Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2019/00589

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч К.Бүлдирген, А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, Т овогт Кы Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, Б овогт Б-ын Е,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, Б овогт Т-ны Б нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагч Б.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /цахимаар/, хариуцагч Т.Б, түүний өмгөөлөгч П.Ц, иргэдийн төлөөлөгч С.Х, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: А, А нарыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс доошгүй хэмжээгээр Б.Е, Т.Б нараар тэжээн тэтгүүлж, сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 30000000 /гучин сая/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч К.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие К.А нь Б аймгийн Өн сумын 6 дугаар багт эцэг Х.Кы хашаанд бага насны 2 хүүхдийн хамт оршин суудаг. Миний бие талийгаач Н.Е 2010 онд Бүгд найрамдах Казакстан улсад гэр бүл болж 2011 онд Монгол улсад гэр бүлээрээ нүүж ирсэн. 2011, 2012 онд хоёр хүүхэдтэй болсон. Нөхөр маань БНКазакстан улсын иргэн байсан учраас гэр бүлээ албан ёсоор бүртгүүлж чадаагүй байсан. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний нөхөр маань "Ц " ХХК-ний жолооч Б.Еын туслах жолоочоор Ц суманд ажиллаж байгаад, 2016 оны 3 дугаар сар 03-ны өдөр үйлдвэрийн талбайд Б.Еын машинд дайруулж амиа алдсан юм. Энэхүү ослын шалтгааныг эрх бүхий байгууллагаас тогтоож, "Ц " ХХК нь аюулгүй ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас жолооч Б.Е нь болгоомжгүйгээр бусдын амийг хохироосон гэсэн дүгнэлт гарсан. Миний бие нөхрөөс хагацсанаас болж 2 хүүхдийн хамт материаллаг болон сэтгэл санаагаар маш ихээр хохирсон. Тухайлбал, нөхөр маань нас барахад ард нь хоёр бага насны хүүхдүүд болон ажил, орлогогүй би үлдсэн юм. Ингэж зовж явахад буруутай этгээд болох Б.Е нь шат шатны шүүх хурал дээр намайг доромжилсон. Би хүүхдүүдэд учирсан гэм хор учруулсны төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч Иргэний хэргийн шүүхээр жичдээ нэхэмжлэхээр заасан учраас энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна. Нэгэнт Б.Е, Т.Б нар надаас болон миний 2 хүүхдээс уучлалт гуйгаагүй, нөхөр маань нас барснаас хойш бидэнд ямар нэгэн байдлаар тусламж үзүүлээгүй учир түүнээс сэтгэл санааны болоод материаллаг хохирлыг гаргуулмаар байна. Б.Е, Т.Б нарын буруутай үйлдлийн улмаас 2 хүүхэд маань төрсөн эцгээ алдсан тул хуульд заасны дагуу сэтгэл санааны хохирлын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй тул 30000000 /гучин сая/ төгрөг гаргуулах мөн хоёр хүүхэд маань иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс доошгүй хэмжээгээр хариуцагч нараар тэжээн тэтгүүлэхийг хүсье гэв.

Нэхэмжлэгч өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тайлбарлахдаа: ... Үйлдвэрийн осол гэж яагаад хэлж байна вэ гэвэл хэрэгт цугларсан нотлох баримт болох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, удаа дараа гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хариуцагч Б.Еын хувьд хариуцагч Ц  ХХК-ийн захирал Б нарын хооронд мөн талийгаач Н.Е болон Б.Е нарын хооронд тус тус харилцаа үүссэн. Тэд нэг нэгэндээ ажил олгогч, ажилтан гэж үзэхээр шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн талийгаачийг оршуулахдаа холбоотой зардлыг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. 30 сая төгрөгийг хэрхэн тооцсон талаар тайлбарлая. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шаардах эрх үүсэж байна. Өөрөөр хэлбэл, нас барагчийн өв залгамжлагч эхнэр К.А, насанд хүрээгүй буюу бага насны хүүхдүүд болох А, А нар шаардах эрхтэй гэж хуульчилсан тул нэхэмжлэл гаргасан. Хэдийгээр хүний амь насыг үнэлсэн жишиг стандартчилал болон бусад тооцоо байхгүй ч гэсэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр тооцож 30 сая төгрөгийн тооцоо гаргасан. Талийгаач 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нас барахдаа түүний ууган хүүхэд 4 нас 9 сар, бага хүүхэд нь 3 нас 2 сартай байсан. 2016 оны 3 дугаар сарын 03-аас хуульд зааснаар 8 хүртэл жилээр болон эх нь уг тэтгэмжийг авах эрх үүсэж байгаа гэхээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр А, А нар 8 нас хүрэхээр байна. Уг ам бүл 4 гишүүнтэй байсан. 2016 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байгаа ба үүнийг 4-т хуваахад 48000 төгрөг болж байна. 2016 оны 3 дугаар сарын 03-наас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаа байгаа. 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг, 2018 онд 240000 төгрөг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320000 төгрөг болсон. Мөн өнөөдрийн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан 9 сар буюу 2019 оны 9 сар бүтэн орж байгаа. Энэ бүгдийг 4-т хуваагаад 3-аар үржүүлэхэд 7923000 төгрөг гарч байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасны дагуу тооцоолж үзэхэд дээрх мөнгө гарч ирсэн. Талийгаач Н.Еы ажил олгогч хариуцагч Б.Е, Т.Б нар байсан гэж тооцоолж үзээд Иргэний хуулийн зохих зүйл заалтаар тооцоо гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.2-т зааснаар тооцоолсон. Цалин ба түүнтэй адилтгах орлогыг нэг ба түүнээс дээш удаа олгох тухай жишиг байгаа. Хамгийн багадаа хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авах ёстой гэж үзэхэд 2016 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байсан ба үүнийг 36 сараар үржүүлэхэд 6912000 төгрөг болж байгаа. Бид үүнийг 2 хариуцагч байгаа гэж үзэж 2-оор үржүүлэхэд 13824000 төгрөг болж байна. 13824000 төгрөг дээр 7920000 төгрөгийн нэмэхэд 21744000 төгрөг болж байна. 3 жилийн хугацаанд хариуцагчид харж хандана гэж хэлдэг байсан ч 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад одоо болтол туслаагүй. Нэхэмжлэгч одоо хүртэл орон гэргүй, 8.3 сая төгрөгийг сэтгэл санааны хувьд зохих хэмжээгээр хохирсон гэж үзэж 30 сая төгрөг нэхэмжилсэн. 3 жилийн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл, мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нараас хугацаандаа ямар ч төгрөг өгөөгүй тул хохирсон гэж үзэж 30 сая төгрөг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч нь гэм хорыг хариуцах ёстой гэж үзэж Еыг хариуцагчаар татсан гэж ойлгож болно. Хүүхдүүдийг 18 нас хүртэл асарч хамгаалах ёстой гэх заалт Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуульд заасан байгаа. Бид нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яагаад жишиг болгож тайлбарлаад байна вэ гэхээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хууль гэж бий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7.1-ийг харсан. Ямар ч тохиолдолд хүн хөдөлмөрлөлөө гэхэд ажил олгогчоос хамгийн багадаа хөдөлмөрийн хөлснөөс доод түвшингээс доогуур цалин өгч болохгүй гэх императив шинжтэй заалт байгаа. Амь хохирогч өдрийн 15000 төгрөгийн цалин хөлстэй байсан гэж хариуцагч нар мэдүүлж байна. Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Үүгээр талийгаач өдрийн 15000 төгрөгийн орлоготой байсан гэдэг нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, сард 450000 төгрөгийг орлоготой байсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн нөхөр Н.Е гадаадын иргэн байсан ба нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан ба бусад байдлаар нотлогдохгүй байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримталсан. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мгийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Аийн нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Мөн нэхэмжлэлтэй танилцсан. Хэрэгт 2 нэхэмжлэл байдаг. Хэргийн 35 дугаар хуудсанд 9 дүгээр сарын 27-ны өдрийн огноотой нэхэмжлэл байгаа. Энэ хоёр нэхэмжлэлээс аваад үзэхэд, өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр ярьж байгаачлан шиг үйлдвэрийн ослын нөхөн төлбөр нэхэмжилж байна гэх агуулга байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлдэг, тодруулдаг эрхийг нэхэмжлэгч эдэлдэг. А, А нарыг иргэний эрх зүйн чадамжтай болтол нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх, сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 30 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хуульд зааснаар өөрчлөх эрхгүй. Хууль зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагын талаар ярихыг хууль зөрчиж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх шаардлагад холбоотой хэлэхэд өнөөдөр Монгол улсын хэмжээнд үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх хуулийн заалт байхгүй. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд гэм хор учруулсны төлбөр гэж заасан. Үүнийг цалин хөлс, орлогын дунджаар тогтооно гэж заасан. Гэхдээ Б.Ед дээрх заалт хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, Б.Е хариуцах үүрэггүй байна. Учир нь, Б.Е ажил олгогч биш. Н.Е, Б.Е нарын хооронд ажилтан ажил олгогчийн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч талийгаачийг өдрийн 15000 төгрөгийн орлоготой байсан гэж байна. Н.Ед 15000 төгрөгийг 3 өдөр ажиллуулаад өгөхөөр тохиролцсон байсан гэх үг өгүүлбэр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Н.Е өдөр бүр ажил хийдэггүй байсан. Б.Е ч гэсэн өдөр бүр ажил хийдэггүй. Ачааг зөөгөөд дуусах үед ажил дуусдаг байсан. 60 рейс хийдэг байсан. Талийгаач нэг өдөр Б.Еыг дагаж гарснаа осолд орсон байгаа. Тэгэхээр энэ орлогыг талийгаачийн орлого гэж үзэх боломжгүй. Б.Е байнгын ажлын байртай хүн биш. Тоосгыг зөөж дуустал талийгаач ажиллах байсан уу? ийм гэрээ хэлэлцээр байсан уу гэдэг нь тодорхойгүй. Үүнийг юу гэж ойлгох юм бэ, хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн гэрээг бичгээр хийгээгүй ч байгуулсан гэж үзэх юм уу. Дээрх ойлголтуудын алинд ч хамаарахгүй байна. 1 өдрийн цалин хөлсний асуудал Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар орлогын дунджид орох уу. Талийгаач амьд сэрүүн байхдаа цалин хөлс олдоггүй байсан байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй байна. Иймд хариуцагч Б.Е ажил олгогч биш цалин хөлс биш. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т хөдөлмөрийн чадвартай этгээдэд оногдох хэсгийг хасна гэж заасан. Нэхэмжлэгч 1979 онд төрсөн, хөдөлмөрийн чадвартай залуу хүн. Гэтэл хөдөлмөрийн чадвартай хүнд оногдох хэсэг гэж ямар орлогоос тооцоод хэдэн төгрөгийг хасаад байгаа нь ойлгомжгүй. Мөн хүүхдүүдийн авдаг тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасна гэж хуульд заасан. Ойлгомжгүй асуудлууд байна. Сэтгэл санааны гэм хорт учруулсны гэм хорд 30 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасан. Сэтгэл санааны хохирлыг Монгол улсад сэтгэл санааны гэм хор учруулсны хохирол гаргуулах тухай хууль тогтоомж батлагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ц  ХХК нь Б.Етой хэлэлцэн тохирч ажил гүйцэтгүүлж байсан ба дээрх хэлцэлд ажлыг өөр хүнээр гүйцэтгүүлэх болон өөр хэн нэгэнтэй хамтран гүйцэтгэх талаар тохиролцсон зүйл байхгүй байсан. Талийгаач Н.Е нь миний компанитай гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх эрхгүй хэрнэ жолооч Б.Еыг даган ирж үйлдвэрийн талбайд осол болсны улмаас нас барсан явдалд Ц  ХХК болон Т.Б би огт буруугүй, ямар нэг гэм хор учруулсны хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Талийгаач Н.Еы амь насаа алдсаны улмаас учирсан гэм хор болон хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг талийгаачийг үйлдвэрийн талбайд дагуулж очсон хийгээд машинд дайруулж амь насаа алдахад хүргэсэн этгээд буюу тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь хариуцах нь зүйтэй ба уг этгээдэд холбогдуулан нэхэмжлэлээ гаргах байсныг үндэслэлгүйгээр хамтран хариуцагчаар Т.Б миний биеийг татсан байна. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу сэтгэл санааны хохиролд 30000000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж бодитоор учирсан хохирлыг барагдуулахаар зааснаас биш сэтгэл санааны хохирлыг арилгахаар заагаагүй. Түүнчлэн хүний сэтгэл санааг эд хөрөнгө тэр дундаа мөнгөөр үнэлж, эдийн засгийн үнэлгээ тогтоож болдоггүй зүйл бөгөөд мөнгө төлсний төлөө сэтгэл санаа гэдэг нь эдгэрчихдэг, сайжирчихдаг зүйл биш билээ. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгчээс болон хоёр хүүхдээс нь уучлалт гуйгаагүйн төлөө сэтгэл санааны хохирол шаардсан гэж ойлгогдохоор байх ба хэрэв уучлалт гуйх ёстой гэвэл талийгаачийг амь насаа алдахад хүргэсэн этгээд уучлалт гуйх ёс суртахууны үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Б надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Аээс хариуцагч Б.Е, Т.Б нарт холбогдуулан А, А нарыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс доошгүй хэмжээгээр Б.Е, Т.Б нараар тэжээн тэтгүүлж, сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 30.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөр, үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийг багтааж нийт 30000000 /гучин сая/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн тухай шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1).А, А нарыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс доошгүй хэмжээгээр Б.Е, Т.Б нараар тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Б.Еыг Ц  ХХК-ний шар шороо авдаг талбайд 04-53 УНУ улсын дугаартай ВЕЙВЕН маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Н.Еыг тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Мөн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б аймгийн Прокурорын газрын 5/28 дугаартай тогтоолоор Ц  ХХК-ний захирал Т.Быг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгосон боловч 2015 онд батлагдаж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шинэ Эрүүгийн хуульд Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон ба 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.15 дугаар зүйлд зааснаар зөрчилд тооцох болсон үндэслэл тогтоогдож байгаа гэж Т.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Нөгөөтээгүүр 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаар шийтгэх тогтоолд ...Монгол Улсын Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах зарчмыг хуульчилсан. Энэ тулгуур зарчмын дагуу Эрүүгийн хуульд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба энэ нь Н.Еы амь нас хохирсон уг хэрэгт гэм буруугүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудал биш гэж дүгнэсэн байх тул Т.Б, Б.Е нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын амь насанд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч К.А нь 2010 оноос талийгаач Н.Еы нас барсан өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаанд 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү А, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин А нар төрсөн болох нь Е.Аийн №0000970507 /№374/ дугаартай, Е.Агийн №0000970508 /№44/ дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн №360 дугаартай /хх-н 13-15/ шийдвэрээр, мөн нэхэмжлэгч К.Аийг хариуцагч Б.Е, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тооцож хохирогчоор байцаасан тэмдэглэл, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаар шийтгэх тогтоолын 5-дахь заалтаар иргэний нэхэмжлэлийг жич нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан байдал зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

Иймээс нэхэмжлэгч К.А нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч нарт холбогдуулан хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч К.Аийн нөхөр талийгаач Н.Е нь ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлмөр эрхэлж, тогтмол цалин хөлс авч байгаагүй мөн орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй болох нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа ба нас барагч Н.Еы сарын цалин хөлс, орлогын дундаж нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчдөөс талийгаач Н.Е нь өдөрт 15000-20000 төгрөг, сард 450000-500000 төгрөгийн орлого олдог байсан. Мөн Өгөөс Улаанбаатар хооронд туслах жолоочоор тээвэрт явдаг гэж тайлбарладаг боловч хохирогчийн бусадтай байгуулсан гэрээ болон амаар хэдэн төгрөгийн хөлс бодитоор төлөгдөж байсан, /дансаар болон бэлнээр хэдэн төгрөгийн орлого орсон/, хүн амын орлогын албан татвар төлдөг эсэх нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасныг үндэслэн А, А нарыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс доошгүй хэмжээгээр хариуцагч нараас тэжээн тэтгүүлэхийг хүсжээ.

Гэтэл Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоохоор хуульчилж өгсөн байх бөгөөд хэрвээ нас барагч ажил хөдөлмөр эрхлээгүй бол түүний орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох тухай зохицуулалт хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах тухай харилцааг зохицуулсан зохицуулалт Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд тусгагдаагүй байна.

Өөрөөр хэлбэр бусдын эрүүл мэндэд учирсан болон арван зургаан нас хүрээгүй хүмүүст учруулсан гэм хорыг тус тус арилгах нөхцөлд хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлд тус тус тусгаж өгсөн ба харин гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан гэм хорыг арилгах арга хэлбэрийг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд заасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас төсөөтэй харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хохирогчид учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцохыг хүссэн боловч Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасан ба гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан гэм хорыг арилгах харилцааг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд зохицуулсан тул эрүүл мэндэд учирсан болон арван зургаан нас хүрээгүй хүмүүст учруулсан гэм хорыг арилгахад хэрэглэх хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймээс гэм хорын төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн хүү А, охин А нарыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс доошгүй хэмжээгээр хариуцагч нараас тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2).Хариуцагч нараас сэтгэл санааны гэм хорд 30000000 /гучин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хариуцагч нараас нэхэмжилж буй 30.000.000 төгрөгийг сэтгэл санаа болон үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийг нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, хуулийн үйлчлэх хүрээг тус хуулийн 4 дүгээр зүйлд хуульчилжээ. Энэ хууль нь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэнд үйлчлэхээр заасан байх тул Ц  ХХК-ийн ажил гүйцэтгэгч Б.Етой ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан, туслан гүйцэтгэгч болох талийгаач Н.Ед хөдөлмөрлөх нөхцөлд уг хуулийн зохицуулалт хамаарах юм.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11.-д зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх, 28.1.15-д зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй байна. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд Ц  ХХК нь ерөнхий захиалагч байна. Тус компанийн ажлын байранд осол гарч, иргэн Н.Е хөдөлмөрлөх явцад амь насаа алдсан, тус компанийн захирал Т.Б нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол хэрэгт авагдсан байна. Үүнээс үзэхэд Ц  ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажил олгогч мөн.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд 28.3, 28.4 гэсэн 2 заалтыг нэмж, 28.3-д захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж, 28.4-д Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь, нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь, нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй. гэж заасан байна.

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох ажил олгогчийн үүргийг хангуулахыг шаардах эрхтэй байна. Уг хууль нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэнд үйлчлэх тул нэг талаас ажил олгогч, нөгөө талаас хөдөлмөр эрхлэгч иргэний хоорондох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх харилцааг зохицуулж, эрх үүргийг тодорхойлсон дээрх хэм хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлтэй байжээ.

Тус хуулийн 28.1.15-д заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох гэсэн заалтад нөхөн төлбөр олгох хууль тогтоомж нь Хөдөлмөрийн тухай хууль гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох үүрэгтэй байна. Дээрх нөхөн төлбөрийг шаардахын тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтоосон акт, дүгнэлт гаргасан байх, уг актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянаж, шийдвэр гаргасан байх, ажилтны цалингийн хэмжээ тодорхой байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой байна.

Хэрэгт ажил олгогчийн тогтоосон үйлдвэрлэлийн ослын акт авагдаагүй боловч эрүүгийн хэргийн явцад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын болон Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарын 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр ...тухайн хэрэг үйлдвэрийн ажлын байранд гарсан тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын 3.2-т заасан хөдөлмөрийн гэрээнээс гадуур ажил гүйцэтгэх явцад гарсан авто осол тул үйлдвэрлэлийн осолд тооцсон мөн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээч нарын дүгнэлтээр Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д заасны дагуу үйлдвэрийн осол гэж үзнэ, ШУТИСургуулийн Геологи, уул уурхайн сургуулиас томилсон шинжээч нарын дүгнэлтээр ажил гүйцэтгүүлэгч жолооч Б.Еын гаргасан үйлдвэрийн осол гэж тус тус Ц  ХХК болон хариуцагч Б.Е хариуцна гэж тогтоосныг хариуцагч нар маргаагүй байна.

Дээрх хуулийн заалтаар нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч талийгаач Н.Е нь ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлмөр эрхэлж, тогтмол цалин хөлс авч байгаагүй мөн орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжилсэн нөхөн төлбөрийг тооцох боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Нөгөөтээгүүр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ч гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд заасан арга хэлбэрээр арилгахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан ба хуулийн дээрх зохицуулалтаар эдийн бус гэм хорыг шийдвэрлэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгахаар зохицуулсан боловч 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус хохирлыг мөнгөөр нөхөн төлөх-өөр мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд ...эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан ба сэтгэл санааны хохирлыг үнэлэх зохицуулалт иргэний хуульд тусгагдаагүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй сэтгэл санааны хохирол нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй учир сэтгэл санааны хохирлыг хариуцагч нараар төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн хохирогч Н.Еы нас барснаас учирсан хохирол гэж нэхэмжилж буй сэтгэл санааны хохирол гэх шаардлага нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан шаардах эрхэд хамаарахгүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчдөөс уг авто аваар нь Ц сумд үйл ажиллагаа явуулдаг Ц  ХХК-нийн шар шаврын карерт гарч, үйлдвэрийн осол мөн гэж гарсан тул үйлдвэрийн ослын мөнгө төлбөрийг хариуцагч нар төлөх үүрэгтэй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж хариуцагчийг тодорхойлох эрхийг нэхэмжлэгчид олгосон ба нэхэмжлэгчээс Ц  ХХК-гаас бус хувь хүн буюу хариуцагч Т.Баас үйлдвэрийн ослын мөнгийг нэхэмжилсэн нь хууль зүйтэй үндэслэлгүй болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Аийн А, А нарыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс доошгүй хэмжээгээр хариуцагч Б.Е, Т.Б нараар тэжээн тэтгүүлж, сэтгэл санааны гэм хорд 30000000 /гучин сая/ төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД К.БҮЛДИРГЕН

А.ЖАРХЫНГҮЛ