Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2020/01428

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01428

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01427 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э- ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 350 959 996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хандмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Загдсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Ш.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №19/15 тоот гэрээнд заасан нөхцлөөр 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 30 249 литр шатахуун авснаас 65 362 287 төгрөг төлж 1 405 481 төгрөгийн илүү төлөлттэй байсан нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажсан.Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 77 514.55 литр түлшийг 165 493 279 төгрөгөөр худалдан авсан бөгөөд дээрх илүү төлөлт 1 405 481 төгрөгийг хасч үлдэх мөнгийг төлөөгүй үлдсэн. /2019 оны 4 сарын 30- ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажсан.

Үүний дараа 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөн сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 29 153.31 литр түлшийг 60 640 101 төгрөгөөр худалдан авч шатахууны үнэ бүгд 224 727 898 төгрөг болсныг төлөөгүй байна. Гэрээний 4.3, 4.4-д зааснаар шатахуун хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд үнийг бүрэн төлж дуусгах хугацаанд нь төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 ийн алданги хоног тутам төлөх хариуцлага заасан.

Шатахууны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул алдангийг дараах байдлаар тооцсон. 2019 оны 4 дүгээр сард нийлүүлсэн шатахууны төлбөр төлөх хугацааг хамгийн сүүлд нийлүүсэн өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 45 хоногоор тооцоход төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж дуусгах үүрэгтэй атал төлөөгүй тул алдангийг 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 135 хоногоор тооцоход /164 087 797*0.5% =820 438*135 хоног/ 110 759 130 төгрөг гарч 164 087 797 төгрөгийн 50% -иас хэтэрсэн тул алдангид 82 043 898 төгрөг, Мөн 05 дугаар сард нийлүүлсэн шатахууны төлбөрийг төлөх хугацааг хамгийн сүүлд нийлүүлсэн өдөр болох 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 45 хоногоор тооцоход 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гэхэд төлж дуусгах үүрэгтэй боловч энэ хугацаанд төлөөгүй тул алдангид 2019 оын 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 115 хонгоор тооцож алдангид /60 640 101*0.5% =303 200*115 хоног/ 36 384 060 төгрөг гарч алданги нь хууль заасан хэмжээнээс мөн хэтэрсэн 50 хувиар нь тооцож 30 320 050 төгрөг тус тус гарч байгаа.

Түүнчлэн шатахууныг гадаадаас ам. доллароор худалдаж авдаг мөнгийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс хохирол учирсан. Гэрээний 7.4 болон гэрээний хавсралтад зааснаар ам. долларын ханшийн зөрүүг гарсан тохиолдолд гэрээний үүргийг хугацаанд биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцож хариуцахыг заасан байгаа. Шатахууны үнийг буцаан төлөх өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн нэг ам долларын ханш 2 654.41 төгрөг байсан бөгөөд 16 087 797 төгрөгт /2 659.50 = 61 698 7 доллар 07 дугаар сарын 05-ны өдрийн нэг ам. долларын ханш 2 658.65 байсан бөгөөд 60 640 101 төгрөгт 22 809 ам доллар авах тус тус худалдан авах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэлийг гаргах энэ өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэг ам долларын Монгол банкны зарласан ханш 2 705 төгрөгтэй тэнцэж өссөн тул ханшийн зөрүүд 3 868 150 төгрөгийн хохирол гарсан.

Иймд хариуцагчаас шатахууны үнэ 224 727 898 төгрөг алдангид 112 363 948 төгрөг хохиролд 3 868 150 төгрөг бүгд 340 959 996 төгрөгийг гаргуулахаар шаардаж байсан. Хариуцагч нь гэрээгээр шатахуун түгээгүүр байгуулж өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зөөврийн шатахууны түгээгүүрийн үнэ 1 950 000 төгрөгөөр өмнөх нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж нийт 360 459 996 төгрөгийг Э- ХХК иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрс-Авто сервис" ХХК нь "Э-" ХХК-иас 340 959 996 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Э-" ХХК нь "Хөрс-Авто сервис" ХХК-тай Шатахуун худалдах худалдан авах гэрээтэй байсан бөгөөд тухай бүр шатахууны төлбөрөө төлж явж байсан боловч манай компанид мөн адил өр төлбөртэй компаниуд өр төлбөрөө заасан хугацаандаа төлж барагдуулаагүйн улмаас шатахууны үлдэгдэл төлбөрийг "Хөрс-Авто сервис" ХХК-д төлж барагдуулж чадаагүй.

Э-" ХХК-ийн зүгээс үндсэн шатахууны үнэ болох 224 727 898 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 112 363 948 төгрөг хохирол 3 868 150 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлагаас 116 232 098 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үлдэгдэл төлбөр 216 053 868 төгрөгий үлдэгдэл төлбөртэй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э- ХХК нь Хөрс-Авто сервис ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл Хөрс-Авто сервис ХХК нь шатахууны мөнгөө хугацаандаа өгөөгүй хэмээн 2019 оны 05 дугаар сард Э- ХХК-ийн М\/-020669 дугаартай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газар орших 2593.21 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газраас олгосон тусгай зөвшөөрлийг эх хувиар нь ямар нэгэн барьцааны гэрээгүйгээр хууль бусаар барьцаалан авч өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй байна. Э- ХХК-ийн М\/-020669 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг жил бүр сунгаж тусгай зөвшөөрлийн 1-р хавсралтад тэмдэглэгээ хийлгэх журамтай байдаг. Манай компанийн ашигт малтмал ашиглалтын уг тусгай зөвшөөрлийн энэхүү хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан бөгөөд Хөрс-Авто сервис ХХК нь манай компанийн тусгай зөвшөөрлийг эх хувиар нь өгөхгүй байгаагаас тусгай зөвшөөрлөө сунгаж тэмдэглэгээ хийлгэж чадалгүй хүрээд байна. Манай Э- ХХК-ийн зүгээс Шатахуун худалдах худалдан авах гэрээний маргаан болон ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эх хувийг шүүх байгууллагаар дамжилгүй эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа очсон боловч компанийн байранд гадны хүн нэвтрүүлэхгүй байгаа хэмээн оруулахгүй нэхэмжлэгч Хөрс-Авто сервис ХХК-ийн захирал утсаа авахгүй менежер нь үндсэн шатахууны төлбөрөө еөс өмнө уулзахгүй хэмээн эрс цааргалж байна. Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн Э- ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийгХөрс-Авто сервис ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж Э- ХХК-д олгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахаас өөр аргагүйд байна.

Хөрс-Авто сервис ХХК-ийн хууль бус эзэмшлээс Э- ХХК-ийн 120669 дугаартай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газар 2593.21 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах 2016 оны дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газраас олгосон тусгай зөвшөөрлийг эх хувийг гаргуулж Э- ХХК-нд олгохыг Хөрс-Авто сервис ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани нь хариуцагчтай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 65 500 000 төгрөгийн дүнтэй төлбөрт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Аривжих гэдэг газарт орших 2593.21 гектар талбай бүхий ашиглалтын лицензийг барьцаалж эх хувиар нь авсан ба нотариатчаар гэрчлүүлсэн болно.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан ямар нэг барьцааны гэрээгүйгээр хууль бусаар барьцаалан авч өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Манай компани одоохондоо үүргийн гүйцэтгэлийг барьцааны эрхээр хангуулах шаардлага гаргаагүй бөгөөд хариуцагч нь төлбөрөө төлөөд тусгай зөвшөөрлөө буцааж авах боломжтой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Э- ХХК-аас 343 937 861 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хөрс-Авто сервис ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 868 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газарт 2593.21 га талбай бүхий уурхайн талбайтай, улсын бүртгэлийн 9011097043 тоот гэрчилгээтэй, МV-020669 дугаартай Э- ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгч Хөрс-Авто сервис ХХК-иас эх хувиар гаргуулж хариуцагч Э- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 118 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 877 639 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх валютын ханшийн зөрүү 3 868 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч хариуцагчаас хохирлоо арилгуулахаар шүүхэд хандсан асуудал бол гэрээнээс татгалзсаныг харуулахаас гадна асуудлыг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан татгалзах, цуцлах үндэслэл байхгүй болно. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болох эсэх асуудлаар ямар нэгэн маргаан, шаардлага байхгүй атал нэхэмжлэлд дурьдаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Хариуцагч өөрт нь хуулиар үүрэг болгосон асуудалд нэхэмжлэгчийг харуицагч гэж үзэх боломжгүй. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй тул хариуцагч төлбөрөө төлөөд лицензээ буцаан авах боломжтой. Хуулиар барьцааны гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх болон дагалдах баримт бичгийн хамт барьцаалуулах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид ногдуулсан ба барьцаалагч ямар нэгэн үүрэг хүлээхгүйгээр зохицуулсныг анхаарсангүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дурьдсан хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн алданги 108 146 286 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4 дэх хэсэгт зааснаар алданги шаардаж байгаагүй. 4.5-д өмнөх сарын төлбөрийг хийснээр дараа сарын түлшийг олгоно г эж заасан байхад төлбөрийг авалгүйгээр шатахуун олгож байснаас өр нэмэгдсэн. Анхан шатын шүүх алдангийг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй байгаа тул шйидвэрийн 108 146 286 төгрөгийг хангасан хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Хөрс-Авто сервис ХХК нь хариуцагч Э- ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шатахууны үнэ, алданги, хохирол, зөөврийн шатахуун түгээх станцын үнэ нийт 347 806 011 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь түлшний үнэ 216 292 574 төгрөг, зөөврийн шатахуун түгээх станцын үнэ 19 500 000 төгрөг, нийт 235 792 570 төгрөгийг зөвшөөрч, алданги, хохирол зэргийг зөвшөөрөхгүй маргасан. /хх1, 32/

Зохигч шатахуун худалдах-худалдан авах гэрээг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, худалдагч Хөрс-Авто сервис ХХК нь худалдан авагч Э- ХХК-нд дизель түлш нийлүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авч үнийг төлөхөөр тохиролцсон. /хх11/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн.

Хариуцагч Э- ХХК нь 216 292 574 төгрөгийн шатахууныг хүлээн авсанд маргаангүй, талууд 2019 оны 3 дугаар сарын 31, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн, 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч тооцоо бодож баримт гаргажээ. /хх6-10/

Илүү нэхэмжилсэн мөнгөө нэхэмжлэлийн дүнгээс хассан талаар нэхэмжлэгч тайлбарласан. /хх63/

Талуудын гэрээний 4.3-т шатахууны төлбөрийг хүлээж авсан өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд бүрэн төлж барагдуулна гэж, мөн гэрээний 4.4-т худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх-өөр тус тус заасан. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийн хугацааг хэтрүүлэх зөрчил гаргасан, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх11/

Нэхэмжлэгчийн шатахууныг гадаадаас ам.доллароор худалдаж авдаг тул мөнгийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс ханшийн зөрүүд 3 868 150 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт талуудын гэрээ болон хуульд нийцжээ.

Зөөврийн шатахуун түгээх станц худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хариуцагч 19 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцсэн.

Хариуцагч Э- ХХК-иас шатахууны үнэ 216 292 574 төгрөг, алданги 108 146 286 төгрөг, зөөврийн шатахуун түгээх станцын үнэ 19 500 000 нийт 343 937 861 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 3 868 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Талуудын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн барьцааны гэрээгээр 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 64 500 000 төгрөгийн шатахуун худалдах- худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газарт 2593.21 гектар талбай бүхий уурхайн талбайтай, улсын бүртгэлийн 9011097043 тоот гэрчилгээтэй, МV-020669 дугаартай Э- ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Хөрс-Авто сервис ХХК барьцаалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй гэж заасныг талуудын дээрх барьцааны хэлцэл зөрчсөн байна. Барьцааны гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл учир тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698 700 төгрөг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийэ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 046 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД