| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/02311/И |
| Дугаар | 101/ШШ2017/03547 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2017/03547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, *******,******* тоот хаягт оршин суух, Халхчууд овогт Ц*******ын Б******* /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,*******,******* тоот хаягт оршин суух, Их Монгол овогт Б*******ийн С******* /регистрийн дугаар /-д холбогдох,
111,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Б******* нь автомашины бизнес хийгээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд Зар мэдээ, Шуурхай зар сонингоор дамжуулан Ланд болон Лексус маркийн автомашин худалдаж авна гэсэн зарыг тогтмол явуулж байсан. Улмаар 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дугаараас Б.С******* гэх хүн залгаж Сайн ломбарданд барьцаанд байгаа Ланд круйзер 200 маркийн УБЯ улсын дугаартай машин байна худалдаж авах уу гэж хэлэхээр нь би маргааш өдөр очиж сонирхоё хэмээн хэлсэн. Маргааш нь буюу 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тухайн автомашиныг үзэж сонирхоод 111,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.
Худалдагч тал болох Б.С*******ын зүгээс хэлэхдээ дээрх УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний төрсөн ах болох Б.Чинбатын нэр дээр байгаа, захиран зарцуулах эрх нь надад байдаг юм. Би өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулах эрх нь миний ах Б.Чинбатад байдаг хэмээн итгэмжлэл үзүүлэхээр нь авахаар болсон.
Улмаар 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Б.Б******* нь өөрийн эзэмшлийн тоот Хаан банкны данснаас 60,000,000 төгрөг бэлнээр гаргаж авч Б.С*******ад өгч, хамт Сайн ломбард руу очин зээлийн төлбөрийг барагдуулан машиныг чөлөөлж авсан төдийгүй 3, 4 дүгээр хороололд байх нотариатын газраар орж худалдах-худалдан авах гэрээ хийн УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн аваад үлдэгдэл 51,000,000 төгрөгийг Б.С*******ын төрсөн ах Б.Чинбатын эхнэр болох Сандаг овогтой Уийн тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн.
Энэ өдрөөс хойш уг тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн дүү Ц.Баянжаргалд мөнгөн төлбөрт бодож өрөндөө өгсөн. Уг тээврийн хэрэгслийг дүү Ц.Баянжаргал маань иргэн Ш.Б*******өд 2014 оны 9 дүгээр сард 148,000,000 төгрөгөөр зарсан байсан. Энэ үйл явдал болсноос хойш тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан Ш.Б******* нь 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-руу Алтанбулаг, Хиагтын боомтоор хил гарах гэж байгаад УБЯ улсын дугаартай автомашин нь хулгайн тээврийн хэрэгсэл гэдэг нь илэрч тухайн тээврийн хэрэгсэл ОХУ-ын цагдаагийн байгууллагад баригдаж хураалгасан байна.
Дээрх УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд холбогдуулан гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон тус дүүргийн Прокурорын газраас ОХУ-ын иргэн А, МУ-н иргэн Ц.Батболд нарт холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хулгайн тээврийн хэрэгслийг хууль бусаар хил нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, бусдыг залилан мэхлэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа боловч хохирогч гэх Ш.Б******* нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний төрсөн дүү Ц.Баянжаргалд холбогдуулан нэхэмжлэл гарган хариуцагчаар татсан байна.
Ц.Б******* нь УБЯ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг хууль бус, хулгайн тээврийн хэрэгсэл гэдгийг мэдээгүй худалдан авсан төдийгүй цааш нь дүү Ц.Баянжаргалд дамжуулан өрөндөө өгсний улмаас Ц.Баянжаргал хариуцагч болж байна.
Энэ бүхний эцэст Б.С*******аас хулгайн тээврийн хэрэгслийг мэдэлгүй 111,000,000 төгрөгөөр худалдаж авсан, цаашид Ш.Б*******ийн дээрх төлбөрийг барагдуулахын тулд Б.С*******аас хулгайн тээврийн хэрэгсэл худалдан авсан мөнгөн дүн 111,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ИХ-ийн 243-р зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэн, харилцан үүрэг хүлээж, худалдах худалдан авах гэрээ хийгдсэн болох нь харагдаж байгаа. Гагцхүү Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг нь хариуцагч талд байсан, эрхийн доголдол гэдгийг Иргэний хуулийн 252 дугаар зүйлд заасан байдаг, нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлсэн боловч эд хөрөнгийн хувьд худалдан борлуулах гэх мэт эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байгаа бөгөөд худалдсан эд хөрөнгө нь эрхийн доголдолтой болох нь эднээс харагдаж байгаа. Ингээд нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ ямар нэгэн байдлаар хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийн үнэ болох 111,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.С*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгчийн эрхийн доголдолтой гэдгийг тогтоосон баримт огт байдаггүй, талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээ болон, машины үнэ 111,000,000 төгрөгийг С*******руу шилжүүлсэн баримт байдаггүй. Шүүх хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдэх үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэлийг С*******ад холбогдуулаад гаргаж байгаа боловч С*******ад хамааралтай гэсэн 1 юм хэрэгт байдаггүй. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад 1. Сайн ломбардад автомашин байсан гэдэг, гэтэл Сайн ломбард нь Тайгын булан авто ХХК гэсэн нэртэй компани байдаг. Энэ компанийг төлөөлөөд Баярхүү гэдэг хүнтэй Чинбат гэрээ байгуулж байсан албан бичиг л байгаа гэрээ байхгүй. Баярхүү гэж хүн нь Тайгын булаг авто ХХК-иас бичсэн тодорхойлолтоос харахад Чинбат нь автомашиныг ломбардад тавиад зээл авсан болох нь харагдаж байгаа. 2. Чинбат 60,000,000 төгрөгийг Тайгын булаг авто ХХК-д төлсөн баримт бол байдаг, 51,000,000 төгрөгийг У гэж хүний дансанд шилжүүлсэн. Автомашиныг ломбард гэж яриад байгаа Тайгын булаг авто ХХК-иас авдаг, шилжихдээ Баярхүү гэж хүний нэрнээс Б*******д шилжсэн, Б******* нь 2013.03 сард Батхолбоо гэж хүнд 0880 УБЯ дугаартай автомашиныг шилжүүлсэн байдаг. Эндээс харахад нэхэмжлэгчид ч хариуцагчид ч хамааралтай юм харагдахгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ийм дугаартай автомашиныг ийм үнээр худалдан авч байгаа гэсэн нэг ч гэрээ байхгүй, дээр нь автомашиныг шилжүүлэхэд нэхэмжлэгчийн ч хариуцагчийн ч нэрээр шилжсэн зүйл нэг ч байхгүй. Эрхийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэж яриад байгаа боловч эрхийн доголдолтой гэдгийг нотлох баримт одоог хүртэл тодорхойгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс нэхэмжлэгч ч биш, хариуцагч ч биш хүмүүсийн нэрээр тээврийн хэрэгсэл шилжигдээд яваад байгаагаас харахад эрхийн доголдолтой гэдэг байдаг харагдахгүй байгаа. Эрхийн доголдолтой гэдгийг нэхэмжлэгч тал ярьдаг хэдий боловч түүнийг нотолсон хил дээр баригдсан, цагдаагийн байгууллага хэнд хамааруулаад хэрэг үүсгээд, автомашин хилээр орж гарсан тухай нэг ч баримт хэрэгт байхгүй. Энэ бүгдээс харахад нэхэмжлээд байгаа Б******* нь нэхэмжлэгч мөн эсэх нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэгч жинхэнэ нэхэмжлэгч мөн үү хариуцагч жинхэнэ хариуцагч мөн үү гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй, зохигчийн нэр дээр мөнгө ч ороогүй байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ИХ-ийн 243-д заасан худалдах худалдан авах гэрээний тухайд нэхэмжлэгч нь ч худалдан авагч хариуцагч нь ч худалдагч гэдэг нь харагдахгүй байгаа. Яг худалдан авсан хөрөнгийг иргэний өмчлөлд шилжүүлэх ажиллагаа хуульд заасны дагуу хийгдээгүй. Хөрөнгө шилжүүлэх бүртгэл нь автомашины бүртгэлийн газраас гаргасан баримт дээр харагддаг. Хэрэгт Баянжаргал, Б******* нарын эзэмших эрхийн талаар нэг ч баримт байхгүй, ОХУ-аас хулгайд алдагдсан гэдгийг нотлох баримт юу ч байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч Б.С*******ад холбогдуулан, автомашин худалдан авахад төлсөн 111,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Нэхэмжлэгч нь 111,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б.С******* болон түүний ах Б.Чинбат нарт холбогдуулж гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Чинбатаас татгалзаж, хариуцагч Б.С*******аас 111,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Б******* 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр УБЯ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг 111,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг өөрийн мөнгөн хөрөнгөөр төлсөн болох нь хэрэгт авагдсан, Ц.Б*******гийн эзэмшдэг Хаан банкны дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан Б.Чинбатын бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дээрх автомашиныг худалдах-худалдан авах хэлцэл, иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн үр дагавар, учирсан хохирлыг арилгуулахаар эрх нь зөрчигдсөн этгээд шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан, Зар мэдээ сурталчилгаа сонин ХМХ-ийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/36 дугаар тодорхойлолтоос үзэхэд, нэхэмжлэгч Ц.Б******* автомашины худалдаа эрхэлдэг гэх тайлбар нь нотлогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан Б.Чинбатын бичгээр гаргасан тайлбар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхболд 2016 оны 8 дугаар сарын 04, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Чинбат, Б.С******* нараас авсан гэрчийн мэдүүлэг, 111,000,000 төгрөгийг Ц.Б******* өөрийн данснаас төлсөн зэргээс үзэхэд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Б*******, Б.С******* нарын хооронд Тоёота Ланд круйзер 200 маркийн, УБЯ улсын дугаартай автомашиныг худалдах-худалдан авах хэлцэл хийгджээ.
Тодруулбал, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сумъяа овогтой Баярхүүгийн өмчлөлд бүртгэгдсэн Тоёота Ланд круйзер 200 маркийн, УБЯ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.С******* нь өөрийн эхнэрийн хамаатан болох н.Отгон-Очир гэгчээс өрөндөө тооцон авч, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэлгүй, өөрийн ах Б.Чинбатын нэр дээр автомашиныг бусдад худалдах, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурах, нэр шилжүүлэхэд төлөөлөх бүрэн эрхтэй итгэмжлэлийг хийлгэсэн, Б.Чинбат нь С.Баярхүүг төлөөлөн гарын үсэг зурж, тээврийн хэрэгслийг барьцаалж Тайгын булаг-Авто ХХК-ийн ломбардаас 60,000,000 төгрөгийн зээл авсан, уг зээлийг нэхэмжлэгч Ц.Б*******гаас худалдах-худалдан авах гэрээний дагуу бэлнээр авсан 60,000,000 төгрөгөөр төлж, 51,000,000 төгрөгийг Ц.Б*******гаас дансаар авч хариуцагч Б.С*******ад шилжүүлсэн, улмаар тээврийн хэрэгслийн өмчлөх эрх 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ц.Б*******д шилжсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.
Дээр дурдсан үйл баримтууд, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагч Б.С******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Худалдагч тал буюу хариуцагч Б.С******* нь Тоёота Ланд круйзер 200 маркийн, УБЯ улсын дугаартай автомашиныг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үедээ хулгайн тээврийн хэрэгсэл байсан эсэх, эрхийн доголдол байсан эсэхийг мэдээгүй нь байгуулж буй худалдах-худалдан авах гэрээний дагуу үүсэх үр дагавар, хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь тухайн тээврийн хэрэгслийг ОХУ-аас хулгайд алдагдсан гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй гэж маргаж байх боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1961 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1883 дугаар магадлалаар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл, Тоёота Ланд круйзер 200 маркийн, УБЯ улсын дугаартай автомашины эрхийн зөрчлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэл тогтоогдож байна.
Иймд худалдагч тал үүргээ зөрчсөн буюу худалдан авагч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бодитой байх тул худалдан авагч нь гэрээг цуцлах, гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар шаардах эрхтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.С*******аас 111,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн төлсөн 712,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С*******аас улсын тэмдэгтийн хураамж 712,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр илүү төлсөн 712,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б*******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ Б.УНДРАА