Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2289

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02756 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б,

Хариуцагч Ед холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус сургуульд орос хэлний багшаар ажилд орсон. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр надтай туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэрээг урьдчилж өгсөн ба туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллах гэрээ атлаа туршилтын хугацааны талаар тус гэрээний үндсэн болон нэмэгдэл нөхцөлд ямар ч заалт байхгүй байсан учир би Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацааг юу гэж заасныг үзэж судалсан. Тэгээд хуульд зааснаар туршилтын хугацаа юм байна гэсэн ойлголттой гэрээгээ байгуулахаар захирал дээр ороход туршилтын хугацаа 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл байна гэж хэлээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, гэрээг сунгасан тэмдэглэлд уг хугацааг бичиж гарын үсэг, тэмдгээ дарсан.

Харин би уг хугацаа нь хуульд зааснаас давсан хугацаа байсан учраас гарын үсгээ зураагүй. Харин гэрээний бусад буюу үндсэн ба нэмэгдэл нөхцөл болон 4-7 дахь зүйл заалтыг тохиролцож гарын үсгээ зурсан. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр туршилтын гэрээгээ дахин шинэчлэн байгуулахаар гэрээний маягтыг өгсөн бөгөөд уг гэрээнд мөн л гэрээний үндсэн болон нэмэгдэл нөхцөлд туршилтын хугацааны талаар заалт байхгүй, харин эд хөрөнгийн хариуцлагын талаар нэмж тусгасан бөгөөд гэрээтэйгээ танилцаад, гарын үсгээ зураад, нарийн бичигт хураалга гэсэн учраас би гэрээ байгуулсан гэсэн хэсгийн миний бөглөж бичих хэсгийг бөглөөд гарын үсгээ зураад, харин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг сунгасан тухай тэмдэглэлд гарын үсгээ зуралгүй хураалгасан.

Дараа нь намайг дуудаж хугацааны талаар бид тохиролцсон асуудал гараагүй. Харин би гэрээнийхээ 1 хувийг 5 дугаар сард нарийн бичгээс авахад захирал гэрээ байгуулсан болон, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг сунгасан тэмдэглэлд гарын үсгээ зурж тэмдэгээ дарсан байсан. Нийт багш нар 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэхээр захирлын тушаал гарч, багш нарын нэрс, амралт эдлэх хугацаа, амралтын хоногийг хавсралтаар гаргасан байсан. Тус тушаалын хавсралтад миний нэр байсан. Би 6 дугаар сарын 21-ний өдөр тойрох хуудсаа эцсийн байдлаар өгөөд амралтын мөнгөө авч амарсан.

Гэтэл намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн Б/38 тоот тушаалыг гаргаж, өнөөг хүртэл надад тушаалаа гардуулж өгөөгүй байна. Туршилтын хугацаагаар ажиллах ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт болох туршилтын хугацааг харилцан тохиролцож гарын үсэг зураагүй байхад хүчин төгөлдөр бус гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн үндэслэлгүйгээр ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээний хугацааны хувьд тохиролцоогүй байсан. Ажлаас чөлөөлөгдсөн болохоо 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүсэлтийн хариуг авахдаа мэдсэн, тушаалаа бол гардаж аваагүй, сүүлд нь санхүүгээс хуулбарлаж авсан. Иймд намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, өмгөөлөгч Б.Баттөмөр нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Бг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/79 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, хөдөлмөрийн дотоод журмын 1.14-т заасны дагуу орос хэлний багшаар 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар түр авч ажиллуулахаар шийдвэрлэсэн. Сургуулийн дүрмийн 2.7-д зааснаар захиргааны зөвлөл нь багш, ажилтан, ажилчдыг ажилд авах, халах, чөлөөлөх, шагнах, урамшуулал олгох, арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж, хамтын шийдвэр гаргана гэж заасны дагуу захиргааны зөвлөлөөс Д.Бг орос хэлний багшаар түр хугацаагаар авч ажиллуулах асуудлыг шийдвэрлэхэд захиргааны зөвлөлийн гишүүд багшлах ажлаас хөндийрсөн тул ажилд авахгүй гэсэн нэгдсэн саналтай байсан хэдий ч захирлын саналаар түр ажиллуулж үзэхээр шийдвэрлэж өөрт нь энэ тухай мэдэгдэж 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахаар тушаал гаргасан болно.

Тушаалаа үндэслэн түр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй нөхцөл байдал бий болсон тул ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн гэрээний бүх нөхцөлийг тохиролцоод гарын үсэг зурдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа хэсэг дээр тухайн гэрээг сунгах эсэх тэмдэглэгээг захирал хийдэг. Үүнийг ашиглаад нэхэмжлэгч хугацааг нь зөвшөөрөөгүй учраас гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байна. Тушаал гарсныг ажилтнаар гарын үсэг зуруулж албажуулах ёстой боловч тухайн үед нарийн бичгийн дарга баримтжуулаагүй өгчихсөн байсан.

Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн. Эхний гэрээний 6.6, дараагийн гэрээний 7.6-д Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгоно гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хөдөлмөрийн тухайн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар албан ёсоор цуцлах санал тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ед холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Бгийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Март нь надтай туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа жирэмсэн хүний оронд түр хугацаагаар авч байна гэж хэлээгүй, орос хэлний багшаар 2 хүн авч ажиллуулсан ба нөгөө хүнтэй мөн туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Энэ талаар нотлох баримт байгаа.

Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны зөвлөлийн хурал хийгээд намайг жирэмсэн хүний оронд авч ажиллуулсан, тэр хүн нь ажилдаа орох хүсэлт өгсөн гэж ахлах ангийн сургалтын менежер Ё.Лхагвацэрэн танилцуулсан. Тэгээд цаашид гэрээ сунгагдахгүй гэж байсан. Намайг анх ажилд авахдаа гаргасан тушаал, хөдөлмөрийн гэрээнд энэ тухай заагаагүй. Мөн Боловсролын тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.6, Төриййн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд зааснаар ажилтанг сонгон шалгаруулалтаар авах журамтай бөгөөд энэ журмын дагуу надаас 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалт авсан.

Хөдөлмөрийн дотоод журмын 1.14-т хөдөлмөрийн гэрээг хугацаатай ба хугацаагүй байгуулж жилд 2 удаа ажил дүгнэнэ гэж заасан. Надтай туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол гэрээг дүгнээд хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, гэрээг сунгасан тухай тэмдэглэлд захирал С.Март өөрөө тэмдэглэл үйлдэж миний өмнөөс гарын үсэг зурж, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж надад тушаалыг өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй. Тус сургуулийн захирлын нарийн бичгийн дарга, гэрч Б.Оюунчимэг нь надад албан ёсоор бичгээр тушаал гардуулж өгсөн, авсан гэсэн ямар нэгэн гарын үсэг зурсан бичгийн нотлох баримт байхгүй байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана” гэснийг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус сургуулийн захиргаанд ээлжийн амралтын хоног буруу бодсон талаар хүсэлт гаргасныг далимдуулан ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн зарим хэсэгтэй холбогдуулан маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, хууль буруу хэрэглэсэн ба энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй боловч шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүйг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зөвтгөн дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ед холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд туршилтын хугацааны талаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/79 тоот тушаалаар /хх 39/ нэхэмжлэгч Д.Бг тус сургуульд орос хэлний багшаар 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар ажиллуулахаар томилж, талууд “Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ” /хх 4-6/ байгуулсан ба улмаар нэхэмжлэгчийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар /хх 62/ ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч буюу ажил олгогч нь Д.Бг орос хэлний багшийн ажилд томилох эсэх асуудлыг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хүүхэд асрах чөлөөтэй байгаа багш М.Нурсаулегийн цагийг нэгтгэн түр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь тус хурлын 3/18 тоот тэмдэглэлд тусгагдсан, улмаар 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/79 тоот тушаалаар түүнийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагджээ. /хх-33-38,39/

Дээрх захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Д.Б оролцсон талаар гэрч Б.Оюунчимэг, Д.Лхагвацэрэн, Б.Эрдэнэтуул, н.Өлзийбаяр нар мэдүүлсэн, мөн хурлын тэмдэглэлд багш нарыг өөрийнх нь асуудлыг хэлэлцэхэд тус бүрээр оруулсан талаар тусгагдсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад нэхэмжлэгч уг хуралд оролцсон гэж тайлбарласан байна.

Мөн “Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ” /хх 4-6/ хэрэгт авагдсан ба гэрээний хугацааг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлдээ “гэрээ байгуулахаар захирал дээр ороход туршилтын хугацаа 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар байна гэж захирал хэлээд гэрээг сунгасан тэмдэглэлд уг хугацааг бичиж гарын үсэг зурж, тэмдэг дарсан” гэжээ.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан хугацаа нь хуульд зааснаас хэтэрсэн байсан учраас би гарын үсэг зураагүй, харин гэрээний бусад заалтыг зөвшөөрч гарын үсэг зурсан гэж тайлбарласан боловч 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэсэн гэрээний хугацааг буюу гэрээний гол нөхцөлийг зөвшөөрөөгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбар, хэргийн дээрх нөхцөл байдлыг харьцуулан үнэлбэл нэхэмжлэгч Д.Б нь орос хэлний багш М.Нурсаулегийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэрийг мэдээгүй байх боломжгүйгээс гадна хөдөлмөрийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 15 хүртэл хугацаатай байгуулах ажил олгогчийн саналыг эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрч ажилласан гэж үзэхээр байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хугацаатай гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын хооронд “Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ” гэсэн нэртэй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт зааснаар Д.Бг багшийн ажилд авах эсэхийг хэлэлцсэн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, ажилд томилсон тушаалын агуулгыг харгалзан үзвэл талуудын хооронд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний дуусгавар болох хугацаатай холбогдох хэсэгт гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар  болгосон ажил олгогчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/38 дугаар шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Д.Бг ажлаас чөлөөлсөн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/38 тоот тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан, тэрээр ажлаас чөлөөлөгдсөнөө 6 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Б/38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэнээр шүүхэд хандсан гэх тайлбар үндэслэлтэй болно.

Иймд шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх анхан шатны шүүхийн  дүгнэлт алдаатай болсныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэх боломжтой, улмаар  шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг баримталсныг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02756 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “129 дүгээр зүйлийн 129.2” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ