Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2019/00410

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х дүүрэг,  хороо,  тоотод оршин суух хаягтай, одоогоор Ө сумын дугаар багт Б тоотод орчин суудаг, утас , паспортын дугаар 000, Б-ын иргэн Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг А ХХК (захирал Х.Б, утас 0)-нд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч А ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Махны үнэ болох үлдэгдэл мөнгө 29456000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хувиараа бизнес эрхэлдэг. Хариуцагч А ХХК-ний захирал Х.Б нь 2018 оны 5 дугаар сарын эхээр надаас нийт 49956000 төгрөгний үнэ бүхий (1 кг махыг 4600 төгрөгөөр үнэлж авсан) 10860 кг мах худалдаж авах, төлбөрийг нь нэг сарын дотор өгөх тухай санал тавьсан. Би А ХХК-ний захирал Х.Бын саналыг зөвшөөрч түүний хэлсэн ёсоор 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 10860 кг махыг ачааны машинд ачуулж А ХХК-ний махны үйлдвэрт хүргэж өгч хариуцагч компани ажилтан Хад хүлээлгэн өгсөн. Хэлэлцэн тохиролцсон хугацаа болоход хариуцагч махны үнийг шилжүүлж өгөлгүй удахгүй шилжүүлнэ, маргааш, нөгөөдөр шилжүүлэх гэж байна, ирэх долоо хоногийг хүлээчих, дараагийн долоо хоногт шилжүүлэх гэж байна гэх мэтээр цааргалдаг. Шаардуулж шаардуулж байна 20500000 төгрөгийг арай гэж хэд хэдээр хувааж өгсөн ба үлдсэн 29456000 төгрөгийг одоо болтол өгөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагчаас махны үнэ 29456000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч А ХХК-ний захирал Х.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Х-гийн манай компанид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр танилцлаа. Уг нэхэмжлэлд А ХХК буюу захирал Х.Баас махны үнэ 29456000 төгрөг нэхэмжилж тус компанийг хариуцагчаар татуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. А ХХК буюу захирал Х.Б би энэ нэхэмжлэлийн хариуцагч биш байна. Манай компани БНХАУ-ын иргэн Х-той махны наймаа хийж байсан нь үнэн боловч 29456000 төгрөг нэхэмжилж буй асуудал нь манай компанид хамааралгүй асуудал байна. Учир нь иргэн Е.Х өөрийн зүгээс БНХАУ-ын иргэн Х-гоос 29456000 төгрөгний үнэ бүхий мах авсан ба энэ тооцоогоо дуусгаагүй байгаа талаар тайлбарлаж байна. Тэдний хооронд хэдэн кг мах авалцаж өгөлцсөн талаар би мэдэхгүй. 29456000 төгрөг нэхэмжилсэн нь манай компанид хамаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Е.Хын гарын үсэг бүхий баримтаар нотлогдож байна. Х-гоос А ХХК-д авсан маны үнийг тухай бүрд нь шилжүүлж өгч байсан. Харин манай компанийн ажилтан Е.Х өөрийн хувийн зүгээс Х-той наймаа хийсэн нь компанид хамаатай асуудал биш. А ХХК-ийг хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Манай компанид ажилладаг ажилтан бүрийн хувийн гэрээ хэлцэлд компани хариуцлага хүлээх ёсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг болон манай А ХХК-ийг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар иргэн Е.Хтай ярилцсан бөгөөд тэр өөрийн авсан махны тооцоогоо дуусгана, компанид хамаагүй гэдгийг хэлж байсан ба Е.Хаас асуувал энэ талаар тайлбар ирүүлэх байх гэжээ.

Нэхэмжлэгч Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: БНХАУ-ын иргэн Х 2017 онд Б аймагт ирж махны наймаа эрхэлж эхэлсэн. Мөн А ХХК-нд мөн онд байгуулагдаж бусдаас махыг хямд үнээр аваад Улаанбаатар хот руу ачуулдаг бизнес эрхэлдэг байсан. Нэхэмжлэгч А ХХК-ний захирал Бтай 2017 онд танилцсан. 2019 онд А ХХК-ний захирал Б, үйлдвэрийн дарга Х нар нэхэмжлэгчид үхрийн мах худалдах талаар санал тавьсан. Нэхэмжлэгч үхрийн мах байхгүй, хонины мах байгаа талаар хариуцагч Бад хэлэхэд худалдан авахаар зөвшөөрсөн байна. Нийт 10 тонн 860 кг мах худалдан авсан. Эхний ээлжид 2 удаа махыг хүргэж өгсөн. Энэ үед Маулет, Салтанат, М, Х, Б нар байсан. 3 дахь удаа махыг хүргэж өгөхөд Б байгаагүй ба Маулет, Салтанат, Х нар байсан. Энэ үед М байгаагүй. Гэхдээ Хгийн орчуулагч М байдаг. 10 тонн 860 кг мах А ХХК-ний үйлдвэрт буусан гэдгийг гэрчүүдийг гэрчилж байгаа. Мөн Х гэрчилж байгаа. А ХХК-ний захирал Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ би эхний 2 ресийн махыг авахыг хүссэн, би 2 ресийн махны үнийг 3 хувааж төлж өгсөн, 3 дахь удаагийн мах авчирч өгсөн асуудалд би хамаагүй, Х өөрөө мах авсан тул өөрөө төлөх ёстой гэж тайлбарлаж байна. Бид хариуцагч байгууллагын төлөөлөгчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч нь Х гэх хувь хүнтэй мах худалдах, худалдан авах ямар ч гэрээ байгуулж байгаагүй. Нэхэмжлэгч 10 тонн 860 кг махыг анх худалдах худалдан авах гэрээг А ХХК-тай байгуулсан. 1 кг махыг 4600 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. Х би уг махыг үйлдвэрт буулгаж авсан нь үнэн, би махыг муудчих байх гэж бодоод захиралдаа хэлэхгүйгээр Улаанбаатар хот руу ачуулсан тул би төлөх ёстой гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Эхлээд А ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Хгийн зүгээс ямар нэгэн эрхийн доголдолгүй 10 тонн 860 кг махыг бүрэн нийлүүлсэн. Үүрэг хүлээгч этгээд маань махны үнийг төлөх ёстой. 20500000 төгрөгийг хариуцагч төлж өгчхөөд 29 сая төгрөг төлж өгөөгүй. А ХХК-ний үйлдвэрийн дарга Х шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөн мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн. Х би шүүхэд мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг дутуу ярьснаас болж худал мэдүүлэг өгсөн шиг харагдсан гээд би А ХХК-ний үйлдвэрийн даргын хувьд махыг хүлээн авсан. Би тус махыг захирлын эзгүйд муудчих байх гээд ачуулсан гэж мэдүүлсэн байна. Х нь А ХХК-ний нэрийн өмнөөс эрх бүхий албан тушаалтан тул дээрх үйлдлийг хийсэн. А ХХК нь тохиролцсоны дагуу 29 сая төгрөгийг төлж өгөх ёстой. Харин Х компани эд хөрөнгийг дур мэдэн үрэн таран хийсэн бол тухайн байгууллагын дотоод асуудал. А ХХК нь ажилтан Хаас 29 сая төгрөгийг тусдаа шаардах эрхтэй. Мөн эд хөрөнгийн бүрэн буюу хязгаарлагдмал хариуцлага хүлээсэн бол тусдаа нэхэмжилж болно. Мөн Хын хувьд тухайн байгууллагад үйлдвэрийн даргаар ажилладаг болох нь түүний өгсөн мэдүүлэг, тушаал, тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар жагсаалт зэргээр нотлогдож байна. Хын эхнэр нь БНХАУ-ын иргэнтэй танилцаж байгаагүй ба наймаа хийж байгаагүй гэж мэдүүлсэн байна. Мөн Салтанат, Маулет нарыг мэдүүлэг авагдсан. Дээрх үйл баримт, нотлох баримтаас үзэхэд Х болон нэхэмжлэгч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж байгаагүй, нэхэмжлэгч А ХХК-ны хооронд байгуулагдсан гэж үзэж байгаа ба нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч А ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2018 онд мах худалдан авсан. Нэхэмжлэгч тал эхний 2 удаагийн мах нийлүүлэхэд А ХХК-ний захирал Х.Б байсан гэж хэлсэн. Х.Б өөрөө биечлэн байсан 2 рейс махны үнийг төлж өгсөн. 3 дахь удаа буюу Х.Быг эзгүй үед Е.Хын хүлээж авсан махны асуудлыг мэдээгүй. Уг асуудлыг Е.Х нь дур мэдэн махыг хүлээн авч ашиг олохын тулд Улаанбаатар руу ачуулсан байна. Е.Х нь Хишгээ гэх хүнтэй худалдаа наймаа хийсэн. Иймд уг асуудал Х.Б болон А ХХК-тай холбоогүй гэж үзэж байна. Е.Х махыг хүлээн авахдаа өөрийн гараар баримт бичиж өгсөн ба энэ нь А ХХК-ийг төлөөлсөн албан ёсны бичиг биш юм. Нэгэнт зохигчид тохиролцож гэрээ байгуулж байгаа учир А ХХК-ний албан ёсны бичгийн дагуу мах хүлээн авсан баримт бичигдэх ёстой. Мах хүлээн авсан талаар Зурвас бичүүлж авсан нь учир дутагдалтай болсон. Е.Хын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг тухайн компани төлөх учиргүй. Учир нь, А ХХК нь олон хүний хамтын хөрөнгөөр байгуулагдсан олон хүний амьдралын залгуулж байгаа хуулийн этгээд юм. Е.Х би уг мөнгийг төлнө гэх тайлбар өгсөн тул А ХХК-тай ямар ч хамааралгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х-гийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болох 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хын бичсэн гарын баримтад: Хонины мах нийт 10860 кг мах хүлээн авсан. Үнэ 4600 төгрөг гэсэн байна.

Энэхүү гарын баримт өгсөн Е.Х хариуцагч А ХХК-ний махны үйлдвэрийн даргаар ажилладаг болох нь шүүх хуралдаанд гэрч Е.Хын өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа ба хариуцагч тал үүнийг үгүйсгээгүй болно.

Мөн А ХХК-ний махны үйлдвэрийн дарга Е.Хын бичсэн баримтаар 10860 кг мах авсан, нэг кг 4600 төгрөгөөр тооцвол нийтдээ 49956000 төгрөгний махыг А ХХК-нд хүлээлгэж өгсөн болох нь гэрч Е.Х, Т.М, Б.Салтанат, Ж.Маулет нарын нотариатаар гэрчлүүлсэн гарын баримт, тус Шүүхэд болон Б аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт удаа дараа өгсөн гэрчийн мэдүүлгээр, хариуцагч А ХХК-иас нэхэмжлэгч Х-д махны үнэ гэж нийт 20500000 төгрөгийг шилжүүлсэн тухай Хаан банкны Б салбарын 2018 оны 05 дугаар сарын 20-ноос 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар тус тус нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтаар 10860 кг махны үнэ нийт 49956000 төгрөгнөөс А ХХК-наас төлсөн 20500000 төгрөгийг хасаж тооцвол үлдэгдэл 29456000 төгрөг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай тохирч байна.

Мөн нэхэмжлэгч Х-гийн нэхэмжилж буй махны үнээс үлдсэн 29456000 төгрөгний махыг А ХХК-ний махны үйлдвэрийн дарга Е.Х тус компаний захирлын зөвшөөрөлгүй Улаанбаатар хот руу ачуулсан, мөнгө нь орж ирээгүй гэж мэдүүлсэн ба Е.Хын энэхүү үйлдэлд нэхэмжлэгч Хгийн хамаарал байхгүй болно.

Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч А ХХК-наас махны үнэ Махны үнэ болох үлдэгдэл мөнгө 29456000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305230 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А ХХК-наас 305230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Б аймгийн А ХХК-иас махны үнэ болох үлдэгдэл мөнгө 29456000 (хорин есөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305230 (гурван зуун таван мянга хоёр зуун гучин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн А ХХК-иас 305230 (гурван зуун таван мянга хоёр зуун гучин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК