Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00245

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02756 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2289 дүгээр магадлалтай                                                              Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

            Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд холбогдох

            Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус сургуульд орос хэлний багшаар ажилд орсон. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр надтай туршилтын хугацаагаар ажиллуулах ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэрээг урьдчилж өгсөн ба туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллах гэрээ мөртлөө туршилтын хугацааны талаар тус гэрээний үндсэн болон нэмэгдэл нөхцөлд ямар ч заалт байхгүй байсан учир би Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацааг юу гэж заасныг үзэж судалсан. Тэгээд хуульд зааснаар туршилтын хугацаа нь байх юм байна гэсэн ойлголттой гэрээгээ байгуулахаар захирал дээр ороход туршилтын хугацаа 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар байна гэж хэлээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээг сунгасан тэмдэглэлд уг хугацааг бичиж гарын үсэг, тэмдгээ дарсан. Харин би уг хугацаа нь хуульд зааснаас давсан хугацаа байсан учраас би гарын үсгээ зураагүй. Харин гэрээний бусад үндсэн ба нэмэгдэл нөхцөл болон 4-7 дахь зүйл заалтыг тохиролцож гарын үсгээ зурсан. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр туршилтын гэрээгээ дахин шинэчлэн байгуулахаар гэрээний маягтыг өгсөн бөгөөд уг гэрээн дээр мөн л гэрээний үндсэн болон нэмэгдэл нөхцөлд туршилтын хугацааны талаар заалт байхгүй, харин эд хөрөнгийн хариуцлагын талаар нэмж тусгасан бөгөөд гэрээтэйгээ танилцаад гарын үсгээ зураад нарийн бичигт хураалга гэсэн учраас би гэрээ байгуулсан гэсэн хэсгийн миний бөглөж бичих хэсгийг бөглөөд гарын үсгээ зураад, харин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг сунгасан тухай тэмдэглэлд гарын үсгээ зуралгүй хураалгасан. Дараа нь намайг дуудаж хугацааны талаар бид тохиролцсон асуудал гараагүй. Харин би гэрээнийхээ 1 хувийг 5 дугаар сард нарийн бичгээс авахад захирал гэрээ байгуулсан болон, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг сунгасан тэмдэглэлд гарын үсгээ зурж тэмдэгээ дарсан байсан. Нийт багш нар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэхээр захирлын тушаал гарч, багш нарын нэрс, амралт эдлэх хугацаа, амралтын хоногийг хавсралтаар гаргасан байсан. Тус тушаалын хавсралтад миний нэр байсан. Би 6 дугаар сарын 21-нд тойрох хуудсаа эцсийн байдлаар өгөөд амралтын мөнгөө авч амарсан. Гэтэл намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн Б/38 тоот тушаалыг гаргаад өнөөг хүртэл надад тушаалаа гардуулж өгөөгүй байна. Туршилтын хугацаагаар ажиллах ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт болох туршилтын хугацааг харилцан тохиролцож гарын үсэг зураагүй байхад хүчин төгөлдөр бус гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн үндэслэлгүйгээр ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээний хугацааны хувьд тохироогүй байсан. Ажлаас чөлөөлөгдсөн болохоо 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүсэлтийн хариуг авахдаа мэдсэн, тушаалаа бол гардаж аваагүй, сүүлд нь санхүүгээс хуулбарлаж авсан. Иймд намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, өмгөөлөгч Б.Баттөмөр нарын тайлбарт: Д.Б-г 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/79 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар, хөдөлмөрийн дотоод журмын 1.14-т Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн хугацаатай гэрээ байгуулна. Гэрээг сургуулийн болон багш нарын ажил, сургалт, амралтын хугацаа, багшийн хөдөлмөрийн онцлогыг харгалзан 6 сараар бус нэг хичээлийн жилээр буюу хичээлийн жил эхлэхээс дуустал /дараа оны 6 дугаар сарын 15 хүртэл/ байгуулна гэж заасны дагуу Д.Б-г орос хэлний багшаар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар түр авч ажиллуулахаар шийдвэрлэсэн. Сургуулийн дүрмийн 2.7-д зааснаар Захиргааны зөвлөл нь багш, ажилтан, ажилчдыг ажилд авах, халах, чөлөөлөх, шагнах, урамшуулал олгох, арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж, хамтын шийдвэр гаргана гэж заасны дагуу захиргааны зөвлөлөөс Д.Б-г орос хэлний багшаар түр хугацаагаар авч ажиллуулах асуудлыг шийдвэрлэхэд захиргааны зөвлөлийн гишүүд багшлах ажлаас хөндийрсөн тул ажилд авахгүй гэсэн нэгдсэн саналтай байсан хэдий ч захирлын саналаар түр ажиллуулж үзэхээр шийдвэрлэж өөрт нь энэ тухай мэдэгдэж 6 дугаар сарын 15-ныг хүртэл ажиллуулахаар тушаал гаргасан болно. Тушаалаа үндэслэн түр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй нөхцөл байдал бий болсон тул ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн гэрээний нөхцөл бүрийг тохироод гарын үсэг зурдаг юм биш, бүх нөхцөлийг тохироод л талууд гарын үсэг зурдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа хэсэг дээр тухайн гэрээг сунгах эсэх тэмдэглэгээг захирал хийдэг. Үүнийг ашиглаад нэхэмжлэгч хугацааг нь зөвшөөрөөгүй учраас гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байна. Тушаал гарсаныг ажилтанаар гарын үсэг зуруулж албажуулах ёстой боловч тухайн үед нарийн бичгийн дарга баримтжуулаагүй өгчихсөн байсан. Нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн. Эхний гэрээний 6.6, дараагийн гэрээний 7.6-д Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгоно гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т зааснаар албан ёсоор цуцлах санал тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02756 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Б-гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2289 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02756 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “129 дүгээр зүйлийн 129.2” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2289 магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт “... 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэсэн гэрээний хугацааг буюу гэрээний гол нөхцөлийг зөвшөөрөөгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй байна, ... хэрэгт авагдсан бичгийн баримтууд зохигчдын тайлбар, хэргийн дээрх нөхцөл байдлыг харьцуулан үнэлбэл ... М.Нурсаулегийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ... ажиллуулахаар шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэрийг мэдээгүй байх боломжгүй, ... захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, ажилд томилсон тушаалын агуулгыг харгалзан үзвэл талуудын хооронд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг хийж, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02756 дугаар шийдвэрийн ... бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ЕБ-ын 84 дүгээр сургуулийн захирал С.Марта нь 2016 оны 08 сарын 29-ний өдрийн Б/79 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дах заалтыг үндэслэн намайг ажилд түр томилсон тушаап гаргасан. Ажилд томилсон тушаалыг надад танилцуулаагүй, гэрч М.Оюунчимэгийн мэдүүлснээр багш хөгжлийн танхимд тавьсан гэснийг би үзээгүй. Хэрвээ намайг ажилд томилсон тушаал 8 сарын 29-ний өдөр гарсан бол надад 8 сард ажилласан хугацааны 3 өдрийн цалин бодогдож, тушаалд дурьдсанчлан 9 дүгээр сарын цалин 577.826 төгрөгөөр бодогдох байсан. Надад 8 сард 3 хоногийн цалин бодогдоогүй, 9 сарын цалин 535.000 төгрөг буюу анхны жилээ ажиллаж байгаа багшийн цалингаар бодогдож олгогдсон нь санхүүгээс гаргаж өгсөн нотлох баримтаас тодорхой харагдана. Эндээс үзэхэд намайг ажилд авсан тушаалыг 2016 оны 08 сарын 29-ний өдөр гаргасан нь үндэслэлгүй, дараа нөхөж гаргасан гэж үзэж байна. Надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ажиллуулж байгаад 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Дараа нь 2017 оны 04 сарын 05-ны өдөр туршилт, дадлагын хугацаагаар ажиллуулах гэрээг дахин хийсэн. Энэ хоёр гэрээний аль алин дээр нь хугацаа тавиагүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болон нэмэгдэл нөхцөлд хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар тохиролцсон нэг ч заалт байхгүй байхад “2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэсэн гэрээний хугацааг буюу гэрээний гол нөхцөлийг зөвшөөрөөгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй байна“ гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 21.2-т “аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй”, 21.7-т “хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчиж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай тэмдэглэлд ажил олгогч буюу захирал С.Марта нь дангаараа тэмдэглэл үйлдэж, үүнийхээ дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг анх ажилд ороход надтай туршилт дадлагын хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулахдаа жирэмсэн хүний оронд түр хугацаагаар авч байна гэж хэлээгүй, ямар нэгэн хурлаар намайг байлцуулан ажилд авах эсэх талаар яриагүй, би хуралд суугаагүй бөгөөд сул ажлын байрны сонгон шалгаруулалт явуулж дүнгээ танилцуулахдаа бид эргээд хариуг мэдэгдэнэ гэсэн ба над руу 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сургуулиас ярьсны дагуу ирэхэд надтай зөвхөн сургуулийн захирал уулзсан, ингэхдээ жирэмсэн багшийн оронд авч байгаа талаар хэлээгүй.

Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны зөвлөлийн хурал дээр намайг жирэмсэн хүний оронд авч ажиллуулсан, тэр хүн нь ажилдаа орох хүсэлтээ өгсөн гэж ахлах ангийн сургалтын менежер танилцуулсан. Тэгээд цаашид гэрээ сунгагдахгүй гэсэн. Намайг анх авахдаа энэ тухай хэлээгүй бөгөөд энэ нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан гэх Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд “Сургалтын менежер Б.Эрдэнэтуул: Сонгоод авах хүмүүст өмнөх жилүүдэд баримталдаг байсан бодлогоо барьж түр орон тоо эсвэл үндсэн орон тоон дээр авна гэж ялгаж тодруулж хэлэх шаардлагагүй, ... захирал С.Марта “нэг байна” гэж тэмдэглэгдсэн бичгийн баримтаар нотлогдож байхад “ ... багш М.Нурсаулегийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэрийг мэдээгүй байх боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зөвхөн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралд суусан учраас энэ хуралд суусан гэдгээ шүүгчийн асуултанд хариулахдаа хэлсэн.

2016-2017 оны хичээлийн жил дуусч, 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс бүх багш нарын ээлжийн амралт 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэхээр захирлын тушаал шийдвэр гарч үүний дагуу би 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн амарсан. Багш нар тухайн хичээлийн жилд сургуулиас авч хэрэглэсэн ном, сурах бичиг, эд хөрөнгө, холбогдох бичиг баримтаа тойрох хуудсаар хүлээлгэн өгч тооцоо дуусгасны дараа тойрох хуудсаараа амралтын мөнгөө авч амардаг журамтай. Үүний дагуу би ээлжийн амралтын тойрох хуудсыг 2017 оны 06 сарын 21-ний өдөр дуусгаж, 2017 оны 06 сарын 22-ны өдөр миний цалингийн нэрийн дансаар амралтын мөнгө орсон. Ээлжийн амралтын мөнгийг тооцож үзэхэд хоногоор дутуу бодогдсон байсан тул би 2017 оны 06 сарын 23-ны өдөр сургуулийн захиргаанд амралтын мөнгө дутуу бодогдсон талаар гомдол бичиж өгсөн. Би гомдлын хариуг бичгээр 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүлээж авсан. Би амралтын хоног дутуу бодогдсон талаар л гомдол гаргаснаас ажлаас чөлөөлж өгөх тушаалаа гаргуулах хүсэлт гаргаагүй байхад 2017 оны 06 сарын 23-ны өдөр миний гаргасан гомдлын хариуг өгөхдөө ажлаас чөлөөлсөн тушаалыг нөхөн гаргасан байдаг. Сургуулийн захиргаанд ээлжийн амралтын хоног буруу бодсон талаар хүсэлт гаргасныг минь далимдуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-т заасныг зөрчиж намайг ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасныг шүүх үнэлээгүйд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад тохирсон байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд туршилтын хугацааны талаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад ажлаас халсныг зөвшөөрөхгүй гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч,  хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/79 тоот тушаалаар Д.Б-г тус сургуульд орос хэлний багшаар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар ажиллуулахаар томилж, талууд Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба улмаар нэхэмжлэгчийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн тухай баримт хэрэгт авагдсан байна.

2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар Д.Б-г орос хэлний багшийн ажилд томилох эсэх асуудлыг хэлэлцэж, хүүхэд асрах чөлөөтэй байгаа багш М.Нурсаулегийн цагийг нэгтгэн түр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь тус хурлын 3/18 тоот тэмдэглэлд тусгагдсан, улмаар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/79 тоот тушаалаар түүнийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч уг хуралд оролцсон гэдэгт маргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацааг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэж заажээ.

Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацаа 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл байна гэсэн нөхцөлд ажил олгогч гарын үсэг зурж, тэмдэг дарсан боловч нэхэмжлэгч гэрээний бусад заалтыг зөвшөөрч гарын үсэг зурсан, харин 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэсэн хугацаа тогтоосон нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зураагүй гэсэн Д.Б-гийн гаргасан тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б-г орос хэлний багш М.Нурсаулегийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахаар зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хугацаатай гэрээ байгуулагдсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн гэж үзнэ.

Д.Б-г багшийн ажилд авах эсэхийг хэлэлцсэн тухай захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, ажилд томилсон тушаалын агуулга, хэрэгт авагдсан бусад баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үзэж, “Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ”-г хугацаатай нөхцөлөөр байгуулагдсан гэж шүүх  дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт нийцжээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/38 дугаар шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Ажил олгогч нь ажилтан Д.Б-г ажлаас чөлөөлсөн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/38 тоот тушаалыг түүнд танилцуулсан, нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөнөө 6 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй тул  ажилтан нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б/38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа мэдэж шүүхэд хандсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг үндэслэл бүхий тайлбарласан гэж үзнэ. Иймээс  “нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутган, шүүхийн шийдвэрээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг хасч өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-гийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2289 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН