Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2019/00456

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын  дугаар багт үйл ажиллагаа явуулах, К ХХК /захирал Е.Е/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК /захирал Ж.А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К ХХК-ийн өмгөөлөгч А.С, хариуцагч С ХХК-ийн өмгөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хамгаалалтын үйлчилгээний хөлс 4800000 төгрөг, алданги 220800 төгрөг, нийт 5020800 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч К ХХК-ийн захирал Е.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч "С" ХХК-тай 2015 оноос эхэлж "хамгаалалт үйлчилгээний гэрээ" /цаашид "гэрээ" гэх/ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч байгууллагын барилга байгууламжийг чанарын өндөр түвшинд найдвартай хамгаалж ирсэн. Гэвч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ маш хангалтгүй биелүүлсэн. Ингэснээр манай компанийн зүгээс 2015 оноос 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх авах ёстой төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээс бидний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн юм. Асуудал ингэж дуусаагүй. Тодруулбал, 2018 он гарснаас хойш хариуцагч тал мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй. Тийм учраас манай компанийн зүгээс "хамгаалалт үйлчилгээний гэрээ"-г нэг талын санаачилгаар 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр цуцалж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 3 сарын төлбөр болох нийт 4800000 төгрөгийг манай компанийн санхүүд шилжүүлэх тухай хугацаатай нэхэмжлэхийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн. Гэвч хариуцагч байгууллага одоо болтол уг 4800000 төгрөгийг төлөхгүй байна. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч хором зөрчилгүй шударгаар биелүүлж байхад хариуцагч тал ийнхүү шударга бус хандаж байгаа явдалд гомдолтой байна. Тийм учраас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ийнхүү 2 дахь удаа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа болно. Гэрээнд заасны дагуу үйлчлүүлэгч тал төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр үүрэг хүлээсэн. Нэгэнт хариуцагч "С" ХХК нь манай байгууллагад гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө хугацаандаа бүрэн гүйцэд төлөөгүй учраас гэрээгээр тохиролцсон алдангыг хамтад нь нэхэмжилнэ. 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2018 оны 04-р сарын 16-ны өдөр хүртэлх алдангыг тооцоход 220800 төгрөг болж байна. Иймд хариуцагч "С" ХХК-аас хамгаалалтын үйлчилгээний үлдэгдэл хөлс 4800000 төгрөг, алданги 220800 төгрөг нийт 5020800 /таван сая хорин мянга найман зуу/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ийн захирал Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймагт үйл ажиллагаа явуулдаг "К" ХХК-иас тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний "С" ХХК-д холбогдуулан гаргасан "5020800 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "...Улсын онц чухал объектод хамаарах ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг дотоодын цэрэг гүйцэтгэж, бусад ус хангамжийн эх үүсвэр нь энгийн харуул хамгаалалттай байна..." гэж заасны дагуу "С" ХХК нь "К" ХХК-тай гэрээгээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлж ирсэн байх ба хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр "Хамгаалалт үйлчилгээний 02 дугаартай гэрээ"-г 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулсан. Тэрээр, 2017 оны жилийн эцэст компанийн хөрөнгө санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан дээрх "С" ХХК болон "К" ХХК хоорондын 02 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг "С" ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай албан бичгээр хүргүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагааг одооноос эхлэн зохицуулахыг мэдэгдсэн. Үүнээс хойш манай компанийн харьяа цэвэр усны насосын станц бүхий объектын нутаг дэвсгэрт "К" ХХК үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл нэгэнт гэрээг цуцлах тухай мэдэгдлийг албан ёсоор хүргүүлсэн байх тул харуул хамгаалалтын хамгаалагчид ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагагүй болсон. Энэ тохиолдолд "К" ХХК нь тухайн объектыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сар хүртэл гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хамгаалж ирсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд "С" ХХК-иас гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлснээр ажил үүрэг гүйцэтгүүлэх шаардлага байхгүй, нөгөө талаас нэхэмжлэгч буюу "К" ХХК нь тухайн мэдэгдэлтэй танилцсанаар 2018 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх хугацаанд тухайн объектын хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байгаагүйн хувьд 3 сарын төлбөрийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иймд нэхэмжлэгч байгууллагын "5020800 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-иас харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс, алдангийн хамт 5020800 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Б аймаг Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК нь ... 2017 оны жилийн эцэст компанийн хөрөнгө санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан дээрх С ХХК болон К ХХК хоорондын 02 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг С ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай албан бичгээр хүргүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагааг одооноос эхлэн зохицуулахыг мэдэгдсэн. Үүнээс хойш манай компанийн харьяа цэвэр усны насосын станц бүхий объектын нутаг дэвсгэрт К ХХК үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл нэгэнт гэрээг цуцлах тухай мэдэгдлийг албан ёсоор хүргүүлсэн тул хамгаалалтын хамгаалагчид ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагагүй болсон. К ХХК нь тухайн объектыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 04 сар хүртэл гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хамгаалж ирсэн гэдэг нь үндэслэлгүй, иймд нэхэмжлэгч байгууллагын 5020800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.

Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017 оны 04 сарын 07-ний өдрийн 02 дугаартай Хамгаалалт үйлчилгээний гэрээ-гээр талууд тохиролцон хамтран ажиллахаар болж, уг гэрээний 2.1-д 2017 оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 04-р сарын 01-ний өдрийг дуустал 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулав гэсэн байх ба энэхүү гэрээний талаар зохигчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч К ХХК нь ... 2018 он гарснаас хойш хариуцагч тал мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, тийм учраас манай компанийн зүгээс хамгаалалт үйлчилгээний гэрээг нэг талын санаачилгаар 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцалж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 3 сарын төлбөр болох нийт 4800000 төгрөг гаргуулахыг хүсэж байна гэх боловч нэхэмжлэгч К ХХК нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай .... К ХХК-ийн захирал Е.Е танаа. Гэрээг цуцлах тухай гэх гарчигтай ... Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т улсын онц чухал объектод ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг Дотоодын цэргийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д дотоодын цэрэг гүйцэтгэж бусад ус хангамжийн эх үүсвэрийг энгийн харуул хамгаалалтаар гүйцэтгүүлнэ гэж тус тус заасан байгаа. Тус компанийн мэдлийн Ө сумын цэвэр усны эх үүсвэрийг танай компанитай Харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ-г 2017 оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай байгуулан ажиллаж байгаа билээ. Манай компанийн мөнгө, санхүүгийн байдал, маш хүнд байгаа тул танай компанитай байгуулсан Харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ-г 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн цуцлах болсныг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд танай компанийн харуул хамгаалалтын ажилтан нарын ажлыг нь одооноос эхлэн зохицуулахыг мэдэгдье гэсэн албан бичгийг нэхэмжлэгч К ХХК-ийн захирал Е.Е болон түүний өмгөөлөгч нар нь ... уг гэрээг цуцлах тухай албан бичгийг манай компанид хүргүүлж байгаагүй, хавтаст хэргээс харлаа, энэхүү албан бичгийг дараа нөхөж бүрдүүлсэн байж болзошгүй, эргэлзэж байна гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

Гэрчээр асуугдсан гэрч С.Астана нь ... С ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай Гэрээг цуцлах тухай албан бичгийг К ХХК-нийн захирал Е.Ет тухайн өдөр уг бичгийг албан өрөөнд сууж байхад хүргэж өгсөн, гарын үсэг зурахаас татгалзсан гэж мэдүүлсэн бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай байгуулсан Харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цуцлах болсныг К ХХК-нд албан ёсны мэдэгдэж, энэхүү албан бичгийг хүргүүлж байсан байна гэж үзлээ.

С ХХК-ийн цэвэр усны станц буюу объектын харуул хамгаалалтын ажил үүргийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн компанийн машинист Х.Б, Х.Ө нар нь давхар хариуцан, харуул хамгаалалтын ажлыг хийж, ээлжээр ажиллаж байгаа болох нь шүүхэд гэрчээр асуугдсан Х.Б, Х.Ө нарын мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч К ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 сар харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Объектыг хүлээлгэн өгөх акт гэх бичмэл нотлох баримтад гарын үсэг зурсан Х.Б, Ерөнхий ня-бо А.Н нарыг гэрчээр асуухад гэрч Х.Б нь ... зөвхөн лац ломбыг бүрэн бүтэн хүлээж авлаа гэж миний бие гарын үсэг зурсан болохоос биш ажил хүлээж авлаа гэж зураагүй гэж, гэрч А.Н нь ... энэхүү актад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр С ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхад компанийн холбогдох баримтад гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан байсан. ... Гэрээний хугацаа дуусахад энэ актыг үйлдсэн ба объект дотор байгаа С ХХК-ийн бүх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөд энэхүү актыг үйлдсэн гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрч нарын мэдүүлгээс үзэхэд харуул хамгаалалтын үйл ажиллагаа хийж байсан объектыг хүлээлгэж өгсөн болохоос биш тухайн үед гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан буюу харуул хамгаалалтын ажил үйлчилгээ дуусгавар болсон байна гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч талын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 3 ширхэг дэвтэрт хөтлөгдөж байсан рапорт буюу гар бичмэл нь зөвхөн нэхэмжлэгч талын хөтөлж, бичиж байсан рапорт байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлэх боломжгүй байна.

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00130 дугаартай шийдвэр нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.

Нэхэмжлэгч К ХХК-ийн захирал Е.Е, хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ийн захирал Ж.А нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр /баримт №9/ мэдэгдэхэд нэхэмжлэгч К ХХК-ийн захирал Е.Е нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн ба хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ийн захирал Ж.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн захирал Е.Е, хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ийн захирал Ж.А нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийн хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-иас харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс 4800000 төгрөг, алданги 220800 төгрөг, нийт 5020800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН