нарт холбогдох,

 

Байрнаас албадан гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч М.А, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэл,  түүний өмгөөлөгч болон тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“*******-ын иргэн Ж нь *******,*******,*******,******* байрлах үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас гаргуулсан.

 

Тус гэрчилгээ гарсны дараагаар талууд харилцан тохиролцож хариуцагч Б.Х дээрх үл хөдлөх хөрөнгөд үнэ төлбөргүй амьдарч, компанийнхаа үйл ажиллагааг явуулж байсан боловч хожим гэрээ дуусгавар болсны дараа тэрээр “удахгүй нүүж гарна” гэсэн ч байрыг чөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 01, 02, 03 дугаар саруудад хариуцагчид удаа дараа тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч чөлөөлөөгүй, ямар нэг шалтаг, шалтгаан хэлсээр байгаад өнөөдрийг хүргэсэн. Мөн нэхэмжлэгч тал 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчид “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “Монгол шуудан” ХК-иар дамжуулан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх шаардлага хүргүүлсэн хэдий ч хариуцагч тус шаардлагыг үл зөвшөөрч, нэхэмжлэгчийн эрх ашгийг одоо хүртэл хохироосон хэвээр байна. 

 

Хариуцагч болон “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгаж, хууль ёсны өмчлөгчийн эзэмших, ашиглах эрхэд хууль бусаар саад учруулж байгаа учир Иргэний хуулийн 339, 341, 342 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу 2017 оны 01 дүгээр сараас хойш үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг шаардсаар байхад бидний шаардлагыг үл тоомсорлож байна.

 

Бид, анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөөгүй, хариуцагчид эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байгаад буцаан өгөх үүргээ биелүүлэхгүй өдий хүрсэн тул уг үйлдлийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэж үзэж байгаа бөгөөд хүн бүхэн хуулийг сайн мэдэхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа болно.

 

Хариуцагчдын энэхүү үйлдэл нь бусдын хууль ёсны өмчлөх эрхийг хүндэтгэхгүй байгааг илэрхийлж байх тул хариуцагч “Х” ХХК болон гүйцэтгэх захирал Б.Х нарын хууль бус эзэмшлээс маргааны зүйл болсон *******,*******,*******,*******, давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 339, 341, 342 дугаар зүйлд заасан үндэслэлийг дурьдсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож байна. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрийн хууль ёсны эзэмших, ашиглах эрхийг эдлэх боломжгүй байгаа учир бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа ажээ.

 

Уг хөрөнгө анхнаасаа нэхэмжлэгч Жы 100 хувийн эзэмшлийн компани болох “Ц” ХХК-ийн өмч байсан бөгөөд тэрээр өөрөө өөртөө тухайн эд хөрөнгийг шилжүүлж авсан байна. Тиймээс миний үйлчлүүлэгчийг хууль ёсны өмчлөгч бус гэж үзэж, үүнийгээ Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар нотлох гэжээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч болох “Ц” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч тал  өөрөө бөгөөд тэрээр компанийнхаа эд хөрөнгийг өөртөө шууд шилжүүлэн авсан байх тул түүнийг шударгаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч этгээд компанийнхаа хөрөнгийг ашиг сонирхлын зөрчил үүсгэн шилжүүлж авсныг үндэслэлтэй гэхгүй юм.

Хэрэгт авагдсан баримтад байгаа “Ц” ХХК-ийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт хандсан бичигт тус компанийн захирлаар Жы нэр бичигдсэн ба компанийн дүрмийг үзвэл 100 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч тал өөрөө байх тул өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийн хувьд туйлын эргэлзээтэй байна.

 

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оээс хариуцагч “Х” ХХК, Б.Х нарт холбогдуулан байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж болон хариуцагч Б.Х нар иргэн бол харин “Х” ХХК-ийн хувьд Монгол Улсын хуулийн этгээд ажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Монгол Улсын шүүхээр гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнтэй холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд тэдгээр нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн адил эрхтэй байна” гэж, мөн 189.2.1-д “нэхэмжлэлийн хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг бол тухайн этгээдүүдтэй холбоотой иргэний хэргийг тус улсын шүүх харъяалан шийдвэрлэнэ” гэж заасан. Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч болон хариуцагч өөр улсын иргэн байх боловч тэдгээрийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанаас бий болсон иргэний хэргийг дээр дурьдсан үндэслэлээр Монгол Улсын шүүх харъяалан хянан шийдвэрлэх юм.

 

Шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Ж нь *******,*******,******* /13373/,*******, давхар хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 420.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг байна /х.х-ийн 5-р хуудас/.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан 2017 оны 07 дугаар 04-ний өдрийн хариу тайлбараас үзвэл хариуцагч нар маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгөд амьдарч, үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж аваагүй хэмээн маргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн баримтаар маргааны зүйл болсон 420.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгчөөр “Ц” ХХК-ийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу нэхэмжлэгч Ж энэхүү хөрөнгийн өмчлөгч болжээ /х.х-ийн 24-63-р хуудас/.

 

 Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч болох “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр  Ж бүртгэгдсэн байх боловч “Э” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан албан хүсэлтийг үндэслэн маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг тус компанийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, хожим уг компанийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийн дагуу иргэн Жы өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.

 

 Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. Тодруулбал, Ү-2204073740 тоот улсын бүртгэлийн дугаартай 420.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхны өмчлөгч “Ц” ХХК-иас нэхэмжлэгч Жы өмчлөлд шилжүүлснээр өмнөх өмчлөгчийн эрх, үүрэг дуусгавар болж, шинэ өмчлөгчийн эрх, үүрэг үүсчээ.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаас үзэхэд тухайн бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай гомдлыг энэ зүйлийн 183.3.-т зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй тохиолдолд уг бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 65.1.8-д заасны дагуу зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа болон уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд хэргийг түдгэлзүүлэх эсхүл хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай.

 

Гэтэл хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчдын зүгээс маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болон түүний бүртгэлийн үнэн зөв эсэх талаар маргаж мэтгэлцээгүй байх тул нэхэмжлэгч Жыг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай баримтаар хариуцагчид дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч этгээдийн зөвшөөрөлтэйгээр эзэмшиж, ашиглаж байгаад буцаан өгөхөөс татгалзаж байгаа ажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж, мөн  42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “талууд харилцан тохиролцож хариуцагч Б.Х дээрх үл хөдлөх хөрөнгөд үнэ төлбөргүй амьдарч, компанийнхаа үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд хожим гэрээ дуусгавар болсны дараа тэрээр удахгүй нүүж гарна гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд байрыг чөлөөлөөгүй” гэх тайлбарыг хариуцагчид үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй болно.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т заасан “зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчдыг 420.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д заасныг үндэслэн шүүхийн журмаар буцаан шаардаж байна хэмээн тайлбарласан.

 

Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар анхнаасаа нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаагүй, гагцхүү тэдгээрийн хооронд тохиролцсон ёсоор нэхэмжлэгч талын зөвшөөрлийн хүрээнд ийнхүү эзэмшиж, ашиглаж байсан боловч хожим талуудын хоорондын тохиролцоо дуусгавар болсон байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, мөн 93 дугаар зүйлийн  93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж заасныг үндэслэн тайлбарвал тухайн эд хөрөнгийг хууль болон гэрээнд зааснаар эзэмшиж буй этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх тул түүнээс эд хөрөнгийг шаардаж болохгүй ч хэрэв энэхүү эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон тохиолдолд тэрээр өмчлөгч буюу эзэмших, ашиглах эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцаан өгөх үүрэг хүлээнэ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаас дүгнэвэл хариуцагч нар маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах хугацаа дуусч, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг үүрэг үүссэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлгэн өгөхгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа ажээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчдыг маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэх боловч тэдгээрийн гаргасан тайлбарт дурьдснаар хариуцагчид эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байгаад буцаан өгөх үүргээ зөрчсөн гэсэн тайлбарт үндэслэн үйл баримтыг тодруулбал хариуцагчид Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 340.1.4-т “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар шүүх, арбитр нь иргэний эрх зүйн хамгаалалтыг хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлэх бөгөөд хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар иргэний эрхийг хамгаална. Нэгэнт хариуцагч нар маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байгаагаас гадна уг үүрэг үүссэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж байх тул хуульд зааснаар эд хөрөнгийг өмчлөгч этгээдэд буцаан өгөх үүрэгтэй болно.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.4-т заасныг үндэслэн хариуцагч “Х” ХХК, Б.Х нарт *******,*******,******* /13373/,******* дүгээр давхар хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 420.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Жд буцаан өгөхийг даалгасугай.   

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 70,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР