Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/02756

 

 

 

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/02756

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Бгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүгээр сургуульд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0552/, гэрч Б.О, Ё.Л, Б.Э, С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус сургуульд орос хэлний багшаар ажилд орсон. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр надтай туршилтын хугацаагаар ажиллуулах ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэрээг урьдчилж өгсөн ба туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллах гэрээ мөртлөө туршилтын хугацааны талаар тус гэрээний үндсэн болон нэмэгдэл нөхцөлд ямар ч заалт байхгүй байсан учир би Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацааг юу гэж заасныг үзэж судалсан. Тэгээд хуульд зааснаар туршилтын хугацаа нь байх юм байна гэсэн ойлголттой гэрээгээ байгуулахаар захирал дээр ороход туршилтын хугацаа 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар байна гэж захирал хэлээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, гэрээг сунгасан тэмдэглэлд уг хугацааг бичиж гарын үсэг, тэмдгээ дарсан. Харин би уг хугацаа нь хуульд зааснаас давсан хугацаа байсан учраас би гарын үсгээ зураагүй. Харин гэрээний бусад буюу үндсэн ба нэмэгдэл нөхцөл болон 4-7 дахь зүйл заалтыг тохиролцож гарын үсгээ зурсан. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр туршилтын гэрээгээ дахин шинэчилэн байгуулахаар гэрээний маягтыг өгсөн бөгөөд уг гэрээн дээр мөн л гэрээний үндсэн болон нэмэгдэл нөхцөлд туршилтын хугацааны талаар заалт байхгүй, харин эд хөрөнгийн хариуцлагын талаар нэмж тусгасан бөгөөд гэрээтэйгээ танилцаад гарын үсгээ зураад нарийн бичигт хураалга гэсэн учраас би гэрээ байгуулсан гэсэн хэсгийн миний бөглөж бичих хэсгийг бөглөөд гарын үсгээ зураад, харин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг сунгасан тухай тэмдэглэлд гарын үсгээ зуралгүй хураалгасан. Дараа нь намайг дуудаж хугацааны талаар бид тохиролцсон асуудал гараагүй. Харин би гэрээнийхээ 1 хувийг 5 дугаар сард нарийн бичгээс авахад захирал гэрээ байгуулсан болон, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг сунгасан тэмдэглэлд гарын үсгээ зурж тэмдэгээ дарсан байсан. Нийт багш нар 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэхээр захирлын тушаал гарч, багш нарын нэрс, амралт эдлэх хугацаа, амралтын хоногийг хавсралтаар гаргасан байсан. Тус тушаалын хавсралтад миний нэр байсан. Би 6 дугаар сарын 21-нд тойрох хуудсаа эцсийн байдлаар өгөөд амралтын мөнгөө авч амарсан. Гэтэл намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн Б/38 тоот тушаалыг гаргаад өнөөг хүртэл надад тушаалаа гардуулж өгөөгүй байна. Туршилтын хугацаагаар ажиллах ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт болох туршилтын хугацааг харилцан тохиролцож гарын үсэг зураагүй байхад хүчин төгөлдөр бус гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн үндэслэлгүйгээр ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээний хугацааны хувьд тохироогүй байсан. Ажлаас чөлөөлөгдсөн болохоо 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүсэлтийн хариуг авахдаа мэдсэн, тушаалаа бол гардаж аваагүй, сүүлд нь санхүүгээс хуулбарлаж авсан.

Иймд намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ерөнхий боловсролын 0 дүгээр сургууль, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Бг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/79 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар, хөдөлмөрийн дотоод журмын 1.14-т Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн хугацаатай гэрээ байгуулна. Гэрээг сургуулийн болон багш нарын ажил, сургалт, амралтын хугацаа, багшийн хөдөлмөрийн онцлогыг харгалзан 6 сараар бус нэг хичээлийн жилээр буюу хичээлийн жил эхлэхээс дуустал /дараа оны 6 дугаар сарын 15 хүртэл/ байгуулна гэж заасны дагуу Д.Бг орос хэлний багшаар 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар түр авч ажиллуулахаар шийдвэрлэсэн. Сургуулийн дүрмийн 2.7-д зааснаар Захиргааны зөвлөл нь багш, ажилтан, ажилчдыг ажилд авах, халах, чөлөөлөх, шагнах, урамшуулал олгох, арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж, хамтын шийдвэр гаргана гэж заасны дагуу захиргааны зөвлөлөөс Д.Бг орос хэлний багшаар түр хугацаагаар авч ажиллуулах асуудлыг шийдвэрлэхэд захиргааны зөвлөлийн гишүүд багшлах ажлаас хөндийрсөн тул ажилд авахгүй гэсэн нэгдсэн саналтай байсан хэдий ч захирлын саналаар түр ажиллуулж үзэхээр шийдвэрлэж өөрт нь энэ тухай мэдэгдэж 6 дугаар сарын 15-ныг хүртэл ажиллуулахаар тушаал гаргасан болно. Тушаалаа үндэслэн түр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй нөхцөл байдал бий болсон тул ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн гэрээний нөхцөл бүрийг тохироод гарын үсэг зурдаг юм биш, бүх нөхцөлийг тохироод л талууд гарын үсэг зурдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа хэсэг дээр тухайн гэрээг сунгах эсэх тэмдэглэгээг захирал хийдэг. Үүнийг ашиглаад нэхэмжлэгч хугацааг нь зөвшөөрөөгүй учраас гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байна. Тушаал гарсаныг ажилтанаар гарын үсэг зуруулж албажуулах ёстой боловч тухайн үед нарийн бичгийн дарга баримтжуулаагүй өгчихсөн байсан. Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн. Эхний гэрээний 6.6, дараагийн гэрээний 7.6-д Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгоно гэсэн заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хөдөлмөрийн тухайн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар албан ёсоор цуцлах санал тавьсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ерөнхий боловсролын 0 дүгээр сургууль нь хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй нөхцөл байдал бий болж ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/79 тоот тушаалаар Д.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасныг тус тус үндэслэн орос хэлсний багшаар 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15 хүртэл хугацаагаар түр авч ажиллуулж, Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ-г 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан байна.

 

Мөн дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсон үндэслэлээр 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, ажил олгогч, ажилтан хэн алин нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн Орос хэлний багшаар түр ажиллаж байсан Д.Бг Захиргааны зөвлөлийн хурлын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлөх-өөр шийдвэрлэжээ.

 

Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар Д.Бгийн амралтын хоногийг 38 хоногоор тооцсон байна.

 

Энэхүү ээлжийн амралтын хоногийг хэрхэн тооцох, жирэмсэний амралтаа эдэлж буй багшийн оронд ажиллаж байсан тул хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй талаар мэдэгдсэн талаарх хүсэлтийг Д.Б нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн захиргаанд гаргаж, мөн өдөр нь захирал С.Марта хүсэлтэд хариу өгсөн байна.

 

Уг хүсэлтийн хариуд Таны ээлжийн амралт бүтэн 48 хоногоор бус ажилласан хугацааны буюу 38 хоногоор бодогдох ёстойг хууль эрх зүйн актуудыг үндэслэн мэдэгдэж байна Таныг 6 дугаар сарын 16-нд гарсан нэгдсэн тушаалаас өөрийн тушаалаа тусад нь гаргуулах хүсэлтэй байна гэж үзээд захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг мэдэгдсэн 6 дугаар сарын 16-наар өдөрлөн хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлсөн болон ажилласан хугацааны амралтыг тань тооцон олгох тушаалыг тусад нь дахин хэвлэж гаргасан болохыг мэдэгдье гэжээ.

 

Дээрх хүсэлтийн хариуны агуулгаас үзэхэд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Д.Бг ажлаас чөлөөлсөн болохыг мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн захирлын нарийн бичгийн дарга Б.О нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө Д.Б нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн өглөө нь өргөдлөө өгч, тэр өдөртөө хариу гарсан талаар түүнд утсаар мэдэгдэж, тэр өдөртөө Д.Б ирж хариуг авсан Б/38 тоот тушаалыг 6 дугаар сарын 23-нд танилцуулсан гэж мэдүүлсэнээс үзвэл Д.Б нь өөрийн эрх ашиг зөрчигдөж буйг энэхүү цаг хугацаанд мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин Д.Б нь дээрх хүсэлтийн хариуг хөдөө явж байсан учраас 6 дугаар сарын 28-ны өдөр ирж хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү тайлбар, үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн байна.

 

Эдгээрээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл Д.Б нь ажлаас чөлөөлөгдсөнөө 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн байх тул уг хугацаанаас хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргахаар байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж уг хугацааг сэргээн тогтоох үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлагаа гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр А.Нурсаулег оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтээсээ шүүх хуралдааны явцад татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Бгийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ