Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/00655

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/00655

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххх, Д.ФББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххх тоотод оршин суух, М.Г /РД: ххххххх/,

Хариуцагч: хххххххххххххх тоотод оршин суух, М.Б /РД: хххххххххх8/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 127.139.445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.ФББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Г, М.Б нар нь тус байгууллагаас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ13/12/115 тоот зээлийн гэрээний дагуу 59.000.000 төгрөгийг сарын 4.0 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлтэй холбоотой талууд мөн өдөр ЗБГ/13/12/115 тоот барьцааны гэрээ байгуулж М.Гын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлийн гэрээний дагуу зээлийг бүрэн төлж барагдуулах талууд харилцан тохиролцон 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байхаар тохиролцсон ч зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдал болон удаа дараагийн хүсэлт зэргийг харгалзан үзсэн.

Иймд зээлдэгч М.Г, М.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 58.999.247 төгрөг, хүү 40.984.811 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.709.235 төгрөг, нийт 107.693.293 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн хүүг нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэн.

Хариуцагч нар шүүхэд дуудахад ирэхгүй байсан атлаа манай байгууллага дээр ирээд удирдлагуудтай уулзаад явдаг байсан. Учир нь зээлдэгч нар нь манай толгой компанийн захиралтай хамтын ажиллагаатай юм билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай байгууллага нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилсэн. Энэ хугацааны хүү 16.205.126,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.241.025,33 төгрөг, нийт 19.446.151,97 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Иймд хариуцагч М.Г, М.Б нараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд нийт 127.139.445 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн хариуцагч нар нь сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.ФББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахь үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч болох Д.ФББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь уг тусгай зөвшөөрлийн хавсралтуудын хамт хүчин төгөлдөр байдаг ба тусгай зөвшөөрөлд уг тэмдэглэл бичигдсэн байдаг. Нэгэнт нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байх тул маргааны үйл баримтын талаар хариу тайлбар гаргах боломжгүй.

Учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зохицуулалтай.

Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хэргийн оролцогч нь нотлох баримтыг өөрсдөө цуглуулж шүүхэд ирүүлэх учиртай юм. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхээс хамаарч маргааныг хянан шийдвэрлэх материаллаг хуулийн зохицуулалтууд ч тодорхой болох юм.

Иймд Д.ФББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь хуульд заасны дагуу нотлох баримтаар бүрэн тогтоогдсон тохиолдолд шүүх хуралдааны явцад маргааны үндсэн үйл баримттай холбоотой нэмэлт тайлбар гаргах болно гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.ФББСБ ХХК нь хариуцагч М.Г, М.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 107.693.293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/үндсэн зээл 58.999.247 төгрөг, зээлийн хүү 40.984.811 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.709.235 төгрөг/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2016.03.07-2016.09.28-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 16.205.126,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.241.025,33 төгрөг, нийт 19.446.151,97 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба нийт 127.139.445 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилжээ.

 

/үндсэн зээл 58.999.247 төгрөг, зээлийн хүү 57.189.937,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.950.260.33 төгрөг, нийт 127.139.445 төгрөг/

 

Хариуцагч М.Г, М.Б нар нь Д.ФББСБ ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ13/12/115 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 59.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн, үндсэн төлбөрөөс эхний 8 сар чөлөөлөхөөр харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 5-12, 49-51, 53-64, 91-102 дугаар тал/

 

Зээлийн барьцаанд хариуцагч М.Г нарын өмчлөлийн хххххххххх тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

/ХХ-ийн 6-12 дугаар тал/

 

Хариуцагч М.Г нарын өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 6-12 дугаар тал/

 

Зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч нь 59.000.000 төгрөгийг хүлээн авсан болох нь М.Гын зээлийн дансны хуулга болон мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 53-55, 94 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Д.ФББСБ ХХК болон хариуцагч М.Г, М.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр дуусаж байх ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нэмэгдүүлсэн хүү 1.415.999,99 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нар нь зээлийн төлбөрт хэмээн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 5.491.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2.863.800 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2.863.470 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 2.282.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 2.360.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 3.020.810 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 2.360.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 2.281.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд үндсэн зээлээс төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

Зээлийн гэрээ ёсоор хариуцагч нарын төлөх зээлийн төлбөрийг тооцоход хариуцагч нар нь үндсэн зээл 58.999.247 төгрөг, зээлийн хүү 57.189.937,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.950.260.33 төгрөг, нийт 127.139.445 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

/ХХ-ийн 5-8, 11, 95-102 дугаар тал/

 

 

 

Хариуцагч М.Б нь дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хамтран хариуцна хэмээн үүнийгээ баталгаажуулан гэрээнд гарын үсгээ зурсан тул тэрээр гэрээний биелэлтийг мөн хариуцах үүрэгтэй.

 

Иймд хариуцагч М.Г, М.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 125.723.446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.ФББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.415.999,99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.ФББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбажав болох нь, мөн тус байгууллага банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь уг хуулийн этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтаар тогтоогдсон болохыг дурьдлаа.

/ХХ-ийн 13-17, 49-51, 91-93 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч М.Г, М.Б нар нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч талуудад 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд тус тус зохигчын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Хариуцагч М.Г, М.Б нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч нарын эзгүйд хэрэг хянан шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар хариуцагч М.Г, М.Б нараас 125.723.446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.ФББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.415.999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.ФББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 951.597,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г, М.Б нараас нийт 786.567 гаргуулан Д.ФББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Г, М.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 200 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.

 

4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч М.Г, М.Б нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 25873 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН