Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2019/00062

 

                                 К.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00589 дүгээр шийдвэртэй, К.А-ийн нэхэмжлэлтэй, Б.Е,  Т.Б нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч К.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Т.Б-ын өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагч Б.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /цахим сүлжээгээр/, орчуулагч А.Еркегүл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нас барсан хохирогч Н.Е-ын насанд хүрээгүй хүүхдүүд болох Е.А, Е.Ай нарт гэм хор учруулсны төлбөрийг 18 насанд хүртэл нь сар тутам төлүүлэх, сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 30.000.000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие талийгаач Н.Е-тай 2010 онд Бүгд найрамдах Казакстан улсад гэр бүл болж 2011 онд Монгол улсад гэр бүлээрээ нүүж ирсэн. 2011, 2012 онд хоёр хүүхэдтэй болсон. Нөхөр Бүгд найрамдах Казакстан улсын иргэн байсан учраас гэр бүлээ албан ёсоор бүртгүүлж чадаагүй байсан. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний нөхөр маань "Ц" ХХК-ний жолооч Б.Е-ын туслах жолоочоор Ц суманд ажиллаж байгаад, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр үйлдвэрийн талбайд Б.Е-ын машинд дайруулж амиа алдсан. Энэхүү ослын шалтгааныг эрх бүхий байгууллагаас тогтоож, "Ц" ХХК нь аюулгүй ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас жолооч Б.Е нь болгоомжгүйгээр бусдын амийг хохироосон гэсэн дүгнэлт гарсан. Миний бие нөхрөөс хагацсанаас болж 2 хүүхдийн хамт материаллаг болон сэтгэл санаагаар маш ихээр хохирсон. Тухайлбал, нөхөр маань нас барахад ард нь хоёр бага насны хүүхдүүд болон ажил, орлогогүй би үлдсэн. Ингэж зовж явахад буруутай этгээд болох Б.Е нь шат шатны шүүх хурал дээр намайг доромжилсон. Би хүүхдүүдэд учирсан гэм хор учруулсны төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч Иргэний хэргийн шүүхээр жичдээ нэхэмжлэхээр заасан учраас энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна. Нэгэнт Б.Е, Т.Б нар надаас болон миний 2 хүүхдээс уучлалт гуйгаагүй, нөхөр маань нас барснаас хойш бидэнд ямар нэгэн байдлаар тусламж үзүүлээгүй. Б.Е, Т.Б нарын буруутай үйлдлийн улмаас 2 хүүхэд маань төрсөн эцгээ алдсан тул хуульд заасны дагуу сэтгэл санааны хохирлын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй тул 30.000.000.00 гучин сая/ төгрөг гаргуулах мөн хоёр хүүхэд маань иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшнээс доошгүй хэмжээгээр хариуцагч нараар тэжээн тэтгүүлэхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагч Т.Б-ын тайлбарт: “... “Ц” ХХК нь Б.Е-той хэлэлцэн тохирч ажил гүйцэтгүүлж байсан ба дээрх хэлцэлд ажлыг өөр хүнээр гүйцэтгүүлэх болон өөр хэн нэгэнтэй хамтран гүйцэтгэх талаар тохиролцсон зүйл байхгүй байсан. Талийгаач Н.Е нь миний компанитай гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх эрхгүй атлаа жолооч Б.Е-ыг даган ирж үйлдвэрийн талбайд осол болсны улмаас нас барсан явдалд “Ц” ХХК болон Т.Б би огт буруугүй, ямар нэг гэм хор учруулсны хариуцлага хүлээх үндэслэлгүй. Талийгаач Н.Е-ны амь насаа алдсаны улмаас учирсан гэм хор болон хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг талийгаачийг үйлдвэрийн талбайд дагуулж очсон хийгээд машинд дайруулж амь насаа алдахад хүргэсэн этгээд буюу тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь хариуцах нь зүйтэй. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу сэтгэл санааны хохиролд 30.000.000.00 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бодитоор учирсан хохирлыг барагдуулахаар зааснаас биш сэтгэл санааны хохирлыг арилгахаар заагаагүй. Түүнчлэн хүний сэтгэл санааг эд хөрөнгө тэр дундаа мөнгөөр үнэлж, эдийн засгийн үнэлгээ тогтоож болдоггүй зүйл бөгөөд мөнгө төлсний төлөө сэтгэл санаа гэдэг нь эдгэрчихдэг, сайжирчихдаг зүйл биш. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгчээс болон хоёр хүүхдээс нь уучлалт гуйгаагүйн төлөө сэтгэл санааны хохирол шаардсан гэж ойлгогдохоор байх ба хэрэв уучлалт гуйх ёстой гэвэл талийгаачийг амь насаа алдахад хүргэсэн этгээд уучлалт гуйх ёс суртахууны үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Б надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн тайлбарт: “К.А-ийн нэхэмжлэлтэй Б.Е, Т.Б нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь: Талийгаачийг нас барсны дараа Монгол Улсын иргэншил олгож, хүүхдүүдийн эцэг тогтоосон байдал, мөн уг ослын улмаас эрүүгийн хэрэгт шийтгэгдэж гэм хорын хохирол арилсан болно.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00589 дүгээр шийдвэрээр  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.А-ийн “Ах, Ай нарыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсхүл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшнээс доошгүй хэмжээгээр хариуцагч Б.Е, Т.Б нараар тэжээн тэтгүүлж, сэтгэл санааны гэм хорд 30000000 /гучин сая/ төгрөг гаргуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар хариуцагч нарт холбогдуулан хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зөв дүгнэлт хийсэн. Энэ талаар маргахгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талийгаач Н.Е нас барахаасаа өмнө ажил хийж өдрийн 15,000 төгрөгийн орлого олдог байсан нь хавтаст хэрэгт цугларсан 2016 оны 3 дугаар 03-ны өдөр гэрч Б.Е-ыг байцаасан тухай тэмдэглэл, ШУТИС-ийн ГУУС-ын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/40 дугаар тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлт, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 236 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлүүд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.  Нөгөөтээгүүр, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2016 онд 192,000 төгрөг, 2017-2018 онд 240,000 төгрөг, 2019 онд 320,000 төгрөг, 2020 онд 420.000 төгрөг байхаар, Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар хүн амын амьжиргааны доод түвшнийг баруун бүсэд 2016 онд 164,800 төгрөг, 2017 онд 166,500 төгрөг, 2018 онд 178,000 төгрөг, 2019 онд 190,700 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.

Хэрэв талийгаач Н.Е амьд сэрүүн байсан бол дор хаяж дээрх хэмжээний орлого олох байсан. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хавтаст хэрэгт цугларсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн тухай 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр комиссын тэмдэглэл, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, МХЕГ-ын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 05/092/07 дугаар шинжээчийн дүгнэлт, ШУТИС-ийн ГУУС-ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/40 дугаар тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлт, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн газрын 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 441 дүгээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 онь 6 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаар магадлал, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/28 дугаар прокурорын тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Б.Е нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 9-10 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багийн нутаг “Цагаан гол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-ийн шар шороо авдаг үйлдвэрлэлийн талбайд “ВЕЙВЕН” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслээр хөдөлгөөн хийх явцдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаарх хууль дүрэм зөрчиж, өөрийн туслахаар ажиллуулж байсан Н.Е-ыг дайрч, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон буюу үйлдвэрлэлийн осол гарсан үйл баримт тогтоогдсон байдаг. Гэтэл шүүх энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйл, 508 дугаар зүйл, 509 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэгдсэн, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан учраас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч К.А нь хариуцагч Б.Е, Т.Б нарт холбогдуулан өөрийн асрамжид байгаа, нас барсан хохирогч Н.Е-ын насанд хүрээгүй хүүхдүүд болох Е.Ах, Е.Ай нарт гэм хор учруулсны төлбөрийг 18 насанд хүртэл нь сар тутам төлүүлэх, сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 30.000.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Б.Е нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багийн нутаг, Цагаан гол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-ийн шар шороо нийлүүлэх талбайд 0453 УНУ улсын дугаартай, “Вейвен” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа хохирогч Н.Е-ыг тээврийн хэрэгслээр дайрч, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тогтоогдсон, шүүгдэгч Б.Е-ыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял оногдуулсан байна.

            Тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А-ийн Ах, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин А-ийн Ай нарын эцэг нь Н.Е мөн болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Е нь гэмт хэргийн улмаас 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нас барсан үед түүний хүү Е.Ах нь 4 нас 9 сартай, охин Е.Ай нь 3 нас 2 сартай ээж К.А-ийн асрамжид байжээ.

 

            Иймээс нэхэмжлэгч К.А нь хариуцагч Б.Е-д холбогдуулан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508.2 дахь хэсэг, 508.3 дахь хэсэг, 508.4 дэх хэсгийн 508.4.1 дэх заалт, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсгийн дагуу насанд хүрээгүй Е.Ах, Е.Ай нар арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл, сар тутам гэм хор учруулсны төлбөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Харин хариуцагч Б.Е Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорыг хариуцан арилгах, төлөх үүрэгтэй байна.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр Е.Ах, Е.Ай нар амь хохирогч Н.Е-ын хүүхдүүд мөн болох нь тогтоогдсон тул тэдгээр нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийн 520.1.1 дэх заалтын дагуу нас барагчийн хууль ёсны өв залгамжлагчид байна. Иймээс эрх зүйн зарим буюу бүрэн бус чадамжтай Е.Ах, Е.Ай[1] нарын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг тэдгээрийн эх К.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд мэдүүлэх, нэхэмжлэл гаргах замаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч К.А нь нас барагчийн найман нас хүрээгүй хүүхдийг асран хүмүүжүүлж байгаа учраас тэрээр Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй гэж үзнэ. Энэ талаарх хариуцагч Б.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульчилжээ. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчийн өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад “нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар” тогтооно гэж зааснаас үзэхэд, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч амь хохирогч Н.Е-ын “сарын цалин хөлс, орлогыг” баримтаар нотолсон тохиолдолд хариуцагчаас гаргуулах гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломжтой.

Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нас барагчийн сарын цалин хөлс, орлогын хэмжээ тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Е-ын өгсөн “Тэр залууд нэг өдөрт 15.000 төгрөг өгөхөөр тохирч, дагуулж явж байсан.” гэх мэдүүлэг[2], Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулагдсан шинжээч нарын дүгнэлтэд[3] “Осолд орж амь үрэгдсэн хохирогч Н.Е нь ...осол гаргасан жолооч Б.Е-ын мэдүүлснээр түүний туслахаар ажиллаж өдөрт 15.000 төгрөгийн хөлс авч байхаар тохиролцсон...” гэж тэмдэглэгдсэн баримтууд нь тус тус хуулийн дээрх зохицуулалт дахь урьдчилсан нөхцөл болох амь хохирогчийн “сарын цалин хөлс, орлогыг” шууд нотлохгүй, эдгээр баримтуудаар маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой дэрх нөхцөл байдал бүрэн, хангалттай тогтоогдохгүй байна. Шүүх таамаглалд үндэслэж шийдвэр гаргадаггүй, харин хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учраас тэдгээр баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нас барагчийн сарын цалин хөлс, орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, эсхүл тухайн бүс нутагт үйлчлэх амьжиргааны түвшний хэмжээгээр тооцож, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсгийг шүүх төсөөтэй хэрэглэн маргааныг хянан шийдвэрлэхийг хүсэж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохтой холбоотой гэм хор учруулснаас үүсэх тусгайлсан үүргийн харилцааг тухайлан зохицуулсан бол мөн хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахтай холбоотой зохицуулалтыг Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай уялдуулан хуульчилжээ. Иргэний хуульд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахтай холбоотой харилцааг тухайлан /508 дугаар зүйл/ зохицуулсан, түүнчлэн тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг /505.2/ бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болох учир Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

2. Хариуцагч Б.Е-ын хохирогч Н.Е-ыг тээврийн хэрэгслээр дайрч, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйл баримтад хамтран хариуцагч Т.Б нь гэм буруутай эсэх нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байна. Тиймээс анхан шатны шүүх хамтран хариуцагч Т.Б-д холбогдох К.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Нэхэмжлэгч К.А нь давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдааны явцад хамтран хариуцагч Т.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлдээ татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.А нь хариуцагч Т.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Т.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тус хэргээс Т.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгчийн “сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 30.000.000.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К.А нь хариуцагч Т.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00589 дүгээр шийдвэрийн хариуцагч Т.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тус хэргээс Т.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

С.ӨМИРБЕК

 


[1]Төрсний гэрчилгээнүүд хэргийн 15 дугаар талд.

[2] Хэргийн 128 дугаар хуудасны ар тал.

[3] Хэргийн 139 дүгээр хуудасны ар тал.