Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1091

 

Н.Б-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01021 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Н.Б-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч А.Т-т холбогдох

2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, “Миста” ХХК-ийн хувьцааны 50 хувийг буцаан шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Б-ын  гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б , түүний өмгөөлөгч Б.Бат-Энх, хариуцагчийн төлөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Н.Б "Миста" ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байсан бөгөөд өөр ажил давхар хийдэг байсан тул 2013 оны сүүлээр “Миста” ХХК-ийн нөгөө 50 хувийн эзэмшигч Ж.Сэргэлэн, манай найз Н.Наранбаатар хоёр надтай ирж уулзаад "...үйлдвэрийн ажил гүйцэд сайн явахгүй байна. Нэмэлт санхүүжилт олж, мах экспортлох төлөвлөгөө байна гэсэн болохоор бид тохиролцож, 2014 оны 01 дүгээр сард би компанийнхаа 50 хувийн хувьцааг А.Т-т бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ хийж өгсөн. Үйлдвэрийг дампууруулсанд үнэхээр харамсалтай байна. Иймд компанийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, компанийн хувьцаагаа өөрийн нэр дээр буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч А.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миста”' ХХК-ийг 2013 оны 12 дугаар сард Налайх дүүрэгт байрлах 2000 м.кв гаруй мал нядлах, махны анхан шатны боловсруулах болон хадгалах зоорьтой үйлдвэрийг /улсын бүртгэлийн гэрчилгээний 000196429/ 12699 м.кв газартай, /аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0229415/ хамт 1.000.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тус компанийн эзэд болох Н.Наранбаатар, Ж.Сэргэлэн нартай төлбөрөө 200.000.000 төгрөгөөр 5 удаа 3 сарын зайтайгаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгахаар тохирч гэрээ байгуулсан билээ. Миний талаас нийт 400.000.000 төгрөгийг Н.Наранбаатар болон Ж.Сэргэлэн нарт шилжүүлсэн билээ. 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Н.Наранбаатар болон Ж.Сэргэлэн нар Н.Б-ыг  нотариатын газар дуудаж ирүүлэн “Миста” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, хурлын шийдвэр болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээнүүдэд гарын үсгийг тус тус зуруулсан билээ. Н.Наранбаатар, Ж.Сэргэлэн нар Н.Б-ыг  банкнаас зээл авах зорилгоор түр "Миста” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байсан гэж тайлбарлаад Н.Б-с  "Миста” ХХК-ийн 50 хувийг над руу шилжүүлсэн. 2014 оны 01 дүгээр сард Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарч карантин тогтоож хөрш хоёр орон монголоос түүхий малын мах нутагаараа дамжуулан тээвэрлэхийг хориглосон. Үүнээс болоод малын мах экспортлох бололцоо хаагдаж миний талаас гэрээг цаашид хэрэгжүүлэх нөхцөл хаагдсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.Т-т холбогдох 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, “Миста” ХХК-ийн хувьцааны 50 хувийг буцаан шилжүүлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Б-ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүсэлт гаргасаныг шүүх хангаагүй тул хуралдааныг орхин гарсан, иймээс талууд мэтгэлцээгүй, улмаар хариуцагч шүүхэд гаргавал зохих нотлох баримтаа гаргаагүй, энэ баримтыг нь нэхэмжлэгч гаргах эсхүл шүүхийн журмаар гаргуулах боломжгүй байсан зэргээс хариуцагчийн гаргавал зохих баримтыг бүрдүүлж, хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнэгдээгүй. Бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс өөр бусад гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй, түүнчлэн "хариуцагч хөрөнгө санхүүжилт гаргаж, мах экспортлох зөвшөөрөл олж үйлдвэрийг ашигтай ажиллуулан ашиг орлого нэмэгдүүлнэ” гэсэн тусгай нөхцөл хэрэгжээгүй, өөрийн бий болгосон компани, үйлдвэрийг нь үрэгдүүлэх, устгах сүйрүүлэхэд хүргэсэн болох нь газрын төлбөрөө төлөөгүй, хэрэглээний цахилгаан усны төлбөрөө төлөөгүй, харуул манаачийн ажлын хөлсөө төлөөгүйгээс тэрээр үйлдвэрийн эд зүйлээс нь худалдаж хөлсөө авсан гэх зэрэг нь нэхэмжлэгчид мэдэгдэж, дээрх үйл баримтаар бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл болох тул тусгай зорилгодоо хүрээгүйгээс компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчингүй болгож, хариуцагчид бэлэглэсэн 50 хувийн хувьцааг өмчлөлдөө буцаан шилжүүлж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1, 280 дугаар зүйлийн 280.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т заасны дагуу компанийн дүрэм, Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн эд хөрөнгө хүлээлцсэн баримт хэрэгт авагдаагүй, бэлэглэгчийг гомдоосон гэж шүүх үзэж хэргийг шийдвэрлэсэн боловч “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, ойлгомжгүй болсон. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Н.Б  нь хариуцагч А.Т-т холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож,  гэрээний дагуу шилжүүлсэн Миста ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр бэлэглэгч Н.Б  нь нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг, Миста ХХК-ийн өөрт оногдох хэсэг буюу 50 хувийн хувьцааг бэлэг хүлээн авагч А.Т-т хариу төлбөргүй шилжүүлж, мөн өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээгээр үүсгэн байгуулагч Н.Б  нь  эрх хүлээн авагч А.Т-т эрхээ шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 4-5/ 

Нэхэмжлэгч дээрх бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангаагүй, махны үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой явуулаагүй, зохих төлбөрийг төлөөгүй зэргээр бэлэглэгчийг удаа дараа гомдоосон ноцтой үйлдэл гаргасан  гэх үндэслэлээр  бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч ... бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 280.3.-т “бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж тус тус заасан байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь тодорхой  эд хөрөнгийг бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлдэг тул  хариуцагч нь гэрээний үндсэн дээр Миста ХХК-ийн 50 хувийн хувьцааг өмчлөх эрхтэй болж уг эрхээ хэрэгжүүлсэн явдлыг мөн  хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-д заасан бэлэглэлийг хүчингүй болгох үндэслэл болгох нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөө талаар Миста ХХК-ийн 50 хувийн хувьцааг бэлэглэх гэрээнд Миста ХХК-ийн цаашдын үйл ажиллагааны талаар тухайлсан нөхцөл заагдаагүй ба ийм нөхцлийн талаар тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд тусгай зориулалттайгаар бэлэглэх гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Миста ХХК-ийн газрын төлбөр төлсөн тухай Хаан банк-ны дансны хуулга, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаний цахилгааны төлбөр төлөх тухай шаардлага, зөвшөөрөл сунгуулахтай холбоотой гэрчилгээний хэвлэлтийн үнэ төлсөн баримт зэрэг нь бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэх үндэслэл болохгүй болохыг шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч тал хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.