Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Г.Д, А.О  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02884 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Ж-ын  хариуцагч О.Б-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 52 тоот гурван өрөө 87.08 м.кв талбайтай бүртгэгдээгүй орон сууц, 61 тоот автозогсоолын захиалгын гэрээ, түүний эрхийг худалдсаны үлдэгдэл төлбөрт 130 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Ж нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 310 тоот хаягт байрлалтай 830 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшдэг. Үүнийгээ худалдан борлуулахаар өөрийн хүү н.Батбаяр, бэр болох Т.Б нарт хэлсэн байдаг. Энэ газраа борлуулахаар болоод Т.Б болон н.Б нар нь тухайн үед өөрийн Эх орон телевизэд жолоочоор ажиллаж байсан О.Б гэх хүнд худалдан борлуулж өгөөч, шагнал урамшууллыг нь өгье гэсэн байдаг. О.Б нь цаашаа н.Н, н.Н гэх хоёр хүнд хандан н.Наранбат нь танилын хүрээ ихтэй тул тухайн үед Голомт банкинд захирлаар ажиллаж байсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулдаг зуучлалын Опен Риэлти ХХК-ийн захирал н.Ннар нь харилцан тохиролцоод зуучлалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зуучлуулж байгаа тал газрыг 970 000 000 төгрөгөөр худалдаж борлуулж, 970 000 000 төгрөгийн үнийн дүнгээс давсан үнийн дүнгээр худалдан борлуулсан илүү мөнгийг зуучилж байгаа тал зуучлалын хөлсөнд авахаар тохиролцсон. Ингээд Ж.Ж гэх хүнийг төлөөлөөд тухайн гэрээнд Т.Б гэх хүн гарын үсэг зурсан. Зуучлагч талаас н.Н гэх хүн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зуучлалын гэрээг байгуулсан. Тухайн гэрээ байгуулсны дараагаар зуучлагч нар нь “СГ” ХХК-д тухайн газрыг 1 120 000 000 төгрөгөөр борлуулахаар болсон. 1 120 000 000 төгрөгөөс 300 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 900 000 000 төгрөгт Жинхэнэ-Уянга ХХК-ийн захиалгаар бариулж буй Хан-Уул дүүргийн Гэрэлт хотхоны тус бүр 3 өрөө 3 ширхэг орон сууц, 61 тоот автомашины зогсоолын хамт бодож авсан. Талууд зуучлалын гэрээгээ цаашид хэрхэх талаараа харилцан тохиролцож зуучлуулагч талаас тухайн орон сууцыг борлуулаад бэлэн мөнгөөр нь олговол сайн байна гэсэн. Ингээд 2 орон сууцыг нь борлуулаад өөрсдийн авах 150 000 000 төгрөгийг авч нийт 690 000 000 төгрөгийг бэлнээр, дээрээс нь нэмж маргаан бүхий 52 тоот орон сууц, гражийг Т.Б-д 2013 оны 8 дугаар сард өгснөөр зуучлалын гэрээ дуусгавар болсон. Талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээ дуусгавар болсон даруйд нь хариуцагчийн зүгээс тухайн Гэрэлт хотхоны 52 тоот орон сууцыг авах санал тавьсан бөгөөд 280 000 000 төгрөгийн үнийн саналын талаар ярилцаад 150 000 000 төгрөгийг бэлнээр өгье, үлдэгдэл 130 000 000 төгрөгийг зээл хэлбэрээр төлж дуусгая гэсэн. Талуудын тохиролцсоноор 6 сарын хугацаанд зээлийн гэрээ үүргээ барагдуулвал 30 000 000 төгрөгийг тооцоод 90 000 000 төгрөгийг төлөх, хэрэв төлөх боломжгүй бол 40 000 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. “ГП” ББСБ буюу н.Ж-ийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж зээлийн гэрээг байгуулсан. Тухайн 150 000 000 төгрөгийн орон сууцны урьдчилгааг бичгээр хийж өгсөн боловч О.Б гэрээний дагуу нэг ч эргэн төлөлт хийгээгүй. Улмаар тухайн орон сууцыг тухайн зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш өөр этгээдэд зарж борлуулсан. Нэхэмжлэгч хариуцагчаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 2-25 байрны 52 тоот, 3 өрөө 87.7 м.кв бүхий улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц, 61 тоот граж захиалгын гэрээ, түүний эрхийг худалдсаны үлдэгдэл төлбөр 130 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Глобал Профит” ББСБ ХХК-ийн О.Б-т холбогдох зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт орон сууц захиалгын гэрээний эрхийг эзэмших эрхтэй этгээдийг Ж.Ж, Т.Б нар гэж дүгнэсэн байгаа. Ж.Ж-ын газрыг борлуулсны төлбөрт авсан орон сууцыг цааш худалдахдаа нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, энэ хүн нэхэмжлэгч биш, би хариуцагч биш гэх зэргээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Т.Б Ж.Ж-ыг төлөөлж тухайн гэрээнд гарын үсэг зурж, зуучлалын гэрээг байгуулж, зуучлалаар ирсэн эд зүйлийг хүлээн авч түүний даалгавраар О.Б-т захиалгын гэрээгээр худалдан борлуулсан асуудал юм. Тухайн байрыг аваад зарсан гэдэг дээр маргахгүй байх гэж бодож байна. Үлдэгдэл төлбөрийн асуудлаар ийм байдлаар татгалзахыг зөвшөөрөхгүй. Орон сууц захиалгын гэрээний эзэмшигч байсныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тогтоогдсон буюу нийтэд илэрхий болсон баримтаар Ж.Ж, Т.Б нарын эзэмшлийн буюу тэдний төлбөрт өгсөн эзэмшил болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “Глобал Профит” ББСБ ХХК болон О.Б нарын хооронд байгуулсан эрх зүйн үр дагавар үүссэн эсэх нь тодорхойгүй зээлийн гэрээг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгодог. н.Ж-ийн нэр дээр байдаг “Глобал Профит” ББСБ ХХК гэсэн байна. Ж.Ж О.Б-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 240 000 000 төгрөг шаардсан боловч багасгаж 130 000 000 төгрөг гаргуулна гэсэн. Иргэн Ж.Ж, О.Б нарын эзэмшилд газар байсан эсэхээс үл хамаараад тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй. Иргэн Ж.Ж-ын  нэр дээр маргааны зүйл болох газар нь эзэмшил үүсээгүйгээр байсан байдаг. Эзэмшлийнхээ худалдан борлуулах эрхийг Т.Б-д шилжүүлсэн баримт байдаг. Харин итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн эрх нь худалдан борлуулсны үр дүнд бий болсон эд хөрөнгө, мөнгийг захиран зарцуулах эрхийг Ж.Жавзандуламаас Т.Б болон “ГП” ББСБ ХХК нарт олгосон баримт байхгүй. Газар худалдан борлуулах эрхийг олгосон боловч худалдан борлуулснаас бий болсон эд зүйл, эд хөрөнгө, хариу төлбөрт ирсэн эд хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах вэ гэдгийг Т.Б болон “ГП” ББСБ ХХК нарт олгосон талаарх баримт байхгүй. Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц захиалгын гэрээг О.Бнэр дээр шилжүүлж өгөхийг Т.Б зөвшөөрөөд О.Б-т шилжүүлж байна. О.Б 150 000 000 төгрөгийг төлчихсөн байгаа. Сүүлд 90 000 000 төгрөгөөр тооцвол урамшууллаа 90 000 000 төгрөгөөр тооцох, хугацаа хэтэрвэл 130 000 000 төгрөгөөр тооцох талаар хэлцэл хийсэн болохыг Т.Б нь хүчээр гарын үсэг зуруулж авсан гэдэг. Гэхдээ Т.Б хүчээр гарын үсэг зуруулсан байна уу, зээлийн гэрээн дээр зуруулсан байна уу гэдгийг тооцохгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа үндэслэл нь Ж.Ж-ын  газар эзэмшүүлэх эрхээ худалдан борлуулсны үр дүнд бий болсон хөрөнгийг захиран зарцуулах эрхээ Т.Б-д олгосон эсэх нь тодорхойгүй байхад Т.Б-тай байгуулагдсан гэрээг үндэслээд О.Б-т холбогдуулж Ж.Ж нэхэмжлэл гаргах эрхгүй. О.Б-т холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь Т.Б болох юм. Газар зарсан эсэх, хэдэн төгрөгөөр зарсан эсэх нь маргаанд хамаарахгүй. Газар зарсан этгээд болох Т.Б, зуучилж өгсөн этгээд болох О.Б нарын хооронд үүссэн маргаанд Ж.Ж, О.Б нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад маргалдаад байгааг Улсын дээд шүүх тогтоосон. Иргэн Ж.Ж өөрийн эзэмшил газрыг зарах эрхийг Т.Б-д олгож заруулаад энэ газар зарсан үр дүнд бий болсон хөрөнгийг хэрхэн захиран зарцуулсан талаар Ж.Ж, Т.Б нарын хооронд байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Т.Б-тай О.Батбаярын хийсэн хэлцлийн үр дагаврыг Ж.Ж нэхэмжлэх эрх нь тодорхойгүй байна. “ГП” ББСБ ХХК, О.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байна, энэ хэлцлийн дагуу мөнгө олгогдохгүй гэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь иргэний хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн үндсэн шаардлага адилхан мөртлөө нэхэмжлэгч солигдсон байна. Нэхэмжлэгчийн тухайн үед гаргасан байдлууд бүгд хэвээрээ. Одоо Т.Б-тай ямар нэгэн хэлцэл байхгүй, дууссан. Энэ гэрээгээр өгөхгүй гэж маргаж байгаа. Үүрэг үүссэн гэдгээ нотлоод өгчихвөл бид төлөх боломжтой гэж үзэж байна. Өмчлөх эрх нь үүсээгүй байгаа газрыг, эзэмших эрхийг бусдад төлбөртэйгээр борлуулсны албан татвар төлсөн эсэх нь тодорхойгүй, өмчлөх эрх нь маргаантай байгаа. Улсаас авсан газраа тэрбум орчим төгрөгөөр зарсан. Өмчлөх эрх үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлснээр баталгаажна. Энэ маргааны хувьд хийсвэр буюу субъектив байдлаар эрх үүссэн, үүсээгүй, эрхээ бусдад шилжүүлсэн, шилжүүлээгүй гэж байгаа. Тэгэхээр бодитойгоор үйл баримтыг тогтоосон баримт байхгүй байгаа. О.Б н.Ж-аас өгсөн 300 000 000 төгрөгийг авсан гэх баримт байхгүй. Ж.Ж-ын  О.Б хоёрын хооронд өмчлөх эрхийн талаар маргаан үүсгэх эрх зүйн харилцаа бий болоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч О.Б-аас эрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 130 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 327 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 807 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2,110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх шилжих талаар заасан. Ж.Ж-ын  газрыг худалдан авсан “СГ” ХХК нь маргааны зүйл болох 87.07 м.кв байрыг өмчлөх эрхтэй талаар “Жинхэнэ-Уянга” ХХК-тай байгуулсан гэрээ хэлцэл, баримт хэрэгт авагдаагүй. Үүнээс үндэслэн 87.07 мкв байрыг барьсан “Жинхэнэ-Уянга” ХХК-иас Ж.Жавзандуламд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээ, хэлцэл, баримт материал мөн адил хэргийн материалд авагдаагүй. Учир нь Ж.Жавзандуламд 87.07 м.кв байрны өмчлөх эрх шилжээгүй. Анхнаасаа “СГ” ХХК нь 87.07 мкв байрыг эзэмших, өмчлөх эрхтэй талаар тодорхойгүй. Мөн Ж.Ж өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулах эрхийг итгэмжлэлээр Т.Б-д олгосон гэх боловч итгэмжлэл байхгүй. Тэгээд хууль зүйн талаасаа байгаа гэж үзсэн ч уг итгэмжлэлээр маргаж буй 87.07 м.кв 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд очсон байх үндэслэлгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг “СГ” ХХК-д шилжүүлээд үүний хариу төлбөрт “Жинхэнэ-уянга” ХХК-ийн орон сууцууд шилжиж байгаа юм бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасныг зөрчсөн. 87.07 м.кв 3 өрөө байрын өмчлөх эрхийг олж авахтай холбоотой итгэмжлэл хэрэгт авагдаагүй. Харин эсрэгээрээ гэрч Д.Наранбат нь газар зуучлан борлуулсны 10 хувийг О.Б-т Ж.Ж-ын  талын хүмүүс болох Т.Б нар нь төлнө гээд төлөөгүй залилсан тухай хууль сануулан авсан мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлээгүй, мөн Ж.Ж-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Н-д итгэмжлэл олгогдоогүй байхад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж шийдвэрт заасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэс болгосон гэж үзэж маргаж байна.

Шийдвэрт “... Ж.Ж болон түүнийг зуучлалын гэрээнд төлөөлсөн Т.Б нар нь О.Б-т зуучлалын гэрээний хөлс төлөхөөр болон амлалт өгсөн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж буруу дүгнэсэн. Хэргийн материалд авагдсан эрүүгийн хэрэгт холбогдуулан өгсөн Т.Баясгалангийн мэдүүлэгт “зуучлалын хөлс болгож 10 хувийг өгөх үү” гэхэд “зарж чадвал ав” гэсэн тухайгаа хүлээн зөвшөөрсөн талаар нотлох баримт хэрэгт авагдсан нь шүүхийн энэ дүгнэлтийг үгүйсгэж байна. Нэхэмжлэгчийн нотлогдоогүй, нотлох баримт нь Ж.Ж-тай холбогдоогүй буюу нотолгооны шинж чанаргүй, Ж.Ж нь зуучлалын гэрээний талаар мэдэхгүй буюу анх тохиролцсон үнээс илүү хэмжээгээр зарагдсан тохиолдолд зуучлалын 10 хувийн урамшуулал тооцох тухай тохиролцоог Т.Б хийсэн үйл баримтыг тооцолгүй орхигдуулснаар хариуцагчийн хүчин төгөлдөр өмчлөлд шилжсэн байрны төлбөр бүрэн барагдсан үйл баримтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс уг үйл баримтыг нотлох баримтад тооцолгүй орхигдуулсан байдлыг магадлан тогтоолгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ж.Ж нь хариуцагч О.Б-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Гэрэлт” хотхоны 25 дугаар байрны 52 тоот гурван өрөө 87.07 м.кв талбайтай орон сууцны захиалгын гэрээ, түүний эрхийг зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 130 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ж.Жавзандуламд төлбөр төлөх үндэслэлгүй, хууль болон гэрээгээр үүрэг үүсээгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Ж.Ж нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 310 тоот үйлчилгээтэй амины орон сууцыг нэгж талбарын 168030/0008 дугаар бүхий 1976 м.кв газрын эзэмших эрхийн хамт бусдад шилжүүлэх гэрээ хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Т.Б-д 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн итгэмжлэлээр олгожээ. /хх1-10/

            Дээрх итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу Т.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зуучлалын гэрээг “Опен риэлти” ХХК-ийн захирал Д.Н Ж.Ж-ыг төлөөлж байгуулан, зуучлагч нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг, газрын эзэмших эрхийн хамт худалдан борлуулах, зуучлуулагч нь үнэд 970 000 000 төгрөгийг хүлээн авсан тохиолдолд зуучлан борлуулах ажлыг гүйцэтгэгдсэнд тооцож, уг дүнгээс илүү гарсан хэмжээг зуучлалын хөлсөнд өгөхөөр гэрээний нөхцлийг харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан нь /хх1-5,6/ хэрэгт авагдсан уг гэрээ, түүнийг хэрэгжиж дуусгавар болсон талаар болон 87.07 м.кв талбайтай нэг байрыг нь О.Б 280 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа төлбөрт 150 000 000 төгрөг төлсөн болно гэж гэрээнд нэмэлт тэмдэглэл хийсэн тухай хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх1-6 талын ар/

 

            Дээрхээс үзвэл зуучлалын гэрээний талууд гэрээгээр тохиролцсоны дагуу үүргээ биелүүлж, гэрээ дуусгавар болсон байх бөгөөд зуучлагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний үр дүнг  Ж.Ж-ын  үл хөдлөх эд хөрөнгө, эрхээ худалдан борлуулсны үнэ гэж үзэх тул Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд Ж.Ж-ын  өмнө үүрэг хүлээхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэхдээ хуулийг зөв хэрэглэсэн, 87.07 м.кв талбай бүхий орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд очсон байх үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

            Ж.Ж нь дээрх 87.07 м.кв талбай бүхий орон сууцны үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд, О.Б-аас 150 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл төлбөрийг  3 сард багтаан төлбөл 90 000 000 төгрөг болгон хөнгөлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан боловч энэ хугацаанд төлөөгүй тул 130 000 000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

            Хариуцагч О.Б нь Ж.Ж-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-тай тохиролцож, уг байрны захиалгын гэрээг үндэслэн  орон сууцыг 280 000 000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 150 000 000 төгрөг төлсөн тухайд маргаагүй, харин үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээ  зуучлалын хөлсөнд тооцсон тул төлөхгүй гэж татгалзал гаргажээ.

            Хэрэгт баримтаар авагдсан 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний 1.9, 2.5-д “Гэрэлт хотхоны 87.07 м.кв гурван өрөө /280 сая-аас 150-40/” гэж тэмдэглэж, зээлийн барьцаанд уг байрыг тавина гэсэн заалтыг О.Б зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан байна. Мөн зуучлагч Д.Н 2014 оны 4 дүгээр сарын 28-нд цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Б байрны урьдчилгаа төлбөр гэж 150 000 000 төгрөгийг Т.Баясгалангийн ажлын өрөөнд бэлнээр өгч, үлдсэн 130 000 000 төгрөгийг зээлээр өгөхөөр болж Т.Б, Б нар хоорондоо гэрээ хийсэн” гэж мэдүүлсэн нь хэрэгт баримтаар авагджээ. /хх1-53/

 

Хэргийн дээрх нөхцөл байдал, баримтыг нэгтгэн дүгнэвэл 130 000 000 төгрөг нэхэмжилсэн үндэслэл нь хэргийн бусад баримтаар нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар няцаагаагүй байна.

 

Улмаар хариуцагч нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан захиалгын гэрээг бусдад шилжүүлэн төлбөрийг бүрэн авч, өмчлөх эрх н.Ж-д шилжсэн нь хэргийн 47-51 дүгээр талд авагдсан гэрчийн мэдүүлэг, захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр нотлогдож байх бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлмэгц орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаанд тавих нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

 

Иймд шүүх 130 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт нийцсэн, хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02884 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807 950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.О

                                                     ШҮҮГЧИД                          Г.Д

                                                                                                А.О