Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00276

 

Кыран-Ахиых ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2019/00456 дугаар шийдвэр,

 Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 212/МА2019/00052 дугаар магадлалтай,

 Кыран-Ахиых ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний СУАТ ХХК-д холбогдох,

5 020 8000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч С.Шаривын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч "СУАТ" ХХК-тай 2015 оноос эхэлж хамгаалалт үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч байгууллагын барилга байгууламжийг чанарын өндөр түвшинд найдвартай хамгаалж ирсэн. Гэвч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ маш хангалтгүй биелүүлсэн. Ингэснээр манай компанийн зүгээс 2015 оноос 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх авах ёстой төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс бидний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. 2018 он гарснаас хойш мөн хариуцагч тал мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй. Тийм учраас манай компанийн зүгээс хамгаалалт үйлчилгээний гэрээг нэг талын санаачилгаар 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр цуцалж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 3 сарын төлбөр болох нийт 4.800.000.00 төгрөгийг манай компанийн санхүүд шилжүүлэх тухай хугацаатай нэхэмжлэхийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн. Гэвч хариуцагч байгууллага одоо болтол уг 4.800.000.00 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд заасны дагуу үйлчлүүлэгч тал төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр үүрэг хүлээсэн тул 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх алдангийг тооцоход 220.800.00 төгрөг болж байна.

Иймд хариуцагч "СУАТ" ХХК-аас хамгаалалтын үйлчилгээний үлдэгдэл хөлс 4.800.000.00 төгрөг, алданги 220.800.00 төгрөг нийт 5.020.800.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "...Улсын онц чухал объектод хамаарах ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг дотоодын цэрэг гүйцэтгэж, бусад ус хангамжийн эх үүсвэр нь энгийн харуул хамгаалалттай байна..." гэж заасны дагуу "СУАТ" ХХК нь "Кыран-Ахиых" ХХК-тай гэрээгээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлж ирсэн байх ба хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хамгаалалт үйлчилгээний 02 дугаартай гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулсан. Тэрээр 2017 оны жилийн эцэст компанийн хөрөнгө санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан дээрх "СУАТ" ХХК болон "Кыран-Ахиых" ХХК хоорондын 02 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг "СУАТ" ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай албан бичгээр хүргүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагааг одоогоос эхлэн зохицуулахыг мэдэгдсэн. Үүнээс хойш манай компанийн харьяа цэвэр усны насосын станц бүхий объектын нутаг дэвсгэрт "Кыран-Ахиых" ХХК үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл нэгэнт гэрээг цуцлах тухай мэдэгдлийг албан ёсоор хүргүүлсэн байх тул харуул хамгаалалтын хамгаалагчид ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагагүй болсон. Энэ тохиолдолд "Кыран-Ахиых" ХХК нь тухайн объектыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сар хүртэл гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хамгаалж ирсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд "СУАТ" ХХК-аас гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлснээр ажил үүрэг гүйцэтгүүлэх шаардлага байхгүй, нөгөө талаас нэхэмжлэгч буюу "Кыран-Ахиых" ХХК нь тухайн мэдэгдэлтэй танилцсанаар 2018 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх хугацаанд тухайн объектын хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байгаагүйн хувьд 3 сарын төлбөрийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэгч байгууллагын 5.020.800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2019/00456 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Кыран-Ахиых ХХК-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-аас харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс 4.800.000.00 төгрөг, алданги 220.800.00 төгрөг, нийт 5.020.800.00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 212/МА2019/00052 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2019/00456 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч СУАТ ХХК-аас 5.020.800.00 /таван сая хорин мянга найман зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Кыран-Ахиых ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч СУАТ ХХК-аас 95283.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Кыран-Ахиых ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.285.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олго"шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч С.Ширав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Кыран-Ахиых ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 212/МА2019/00052 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна

Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Баян- Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг Кыран-Ахиых ХХК-иас тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний СУАТ ХХК-д холбогдуулан гаргасан 5,020,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хууль бус болсон. Үүнд:

1. Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг Хот, суурины ус хангамж. ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ...Улсын онц чухал объектод хамаарах ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг дотоодын цэрэг гүйцэтгэж, бусад ус хангамжийн эх үүсвэр нь энгийн харуул хамгаалалттай байна... гэж заасны дагуу СУАТ ХХК нь Кыран-Ахиых ХХК-тай гэрээгээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлж ирсэн байх ба хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хамгаалалт үйлчилгээний 02 дугаартай гэрээ-г 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулсан.

Тэрээр, 2017 оны жилийн эцэст компанийн хөрөнгө санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан дээрх СУАТ ХХК болон Кыран-Ахиых ХХК хоорондын 02 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг "СУАТ ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай албан бичгээр хүргүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагааг одооноос эхлэн зохицуулахыг мэдэгдсэн.

Үүнээс хойш манай компанийн харъяа цэвэр усны насосны станц бүхий объектын нутаг дэвсгэрт Кыран-Ахиых ХХК үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл нэгэнт гэрээг цуцлах тухай мэдэгдлийг албан ёсоор хүргүүлсэн байх тул харуул хамгаалалтын хамгаалагчид ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагагүй болсон.

Энэ тохиолдолд Кыран-Ахиых ХХК нь тухайн объектыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сар хүртэл гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хамгаалж ирсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд СУАТ" ХХК-иас гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлснээр ажил үүрэг гүйцэтгүүлэх шаардлага байхгүй, нөгөө талаас нэхэмжлэгч буюу Кыран-Ахиых ХХК нь тухайн мэдэгдэлтэй танилцсанаар 2018 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх хугацаанд тухайн объектын хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байгаагүй нь хувьд 3 сарын төлбөрийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

2. Нэхэмжлэгч Кыран-Ахиых ХХК нь 2018 он гарснаас хойш 4 сарын хугацаанд гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн эсэх нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй юм.

Нөгөө талаар, нэхэмжлэгч Кыран-Ахиых ХХК-ийн захирал Е.Есилжайых болон түүний өмгөөлөгч нар нь ...уг гэрээг цуцлах тухай албан бичгийг манай компанид хүргүүлж байгаагүй, хавтаст хэргээс харлаа, энэхүү албан бичгийг дараа нөхөж бүрдүүлсэн байж болзошгүй, эргэлзэж байна... гэж тайлбарладаг боловч энэ талаарх үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй.

Мөн гэрчээр асуугдсан Х.Баби, Х.Өмирбек нарын мэдүүлгээр Кыран-Ачиыч ХХК нь 3 сарын хугацаанд харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байгаагүй нотлогдож байхад давж заалдах шатны шүүхээс зөвхөн нэг талыг баримталж гэрч Х.Баби, Х.Өмирбек нарын мэдүүлсэн зарим хэсгийг магадлалдаа дурдсан нь хэт нэг талын ашиг сонирхолд автагдсан гэж ойлгохоор ба манай байгууллага шүүхийн ийм бусармаг явдалд гүнээ харамсаж байгаа болохыг ийнхүү илэрхийлж байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч талын хэрэгт нотлох баримтаар өгсөн 3 ширхэг дэвтэрт хөтлөгдөж байсан рапорт буюу гар бичмэл нь зөвхөн нэхэмжлэгч талын хөтөлж, бичиж байсан рапорт байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлэх боломжгүй байна.

Харин мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00130 дугаартай шийдвэр нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг, маргаанд огт хамааралгүй болохыг дурдаж байна.

Эцэст нь дүгнэхэд, талууд гэрээг цуцлах бүрэн эрхтэй болох нь холбогдох хуульд байгаагаас гадна тухайн ажил гүйцэтгэх гэрээнд мөн нэг талын санаачилгаар гэрээ цуцлахыг тусгасан байх ба гэрээ цуцалсны дараа нэхэмжлэгч байгууллага ямар нэгэн үйл ажиллагаа буюу харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байгаагүй нь дээрх байдлаар тогтоогддог. Нэгэнт ажил үйлчилгээ үзүүлээгүй бол ямар нэгэн цалин хөлс олгох боломжгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байх тул Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 212/МА2019/00052 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Кыран-Ахиых ХХК нь СУАТ ХХК-д холбогдуулан 5 020 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр талууд Хамгаалалт үйлчилгээний гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 01-ныг хүртэл 1 жилийн хугацаагаар байгуулж, нэхэмжлэгч Кыран-Ахиых ХХК нь СУАТ ХХК-ийн цэвэр усны станцыг гаднын аливаа халдлагаас хамгаалах, хариуцагч үйлчилгээний сарын төлбөрт 1 600 00 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх 5-6/

Гэрээний 5.2.1-д талуудын аль нэг нь энэхүү гэрээг ноцтой зөрчсөн бол хугацаанаас өмнө цуцлахаар талууд тохиролцсон боловч гэрээний 5.2.2т аль нэг тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах санал гаргавал сарын өмнө мэдэгдэнэ гэж, 5.2.3-т гэрээг дангаар цуцлахыг хориглоно гэжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэдэг нь аливаа гэрээний тохиролцоо нь хуулиар хориглоогүй хэмжээнд байхыг ойлгоно.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, мөн зүйлийн 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талдаа дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заажээ.

Хариуцагч татгалзсан үндэслэлээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183 тоот албан бичгээр харуул хамгаалалтын гэрээг зогсоохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж тайлбарласан байх тул гэрээг цуцлах саналыг хариуцагч тал гаргасан гэж үзнэ.

Хэргийн баримтаас үзэхэд гэрээ цуцлах талаарх хариуцагчийн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан нь гэрч С.Астанагийн мэдүүлгээр тогтоогдсон, тэрээр гэрээ цуцлах хугацаа тогтоож өгөөгүй байна. Хариуцагч гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талдаа дахин мэдэгдээгүй байх тул гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзнэ. Түүнчлэн хариуцагчид гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон талаар болон нэхэмжлэгч гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тухай баримт хэрэгт байхгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч СУАТ ХХК-ийн 183 тоот албан бичиг хүргүүлснээр талуудын байгуулсан Харуул хамгаалалтын гэрээ цуцлагдсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг маргааны харилцаанд зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэсэн хуулийн үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан Харуул хамгаалалтын гэрээний харилцаа 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилсэн энэ хугацаанд нэхэмжлэгч гэрээнд заасан обьектыг харж хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн нь хэргийн 52 дугаар талд авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Обьектыг хүлээлгэн өгөх акт болон энэ хугацаанд хөтөлж байсан харуул хамгаалалтын ажлын Рапортын дэвтэр /хх54-146/, гэрч Х.Өмирбек, Х.Баби, А.Нуртуганы нарын мэдүүлгээр тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэг авагдсан баримтад үндэслэгджээ.

Иймд давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2018 оны 1-3 дугаар сарын харуул хамгаалалтын хөлс 4 800 000 төгрөг, алдангид нэхэмжлэгчийн шаардсан дүнгээр тооцож 220 000 төгрөг хангаж шийдвэрлэхдээ талуудын мэтгэлцээний хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд засан журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж талуудын мэтгэлцэх эрхийг хангасан байна.

Анхан шатны шүүх маргааны харилцаанд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасныг хэрэглэсэн нь зөв боловч ч алданги гаргуулах шаардлагад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1г хэрэглэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан өөрчлөлт оруулахдаа Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1г нэмж заасан нь хууль хэрэглээний хувьд оновчтой болоогүй байх тул хуулийн уг заалтыг хасаж магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 212/МА2019/00052 дугаар магадлалын 1 дэх заалтын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т гэснийг хасаж, өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч СУАТ ХХК-ийн захирал С.Шаривын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 95 285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                         ШҮҮГЧ                                                          Х.СОНИНБАЯР

                                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                              Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                Д.ЦОЛМОН