Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/02533

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02533

 

 

 

Жан Яны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03089 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Жан Яны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хуанлу хуантун ХХК болон Бая Ха Си Чаолу нарт холбогдох

Байрнаас албадан чөлөөлж гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Жан Ян нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 27/7 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас гаргуулсан. Тус гэрчилгээ гарсны дараагаар талууд харилцан тохиролцож хариуцагч Б.Хасчулуу дээрх үл хөдлөх хөрөнгөнд үнэ төлбөргүй амьдарч, компанийнхаа үйл ажиллагааг явуулж байсан боловч хожим гэрээ дуусгавар болсны дараа тэрээр удахгүй нүүж гарна гэсэн ч байрыг чөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 01, 02, 03 дугаар саруудад хариуцагчид удаа дараа тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдсэн, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлсэн боловч ямар нэг шалтаг, шалтгаан хэлсээр байгаад өнөөдрийг хүргэсэн, нэхэмжлэгчийн эрх ашгийг одоо хүртэл хохироосон хэвээр байна. Хариуцагч болон Хуанлу хуантун ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хасчулуу нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгаж, хууль ёсны өмчлөгчийн эзэмших, ашиглах эрхэд хууль бусаар саад учруулж байгаа учир Иргэний хуулийн 339, 341, 342 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу хариуцагч Хуанлу хуантун ХХК болон гүйцэтгэх захирал Б.Хасчулуу нарын хууль бус эзэмшлээс маргааны зүйл болсон Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 27/7 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хуанлу хуантун ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 339, 341, 342 дугаар зүйлд заасан үндэслэлийг дурьдсан боловч шүүх хуралдаанд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож байна. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрийн хууль ёсны эзэмших, ашиглах эрхийг эдлэх боломжгүй байгаа учир бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа ажээ. Уг хөрөнгө анхнаасаа нэхэмжлэгч Жан Яны 100 хувийн эзэмшлийн компани болох Цахарнайман ХХК-ийн өмч байсан. Тиймээс миний үйлчлүүлэгчийг хууль ёсны өмчлөгч бус гэж үзэж, үүнийгээ Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар нотлох гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч болох Цахарнайман ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч тал өөрөө бөгөөд тэрээр компанийнхаа эд хөрөнгийг өөртөө шууд шилжүүлэн авсан байх тул түүнийг шударгаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч этгээд компанийнхаа хөрөнгийг ашиг сонирхлын зөрчил үүсгэн шилжүүлж авсныг үндэслэлтэй гэж ойлгохгүй юм. Хэрэгт авагдсан баримтад байгаа Цахарнайман ХХК-ийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт хандсан бичигт тус компанийн захирлаар Жан Яны нэр бичигдсэн ба компанийн дүрмийг үзвэл 100 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч тал өөрөө байх тул өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийн хувьд туйлын эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.4-т заасныг үндэслэн хариуцагч Хуанлу хуантан ХХК, Б.Хасчулуу нарт Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7 дугаар байр, 1 дүгээр давхар хаягт байрлах Ү-2204073740 тоот улсын бүртгэлийн дугаартай 420.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Жан Янд буцаан өгөхийг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Хуанлу хуантун ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.4-т заасныг үндэслэн хариуцагч Хуанлу хуантан ХХК, Б.Хасчулуу нарт Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7 дугаар байр, 1 дүгээр давхарт байрлах Ү-2204073740 тоот улсын бүртгэлийн дугаартай 420.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Жан Янд буцаан өгөхийг даалгаж шийдвэрлэсэн. Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу эд хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхийн тулд талуудын хооронд хүчин төгөлдөр Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан талуудын тохиролцоо байх шаардлагатай. Гэтэл, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 339.1, 340.1.4-т заасны дагуу хариуцагч нарыг байрыг албадан чөлөөлөхийг даалгахаар шаардаж байхад, хариуцагч нар уг үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад орох үеэс нь эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд өмчлөх эрхийг олж авах эрхтэй этгээд гэж үзэж байгаа тухай хариу тайлбарыг шүүхэд гаргасан байгаагаас үзвэл, талуудын хооронд хүчин төгөлдөр Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, ийм гэрээ байгуулах тухай хариуцагч Хуанлу хуантан ХХК болон БНХАУ-ын иргэн Б.Хашчулуу нар хүсэл зоригоо илэрхийлээгүй, нөгөө талын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн аваагүй байхад анхан шатны шүүхээс хариуцагч нарыг Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ-ний дагуу эд хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа /маргааны агуулга/-г үнэн зөв тодорхойлж чадаагүйгээс буруу /хэрэглэх ёсгүй/ материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдаагүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шийдвэрийнхээ үндэслэлийг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар хангалттай нотолж, тогтоож чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Тиймээс хавтаст хэрэгт талуудын хооронд хүчин төгөлдөр Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсаныг нотлох баримт авагдаагүй учир шүүх гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх-ийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийн хэлбэрийг дүгнэхгүйгээр тухайн нэг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцааж өгөхийг хариуцагч тус бүрт даалгасан нь ойлгомжгүй байна. Хариуцагч Хуанлу хуантун ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг анх ашиглалтад орсон 2015 оны цагаас буюу тус үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгч Жан Яны өмчлөлд бүртгэгдсэн 2017 оны 01 дүгээр 09-ний өдрөөс өмнө эзэмшилдээ шилжүүлэн авсан байсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар нотлогддог. Харин нэхэмжлэгч Жан Ян нь тус үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан хэмээн нэхэмжлэлдээ дурдсан боловч Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шударга бусаар өөртөө шилжүүлэн авсан болох нь нотлогдсон. Өмчлөх эрх бусдын мэдэлд шилжсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргах боломжоор хангаж, сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж өгөх хугацаа олгохыг хүссэн боловч шүүх хүлээж аваагүй юм. Түүнчлэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим болох диспозитив зарчмын хэрэгжилтэд иргэний хэргийн шүүхийн гүйцэтгэх гол үүрэг бол талуудыг тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжийг бүрдүүлж өгөх явдал юм. Талууд тэгш эрхтэйгээр мэтгэлцэхийн тулд эсрэг талын гаргаж байгаа шаардлага, нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, өөрийн тайлбарыг нотлох баримтаа гаргаж өгөх, гаргуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Ялангуяа, шүүх хуралдаанд оролцож, эсрэг талтай адил тэгш мэтгэлцэхийн тулд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримттай бүрэн танилцсаны үндсэн дээр. тайлбар, мэдүүлгээ гаргах боломжтой. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгох хүсэлтийг шүүх хангалгүйгээр хариуцагч талыг хэргийн материалтай танилцуулалгүй хуралдаж, хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим болох мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Мэтгэлцэх боломж бүрэн дүүрэн хангагдаагүй. Анхан шатны шүүх талуудад тэгш хандаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж, шүүх хуралдааныг 10 дугаар сарын 5-ны өдөр хуралдуулж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах 13 хоногийн хугацаа олгосон байдаг. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Хуанлу хуантун ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангахыг хүссэн хүсэлтийг шүүх хангаж, 30 минутын хугацаа тогтоосон бөгөөд уг хугацаанд хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй тул хугацааг дахин сунгаж өгөхийг хүсэхэд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн юм. Үүний улмаас хариуцагч галд хэргийн материалд цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч талтай тэгш байдлаар мэтгэлцэх боломж огт бүрдээгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч БНХАУ-ын иргэн Б.Хашчулуу нь монголоор ярьсныг ойлгох боловч крилл үсэг мэдэхгүй гэдгээ тайлбарласан байдаг. Гэтэл түүнд эрх үүрэг тайлбарласан баримт болон хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зуруулсан байдаг. Крилл үсэг мэдэхгүй хүнийг монгол хэл дээр цуглуулсан хэргийн материалтай танилцуулсан нь шударга бус явдал юм. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Жан Ян нь нэхэмжлэлийнхээ хариуцагчаар Хуанлу хуантун ХХК болон БНХАУ-ын иргэн Б.Хасчулуу нарыг хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд албадан чөлөөлүүлэхийг хүссэн үл хөдлөх эд хөрөнгөд Хуанлу хуантун ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, БНХАУ-ын иргэн Б.Хашчулуу гэх хүн амьдарч байгаа" үйл баримтыг дурдсан боловч Хуанлу Хуантун ХХК түүн дотор үйл ажиллагаа явуулж байгаа гэх үйл баримтыг дурдаагүй, хэрэгт энэ талаарх нотлох баримт ч авагдаагүй, тийм үйл баримт ч тогтоогдоогүй байтал, Хуанлу хуантун ХХК-ийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, нэхэмжлэгчид буцааж өгөхийг даалгасан нь үндэслэлгүй. Учир нь, компани буюу хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмшиж, ашиглаж болох боловч амьдрах зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжгүй юм, Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчдын шууд эзэмшлээс эд хөрөнгийг гаргуулах буюу байрыг чөлөөлүүлэх тухай шаардлага байсан. Гэтэл уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө хариуцагч Хуанлу хуантун ХХК шууд эзэмшил, ашиглалтад байхгүй байгааг анхан шатны шүүх үнэлж, дүгнээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүйгээс нэхэмжлэлийг хариуцах үүрэггүй этгээдэд шүүхийн шийдвэрээр үндэслэлгүйгээр үүрэг оногдуулсан. Энэ талаар дэлгэрүүлбэл. хариуцагч Хуанлу Хуантун ХХК албадан чөлөөлүүлэхийг шаардсан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа гэх үйл баримт байхгүй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03089 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрт хариуцагчийн нэрийг буруу бичсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ найруулгын алдаа гаргасан байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Жан Ян нь нь хариуцагч Хуанлу хуантун ХХК болон Бая Ха Си Чаолу нарт холбогдогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 27/7 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж өгөхийг даалгах тухай шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

БНХАУ-ын иргэн Жан Ян нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 27/7 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах Ү-2204073740 тоот улсын бүртгэлийн дугаартай, 420.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ба Хуанлу хуантун ХХК болон Бая Ха Си Чаолу нар дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмшин ашиглан амьдарч, компанийнхаа үйл ажиллагааг явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон байна./хх-5,18/

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэжээ. Хариуцагч нар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлийн орон сууц бөгөөд анх ашиглалтад орсон 2015 оноос хойш тус үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгч Жан Яны өмчлөлд бүртгэгдсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө эзэмшилдээ шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэр дээр олгогдсон гэрчилгээ, улсын бүртгэлийг эсэргүүцэж зохих байгууллагад хандсан болон уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхтэй болохоо баримтаар нотлоогүй. Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтад заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөд Хуанлу хуантун ХХК болон Бая Ха Си Чаолу нар амьдарч, үйл ажиллагаа явуулж, үнэ төлбөргүй ашиглаж байгаа гэх удаа дараагийн тайлбарыг үгүйсгэж няцаасан баримт хэрэгт авагдаагүй байх тул, шүүх зохигчдын хоорондын маргааныг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээний харилцаа гэж дүгнэн холбогдох үүрэгт хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүх хуульд заасан журмын дагуу хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хариуцагч Бая Ха Си Чаолу нь хувь хүний үүднээс болон компанийн зүгээс Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар итгэмжлэлийг зохих ёсоор олгосон. Хуанлу хуантун ХХК нь Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд 2005 оноос тогтмол үйл ажиллагаа явуулж, 2015 оны 01 сарын 26-ны өдрөөс Бая Ха Си Чаолу нь албан ёсоор төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлаар томилогдон үйл ажиллагаа явуулсан./хх-9/ Хэрэгт хариуцагчийг монгол хэл мэдэхгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар шүүхэд хандаж тухайлан хүсэлт гаргаагүй учраас түүнийг монгол хэл мэдэхгүй, нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг ойлгохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэхгүй. Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар удаа дараа солигдож байсан ч тэдэнд тухай бүр эрх, үүргийг тайлбарлаж хэргийн материалыг зохих ёсоор танилцуулж, эрх үүргээ хэрэгжүүлэх боломжоор шүүх хангаж байсан /хх.64, 82, 93, 104, 105, 113/ тул хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй байна.

Харин Бая Ха Си Чоулу гэдэг гадаадын иргэний нэрийг тухайн улсынх нь иргэний эрх зүйн байдлыг тодорхойлох баримт бичигт заасан галиг үсийг монголчилж буулгахдаа Б.Хасчулуу гэж буруу бичсэнийг шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх болон тогтоох хэсэгт залруулах нь зөв юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03089 дүгээр шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх болон тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг Б.Хасчулуу гэснийг Бая Ха Си Чаолу гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... хөрөнгийг гэсний дараа ... чөлөөлж, нэхэмжлэгч Жан Янд буцаан өгөхийг даалгасугай гэж найруулан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ