Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2019/00052

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2019/00456 дугаар шийдвэртэй, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамгаалалтын үйлчилгээний хөлс 4.800.000.00 төгрөг, алданги 220.800.00 төгрөг, нийт 5.020.800.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Манай компани харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч "С" ХХК-тай 2015 оноос эхэлж "хамгаалалт үйлчилгээний гэрээ" /цаашид "гэрээ" гэх/ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч байгууллагын барилга байгууламжийг чанарын өндөр түвшинд найдвартай хамгаалж ирсэн. Гэвч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ маш хангалтгүй биелүүлсэн. Ингэснээр манай компанийн зүгээс 2015 оноос 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх авах ёстой төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс бидний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. 2018 он гарснаас хойш мөн хариуцагч тал мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй. Тийм учраас манай компанийн зүгээс "хамгаалалт үйлчилгээний гэрээ"-г нэг талын санаачилгаар 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр цуцалж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 3 сарын төлбөр болох нийт 4.800.000.00 төгрөгийг манай компанийн санхүүд шилжүүлэх тухай хугацаатай нэхэмжлэхийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн. Гэвч хариуцагч байгууллага одоо болтол уг 4.800.000.00 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд заасны дагуу үйлчлүүлэгч тал төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр үүрэг хүлээсэн тул 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх алдангийг тооцоход 220.800.00 төгрөг болж байна.

Иймд хариуцагч "С" ХХК-аас хамгаалалтын үйлчилгээний үлдэгдэл хөлс 4.800.000.00 төгрөг, алданги 220.800.00 төгрөг нийт 5.020.800.00 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "...Улсын онц чухал объектод хамаарах ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг дотоодын цэрэг гүйцэтгэж, бусад ус хангамжийн эх үүсвэр нь энгийн харуул хамгаалалттай байна..." гэж заасны дагуу "С" ХХК нь "К" ХХК-тай гэрээгээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлж ирсэн байх ба хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр "Хамгаалалт үйлчилгээний 02 дугаартай гэрээ"-г 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулсан. Тэрээр 2017 оны жилийн эцэст компанийн хөрөнгө санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан дээрх "С" ХХК болон "К" ХХК хоорондын 02 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг "С" ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай албан бичгээр хүргүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагааг одоогоос эхлэн зохицуулахыг мэдэгдсэн. Үүнээс хойш манай компанийн харьяа цэвэр усны насосын станц бүхий объектын нутаг дэвсгэрт "К" ХХК үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл нэгэнт гэрээг цуцлах тухай мэдэгдлийг албан ёсоор хүргүүлсэн байх тул харуул хамгаалалтын хамгаалагчид ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагагүй болсон. Энэ тохиолдолд "К" ХХК нь тухайн объектыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сар хүртэл гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хамгаалж ирсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд "С" ХХК-аас гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлснээр ажил үүрэг гүйцэтгүүлэх шаардлага байхгүй, нөгөө талаас нэхэмжлэгч буюу "К" ХХК нь тухайн мэдэгдэлтэй танилцсанаар 2018 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх хугацаанд тухайн объектын хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байгаагүйн хувьд 3 сарын төлбөрийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэгч байгууллагын "5.020.800.00 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2019/00456 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-аас харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс 4.800.000.00 төгрөг, алданги 220.800.00 төгрөг, нийт 5.020.800.00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:  “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “К” ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “С” ХХК-нд холбогдуулан 5.020.800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч “С” ХХК нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ “...хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан нь үнэн, гэхдээ уг гэрээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэг талын санаачилгаар цуцлагдсан” гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан “С” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаар бичгийн агуулгаас үзэхэд хариуцагч “С” ХХК нь мөнгө, санхүүгийн байдал хүнд байдалд орсны улмаас гэрээг цуцалж байна гэжээ. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сард 07-ны өдөр байгуулагдсан №02 дугаар “Хамгаалалт үйлчилгээний гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцлагдсан эсэх нь маргааны зүйл болсон. Нэхэмжлэгч “К” ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд хандаж “С” ХХК-нд холбогдуулан 29.078.400.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00130 дугаар шийдвэрээр 29,046,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. “К” ХХК шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой мөнгийг бүрэн бүтэн авсан болно. Хэрэв хариуцагч тал мөнгө, санхүүгийн байдал хүнд байдалд орсон бол уг мөнгө яаж төлөгдөх вэ? Тийм учраас хариуцагчийн тайлбар болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хэрэв хариуцагч “С” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаар албан бичгээр нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан эсхүл цуцлах гэж байсан бол уг баримтыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00130 дугаар шийдвэртэй хэрэгт яагаад гаргаж өгсөнгүй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч “С” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаар бичиг нь тухайн үед үйлдэгдсэн гэдэг нь эргэлзээтэй, дараа нь үйлдэгдсэн байж болзошгүй юм. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй. Шүүх тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн 52 хуудаст авагдсан “Объектыг хүлээлгэн өгөх тухай акт” гэсэн нотлох баримт болон гэрч А.Н-ны мэдүүлгийг буруу ойлгож “...харуул хамгаалалтын үйл ажиллагаа хийж байсан объектыг хүлээлгэж өгсөн болохоос биш тухайн үед гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан буюу харуул хамгаалалтын ажил үйлчилгээ дуусгавар болсон байна” гэж үндэслэл муутай дүгнэлт өгсөн байна. Учир нь, “К” ХХК нь “С” ХХК-ийн цэвэр усны станц буюу объектын харуул хамгаалалтын ажил үүргийг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гүйцэтгэж байсан нь гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн зүгээс “С” ХХК-ийн цэвэр усны станц буюу объектын харуул хамгаалалтын ажил үүргийг гүйцэтгэж байх үед хөтлөгдөж байсан рапорт дэвтрийн эх хувийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч “С” ХХК-ийн зүгээс уг нотлох баримтуудыг үгүйсгээгүй атал шүүх уг нотлох баримтуудыг үндэслэлгүйгээр үнэлээгүй явдалд гомдолтой байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00130 дугаар шийдвэрээр зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сард 07-ны өдөр байгуулагдсан 02 дугаар “Хамгаалалт үйлчилгээний гэрээ”-ний талаар дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх шүүхийн шийдвэр тус хэрэгт хамааралгүй мэтээр үзсэн нь ойлгомжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2019/00456 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй алдаа гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гүйцэтгэсэн гэрээт харуул хамгаалалтын ажлын хөлс 4.800.000.00 төгрөг, алданги 220.800.00 төгрөг, нийт 5.020.800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хамгаалалт үйлчилгээний гэрээ, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00130 дугаар шийдвэр, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Объектыг хүлээлгэн өгөх акт, тус компанийн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 3 ширхэг “Рапортын дэвтэр” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хамгаалалт үйлчилгээний гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цуцалсан бөгөөд мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байгаагүй” гэж тайлбарлаж, “С” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаар албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн байна. Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр “С” ХХК-ийн ажилтан Н.А, Х.Ө нараас, хариуцагч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр Х.Б, А.Н нараас тус тус гэрчийн мэдүүлэг авч, хэрэгт хавсаргажээ. 

 

            Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс дүгнэвэл, талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т зааснаар харуул хамгаалалтын талаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд ажиллагч буюу нэхэмжлэгч “К” ХХК нь ажиллуулагчийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байрлах Цэвэр усны станцын харуул хамгаалалтын ажлыг /гэмт халдлага болон хулгайгаас хамгаалах/ гүйцэтгэх, ажиллуулагч буюу хариуцагч “С” ХХК нь ажлын хөлс сарын 1.600.000.00 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр /бэлэн бус шилжүүлгээр/ төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн байна.

 

            Гэрээ дуусгавар болсон 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ажиллуулагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, сүүлийн гурван сарын ажлын хөлсийг ажиллагч талд төлөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сүүлийн гурван сарын байдлаар гэрээгээр харилцан тохиролцсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй шалтгаанаа “Хамгаалалт үйлчилгээний гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цуцалсан бөгөөд мөн өдрөөс эхлэн ажиллагч нь харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байгаагүй” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн Хөлсөөр ажиллах гэрээний талаар зохицуулсан Гучин хоёрдугаар бүлэгт хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахтай холбоотой “Гэрээг цуцлах хугацаа” /365 дугаар зүйл/, “Гэрээ цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл” /367 дугаар зүйл/ зэрэг тусгайлсан зохицуулалтуудыг хуульчилсан боловч эдгээр нь тухайн маргааны агуулгад хамааралгүй тул хариуцагчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэх тайлбар, үндэслэл нь Иргэний хуулийн үүргийн нийтлэг үндэслэл болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтад нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хамгаалалт үйлчилгээний гэрээний 5.2, 5.2.1-5.2.3.-т нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах журмыг тогтоосон ба үүнд “гэрээг ноцтой зөрчсөн, аль нэг тал нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналыг гэрээг цуцлахаас өмнө нэг сарын өмнө мэдэгдсэн, аль нэг тал дангаараа гэрээг цуцлахыг хориглоно” гэж заажээ. Гэрээний дээрх зохицуулалтууд нь Иргэний хуулийн Ерөнхий ангийн гэрээг цуцлах журамтай агуулгын хувьд харшлаагүй бөгөөд хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-т “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ.”, 204.2.-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана.” гэж хуульчилжээ. Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзах журмыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4, 204.5 дахь хэсгээс гадна 221, 225, 227 дугаар зүйлүүдэд зохицуулсан ба үүнээс бусад тохиолдолд талууд гэрээгээр харилцан тохиролцсон үүргийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.-т зааснаар хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.

 

Хариуцагчаас талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хамгаалалт үйлчилгээний гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цуцалсан гэх тайлбар Иргэний хуулийн гэрээг цуцлахтай холбоотой харилцааг зохицуулсан дээрх журам хийгээд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нийцсэн нь тогтоогдоогүй. Хариуцагчийн гэрээг цуцлах тухай санал гэх “С” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаар албан бичгийг ажиллагч талд хүргүүлсэн, энэ нь гэрч С.А-гийн “2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төвд Уужим гэх барилгын 2 давхарт “К” ХХК-ийн оффист очиж мэдэгдлийг захирал Е.Е-т аваачиж өгч танилцуулахад хүлээж авахаас татгалзсан. Тухайн үед “К” ХХК-ийн захирал хүлээн авахаас татгалзсан талаар тэмдэглэл үйлдсэн бөгөөд “К” ХХК-ийн захирал Е.Е ямар нэгэн гарын үсэг зураагүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон гэх боловч эдгээр үйл баримтыг үндэслэн ажиллуулагчийн гэрээг цуцалсан гэх тайлбар, үндэслэл нь гэрээний 5.2.2, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 204.4, 225, 227 дугаар зүйлд заасан гэрээг цуцлахтай холбоотой хуульчилсан журамд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Нөгөөтээгүүр ажиллуулагч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэх үндэслэлээ “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллагч тал гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэж байгаагүй” гэж гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой тайлбарлах боловч энэ нь хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Объектыг хүлээлгэн өгөх акт, тус компанийн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 3 ширхэг “Рапортын дэвтэр” зэрэг бичмэл нотлох баримтууд, гэрч Х.Ө, Х.Б болон гэрч А.Н-ны “Би 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл “С” ХХК-ний ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. “С” ХХК нь 2015 оны 3 дугаар сараас эхлэн онцгой объектыг хамгаалалтын байгууллагаар хамгаалуулахаар болж, үүний дагуу “К” ХХК нь 2015 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл гэрээний дагуу “С” ХХК-ийн цэвэр усны насосыг хамгаалан ажиллаж байсан. Хавтаст хэргийн 52 дугаар хуудаст авагдсан объект хүлээлгэн өгөх актад байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна.  Би 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “С” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхад компанийн холбогдох баримтад гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан байсан. Тухайн үед “К” ХХК нь “С” ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад энэ актыг үйлдсэн ба объект дотор байгаа “С” ХХК-ийн бүх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөд энэхүү актыг үйлдсэн. Тэгэхэд энэ компанитай цаашид гэрээ байгуулахгүй гэрээг цуцалж байна гэж хэлсэн. Тус компани нь олон жил дараалан “К” ХХК-д өгөх авлага байсан бөгөөд хэсэгчлэн барагдуулж байсан. Хамгийн сүүлд шүүхийн шийдвэрээр төлөх ёстой төлбөрийг хэсэгчлэн барагдуулж байсан. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх төлбөрийг шүүхийн шийдвэрээр авч байсан” гэх мэдүүлэг зэргээр тус тус үгүйсгэгдсэн байна.  

 

Иймээс Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т зааснаар хариуцагч “С” ХХК буюу ажиллуулагч нь ажиллагчтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэлийн шаардлагад заасан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болохоос өмнөх 3 сарын буюу 2018 оны 1, 2, 3 дугаар сарын ажлын хөлс 4.800.000.00 төгрөгийг ажиллагчид  төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож, гэрээнд заасан хэмжээгээр алданги нэхэмжилсэн шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад нийцсэн, гэрээний 2.7 дахь заалтад үндэслэгдсэн байна. Ажиллуулагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг гэрээ дуусгавар болсон 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тооцвол /4.800.000.00 х 0,1 хувь х 365 хоног/, нийт алдангийн хэмжээ 1.752.000.00 төгрөг байна. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, 3 сарын ажлын хөлс 4.800.000.00 төгрөг, алдангид 220.800.00 төгрөг нэхэмжилж, уг үнийн дүнд тохируулж улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 115 дугаар зүйлийн 115.2.-т зааснаар алдангийн хэмжээг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2019/00456 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “С” ХХК-аас 5.020.800.00 /таван сая хорин мянга найман зуу/ төгрөг гаргуулан  нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.” гэж,

2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 95283.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 95285.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                  

С.ӨМИРБЕК