Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00598

 

Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03089 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2533 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” ХХК болон Баи Хасичаолу нарт холбогдох,

Байрнаас албадан чөлөөлж гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

БНХАУ-ын иргэн Ж- нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 27/7 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас гаргуулсан. Тус гэрчилгээ гарсны дараагаар талууд харилцан тохиролцож хариуцагч Б.Хасчулуу дээрх үл хөдлөх хөрөнгөнд үнэ төлбөргүй амьдарч, компанийнхаа үйл ажиллагааг явуулж байсан боловч хожим гэрээ дуусгавар болсны дараа тэрээр удахгүй нүүж гарна гэсэн ч байрыг чөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 01, 02, 03 дугаар саруудад хариуцагчид удаа дараа тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдсэн, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг “Монгол шуудан” ХК-иар дамжуулан хүргүүлсэн боловч ямар нэг шалтаг, шалтгаан хэлсээр байгаад өнөөдрийг хүргэсэн, нэхэмжлэгчийн эрх ашгийг одоо хүртэл хохироосон хэвээр байна.

Хариуцагч болон “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хасчулуу нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгаж, хууль ёсны өмчлөгчийн эзэмших, ашиглах эрхэд хууль бусаар саад учруулж байгаа учир Иргэний хуулийн 339, 341, 342 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу хариуцагч “Х” ХХК болон гүйцэтгэх захирал Б.Хасчулуу нарын хууль бус эзэмшлээс маргааны зүйл болсон Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 27/7 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 339, 341, 342 дугаар зүйлд заасан үндэслэлийг дурдсан боловч шүүх хуралдаанд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож байна. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрийн хууль ёсны эзэмших, ашиглах эрхийг эдлэх боломжгүй байгаа учир бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа ажээ. Уг хөрөнгө анхнаасаа нэхэмжлэгч Ж-ы 100 хувийн эзэмшлийн компани болох “Цахар найман” ХХК-ийн өмч байсан. Тиймээс миний үйлчлүүлэгчийг хууль ёсны өмчлөгч бус гэж үзэж, үүнийгээ Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар нотлох гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч болох “Цахар найман” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч тал өөрөө бөгөөд тэрээр компанийнхаа эд хөрөнгийг өөртөө шууд шилжүүлэн авсан байх тул түүнийг шударгаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч этгээд компанийнхаа хөрөнгийг ашиг сонирхлын зөрчил үүсгэн шилжүүлж авсныг үндэслэлтэй гэж ойлгохгүй юм. Хэрэгт авагдсан баримтад байгаа “Цахар найман” ХХК-ийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт хандсан бичигт тус компанийн захирлаар Ж-ы нэр бичигдсэн ба компанийн дүрмийг үзвэл 100 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч тал өөрөө байх тул өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийн хувьд туйлын эргэлзээтэй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03089 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.4-т заасныг үндэслэн хариуцагч “Хуанлу хуантан” ХХК, Б.Хасчулуу нарт Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7 дугаар байр, 1 дүгээр давхар хаягт байрлах Ү-2204073740 тоот улсын бүртгэлийн дугаартай 420.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Ж-д буцаан өгөхийг даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2533 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03089 дүгээр шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх болон тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг “Б.Хасчулуу” гэснийг “Бая Ха Си Чаолу” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хөрөнгийг” гэсний дараа “...чөлөөлж, нэхэмжлэгч Ж-д буцаан өгөхийг даалгасугай” гэж найруулан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийг хэргийн материалтай бүрэн танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлыг “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй”, “Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч “Х” ХХК-аас Н.Нямжаргалд олгосон итгэмжлэлийг хүлээн авч, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч хэрэгт оролцуулсан. Гэсэн хэдий ч анхан   шатны   шүүх   хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материалыг бүрэн гүйцэт танилцуулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хавтаст хэрэгт цугларсан буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтуудтай танилцах, хэргийн материалаас тэмдэглэл хийх боломжоор хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1, 25.1.2-т заасныг шууд зөрчсөн.

Мөн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалтай танилцах хэт давчуу хугацаа олгож, яаруулсан, хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцаж амжаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүх хуралдаан дээр хариуцагчийн хариу тайлбарыг шүүгч уншиж сонсгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д заасныг тус тус зөрчсөн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд талуудад тэгш хандах үүрэгтэй. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангахдаа шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж, шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулсан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах 13 хоногийн хугацаа олгосон байдаг.

Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч БНХАУ-ын иргэн Бая Ха Си Чаолу нь монголоор ярьсныг ойлгох боловч крилл үсэг мэдэхгүй гэдгээ тайлбарлаж шүүх болон хэргийн нөгөө талд мэдэгдсэн байдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бий. Гэтэл шүүх Бая Ха Си Чаолуг эрх, үүрэг тайлбарласан баримт болон хэргийн материалтай танилцсан баримтанд гарын үсэг зуруулсан байдаг. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариу тайлбар гаргах, хариуцагчийг төлөөлөн мэтгэлцэх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл шүүгч өөрөө хариуцагчийн хариу тайлбарыг уншиж сонсгосон ба мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Эндээс үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцээгүй болох нь тодорхой байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гаргасан шийдвэрийг хүчингүй болгоогүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, БНХАУ-ын иргэн Ж-ы нэхэмжлэлтэй, БНХАУ-ын иргэн Бая Ха Си Чаолу, Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд “Х” ХХК-д холбогдох иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хангасан нь хэрэгт авагдсан баримтанд үндэслэгдсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болох Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын засвар оруулж, хариуцагчийн нэрийг ташаа бичсэнийг зөвтгөсөн нь үндэслэлтэй байх боловч шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Ж- нь хариуцагч “Х” ХХК болон Б- нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 27\7 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 420.5 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал тухайн эд хөрөнгийг анх ашиглалтад орсон үеэс эзэмшиж байгаа ба өөрийн өмчлөлийн зүйл гэж шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ж- нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэгдсэн байх ба ийнхүү өмчлөх эрхийг тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Цахар найман” ХХК-иас шилжүүлэн авсан байна. Харин “Цахар найман” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Эрчим-Арт” ХХК-тай “орон сууцны барилгад хөрөнгө оруулж, ашиглалтанд оруулсны дараа эзэмшүүлэх тухай” нэртэй гэрээ байгуулж, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж байсан байна. Ж- нь “Цахар найман” ХХК-ийн захирлаар 2014 оны 11 дүгээр сард томилогдсон, уг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч  байна.

Хариуцагч тал маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхтэй болохыг нотолсон ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн 339 дугаар зүйлийн 339.1., 340 дүгээр зүйлийн 340.1.4.-т заасан зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1.-д зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.4.-т зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй байна.

Зохигчийн хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах, эсхүл өөр ямар нэг төрлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй нөхцөлд Иргэний хуулийн гэрээний эрх зүйн зохицуулалт тухайн маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрхийг баримтаар нотолсон бол хариуцагч тал эдгээр нотлогоог баримтаар үгүйсгэж чадаагүйгээс гадна эд хөрөнгө эзэмшиж буй байдлынхаа эрх зүйн үндэслэл, тухайн эзэмшил хууль ёсны болохыг нотлоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх, хэргийн материалтай танилцуулах ажиллагааг шүүх хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол үндэслэлгүй гэж үзэв. Хариуцагч кирилл үсгээр бичигдсэн баримтыг ойлгоогүй бол гарын үсэг зурж зөвшөөрөхгүй байх эрхийг шүүхийн зүгээс хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2533 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03089 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол \13373\, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 27\7 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай, 420,5 мкв талбай бүхий, нэхэмжлэгч Ж-ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “Хуанлу хуантан” ХХК, Б- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Ж-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН