Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/001357

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01021 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1091 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Т-т холбогдох,

2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, “Миста” ХХК-ийн хувьцааны 50 хувийг буцаан шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н Б “Миста” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байсан бөгөөд өөр ажил давхар хийдэг байсан тул 2013 оны сүүлээр “Миста” ХХК-ийн нөгөө 50 хувийн эзэмшигч Ж.Сэргэлэн, манай найз Н.Наранбаатар хоёр надтай ирж уулзаад “...үйлдвэрийн ажил гүйцэд сайн явахгүй байна. Нэмэлт санхүүжилт олж, мах экспортлох төлөвлөгөө байна” гэсэн болохоор бид тохиролцож, 2014 оны 01 дүгээр сард би компанийнхаа 50 хувийн хувьцааг А.Т-тбэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ хийж өгсөн. Үйлдвэрийг дампууруулсанд үнэхээр харамсалтай байна.

Иймд компанийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, компанийн хувьцаагаа өөрийн нэр дээр буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Миста” ХХК-ийг 2013 оны 12 дугаар сард Налайх дүүрэгт байрлах 2000 мкв гаруй мал нядлах, махны анхан шатны боловсруулах болон хадгалах зоорьтой үйлдвэрийг /улсын бүртгэлийн гэрчилгээний 000196429/ 12699 мкв газартай, /аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0229415/ хамт 1 000 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тус компанийн эзэд болох Н.Наранбаатар, Ж.Сэргэлэн нартай төлбөрөө 200 000 000 төгрөгөөр 5 удаа 3 сарын зайтайгаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгахаар тохирч гэрээ байгуулсан билээ. Миний талаас нийт 400 000 000 төгрөгийг Н.Наранбаатар болон Ж.Сэргэлэн нарт шилжүүлсэн билээ. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Н.Наранбаатар болон Ж.Сэргэлэн нар Н.Б-ыг нотариатын газар дуудаж ирүүлэн “Миста” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, хурлын шийдвэр болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээнүүдэд гарын үсгийг тус тус зуруулсан билээ. Н.Наранбаатар, Ж.Сэргэлэн нар Н.Б-ыг банкнаас зээл авах зорилгоор түр “Миста” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байсан гэж тайлбарлаад Н.Б-аас “Миста” ХХК-ийн 50 хувийг над руу шилжүүлсэн. 2014 оны 01 дүгээр сард Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарч карантин тогтоож хөрш хоёр орон монголоос түүхий малын мах нутагаараа дамжуулан тээвэрлэхийг хориглосон. Үүнээс болоод малын мах экспортлох бололцоо хаагдаж миний талаас гэрээг цаашид хэрэгжүүлэх нөхцөл хаагдсан гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01021 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.Т-тхолбогдох 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгуулах, Миста ХХК-ийн хувьцааны 50 хувийг буцаан шилжүүлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1091 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Б-ын төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүх хэрэг маргааны бодит байдлын талаар үнэлж дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг агуулгын хувьд нь бусад үйл баримттай хамааралтай, хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүйгээр зөвхөн хэлбэрийн хувьд нь шууд утгаар үнэлж дүгнэсэн нь шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, ингэснээрээ шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч ямар шаардлагыг хариуцагч А.Т-т холбогдуулан гаргасан, хариуцагч уг шаардлагад ямар хариу тайлбар гаргасан байгаа гэдгийг тухайн хэрэгт хамааралтай талаас нь нарийвчлан тодруулалгүйгээр, өөрөөр хэлбэл талуудын хооронд  байгуулагдсан  Бэлэглэлийн  гэрээг зөвхөн  үнэлж дүгнэсэн  ба үүний зэрэгцээ хувьцаа шилжүүлэхийн тулд Компанийн тухай хуулийн дагуу бэлэглэлийн гэрээтэй хамт зайлшгүй хийгдвэл зохих бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн “компанийн дүрэм, Улсын бүртгэлийн гэрчилгээ”-нд өөрчлөлт тусгагдан, зохих ёсоор бүртгэгдсэн эсэхийг нялтлаагүй, шалгаж тодруулаагүй эдгээр баримт нь хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийг хувьцаа шилжүүлэн авсан, хувьцааг өмчлөгч тул өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй. ...Мөн нэхэмжлэгч нь нөгөө хувьцаа эзэмшигч, хамтрагч нартаа итгэн, тэдгээрийн санал хүсэлтийн дагуу хувьцаагаа бэлэглэсэн гэх энэ үйл баримтыг нь хариуцагчийн хариу тайлбар бусад баримттай хамт үнэлээгүйгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

Хэрэг маргааныг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах тухай хүсэлтүүд гаргасныг шүүх хангаагүй, ийнхүү шүүх хуралдаан үргэлжлэн явагдахад хариуцагчийн төлөөлөгч нь эрх зөрчигдсөн гэж шүүх хуралдааныг орхин гарсан, хариуцагч энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй ч эрх нь ноцтой зөрчигдсөн гэдгээ үүгээр илэрхийлсэн, нотлогдож байгаа. Үүнээс хамаарч шүүх хуралдаан мэтгэлцээнгүйгээр, хариуцагчийн шүүхэд гаргавал зохих зайлшгүй шаардлагатай нотлох баримтгүйгээр явагдан шүүхийн шийдвэр нь хариуцагчийн талд ашигтай гарсан тул тэрээр давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Ийм байхад давж заалдах шатны шүүх “хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хариуцагч тал гомдол гаргаагүй байхад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч энэ талаар гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үнэлж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн эрх ноцтой зөрчигдсөн, удаа дараагийн буюу анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлж буцаагдсан үндэслэл болох шүүхэд гаргавал зохих, зайлшгүй шаардлагатай нотлох баримтаа хариуцагч гаргаагүй, ийнхүү нотлох баримтаа гаргаж чадаагүй нь нэхэмжлэгчийг энэхүү хэрэг маргаанаа үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд шууд хамааралтай буюу хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал ийнхүү хуулийн үндэслэлгүй буруу шийдвэрлэгдээд байгаа болно.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд “...өөр шатны журмаар...” гэсэн хэдий боловч өмнө давж заалдах журмаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдэхэд магадгүй эсрэг саналтай байсан тэр шүүгч нь тухайн хэргийг мөн дахин давж заалдах шатны журмаар 2 дахь удаа хэлэлцэх энэ үед тухайн хэрэг, маргааны талаар тодорхой төсөөлөл итгэл үнэмшилтэй болж, өөрийн өмнө гаргасан шийдвэрийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хандах боломжтой байх тул ийнхүү өмнө оролцсон шүүгч дахин давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон энэ тохиолдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэж үзэх нэг нөхцөл болж байна.

Иймд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримт дутуу, хангалттай баримт бүрдүүлээгүйгээр явагдсан, хэрэгт авагдсан нэг талын нотлох баримтыг зөвхөн хэлбэрийн хувьд үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл агуулгыг, үүнтэй холбоотойгоор хариу тайлбар, татгалзал холбогдох бусад нотлох баримтуудыг тодруулалгүй, хамтал үнэлээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хуулийн дагуу нотлох баримтуудыг бүрдүүлж, дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Б нь “Миста” ХХК-ийн өөрт оногдох буюу 50 хувийн, нэг бүр нь 1 000 төгрөгийн үнэ бүхий 500 ш хувьцааг хариуцагч А.Т-ын өмчлөлд шилжүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээг  хүчингүй болгуулах, хувьцааг буцаан авах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч А.Т шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан ба зохигч нь анхан болон давж заалдах шатны шүүхэд эрх зүйн маргааны талаар мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдлоор хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нь эвлэрлийн гэрээ байгуулсан ба шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хамтарсан хүсэлт гаргасан байна.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Н.Б-аас хариуцагч А.Т-т “Миста” ХХК-ийн хувьцааны 50%-ийг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, мөн уг компанийн нөгөө хувьцаа эзэмшигч Ж.Сэргэлэн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Миста” ХХК-ийг худалдах-худалдан авах” гэрээгээр компанийн эрхийг 1 000 000 000 төгрөгөөр А.Т-т шилжүүлсэн,  А.Т1 000 000 000 төгрөгөөс 400 000 000 төгрөг төлсөн үйл баримтуудыг тэмдэглээд,

Хариуцагч А.Т төлсөн 400 000 000 төгрөгөө үнэ ханшийн өөрчлөлтийг харгалзан 550 000 000 төгрөг болгон буцаан авах, “Миста” ХХК-ийн хувьцаа болон эрхийг шинэ худалдан авагч Х.Удвалцэцэгт шууд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Эвлэрлийн гэрээнд А.Т болон Х.Удвалцэцэгийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан “Миста” ХХК-ийг худалдах-худалдан авах гэрээг хавсаргасан байна.

Зохигч нь эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах боломжтой гэж үзэв.

А.Т, Х.Удвалцэцэг нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ зохигчийн эвлэрлийн үндэслэл болсон боловч тусдаа харилцааг зохицуулсан тул энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Зохигчийн хэн алин нь мэргэжлийн өмгөөлөгчийн туслалцаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул эвлэрлийн гэрээг шүүхээс батлах, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохын эрх зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзнэ.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4., 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01021 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1091 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Н.Б-ын нэхэмжлэлтэй, А.Т-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН