Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/03553

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/03553

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 байр, 48 тоот хаягт оршин суух, Үнээт овогт Нэргүйн Батбаатар /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171 А байр, 7 тоот хаягт оршин суух, Цагаант овогт Амарсайханы Тамир /регистрийн дугаар /-т холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Миста ХХК-ийн хувьцааны 50 хувийг буцаан авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч А.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Миста ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр иргэн А.Тамирт шилжүүлсэн бөгөөд*******нь Миста ХХК-ийн хөрөнгө болох Налайх дүүрэгт байрлалтай махны үйлдвэрийг бүрэн эзэмшиж үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн. Гэвч*******нь өнгөрсөн хугацаанд амласан амлалтандаа хүрч чадаагүй, үйлдвэр тоногдож, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн дагуу миний бэлэглэлийн журмаар өгсөн Миста ХХК-ийн хувьцааны 50 хувийг надад эргүүлж олгоно уу гэв.

 

Хариуцагч*******шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миста ХХК-ийг 2013 оны 12 дугаар сард Налайх дүүрэгт байрлах 2000 м.кв гаруй мал нядлах, махны анхан шатны боловсруулах болон хадгалах зоорьтой үйлдвэрийг /улсын бүртгэлийн гэрчилгээний 000196429/ 12699 м.кв газартай, /аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0229415/ хамт 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдаж авахаар тус компанийн эзэд болох Нямдаваа овогтой Наранбаатар /ЧС68121514/ болон Жамъян овогтой Сэргэлэн нартай төлбөрөө 200,000,000 төгрөгөөр 5 удаа 3 сарын зайтайгаар 2014 оны 12 дугаар сарын 31-нд дуусгахаар тохирч гэрээ байгуулсан билээ. Миний талаас нийт 400,000,000 төгрөгийг Н.Наранбаатара болон Ж.Сэргэлэн нарт шилжүүлсэн билээ.

2014 оны 01 дүгээр сарын 03-нд Н.Наранбаатар болон Ж.Сэргэлэн нар *******ыг нотариатын газар дуудаж ирүүлэн Миста ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, хурлын шийдвэр болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээнүүдэд гарын үсгийг тус тус зуруулсан билээ. Н.Наранбаатар, Ж.Сэргэлэн нар *******ыг банкнаас зээл авах зорилгоор түр Миста ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байсан гэж тайлбарлаад *******аас Миста ХХК-ийн 50 хувийг над руу шилжүүлсэн.

2014 оны 01 дүгээр сард Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарч карантин тогтоож хөрш хоёр орон Монголоос түүхий малын мах нутагаараа дамжуулан тээвэрлэхийг хориглосон. Үүнээс болоод малын мах экспортлох бололцоо хаагдаж миний талаас гэрээг цаашид хэрэгжүүлэх нөхцөл хаагдсан.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.Тамирт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, компанийн хувьцааны 50 хувийг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж, бэлэглэгч тал ******* нь Миста ХХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг хувьцааг 000001807 тоот гэрчилгээний дагуу бэлэг хүлээн авагч А.Тамирт шилжүүлсэн, мөн өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж улсын бүртгэлийн 9011195065 дугаарт бүртгэгдсэн, 5307147 тоот регистрийн дугаартай Миста ХХК-ийн үүсгэн байгуулагч ******* нь тус компанийн өөрийн эзэмшлийн 50 хувийг А.Тамирт шилжүүлжээ.

Дээрх бэлэглэлийн гэрээгээр бэлэг хүлээн авагч*******нь Миста ХХК-ийн хөрөнгө болох Налайх дүүрэгт байрлах махны үйлдвэрийг бүрэн эзэмшиж үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн боловч Миста ХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, тоногдож, махны үйлдвэрийн үйл ажиллагаа явагдаагүй, цаашид явагдах боломжгүй болсон хэмээн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан, Миста ХХК-ийн дүрэм, Ж.Сэргэлэнгийн эзэмшдэг ХААН банк дахь 5029476141 дугаар данснаас Миста ХХК-ийн 2015, 2016, 2017 онуудын газрын төлбөр 815,000 төгрөг төлсөн баримт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас Миста ХХК-д 2017 оны 10 дугаар сард хүргүүлсэн шаардлага зэргээс үзэхэд, Налайх дүүрэг дэх Миста ХХК-ийн махны үйлдвэр одоо хэвийн үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Хариуцагч*******нь Миста ХХК-ийг 2013 оны 12 дугаар сард Налайх дүүрэгт байрлах 2000 м.кв гаруй мал нядлах, махны анхан шатны боловсруулах болон хадгалах зоорьтой үйлдвэрийг газрын хамт 1,000,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тус компанийн эзэд болох Н.Наранбаатар, Ж.Сэргэлэн нартай тохирч, төлбөрөө 200,000,000 төгрөгөөр 5 удаа 3 сарын зайтайгаар 2014 оны 12 дугаар сарын 31-нд дуусгахаар гэрээ байгуулсан, нийт 400,000,000 төгрөгийг Н.Наранбаатар болон Ж.Сэргэлэн нарт шилжүүлсэн гэх боловч энэ талаараа шүүхэд нотолсонгүй.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа хавсаргасан баримтын жагсаалт гэж бичсэн боловч нотлох баримт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Шүүх, хариуцагчийн хүсэлтийг хангаж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, түүнд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, эрх үүрэг хэрэгжүүлэх хугацаа олгож, талуудыг мэтгэлцэх эрхээр нь хангасан болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заажээ.

Хариуцагч*******нь дээр дурдсанаар бэлгэнд хүлээн авсан махны үйлдвэрийг бүрэн эзэмшиж, үйл ажиллагааг явуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Миста ХХК-ийн 50 хувийг буцаан авах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280 дугаар зүйлийн 280.2-т тус тус заасныг баримтлан, бэлэглэгч *******аас Миста ХХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг хувьцааг 000001807 тоот гэрчилгээний дагуу бэлэг хүлээн авагч А.Тамирт шилжүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн 9011195065 дугаарт бүртгэгдсэн, 5307147 тоот регистрийн дугаартай Миста ХХК-ийн үүсгэн байгуулагч *******аас өөрийн эзэмшлийн 50 хувийг А.Тамирт шилжүүлсэн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, Миста ХХК-ийн хувьцааны 50 хувийг нэхэмжлэгч *******т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Тамираас улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.УНДРАА