Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/01427

 

 

 

 

 

2020 04 27

101/ШШ2020/01427

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Х-А с ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Э С С Э ХХК холбогдох

 

340,959,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.З , хариуцагчийн төлөөлөгч Ш.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э С С Э ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №19/15 тоот гэрээнд заасан нөхцөлөөр 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд литр 30,249.50 литр шатахуун авснаас 65,362,287 төгрөг төлж 1,405,481 төгрөгийн илүү төлөлт байсан. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Тооцоо нийлсэн актаар баталгаажсан.

Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 77 514.55 литр түлшийг 165,493,279 төгрөгөөр худалдан авсан бөгөөд дээрх илүү төлөлт 1,405,481 төгрөгийг хасаад 16,087,797 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. /2019 оны 4 сарын 30- ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажсан.

Үүний дараа 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 29 153.31 литр түлшийг 60,640,101 төгрөгөөр худалдан авч шатахууны үнэ бүгд / 164,087,797+ 60,640,101/ 224,727,898 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 4.3, 4.4-д зааснаар шатахуун хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд үнийг бүрэн төлж дуусгах, хугацаанд нь төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 ийн алданги хоног тутам төлөх хариуцлага заасан.

Шатахууны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул алдангийг дараах байдлаар тооцов. 2019 оны 04 дүгээр сард нийлүүлсэн шатахууны төлбөр төлөх хугацааг хамгийн сүүлд нийлүүсэн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 45 хоногоор тооцоход төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж дуусгах үүрэгтэй атал төлөөгүй тул алдангийг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 135 хоногоор тооцоход /164,087,797*0.5% =820,438*135 хоног/ 110,759,130 төгрөг гарч 164,087,797 төгрөгийн 50% -иас хэтэрсэн тул алдангид 82,043,898 төгрөг, мөн 05 дугаар сард нийлүүлсэн шатахууны төлбөрийг төлөх хугацааг хамгийн сүүлд нийлүүсэн өдөр болох 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 45 хонгоор тооцоход 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэхэд төлж дуусгах үүрэгтэй боловч энэ хугацаанд төлөөгүй тул алдангид 2019 оын 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 115 хонгоор тооцож алдангид /60,640,101*0.5% =303,200*115 хоног/ 36,384,060 төгрөг гарч алданги нь хууль заасан хэмжээнээс мөн хэтэрсэн 50% -иар нь тооцож 30,320,050 төгрөг тус тус гарч байгааг гаргуулна. Түүнчлэн шатахууныг гадаадаас ам. доллароор худалдаж авдаг мөнгийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс хохирол учирсан. Гэрээний 7.4 болон гэрээний хавсралтад зааснаар ам. долларын ханшийн зөрүүг гарсан тохиолдолд гэрээний үүргийг хугацаанд биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцож хариуцахыг заасан байгаа. Шатахууны үнийг буцаан төлөх өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн нэг ам долларын ханш 2,654.41 төгрөг байсан бөгөөд 16,087,797 төгрөгт /2,659.50 = 61,698,7 доллар, 07 дугаар сарын 05-ны өдрийн нэг ам. долларын ханш 2,658.65 байсан бөгөөд 60,640,101 төгрөгт 22,809 ам доллар авах тус тус худалдан авах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэлийг гаргах энэ өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэг ам долларын Монгол банкны зарласан ханш 2,705 төгрөгтэй тэнцэж өссөн тул ханшийн зөрүүд 3,868,150 төгрөгийн хохирол гарсан.

Иймд хариуцагчаас шатахууны үнэ 224,727,898 төгрөг, алдангид /82,043,898 + 30,320,050/ 112,363,948 төгрөг, хохиролд 3,868,150 төгрөг бүгд 340,959,996 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү.

Хариуцагч нь гэрээгээр шатахуун түгээгүүр байгуулж өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зөөврийн шатахууны түгээгүүрийн үнэ 1,950,000 төгрөгөөр өмнөх нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж нийт 360,459,996 төгрөгийг Э С С Э ХХК иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд Х-А с ХХК-ийн нэхэмжлэлтэй "Э С С Э" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Дээрх иргэний хэрэгтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Х-А с" ХХК нь "Э С С Э" ХХК-иас 340,959,996 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Э С С Э" ХХК нь Х-А с ХХК-тай Шатахуун худалдах худалдан авах гэрээтэй байсан бөгөөд тухай бүр шатахууны төлбөрөө төлж явж байсан боловч манай компанид мөн адил өр төлбөртэй компаниуд өр төлбөрөө заасан хугацаандаа төлж барагдуулаагүйн улмаас шатахууны үлдэгдэл төлбөрийг Х-А с ХХК-д төлж барагдуулж чадаагүй. Э С С Э" ХХК-ийн зүгээс үндсэн шатахууны үнэ болох 224,727,898 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 112,363,948 төгрөг, хохирол 3,868,150 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлагаас 116,232,098 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай компанийн зүгээс шатахууны төлбөр төлж чадахгүй байгаа шалтгаанаа удаа дараа .тайлбарлаж, нөхцөл байдлаа нэхэмжлэгчид тайлагнасаар ирсэн. Манай компанийн зүгээс өөрсдийн авлагаа бусад компаниудаас авмагцаа нэн тэргүүнд Х-А с ХХК-ийн шатахууны үнийг төлөх эрмэлзэлтэй ажиллаж байна. Э С С Э" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох үндсэн шатахууны үлдэгдэл төлбөр болох 224,727,898 төгрөгийг хугацаа тохирон эвлэрэх хүсэлтэй байна. Х-А с ХХК-ийн зүгээс манай компанид өр төлбөртэй компаниудын өр төлбөр, төлбөр барагдуулах нөхцөлүүдийн мэдээллийг нотлох баримтаар хэрэгт өгөх болно.

Иймд Х-А с ХХК-ийг манай компанийн саналыг хүлээн авч эвлэрэх нөхцөл бололцоог эрэлхийлэхийг үүгээр хүсэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг гардан авч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Зөөврийн станцын төлбөрт 19,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагчийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн одоогоор уг төлбөрийг төлөх боломжгүй байгаа бөгөөд төлбөр төлөх хугацааг олгосон тохиолдолд төлж барагдуулахад бэлэн байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчийн зүгээс төлбөр тооцоогоо нягталж үзэхэд 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 312,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1,406,087 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны 33,644,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 948,083 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 773,240 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,721,323.20 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөг нийт 74,804,733.20 мөнгө төлсөн байна. Үлдэгдэл төлбөр 216,053,868 төгрөгий үлдэгдэл төлбөртэй байна гэв.

Хариуцагч Э С С Э" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд Х-А с ХХК-ийн нэхэмжлэлтэй Э С С Э ХХК-д холбогдох Шатахуун худалдах худалдан авах гэрээ-ний дагуу шатахууны үнэ, алданги, хохиролд 340,959,996 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Дээрх иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үүгээр гаргаж байна.

Э С С Э ХХК нь Х-А с ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл Х-А с ХХК нь шатахууны мөнгөө хугацаандаа өгөөгүй хэмээн 2019 оны 05 дугаар сард Э С С Э ХХК-ийн М\/-020669 дугаартай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газар орших 2593.21 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон тусгай зөвшөөрлийг эх хувиар нь ямар нэгэн барьцааны гэрээгүйгээр хууль бусаар барьцаалан авч, өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй байна.

Э С С Э ХХК-ийн М\/-020669 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг жил бүр сунгаж, тусгай зөвшөөрлийн 1-р хавсралтад тэмдэглэгээ хийлгэх журамтай байдаг. Манай компанийн ашигт малтмал ашиглалтын уг тусгай зөвшөөрлийн энэхүү хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан бөгөөд Х-А с ХХК нь манай компанийн тусгай зөвшөөрлийг эх хувиар нь өгөхгүй байгаагаас тусгай зөвшөөрлөө сунгаж, тэмдэглэгээ хийлгэж чадалгүй хүрээд байна. Манай Э С С Э ХХК-ийн зүгээс Шатахуун худалдах, худалдан авах гэрээний маргаан болон ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эх хувийг шүүх байгууллагаар дамжилгүй, эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа очсон боловч компанийн байранд гадны хүн нэвтрүүлэхгүй байгаа хэмээн оруулахгүй, нэхэмжлэгч Х-А с ХХК-ийн захирал утсаа авахгүй, менежер нь үндсэн шатахууны төлбөрөө еөс өмнө уулзахгүй хэмээн эрс цааргалж байна. Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн Э С С Э ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийгХ-А с ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, Э С С Э ХХК-д олгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахаас өөр аргагүйд байна.

Иймд Х-А с ХХК-ийн хууль бус эзэмшлээс Э С С Э ХХК-ийн 120669 дугаартай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газар 2593.21 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах 2016 оны дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон тусгай зөвшөөрлийг эх хувийг гаргуулж, Э С С Э ХХК-нд олгохыг Х-А с ХХК-д даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Х-А с ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь хариуцагчтай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 65,500,000 төгрөгийн дүнтэй төлбөрт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Аривжих гэдэг газарт орших 2593.21 гектар талбай бүхий ашиглалтын лицензийг барьцаалж эх хувиар нь авсан ба нотариатчаар гэрчлүүлсэн болно.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан ямар нэг барьцааны гэрээгүйгээр хууль бусаар барьцаалан авч өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Манай компани одоохондоо үүргийн гүйцэтгэлийг барьцааны эрхээр хангуулах шаардлага гаргаагүй бөгөөд хариуцагч нь төлбөрөө төлөөд тусгай зөвшөөрлөө буцааж авах боломжтой.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х-А с ХХК нь хариуцагч Э С С Э ХХК-д холбогдуулан шатахууны үнэ, алданги, хохиролд нийт 340,959,996 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зөөврийн шатахуун түгээгүүрийн үнэ 19,500,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлэн, илүү нэхэмжилсэн 8,435,323.20 төгрөг, алданги 4,217,661 төгрөг, нийт 12,652,984.2 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн дүнгээс хасч, шатахууны үнэ 216,292,574.80 төгрөг, алданги 108,145,286.40 төгрөг, хохирол 3,868,150 төгрөг, зөөврийн шатахуун түгээх станцын үнэ 19,500,000 төгрөгийн хамт нийт 347,806,011.20 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.

 

Хариуцагч Э С С Э ХХК нь нэхэмжлэгч Х-А с ХХК-д холбогдуулан Х-А с ХХК-ийн хууль бус эзэмшлээс Э С С Э ХХК-ийн MV-020669 дугаартай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газар орших 2593.21 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон тусгай зөвшөөрлийн эх хувийг гаргуулж, Э С С Э ХХК-д олгохыг Х-А с ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас түлш авсан тооцооллоор гарсан 216,292,574.80 төгрөг, зөөврийн шатахууны үнэ 19,500,000 төгрөг, нийт 235,792,570.80 төгрөгийг зөвшөөрч, алданги, хохирол зэргийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал авсан шатахууны мөнгөө төлчихвөл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өгнө гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х-А с ХХК, хариуцагч Э С С Э ХХК нь Шатахуун худалдах, худалдан авах тухай гэрээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19/15 дугаартай гэрээ байгуулж, худалдагч Х-А с ХХК нь худалдан авагч Э С С Э ХХК-д захиалгын дагуу Олон улс болон Монгол улсын чанарын шаардлагад нийцсэн Дизель түлш /ДТ/ нийлүүлэх, худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг төлж барагдуулах, шатахууны чанар нь ОХУ-ын чанар стандартын болон техникийн нөхцөлд нийцсэн, түүгээр тавигдах шаардлагыг хангасан байх ба худалдан авагчид нийлүүлсэн шатахууны тоо хэмжээ нь тээврийн дагалдах баримт бичигт заасан тоо хэмжээгээр тодорхойлогдохоор гэрээнд заажээ. Түүнчлэн гэрээнд шатахууныг нийлүүлэх газар, төлбөр тооцоо, талуудын эрх, үүрэг, хариуцлага зэрэг гэрээний бусад нөхцөлийг тусгажээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Шатахуун худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу 216,292,574.80 төгрөгийн шатахууныг хариуцагч Э С С Э ХХК хүлээн авсан болох нь 2019 оны 03 дугаар сарын 31, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2 талын тооцоо нийлсэн баримт, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэгч талын гаргасан тооцоо бодсон баримтаар тогтоогдож байна. /хх-6-10 тал/

 

Илүү нэхэмжилсэн мөнгөө нэхэмжлэгч нэхэмжлэлийн дүнгээс хассан тайлбараа шүүхэд гаргасан. /хх-63 тал/

 

Шатахуун худалдах-худалдан авах гэрээний 4.3-т Шатахууны төлбөрийг хүлээж авсан өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд бүрэн төлж барагдуулна, мөн гэрээний 4.4-т Худалдан авагч нь худалдан авсан худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан ба хариуцагчийн алданги төлөхгүй үндсэн төлбөр төлөх талаар нэхэмжлэгчтэй ярилцаж тохиролцсон гэх тайлбарыг нотлох баримтгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар алданги шаардах эрхтэй хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шатахууныг гадаадаас ам.доллароор худалдаж авдаг тул мөнгийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс ханшийн зөрүүд 3,868,150 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасантай нийцэхгүй, тодруулбал, хариуцагч гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй боловч гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэл, шаардлага гаргаагүй тул хариуцагч хохирол төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Зөөврийн шатахуун түгээх станцын үнэ гаргуулах шаардлагын тухайд зохигч талууд 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 19/15 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээний хасралт болгож, Зөөврийн шатахуун түгээх станц худалдах худалдан авах гэрээ байгуулж, Х-А с ХХК нь Э С С Э ХХК-д 50м3 багтаамжтай саванд 1 хошуутай 1 түгээгүүртэй, савны тулгуур, шат, холбох хэрэгсэл, аянга зайлуулагч, газардуулга бүхий зөөврийн шатахуун түгээх станц угсарч бэлэн болгож өгөхөөр, Э С С Э ХХК нь уг шатахуун түгээх станцын төлбөрт 19,500,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

Зөөврийн шатахуун түгээх станц худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байна.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хариуцагч 19,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

Иймд хариуцагч Э С С Э ХХК-иас шатахууны үнэ 216,292,574.80 төгрөг, алданги 108,146,286.4 төгрөг, зөөврийн шатахуун түгээх станцын үнэ 19,500,000 төгрөг, нийт 343,937,861 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х-А с ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,868,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Барьцааны гэрээгээр 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 64,500,000 төгрөгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газарт 2593.21 гектар талбай бүхий уурхайн талбайтай, улсын бүртгэлийн 9011097043 тоот гэрчилгээтэй, МV-020669 дугаартай Э С С Э ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Х-А с ХХК барьцаалсан барьцааны гэрээг Э С С Э ХХК-тай байгуулсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй гэж заасантай нийцээгүй, барьцааны гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т заасантай нийцэхгүй байна.

 

Иймээс Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хууль зөрчсөн, 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Х-А с ХХК-иас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газарт 2593.21 гектар талбай бүхий уурхайн талбайтай, улсын бүртгэлийн 9011097043 тоот гэрчилгээтэй, МV-020669 дугаартай Э С С Э ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг гэрчилгээг эх хувиар гаргуулж хариуцагч Э С С Э ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг 1001 төгрөгөөр дутуу нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийг шийдвэрлэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Э С С Э ХХК 343,937,861 /гурван зуун дөчин гурван сая есөн зуун гучин долоон мянга найман зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х-А с ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,868,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газарт 2593.21 гектар талбай бүхий уурхайн талбайтай, улсын бүртгэлийн 9011097043 тоот гэрчилгээтэй, МV-020669 дугаартай Э С С Э ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгч Х-А с ХХК-иас эх хувиар гаргуулж хариуцагч Э С С Э ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,118,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,877,639 /нэг сая найман зуун далан долоон мянга зургаан зуун гучин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ