Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00506

 

 К.Алтангүлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00589 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 212/МА2019/00062 дугаар магадлалтай,

К.Алтангүлийн нэхэмжлэлтэй,

Б.Ержол, Т.Байхал нарт холбогдох,

Е.Ахтилек, Е.Айару нарт гэм хорын төлбөрийг 18 насанд хүртэл сар тутам төлүүлэх, сэтгэл санааны гэм хор 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, П.Цэрэн-очир, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би талийгаач Н.Ержантай 2010 онд Бүгд найрамдах Казакстан улсад гэр бүл болж 2011 онд Монгол улсад гэр бүлээрээ нүүж ирсэн. 2011, 2012 онд хоёр хүүхэдтэй болсон. Нөхөр маань БНКазакстан улсын иргэн байсан учраас гэр бүлээ албан ёсоор бүртгүүлж чадаагүй байсан. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний нөхөр маань "Цэнгэл тоосго" ХХК-ний жолооч Б.Ержолын туслах жолоочоор Цэнгэл суманд ажиллаж байгаад, 2016 оны 3 дугаар сар 03-ны өдөр үйлдвэрийн талбайд Б.Ержолын машинд дайруулж амиа алдсан юм. Энэхүү ослын шалтгааныг эрх бүхий байгууллагаас тогтоож, "Цэнгэл тоосго" ХХК нь аюулгүй ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас жолооч Б.Ержол нь болгоомжгүйгээр бусдын амийг хохироосон гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал, нөхөр маань нас барахад ард нь хоёр бага насны хүүхдүүд болон ажил, орлогогүй би үлдсэн.

Нэгэнт Б.Ержол, Т.Байкал нар надаас болон миний 2 хүүхдээс уучлалт гуйгаагүй, нөхөр маань нас барснаас хойш бидэнд ямар нэгэн байдлаар тусламж үзүүлээгүй учир түүнээс сэтгэл санааны болоод материаллаг хохирлыг гаргуулмаар байна.

Б.Ержол, Т.Байкал нарын буруутай үйлдлийн улмаас 2 хүүхэд маань төрсөн эцгээ алдсан тул хуульд заасны дагуу сэтгэл санааны хохирлын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй тул 30,000,000 төгрөг гаргуулах мөн хоёр хүүхэд маань иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс доошгүй хэмжээгээр хариуцагч нараар тэжээн тэтгүүлэхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Б.Ержол, Т.Байхал нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх шаардлагад холбоотой Монгол улсын хэмжээнд үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх хуулийн заалт байхгүй. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд гэм хор учруулсны төлбөр гэж заасан. Үүнийг цалин хөлс, орлогын дунджаар тогтооно гэж заасан. Гэхдээ Б.Ержолд дээрх заалт хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б.Ержол хариуцах үүрэггүй байна. Учир нь, Б.Ержол ажил олгогч биш. Н.Ержан, Б.Ержол нарын хооронд ажилтан ажил олгогчийн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч талийгаачийг өдрийн 15,000 төгрөгийн орлоготой байсан гэж байна. Н.Ержанд 15,000 төгрөгийг 3 өдөр ажиллуулаад өгөхөөр тохиролцсон байсан гэх үг өгүүлбэр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Н.Ержан өдөр бүр ажил хийдэггүй байсан. Б.Ержол ч гэсэн өдөр бүр ажил хийдэггүй. Ачааг зөөгөөд дуусах үед ажил дуусдаг байсан. 60 рейс хийдэг байсан. Талийгаач нэг өдөр Б.Ержолыг дагаж гарснаа осолд орсон. Тэгэхээр энэ орлогыг талийгаачийн орлого гэж үзэх боломжгүй. Б.Ержол байнгын ажлын байртай хүн биш. Тоосгыг зөөж дуустал талийгаач ажиллах байсан уу ийм гэрээ хэлэлцээр байсан уу гэдэг нь тодорхойгүй. Иймд хариуцагч Б.Ержол ажил олгогч биш цалин хөлс биш.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч 1979 онд төрсөн, хөдөлмөрийн чадвартай залуу хүн. Сэтгэл санааны гэм хорт учруулсны гэм хорд 30 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасан. Сэтгэл санааны хохирлыг Монгол улсад сэтгэл санааны гэм хор учруулсны хохирол гаргуулах тухай хууль тогтоомж батлагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00589 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Алтангүлийн Ахтилек, Айару нарыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс доошгүй хэмжээгээр хариуцагч Б.Ержол, Т.Байхал нараар тэжээн тэтгүүлж, сэтгэл санааны гэм хорд 30000000 /гучин сая/ төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 212/МА2019/00062 дугаар магадлалаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К.Алтангүл нь хариуцагч Т.Байхалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00589 дүгээр шийдвэрийн хариуцагч Т.Байхалд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тус хэргээс Т.Байхалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/50659 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00062 дугаартай магадлалыг хэсэгчлэн эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийнхээ Т.Байхалд холбогдох хэсгээс татгалзсан юм. Харин гэм буруутай Б.Ержолаас гэм хорын нэхэмжлэлээ дэмжиж 2 шатны шүүхэд оролцсон билээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Талийгаач Н.Ержаны эхнэр хүүхдүүдийнхээ нэхэмжлэлийг нь бүхэлдээ хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Талийгаач Н.Ержан нас барахаасаа өмнө ажил хийж өдрийн 15,000 төгрөгийн орлого олдог байсан нь хавтаст хэрэгт цугларсан 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрч Б.Ержолыг байцаасан тухай тэмдэглэл, ШУТИС-ийн ГУУС- ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/40 дугаар тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 236 дугаар шүүх хуралдаа тэмдэглэлүүд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1., Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.-д заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт үндэсний хороо тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2016 онд 192,000 төгрөг, 2017-2018 онд 240,000 төгрөг, 2019 онд 320,000 төгрөг, 2020 онд 420,000 төгрөг байхаар, Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар хүн амын амьжиргааны доод түвшинг баруун бүсд 2016 онд 164,800 төгрөг, 2017 онд 166,500 төгрөг, 2018 онд 178,000 төгрөг, 2019 онд 190,700 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.

Хавтаст хэрэгт цугларсан үйлдвэрлэлийн осол, хурч хордлогыг судлан бүртгэсэн тухай 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр комиссын тэмдэглэл, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, МХЕГ-ын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 05/092/07 дугаар шинжээчийн дүгнэлт, ШУТИС-ийн ГУУС-ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/40 дугаар тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлт, Улаанбаатар Хотын 'Цагдаагийн газрын замын цагдаагийн газрын 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 441 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаар магадлал, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 5/28 дугаар прокурорын тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Б.Ержол нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 9-10 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн Нутаг Цагаан гол" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Цэнгэл Тоосго ХХК- ийн шар шороо авдаг үйлдвэрлэлийн талбайд ВЕЙВЕН маркийн хүнд даацын тээврийн хэрэгслээр хөдөлгөөн хийх явцдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаарх хууль, дүрэм зөрчиж, өөрийн туслахаар ажиллуулж байсан Н.Ержаныг дайрч, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон буюу үйлдвэрлэлийн осол гарсан үйл баримт тогтоогдсон байдаг. Гэтэл шүүх энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 97. дугаар зүйл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйл, 508 дугаар зүйл, 509 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00589 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019,.оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00062 дугаартай магадлалыг өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Ержолаас хүүхдийн тэтгэвэр тогтоож, гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

К.Алтангүл нь Б.Ержол, Т.Байхал нарт холбогдуулан Е.Ахтилек, Е.Айару нарт гэм хор учруулсны төлбөрийг 18 нас хүртэл нь сар тутам төлүүлэх, сэтгэл санааны гэм хорын хохирол 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь Т.Байхалд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, шийдвэрийн Т.Байхалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул...хариуцагч Б.Ержолоос гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Б.Ержолыг 2016.03.03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Цагаан гол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Цэнгэл тоосго ХХК-ийн шар шороо нийлүүлэх талбайд 04-53 УНУ улсын дугаартай, Вейвен маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Н.Ержаны амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцжээ /хэргийн 4-12 дугаар тал/.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Алтангүлийн Ахтилек, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Алтангүлийн Айару нарын эцэг нь Н.Ержан мөн болохыг тогтоожээ /хэргийн 13-15 дугаар тал/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд дээрх шүүхийн шийдвэрүүдийг дурдаж, хариуцагч нар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч Б.Ержол ...талийгаач цалин хөлсгүй байсан, ...өдрийн 15,000 төгрөгөөр тооцож 3 өдөр ажиллуулахаар тохирсон байсныг сарын орлого гэж үзэхгүй, сэтгэл санааны гэм хорыг арилгах хууль тогтоомж байхгүй... гэсэн, хариуцагч Т.Байхал ...нас барсанд буруугүй, ...хариуцлага хүлээх үндэслэлгүй гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Хохирогч Н.Ержан нас барсанд хариуцагч Б.Ержол гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон ба түүнийг нас барах үед хүү Е.Ахтилек 4 нас 9 сартай, охин Е.Айару 3 нас 2 сартай ээж К.Алтангүлийн асрамжид байсан байна.

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахыг зохицуулсан Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2.гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ержолд холбогдуулан гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1., 508.2.-т нийцжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.

Нэхэмжлэгч төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож шаардлагаа тодорхойлсон байна.

Шүүх ...нас барагчийн сарын цалин хөлс, орлогын хэмжээ тогтоогдоогүй,... туслахаар ажиллаж өдөрт 15.000 төгрөгийн хөлс авч байхаар тохиролцсон... нь амь хохирогчийн сарын цалин хөлс, орлогыг шууд нотлохгүй... гэх үндэслэлээр нас барагчийн орлогыг тодорхойгүй гэж үзэн, хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөрийн хэмжээг түүний сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоохоор хуульд заасан, харин цалин хөлс, орлогогүй байсан, орлогыг тодорхойлох боломжгүй нь гэм хорыг төлөхгүй байх, төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй байна.

 Нас барагчийн цалин хөлс, орлогыг тодорхойлох боломжгүй бол тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтооно.

Нэхэмжлэгч шүүхэд 2018.09.29-ний өдөр нэхэмжлэл гаргасан, энэ үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг байсан тул нас барагчийн орлогыг энэ хэмжээгээр тооцох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4., 508.4.1.-т зааснаар гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл хугацаанд нөхөн төлнө. Төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тооцоход /240,000:4/ 1 хүүхдэд 60,000 төгрөг ногдож байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Ержолоос энэхүү шийдвэр гарсан өдрөөс хойш сар бүр хүүхэд тус бүрт 60,000 төгрөг гаргуулж хүү Е.Ахтилек , охин Е.Айару нарыг тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.

2.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.

Нэхэмжлэгчийн сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2., 497 дугаар зүйлийн 497.1.-т заасныг үндэслэж хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

3. Хариуцагч Т.Байхал нь Н.Ержан нас барсанд гэм буруутай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Т.Байхалд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 212/МА2019/00062 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00589 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1-д зааснаар хариуцагч Б.Ержолоос сар бүр хүүхэд тус бүрт 60,000 төгрөг гаргуулан Ахтилек, Айару нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын ...дурдсугай гэснийг ...дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б.Ержолоос улсын тэмдэгтийн хураамжид 37.990 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэж тус тус өөрчлөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч К.Алтангүл нь хариуцагч Т.Байхалд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дах заалтыг нэмж, тогтоох хэсгийн 2,3,4 дэх дугаарыг 3,4,5 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН