Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/03896

 

 

 

 

 

 

                              2021        11          29

                      101/ШШ2021/03896

           

 

 

 

                           

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК

 

Хариуцагч: Б ХХК

 

Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтын үлдэгдэл 838,547,911 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Гэрээний алдангид 471,654,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу “Б” ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48,965,807 төгрөг, барилгын сафутыг түрээслүүлж олох байсан орлого нийт 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймаг, 3амын-Үүд сум, ЗТЯамны захиалгатай, Улс хоорондын авто вокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг хариуцагч “Б” ХХК-тай байгуулсан юм. Дээрх гэрээний дагуу манай компани захиалагч “Б” ХХК-ийн 600,000,000 төгрөг буюу 33,5 хувийн, компани өөрийн болон зээлийн 1,189,700,000 төгрөг буюу 66,7 хувийн санхүүжилтээр 2013 оны 8 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал 1,789,733,352 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн болно. Захиалагч “Б” ХХК-нь 2012 онд 562,000,000 төгрөгийг газар шорооны ажлын гүйцэтгэлээр, 2,073,000,000 төгрөгийг урьдчилгаагаар нийт 2,625,000,000 төгрөгийн санхүүжилтийг авчихсан байдаг. Тэрчлэн 2013 оны 9 дүгээр сард манай компанийн гүйцэтгэсэн ажлаар 2,247,424,416 төгрөгийн гүйцэтгэл гарган 2012 онд авсан 2,000,000,000 төгрөгийн урьдчилгаагаа суутгуулаад 200,000,000 төгрөгийн санхүүжилтийг нэмж авсан. Ийнхүү Зам тээврийн яамнаас нийт 2012, 2013 онд 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байгаа боловч нийт гүйцэтгэлийнх нь 64,3 хувийг гүйцэтгэсэн манай компанид нийт авсан санхүүжилтийнхээ 21,4 хувийг өгч манай компанид өгөх ёстой 1,2 тэрбум төгрөгийг зориулалт бусаар өөр төсөлд зарцуулан туслан гүйцэтгэгч манай компанийг хохироосон байгаа юм. Мөн уг ажлыг Зам тээврийн болон АҮЯ-нь концесийн гэрээгээр өөр байгууллагаар гүйцэтгүүлэхээр болж “Б” ХХК нь 2016 оны 5 дугаар сард Авто Тээврийн Үндэсний Төвд хүлээлгэж өгөхдөө 2,835,000,000 төгрөгийн гүйцэтгэлээр тооцон хүлээлгэж өгсөн байдаг. Манай компани гүйцэтгэлээ ЗТБХБ-ын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн дагуу гаргасан болно. “Б” ХХК нь Зам тээврийн яаманд 2013 оны 9 дүгээр сарын 2,247,424,410 төгрөгийн гүйцэтгэл болон 2016 оны 5 дугаар сард Авто Тээврийн Үндэсний Төвд хүлээлгэж өгөхдөө гаргасан 2,835,000,000 төгрөгийн гүйцэтгэлээ ч мөн дээрх дүрмийн дагуу гаргаж санхүүжилтийн тооцоогоо хийсэн байдаг. Хариуцагч “Б” ХХК нь манай компаниар Дорноговь аймаг, 3амын-Үүд сум, Зам тээврийн яамны захиалгатай, Улс хоорондын авто вокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 1,789,733,352 төгрөгөөс 2013 онд 600,000,000 төгрөг, 2014 оноос хойш 155,000,000 төгрөг, Ландкрузер-200 маркийн авто машиныг 195,94 сая төгрөгийн санхүүжилтэд тооцож тус тус өгч нийт 951,185,441 төгрөгийн санхүүжилт өгөөд байгаа. Иймд гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдэл болох 838,547,911 төгрөгийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасны дагуу хариуцагч “Б” ХХК-с гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 838,547,911 төгрөг гаргуулна. Хариуцагчтай 2013 оны 8 сард Замын Үүд-д гаалийн агуулах, авто вокзалын барилга барих гэрээ хийсэн. Улмаар 2013 оныг дуустал нийт 1,789,733,352 төгрөгийн ажил хийсэн. Үүнээс 2017 дуустал цувуулан 951,185,441 төгрөгийн төлбөр төлсөн. Нийт гүйцэтгэсэн ажлын зөрүүгээр 838,547,911 төгрөг гаргуулна. Улмаар 2018 онд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх дээр 2 удаа шинжээч томилсон. Бэсгэ компаний дүгнэлт гарсан. Ажлын хэмжээ дээр маргаангүй. Харин үнэлгээ дээр маргадаг. Бид барилга хот байгуулалтын яамны баталсан үнэлгээгээр гүйцэтгэлээр үнэлгээг гаргадаг. Энэ нь 2012 оных. Харин хариуцагч нь 2009 оны хүчингүй үнэлгээгээр үнэлдэг. 2013 оныг дуустал гүйцэтгэсэн ажил тул 2012 оны журмыг мөрдөх ёстой юм. Бэсгэ нь энэ журмыг баримтлаад 2 талын төлөөлөгчийг байлцуулж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр тэр бум есөн зуу гаран саяар гаргасан. Хариуцагч нь зам тээврийн яамнаас энэ ажлыг авсан байдаг. Улмаар манай гүйцэтгэлээр зам тээврийн яамнаас 3 тэр бум орчим төгрөгийн гүйцэтгэл авсан байдаг. Яамны мэргэжилтэн гаргаж өгсөн мэдээллээр 2012 оны журмаар тооцож гүйцэтгэлээ авсан байдаг. Үүнийг үндэслээд давах шатны шүүх Бэсгэ-н дүгнэлтийг үндэслэлтэй гээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнийг дээд шүүх хэвээр үлдээсэн байдаг. Тэгээд шинээр илэрсэн нөхцөл гэдэг шалтгаанаар хэрэг ирсэн байдаг. Энэ хэргийг үндэслэж шийдсэн баримт нь хуурамч гэдэг. Цагдаагийн байгууллага нь хариуцагчийн гаргасан баримтуудыг бидэнд үзүүлээгүй хөөн хэлэлцэх хугацаагаар хаасан байсан. Гэтэл дээд шүүх дээр ирэхэд нь л мэдсэн. Тэгээд баримтуудтай нь танилцахад дандаа худлаа баримт байсан. Шийдвэрийн үндэслэл болсон баримт нь хуурамч биш юм. Баримтын агуулга нь өөрчлөгдөөгүй юм. Баримтад гарын үсэг зурсан хүн нь ихэвчлэн согтуу байхдаа гарын үсгээ янз бүрээр зурдаг байсан. Энийг нь цагдаа хууль зөрчиж баримт бүрдүүлсэн гэсэн байдаг. Бид энэ асуудлыг дээд шүүх дээр л мэдсэн. Нэхэмжлэгч нь гарцаагүй үндэслэлтэй баримтаар гаргасан тул тэр гарын үсгээс болж өөрчлөлт орох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлээ дэмжинэ. Хариуцагчийн төлөөлөгч нь гэрээнд тусгаснаас илүү ажил хийсэн гээд нэхэж байгаагаа нотлоогүй гэдэг. Гэтэл ажлын хэмжээний талаар 2 тал хийсэн ажлаа баталгаажуулсан байдаг. Ажлаа баталгаажуулсан акт байдаг. Энэ актыг үндэслээд ажлын үнэлгээ дээр л маргаан яваад байдаг. 2009 оны журам нь 2012 оны журмаар хүчингүй болсон байдаг. Гэрээний хавсралт гэж байдаг. Яамтай хийсэн гэрээний хавсралтыг манай компанитай байгуулсан гэрээний хавсралт гэдэг. Энэ асуудлыг давахын магадлал дээр дүгнээд энэ хавсралт нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хавсралт биш гэдэг. Үүнийг хариуцагчийг яамтай байгуулсан гэрээний хавсралт гэдэг.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Манайд сафут түрээсэлсэн бөгөөд одоо хүртэл ажиллаж байгаа гэдэг. Манай компани үүргээ гүйцэтгээгүйгээс зээл авсан гээд тэрний алданги шаардсан байдаг. Мөн манайх ажлаа гүйцэтгээгүйгээс алданги тооцно гэсэн байдаг. Шат, сафутыг хариуцагчаас хүлээж авсан зүйл байхгүй. Манайх ажлаа гүйцэтгэхийн тул хятадаас худалдаж аваад ашигласан манай хөрөнгө юм. Хариуцагч нь ажлаа гүйцэтгүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд шатны холбоос хэрэглүүлсэн ба бүрэн буцааж өгсөн. Зээлийг энэ ажилтай холбоотойгоор аваагүй ба банкнаас авсан зээлээ манайхаас нэхсэн байдаг. Үүнийг шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Сөрөг нэхэмжлэлд баталгаа гэж байгаагүй. Яам манайхаас болсон гээгүй. Өөрсдөөс нь болоод өөр газраар хийлгэх болсон. Манайтай хамааралгүй юм. Манайтай хамааралгүй гүйцэтгэлийн баталгаа юм. Хариуцагч нь манай 1.8 тэр бум төгрөгийн гүйцэтгэлээр 3 тэр бум гаруй төгрөг авсан гэв.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Л.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-с танай шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлд дурдсан хариуцагч “Б” ХХК-с 838,547,911 төгрөг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх ба тус гэрээний 4.6- д “ямар ч тохиолдолд гэрээний үнэд тохируулга, өөрчлөлт хийгдэхгүй” гэж заажээ. Мөн захиалагч, гүйцэтгэгч компанийн эрх бүхий албан тушаалтнууд /инженер/ болох гүйцэтгэгч талаас Ц.*******, Ц.******* н *******, захиалагч талаас н.******* нар гэрээний дагуу хийсэн гүйцэтгэгч компанийн ажлын тоо, хэмжээг баталгаажуулж акт үйлдсэн байдаг. Энэ актыг үндэслэн гүйцэтгэгчийн хийсэн ажилд нь ногдох санхүүжилтийг гэрээ хийсэн төсвөөр бодож Захиалагчаас гүйцэтгэгчид олгосон байна. Ажлын гүйцэтгэлийн тоо, хэмжээг гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн байж, тэрхүү гүйцэтгэл хүчин төгөлдөр болох учиртай. Гэтэл гүйцэтгэгч "Т" ХХК нь талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хийсэн төсвийн бус дүнгээр буюу өөрсдийн дураар ажлын гүйцэтгэлийг нэг талын акт үйлдэж /энэ актыг захиалагч тал хүлээн зөвшөөрөөгүй/ түүнийгээ үндэслэн их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 343.1, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.6 дахь заалтыг зөрчиж байна. Гэрээний заалтаа дагаж мөрдөх нь хуульд нийцэх ба Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсны дараа анх гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ, хөлсийг л төлөх үүрэгтэй бөгөөд захиалагч “Б” ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Иймд нэхэмжлэгч “Т' ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээний талаар. “Б ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамтай АТ/2012-02/132 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Дорноговь аймгийн ******* суманд баригдах улс, хоорондын зорчигч тээврийн авто вокзал болон гаалийн баталгаат агуулахын барилгын ажлыг нийт 6,116,534,487 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тус ажлын зарим хэсгийг буюу барилга угсралтын ажил, гадна тохижилтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Б” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Дорноговь аймгийн ******* суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” (цаашид “Гэрээ” гэнэ)-г байгуулсан. “Т” ХХК нь гэрээний дагуу (1) зорчигч тээврийн авто вокзал, (2) гаалийн баталгаат агуулахын барилгын барилга угсралтын ажлыг хийх үүргийг хүлээсэн. Гэрээний 4.1-д гэрээт ажлын нийт үнийг 4,716,540,000 төгрөг байхаар тохиролцсон ба гэрээний 5.2-т заасны дагуу “Т” ХХК нь ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийж дуусгах ёстой байсан. Гэвч гүйцэтгэгч гэрээний үүргээ ноцтой зөрчиж тогтоосон хугацаанд барилгын ажлыг дуусгаагүй өнөөдрийг хүрсэн болно.

“Т” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар. Дээрх гэрээний дагуу “Т” ХХК нь 4 давхар автовокзал болон 3 давхар агуулахын барилга угсралтын ажил, дотоод заслын ажлыг бүрэн дуусгах ёстой байсан боловч ердөө барилга тус бүрийн нэг давхрын карказын ажлын зарим хэсгийг хийсэн. Түүнээс өөрөөр “Тэрхийн-Ундаа” ХХК ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй. Энэхүү “Т” ХХК-ийн хийсэн дутуу ажлуудын нарийвчилсан тоо хэмжээг талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу “Т” ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэл, түүний тоо хэмжээн дээр талууд маргадаггүй ба уг тооцоо нь талуудын тохиролцсон “төсөв”-ийн дагуу гүйцэтгэгчийн ажлын хөлсийг тооцох үндсэн хэмжигдэхүүн болдог.

Төсвийн тооцооллын талаар. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ гүйцэтгэгч нь төсөв зохиож болохоор Иргэний хуульд зохицуулсан байдаг. “Б” ХХК нь Зам тээврийн яамтай байгуулсан гэрээний төсөв болох 6,1 тэрбум төгрөгийн ажлын төсөв (түүний задаргаа)-ийг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч талуудын байгуулсан гэрээний салшгүй нэг хэсэг болсон. (Гэрээний 2.1.1). Өөрөөр хэлбэл манай

компанийн яамтай байгуулсан болон “Т” ХХК-тай байгуулсан гэрээ нь нэг ижил төсвөөр (цаашид “Төсөв” гэнэ) бодогдож байгаа болно. Манай компани ЗТБХБ-ын яамтай өндөр төсвөөр гэрээ байгуулаад “Т” ХХК-р бага үнээр хийлгэсэн зүйл байхгүй бөгөөд нийт хийх ажлын төсвөө хоёр хувааж салгасан юм. Гэрээний хавсралт болсон дээрх Төсөвт “Т” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг нэг бүрчлэн зааж тэдгээрт шаардлагатай шууд (цалин, тээвэр, машин механизм, материал) болон шууд бус зардлыг бодох аргачлалыг мөн тохиролцсон. Нэгэнт Төсөвт хийх ажлын тоо хэмжээ, түүний үнэлгээг тооцох аргачлалыг тодорхой заасан, талууд хийсэн ажлын тоо хэмжээн дээр маргадаггүй тул “Т” ХХК-д төлөх төлбөрийн хэмжээг тооцоход ямар нэгэн бэрхшээл учрахгүй. “Б” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-ийн хийсэн ажлын хэмжээг төсөвт заасан үнэлгээний дагуу тооцоход нийт 961,730,031 төгрөгийн зардал гарсан байх ба хоёр барилгын хувьд дараах байдлаар зардал нь хуваагдаж байна. /1/ Авто вокзалын барилга 620,800,536 төгрөг, /2/ Агуулахын барилга 340,929,494 төгрөг. “Б” ХХК-ийн зүгээс Гэрээ болон Төсвийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэл болох 961,730,031 төгрөгийн зардлыг “Т” ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Харин “Т” ХХК нь гэрээгээр тохирсон ажлын үнэлгээг өндөрсгөх, гэрээгээр тохирсноос өөр материалын үнэ нэхэмжлэх зэргээр авто вокзалын барилгыг 586,094,661.20 төгрөгөөр, агуулахын барилгыг 273,816,854.77 төгрөгөөр тус тус өсгөж биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

          Авто вокзалын барилгын тооцоолол. Тус барилгын хувьд нийт ажил нь газар шорооны ажил, суурийн ажил, карказын ажил, хана, хамар ханын ажил зэргээр нийт хийх ажлыг 23 төрөлд хувааж Төсвийг тооцоолсон (эдгээрээс “Т” ХХК 6 төрлийн ажлыг тодорхой хэмжээнд хийсэн). Эдгээр ажил тус бүрийн үнэлгээг хэрхэн тооцохыг төсөвт заасан (доорх хүснэгтэд дугаарласан 11 төрлийн зардлын нийлбэрээр тооцно) ба тэдгээрийн нийлбэрээр нийт ажлын зардлын хэмжээ тодорхойлогдоно. Авто вокзалын барилгын хувьд гэрээний дагуу тооцоолсон нэгтгэсэн зардлыг “Т” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн тооцоотой харьцуулж үзвэл дараах зөрүү гарч байна.

 

 

Зардлын нэр

Гэрээний дагуу тооцоолол

“Т” ХХК-ийн тооцоолол

Зөрүү

1

Цалин

92,310,147.00

177,276,167.00

(84,966,020.00)

2

Материал

363,082,792.00

609,435,364.00

(246,352,572.00)

3

Тээвэр

16,899,804.00

38,983,929.00

(22,084,125.00)

4

Машин ашиглалт

16,707,308.00

39,305,696.00

(22,598,388.00)

 

Нэмэгдэл зардал

-

54,138,872.00

(54,138,872.00)

 

Ашиг

-

137,871,004.00

(137,871,004.00)

5

Бусад шууд зардал /58.4%/*0.26

14,016,373.00

 

14,016,373.00

6

Нэмэгдэл зардал /57%/* 1.34*0.26

18,331,687.00

 

18.331,687.00

7

Төлөвлөгөөт хуримтлал /95%/*0.26

22,800,606.00

 

22,800,606.00

8

Техник хяналтын зардал 2%

10,151,878.00

21,140,221.00

(10,988,343.00)

9

Нормчлолын сан 2%

979,468.00

1,902,620.00

(923,152.00)

10

Магадлашгүй ажлын зардал 2%

11,105,601.00

21,140,221.00

(10,034,620.00)

11

НӨАТ

54,414,872.00

105,701,103.20

(51,286,231.20)

 

Нийт дүн

620,800,536.00

1,206,895,197.20

(586,094,661.20)

 

Автовокзалын барилгын зардлыг гэрээний дагуу хэрхэн тооцоолсон, “Т” ХХК хэрхэн үндэслэлгүйгээр 586,094,661.20 төгрөгийн зөрүүг гаргасныг зардал тус бүрээр авч үзвэл:

Цалингийн зардал 92,310,147.00 төгрөгийн талаар. Цалингийн зардлыг төсөвт заасан “Цалингийн нэгтгэл” хүснэгтийн дагуу (1) хийсэн ажил, (2) ажлын тоо хэмжээ, (3) нэгж цалин гэсэн үндсэн гурван үзүүлэлтээр тооцохоор заасан. Талуудын хийсэн ажил, түүний тоо хэмжээн дээр маргаагүй, нэгж цалингийн хэмжээг мөн гэрээнд заасан тул уг үзүүлэлтээр бодож цалингийн зардлыг тодорхойлсон. Цалингийн зардал нь “Т” ХХК-ийн хийсэн ажил тус бүрээр буюу газрын, суурийн, карказ, хучилт, шал, шатны ажил гэсэн нийт 6 үндсэн хэсгээс бүрдэж байгаа.

Тэдгээрээс “суурийн ажил”-аар жишээ авч үзвэл: Төсөвт зааснаар суурийн ажил нь дотроо 15 дэд хэсгээс бүрдэж байгаа ба төсөвт тэдгээрийн цалингийн үнэлгээг дараах байдлаар нэг бүрчлэн заасан.

 

Ажлын нэр

Тоо хэмжээ /хийх ёстой/

Хэмжих нэгж

Нэгж цалин

Бүгд цалин

Баганын ЗмЗ хүртэл цул төмөр бетон суурь цутгах м250

14.76

м3

26 903

397 088

Баганын 5мЗ хүртэл цул төмөр бетон суурь цутгах м250

30.9

м3

19 403

599 551

...

 

 

 

 

Нийт

 

 

 

.....

 

Тооцоо нийлэх актаар “Т” ХХК-ийн хийсэн ажлын тоо хэмжээг талууд тохирсон ба төсөвт заасан аргачлалын дагуу тооцоход суурийн ажлын цалингийн зардал 14,595,388.00 дараах байдлаар гарч байна.

Ажлын нэр

Хийсэн тоо хэмжээ            /актад заасан/

Хэмжих нэгж

Нэгж цалин

Бүгд цалин

Баганын ЗмЗ хүртэл цул төмөр бетон суурь цутгах м250

13.50

м3

26 903

363 190

Баганын 5мЗ хүртэл цул төмөр бетон суурь цутгах м250

24.81

м3

19 403

481 388

...

 

 

 

 

Нийт

 

 

 

14,595,388.00

Дээрх жишгээр газар шороо, суурийн ажил, карказын ажил, шатны ажил, хучилтын ажлын цалингийн зардлыг нэг бүрчлэн тооцож нэгтгэхэд авто вокзалын барилгын ажлын нийт цалингийн зардал 92,310,116 төгрөг болж байна. “Т” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн тооцооллоор дээрх зургаан төрлийн ажлын цалингийн зардлыг 92,387,154.00 төгрөг гэж тооцоолсон нь гэрээний тооцоололтой ерөнхийдөө таарч байна (77,038 төгрөгийн зөрүү эс тооцвол). Гэвч “Т” ХХК нь дараах байдлаар /1/ талбайн инженер техникийн ажилтны цалин, /2/ нэмэгдэл цалин, /3/ нийгмийн даатгалын шимтгэл, /4/ ажлын багаж хэрэгсэл гэсэн гэрээнд заагаагүй дөрвөн зардлыг нэмж тооцоолсны улмаас 84,966,020.00 төгрөгийн цалингийн зардлын зөрүүг үүсгэсэн байна.

Ажлын нэр

Гэрээний дагуух тооцоолол

“Т” ХХК-ийн тооцоолол

Зөрүү

Газрын ажил

23,869,245.00

23,868,648.00

(597.00)

Суурийн ажил

14,595,388.00

14,668,303.00

72,915.00

Каркасын ажил

31,012,938.00

31,017,697.00

4,759.00 ‘

Хучилтын ажил

13,495,858.00

13,495,630.00

(228.00)

Шатны ажил

1,556,623.00

1,556,466.00

(157.00)

Шалны ажил

7,780,064.00

7,780,410.00

346.00

Нийт цалин

92,310,116.00

92,337,154.00

77,038.00

Талбайн инженер техникийн ажилтны цалин

 

15,705,816.18

_ 15,705,816.18

Нэмэгдэл цалин

 

34,183,246.98

34,183,246.98

Нийт цалин

 

142,276,217.16

142,276,217.16

НДШ /11%/

 

15,650,383.89

15,650,383.89

Ажлын багаж, хувцас хэрэгсэл /13.6%/

 

19,349,565.53

19,349,565.53

Ажиллах хүчний зардал

92,310,116.00

177,276,166.58

84,966,050.58

 

Ийнхүү “Т” ХХК-ийн цалингийн зардалд нэмж нэхэмжилж буй 84,966,050.58 төгрөгийн зардал нь үндэслэлгүй. Гэрээ болон төсөвт заагдаагүй байх тул үүнийг манай компани үүнийг төлөх үндэслэлгүй байна.

Материалын зардлын 363,082,792.00 төгрөгийн талаар. Төсөвт ажил тус бүрд зарцуулагдах бараа материалын жагсаалт, нэгж үнийг нэг бүрчлэн заасан. Тухайлбал, суурийн ажлын бетон зуурмагийг дараах материалыг хэрэглэж бэлтгэхээр төсөвт заасан.

Материалын нэр

Үнэ

Нийт орц

Зардал

Ус

5 000

516 595

3 582 978

Уулын элс

3 000

71 722

214 282

Хайрга 5-10 мм

18 500

1 070 526

19 804 731

Цемент м-300

125 000

12 318

1 539 839

Цемент м-400

130 500

523 696

68 342 381

...

...

...

...

 

            Өөрөөр хэлбэл “Т” ХХК дээрх төсөвт заасан материал, зардлын хүрээнд суурийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан ба нийт гүйцэтгэлд ашигласан материалыг дээрх байдлаар тооцож үзэхэд автовокзалын барилгад 363,096,250.54 төгрөгийн материалын зардал гарсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 609,435,364.00 төгрөгийн зардал гарсан гэж өөрсдийн тооцоололдоо бичжээ. Эдгээрийг шалгаж үзэхэд дараах хоёр шалтгааны улмаас “Т” XXК материалын зардлыг 246,352,572.00 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилсэн байна.

· Төсөвт заасан материалын нэгж үнийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, Төсөвт хар тосын нэгж үнийг 1,200 төгрөг гэснийг “Т” ХХК 2,500 төгрөгөөр тооцоолсон, хар цаасыг 6,500 төгрөг гэснийг 8,000 төгрөгөөр тооцсон гэх мэт.

· Төсөвт заагдсан дээрх материалыг хэрэглээгүй оронд нь Төсөвт огт тусгагдаагүй, материалын зардлыг нэхэмжилсэн. Тухайлбал, бетон зуурмаг 71,564,025 төгрөг, М-250 маркийн бетон 6,231,680 төгрөг, хүнд бетон зуурмаг 108,884,640 төгрөг, М-150 маркийн бетон 15082845.750 төгрөг гэх мэт гэрээнд тусгагдаагүй зардлыг гаргасан мэтээр тайлбарлаж материалын үнийг огцом өсгөн нэхэмжилжээ.

“Б” ХХК-ийн “Т” ХХК-ийн хийсэн ажил, түүнд зарцуулагдсан материалын хэмжээг Төсөвт заасан нэгж үнэлгээний дагуу тооцоолж нийт 363,082,792.00 төгрөгийг материалын зардалд төлсөн тул үндэслэлгүй нэмэгдүүлсэн 246,352,572.00 төгрөгийг төлөх боломжгүй.

Тээврийн зардлын 16,899,804.00 төгрөгийн талаар. Төсөвт тухайн ажил бүрийн бараа материалтай хамт түүнийг тээвэрлэх зай, нэгж тариф, нийт тээврийн зардал зэргийг нарийвчлан зааж өгсөн. Дээр дурдсан суурийн ажлын зарим материал дээр жишээ авч үзвэл:

Материалын нэр

Нийт жин

Зай

Тариф

Зардал

Ус

516 595

5

447.01

1 154 617

Уулын элс

117 855

10

343.78

405 162

Хайрга 5-10 мм

1 873 420

10

343.78

6 440 445

Цемент м-300

12 565

10

343.78

43 196

Цемент м-400

534 170

10

343.78

1 836 371

 

Дээрх зай, тарифын дагуу хэрэглэгдсэн материалын тээврийн зардлыг тооцож үзэхэд 16,899,804.00 төгрөгийн тээврийн зардал гарсан байна. Харин “Т” ХХК уг зардлыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 38,983,929 төгрөг гэж тооцоолжээ. Уг тооцооллыг хэрхэн хийсэн, ямар баримт дээр үндэслэсэн нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас харагдахгүй байна.

Машин ашиглалтын зардлын 16,707,308.00 төгрөгийн талаар. Төсөвт барилгын ажилд хэрэглэгдэх машин, механизмын нэг цагийн нэгж үнэлгээг заасан боловч “Т” ХХК уг зардлыг 22,598,388.00 төгрөгөөр нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тооцооллоос үзэхэд уг зөрүү нь дараах шалтгааны улмаас үүссэн байна.

· “Т” ХХК-ийн төсөвт заасан машин ашиглалтын зардлын нэгж үнэлгээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн. Тухайлбал.

 

Машин механизмын төсөв

Машин механизмын төсөв                                                     /машин тоогоор бодох нэгж үнэ төгрөгөөр/

Төсөвт заасан байдал /... дэх тал/

Тгийн тооцоолол

Хар тос чанадаг тогоо 500л

7,450

22,620

Бульдозер 54/80м.х

13,108

88,573

Автокран 5тн

10,146

15,000

Автомашин

2,550

3,453

Гагнуурын аппарат

5,783

18,989

Гадаргуугийн доргиур

3,190

8,275

Гүний доргиур

2,357

7,991

 

· “Т” ХХК төсөвт заагаагүй машин механизмыг ашигласан мэтээр бичжээ. Тухайлбал, Гинжит краныг нэгж үнийг 52,260 төгрөгөөр тооцож 59,4 цаг буюу 3,104,688,21 төгрөг, доргиурыг нэгж үнийг 2316 төгрөгөөр тооцож 52,065 цаг буюу 120,582.4 төгрөг гэх мэт зардлууд гарсан гэж бичжээ.

Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь /1/ төсөвт заасан нэгж үнийг өсгөсөн, түүгээр зогсохгүй /2/ төсөвт заагаагүй гинжит кран, доргиур гэх мэт зүйлсийг ашигласан зэргээр машин механизмын зардлыг үндэслэлгүйгээр 22,598,388 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

         “Т” ХХК-ийн нэхэмжилсэн нэмэгдэл зардал гэх 54,138,872 төгрөгийн талаар. Дээр дурдсан цалин, материал, тээвэр, машин ашиглалт гэсэн шууд дөрвөн зардлын хэмжээнээс шууд бус зардлын хэмжээг томьёолон тооцдог. Төсөвт нэмэгдэл зардлын хэмжээг “цалингийн зардлын 57 хувийг “1,34*0.26” гэсэн томьёоллоор тооцож тооцохоор заасан. Уг томьёоллын дагуу тооцоход нэмэгдэл зардал нь 18,331,687.00 төгрөг болж байгаа ба “Т” ХХК үндэслэлгүйгээр 54,138,872 төгрөгийн нэмэгдэл зардлыг нэхэмжилсэн байна.

          “Т” ХХК-ийн нэхэмжилсэн ашиг гэх 137,871,004.00 төгрөгийн талаар. Талууд нийт гэрээний үнийн дүнг 4,716,540,000 тохирсон үүнд холбогдох зардлууд болон “Т” ХХК-ийн ашиг багтсан болно. Гэрээ болон төсвөөр “Б” ХХК нь “Т” ХХК-д нэмэлт ашиг тооцож олгохоор тохиролцоогүй тул уг төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй. Харин төсөвт заасны дагуу “Төлөвлөгөөт хуримтлалыг” нийт цалингийн 95 хувийг 0.26 үржүүлсэн хэмжээгээр тооцож 22,800,606.00 төгрөгийг “Т” ХХК-д төлсөн болно.

           Техник хяналтын зардлын 10,988,343.00 төгрөг, нормчиллын сангийн 923,152.00 төгрөгийн талаар. Төсөвт техник хяналтын зардал, нормчиллын сангийн зардлыг дээрх шууд болон шууд бус зардлуудын 2% болон 0.18%-тай тэнцүү байхаар заасан. Тиймээс техникийн хяналтын зардал нь 10,151,878.00 төгрөг (544,148,717.5 төгрөг * 2%), нормчиллын зардал нь 979,468.00 төгрөг /544,148,717.5 төгрөг * 0.18%/ гарч байгаа болно. Харин “Т” ХХК нь эдгээр зардлыг 21,140,221.00 төгрөг, 1,902,620.00 төгрөг гэж тус тус тооцсон нь гэрээнд нийцэхгүй байна.

          Магадлашгүй ажлын зардлын 10,034,620 төгрөгийн зөрүүний талаар. Шууд болон шууд бус зардлуудын дүн мөн эдгээр дээр техникийн хяналтын зардал, нормчиллын зардлыг нэмсэн нийт дүнгийн 2 хувиар магадлашгүй ажлын зардлын дүнг тооцохоор төсөвт заасан. Тиймээс төсвийн дагуу дээрх зардлууд нь 555,280,063.19 төгрөг болж байгаа үүний 2 хувь нь 11,105,601.00 төгрөг болж байгаа болно. Харин “Т” ХХК нь шууд болон шууд бус зардлуудыг үндэслэлгүйгээр ихэсгэж бодсон тул магадлашгүй ажлын зардлын дүн мөн өндөр гарсан байна.

          НӨАТ 51,286,231.20 төгрөгийн зөрүүгийн талаар. НӨАТ-ыг цалин, материал, тээвэр, машин ашиглалт зэрэг шууд зардал болон бусад шууд зардал, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт зардлын нийлбэр (554,148,717.5 төгрөг)-ээс 10 хувиар тооцож 54,414,872.00 төгрөгийг “Б” ХХК “Т” ХХК-д төлсөн тул “Т” ХХК-ийн нэхэмжилж буй 105,701,103.20 төгрөгийн НӨАТ-ыг төлөх үндэслэлгүй.

          Гаалийн баталгаат агуулахын барилга. Гаалийн баталгаат агуулахын хувьд “Т” ХХК-ийн хийсэн ажлын тоо хэмжээг мөн талууд акт үйлдэж баталгаажуулсан тул түүний тоо хэмжээ дээр маргадаггүй. Хийсэн ажлын тоо хэмжээ тодорхой, түүний үнэлгээг төсөвт заасан тул нийт ажлын өртгийг тооцоолоход асуудал үүсэх учиргүй. Гэтэл гаалийн баталгаат агуулахын барилгын бодит өртөг 340,929,543.59 төгрөгийг “Т” ХХК нь 273,816,854.77 төгрөгөөр үндэслэлгүйгээр өсгөж уг зөрүүг манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Үүнийг дараах байдлаар харуулж байна.

 

Зардлын нэр

Гэрээний дагуу тооцоолол

“Т” ХХК

Зөрүү

1

Цалин

43,485,462.00

83,416,336.00

(39,930,874.32)

2

Материал

210,093,454.59

321,525,866.00

(111,432,411.41)

3

Тээвэр

10,142,239.00

18,276,874.00

(8,134,608.00)

4

Машин ашиглалт

9,082,538.00

19,481,086.00

(10,398,548.00)

 

Нэмэгдэл зардал

-

25,474,752.00

(25,474,752.00)

 

Ашиг

-

70,226,233.00

(70,226,233.00)

5

Бусад шууд зардал

6,602,833.00

 

6,602,833.00

6

Нэмэгдэл зардал

8,635,691.00

 

8,635,691.00

7

Төлөвлөгөөт хуримтлал

10,740,909.00

 

10,740,909.00

8

Техник хяналтын зардал

5,631,257.00

10,768,022.00

(5,136,765.00)

9

Нормчлолын сан

537,810.00

969,122.00

(431,312.00)

10

Магадлашгүй ажлын зардал

6,099,043.00

10,768,022.00

(4,668,979.00)

11

НӨАТ

29,878,307.00

53,840,112.03

(23,961,805.03)

 

Нийт дүн

340,929,543.59

614,746,398.36

(273,816,854.77)

 

Цалингийн зардал 43,485,462.00 төгрөгийн талаар. “Т” ХХК-ийн хийсэн ажлыг төсөвт заасан “Цалингийн нэгтгэл” хүснэгтийн дагуу нэгж цалингийн хэмжээгээр үржүүлж цалингийн зардлыг тооцоход 43,485,463 төгрөг болж байгаа ба уг төлбөрийг “Б” ХХК-с “Т” ХХК-д бүрэн төлсөн. Гэтэл “Т” ХХК нь талбайн инженер техникийн ажилтны цалин, нэмэгдэл цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ажлын багаж, хувцас хэрэгслийн зардалд 39,930,874.32 төгрөгийг нэмэгдүүлж нэхэмжилсэн ба энэ нь гэрээ болон төсөвт заагдаагүй зардлууд байх тул “Б” ХХК үүнийг төлөх үндэслэлгүй.

 Материалын зардал 210,093,454.59 төгрөгийн талаар. Автовокзалын барилгын нэгэн адил гаалийн баталгаат агуулах дээр хэрэглэгдэх бараа материалын төрөл, тоо хэмжээ, нэгж үнэ, нийт зардал зэргийг төсөвт ажил тус бүрээр тодорхой заасан. Гэтэл “Т” ХХК нь төсөвт тусгагдсан бетон зуурмаг бэлтгэхтэй холбоотой материалыг ашиглаагүй харин төсөвт тусгагдаагүй М-100 маркийн бетон зуурмаг 20,490,095 төгрөг, М-250 маркийн бетон зуурмаг 12,024,160.00 төгрөг, хүнд бетон зуурмаг 57,227,840.00 төгрөг, М-150 маркийн бетон зуурмаг 66,478,500 гэх мэт зардлуудыг гаргасан хэмээн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад дурьджээ. “Б” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-ийн бодит хийсэн ажил, түүнд зарцуулсан материалын зардлыг төсөвт заасны дагуу тооцоолж 210,093,454.59 төгрөгийг бүрэн төлсөн тул төсөвт заагдаагүй дээрх материалын зардлыг төлөх үндэслэлгүй.

Тээврийн зардлын зөрүү 10,142,239.00 төгрөгийн талаар. Тээврийн зардлыг “Т” ХХК хэрхэн тооцоолж 18,276,847.00 төгрөг гаргасан нь тодорхойгүй байна. Төсөвт тусгагдсан бараа, материал түүнийг тээвэрлэх зай зэрэгт үндэслэн тээврийн зардлыг тооцоход 10,142,239.00 төгрөг болж байгаа уг төлбөрийг “Б” ХХК бүрэн төлсөн болно.

 Машин ашиглалтын зардал 9,082,538.00 төгрөгийн талаар. “Т” ХХК-ийн хийсэн ажилд зарцуулагдсан машин механизмын зардлыг төсөвт заасан нэгж үнэлгээний дагуу тооцоход 9,082,538.00 төгрөг гарч байна. Гэтэл “Т” ХХК нь гаалийн баталгаат агуулахын барилгын ажлыг гүйцэтгэхдээ төсөвт заагдаагүй машин механизм ашигласан, машин механизмын ашигласан цагийг өндрөөр тооцсон, тэдгээрийн нэгж үнэлгээг төсөвт зааснаас илүү үнээр тооцоолсон зэргийн улмаас 10,398,548.00 төгрөгийг илүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шууд бус зардлын талаар. “Т” ХХК нь дээрх байдлаар гаалийн баталгаат агуулахын барилгад гарсан шууд зардал /цалин, машин механизм, тээвэр, материалын зардал/-ын хэмжээг гэрээ болон төсөвт зааснаас үндэслэлгүйгээр өсгөсний улмаас тэдгээртэй уялдан гарч буй бусад шууд бус зардал (нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлал, техник хяналтын зардал, норч) хэмжээг өсгөж тооцсон байна. Мөн гэрээний нийт дүнгээс гадна 70,226,233.00 төгрөгийн ашгийг нэмж нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “захиалагч нь ... хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу “Б” ХХК нь “Т” ХХК-д хийсэн ажлын зардлыг талуудын хэлэлцэн тохиролцсон гэрээ болон төсвийн дагуу тооцоолж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Гэтэл “Т” ХХК нь цалин, машин механизмын зардлыг төсөвт заасан үнэлгээнээс өндрөөр тооцсон, зарим материалын үнэлгээг өсгөж тооцсон, төсөвт заагдаагүй материалын үнийг зардалд тооцож оруулсан, тээврийн зардлыг үндэслэлгүйгээр ихэсгэсэн, нийт үнийн дүнд багтсан ашгийг салгаж тооцсон, эдгээрээс шалтгаалж шууд бус зардлын хэмжээ нэмэгдсэн зэргийн улмаас манай компаниас 838,547,911 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэхүү тооцоолол нь бүхэлдээ талуудын тохиролцоонд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т ХХК-ний нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох 838,547,911 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.1-д заасны дагуу энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Б” ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай АТ/2012-02/132 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Дорноговь аймгийн ******* суманд баригдах улс, хоорондын зорчигч тээврийн авто вокзал болон гаалийн баталгаат агуулахын барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон. “Б” ХХК нь өөрөө (гадна сантехник, цахилгаан, лифний ком, урсдаг шат, автовокзалын суурийн ажил, газар шорооны ажил гэх мэт) зарим хэсгийг (барилга угсралт, гадна тохижилт) туслан гүйцэтгэгчээр хийлгэхээр шийдвэрлэж 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Дорноговь аймгийн ******* суманд баригдах улс, хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” (цаашид “Гэрээ” гэнэ)-г “Т” ХХК-тай байгуулсан. Тус гэрээгээр “Т” ХХК нь дээрх хоёр барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, харин “Б” ХХК ажлын хөлс 4,716,540,000 төгрөгийг төлөх үндсэн үүргийг хүлээсэн. Гэрээний 5.2-т гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн гүйцэтгэж дуусгахаар заасан боловч “Т” ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчиж гэрээгээр тохирсон хугацаанд барилгын ажлыг хийж дуусгаагүй. Өнгөрсөн хугацаанд “Т” ХХК нь гэрээнд заасан ажлаас ердөө авто вокзалын барилга, гаалийн баталгаат агуулахын нэг давхрын карказын ажлыг хагас дутуу хийж гүйцэтгээд байна. Түүнчлэн “Т” ХХК нь гэрээний 8.2.12, 9.1.1-д заасан ажлын гүйцэтгэлийн тайланг 7 хоног тутам захиалагчид бэлтгэн хүргүүлэх өгөх үүргээ зөрчиж ажлын явцын талаар бидэнд огт мэдээлж байгаагүй, нэг ч удаа ажлын гүйцэтгэлийг гаргаж өгөөгүй, түүгээр зогсохгүй хийсэн ажлаа ч хүлээлгэж өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгэгч “Т” ХХК гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийх ёстой байсан боловч манай компанийн зүгээс гүйцэтгэсэн ажилд холбогдох төлбөрийг ажил дуусахаас өмнө шилжүүлж тус компанид үүргээ гүйцэтгэх боломжийг бүрэн олгосон. Гэвч “Т” ХХК нь дээрх байдлаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас ерөнхий захиалагч Зам тээврийн яамнаас манай компанитай байгуулсан барилга угсралтын гэрээг цуцалсан. Үүнтэй холбоотойгоор манай компанийг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар Сангийн яамны “хар жагсаалт”-д оруулж манай компанийн нэр хүнд болон эд хөрөнгийн ихээхэн хохирол амсаад байна. Гэсэн хэдий ч “Т” ХХК нь дээрх гэрээ зөрчсөн хариуцлагагүй үйлдэл, гаргасан алдаандаа дүгнэлт хийж “Б” ХХК-д учирсан хохирлыг арилгахын оронд төсөвт тусгагдаагүй, үндэслэлгүй зардлуудыг нэхэмжилж байгаад ихэд харамсаж байна. Гэрээний 4.3-т гүйцэтгэгч нь графикт ажлын хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,01% хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу хугацаа хэтэрсний алдангийг тооцоолж үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 538,815,173.44 төгрөгийн алданги бодогдож байна. Гэрээний 4.4-т алдангийн хэмжээг гэрээний нийт үнийн дүнгийн 10%-аас хэтрэхгүй байхаар зохицуулсан тул “Т” ХХК нь “Б” ХХК-д нийт 471,654,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Түүнчлэн “Т” ХХК-ийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор “Б” ХХК өөрийн үйл ажиллагаа явуулж буй 2 дэлгүүрийн барилгыг банканд барьцаалж мөн сар бүр банканд төлбөр төлж хохирол амссаар өнөөдрийг хүрлээ. Тодруулбал, манай компани нь ерөнхий захиалагч Зам тээврийн яамтай №АТ/2012-02/132 тоот гэрээг байгуулахдаа Хаан банканд дээрх хоёр үл хөдлөх хөрөнгөө барьцаалж гүйцэтгэлийн баталгааг гаргуулсан. “Т” ХХК гэрээний үүргээ зөрчсөний улмаас Зам тээврийн яамнаас одоог хүртэл гүйцэтгэлийн баталгааг чөлөөлж өгөөгүй ба үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 48,965,807 төгрөгийг Хаан банканд төлж хохирол амсаад байна. Зам тээврийн яамнаас гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх хүртэл цаашид ч дээрх төлбөрүүд сар бүр төлөгдөж хохирлын хэмжээ нэмэгдэхээр байна. Иймд Т ХХК-с гэрээний алдангид 471,654,000, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу Б ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48,965,807 төгрөг, нийт 520,619,807 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох 838,547,911 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.1-т заасны дагуу өмнө гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үүгээр нэмэгдүүлж байна. Б ХХК нь 2013 оны 07 сарын 18-ны өдөр “Дорноговь аймгийн Замын үүд суманд баригдах улс, хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” (цаашид “Гэрээ” гэнэ)-г Т ХХК-тай байгуулсан. “Т” ХХК-д барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор тулаас төмөр буюу сафут байгаагүй учир манай компанийн өмчлөлийн сафутыг хоногийн 25 төгрөгөөр түрээсээр ашиглах тухай саналыг “Бридж Консракшн” ХХК-д ирүүлсэн. Бид гэрээний 5.2-т заасан гэрээт ажлыг бүрэн дуусгах хугацаа буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 4332 ширхэг барилгын сафутыг гэрээний хугацаанд ашиглуулахаар “Т” ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэвч “Т” ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш манай өмчлөлийн 4332 сафутыг одоо болтол хүлээлгэж өгөөгүй байгаа ба сафутны төлбөрийг огт төлөөгүй болно. “Т” ХХК нь гэрээнд заасан хугацаа буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барилгын ажлыг дуусгаж, сафутыг хүлээлгэж өгсөн бол манай компани хүлээн авсан хугацаанаас хойш 4332 ширхэг сафутыг нэг хоногийн 40 төгрөгөөр (зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар тооцоход) түрээслүүлэхэд 312,887,400 төгрөгийн ашиг олох боломжтой байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар нэмэгдүүлснээр Т ХХК-с гаргуулах нийт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дүн 833,507,207 төгрөг болж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Туяацэцэг нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “Б” ХХК-ийн гаргасан гэрээний алданги, гүйцэтгэлийн баталгааны төлбөр нийт 520 619 807 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гарган шүүхэд хүргүүлж байна. Улсын төсвийн санхүүжилтээр Зам тээврийн яамны захиалгатай АТ-2012-02(а) дугаартай Зорчигч тээврийн автовокзал (Дорноговь, Замын-үүд) барих тендерт “Б” ХХК шалгарч уг ажпыг гүйцэтгэхээр урьдчилгаа төлбөр 2 595 742 451 төгрөг авсан байдаг. Урьдчилгаа төлбөр авсан атлаа тендерийн ажлаа өөрөө гүйцэтгэлгүй Т ХХК-тай уг ажлыг туслан гүйцэтгүүлэхээр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээний 4.1-т ...гүйцэтгэгч нь гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, санхүүжилтийг гүйцэтгэлээр хийнэ...гэж заасан байдаг. Хийсэн ажлын мөнгө төлөх үүргээ гүйцэтгээгүй “Б” ХХК -ийн буруутай үйлдлээс Т ХХК хохирсон. “Т” ХХК ( өөрийн болон бусдаас зээлсэн хөрөнгө) өөрийн хөрөнгөөр 1 789 733 352 төгрөгөөр гэрээнд тусгагдсан ажлыг гүйцэтгэн “Б” ХХК-д тайлагнасан, уг санхүүгийн тайлан, баримтаар “Б”ХХК ЗТЯам, холбогдох газруудад гүйцэтгэлийн санхүүгийн тайлан гарган урьдчилан авсан төлбөрөө хаасан байдаг. Энэ хугацаанд “Т” ХХК-д ажлын хөлс ердөө 600 сая төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргажээ. Сөрөг нэхэмжлэлдээ “Б” ХХК тендерийн ажилдаа эд хөрөнгөө барьцаалсан, ХААНБанкинд төлж байгаа гэх гүйцэтгэлийн баталгаа зэрэг нь “Т” ХХК-д хамааралгүй, гэрээ байгуулах явцад гүйцэтгэлийн баталгааны асуудал гэрээнд тусгагдаагүй, нэхэмжилж байгаа алданги, бусад төлбөр нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

“Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнд дараах тайлбарыг хүргүүлж байна. Т ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн үйл ажиллагаа, хөрөнгөөр тодорхой үр дүн буюу биет объектуудыг бий болгосон. Ерөнхий гүйцэтгэгч Б ХХК захиалагч ЗТЯ-тай байгуулсан гэрээнээс үүсэх үүргээ өөрөөсөө зайлуулж гэрээнд оролцоогүй этгээдэд эрсдэл хүлээлгэн туслан гүйцэтгэгчид уг үүргийг шилжүүлэх сонирхолтой байгаа нь гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл түүний нэмэгдүүлсэн байдлаас харагдаж байна. Ерөнхий гүйцэтгэгч захиалагч ЗТЯ-ны ажлыг гүйцэтгэх тендертээ техникийн тодорхойлолт, үзүүлэлтэд тусгасан эд зүйлсээ болох сафутыг туслан гүйцэтгэгч компанид түрээслэн үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжлэх эрхгүй юм. Б ХХК туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр захиалагчаас ажлын хөлсөө бүрэн гүйцэт авсан атлаа гэрээнд оролцоогүй этгээдэд эрсдэл хүлээлгэж байгаа нь туслан гүйцэтгэгч Т ХХК аль аль гэрээний эрсдэлийг хүлээхэд хүргэж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Туслан гүйцэтгэгч Т ХХК захиалагч, ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ, ажлын үр дүнгийн дүгнэлтийн талаар төөрөгдсөн, мэдээгүйгээс хохирол амсаж байхад Б ХХК үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнд нийцүүлсэн мөнгө нэхэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Отгонгал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын ажил нь 2012 оны 8 сарын зам тээврийн яамны захиалгатай барилга байсан. Нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгч байсан. Ажил нь тэр бум гаран төгрөг байсан. Хэргийг 3 шат хянаад шинээр илэрснээр сэргээсэн байдаг. Нэхэмжлэгчийн хэлээд байдаг 2012 оны журмаар үнийг тооцно гэдэг боловч бид анх яамтай 2009 оны журмаар санхүүжилт авахаар тохиролцсон байдаг. Үүнийг дээд шүүхийн 2021.12.16 тогтоолоор баталсан байдаг. Энэ тогтоолд яамтай хийсэн хурлын тэмдэглэлийг гаргаж өгсөн. Үүнийг дээд шүүхэд гаргаж өгсөн юм. Үүнийг шинээр илэрсэн нөхцөл гэж үзсэн. Хурлын тэмдэглэлээр 2009 оны журмаар гэж байдаг. Нэхэмжлэлд баримтууд нь хангалттай байдаг. Дээд шүүхээс мөн нотлох баримт хуурамчаар үйлдэгдсэн гэдэг. Талууд гэрээг хүлээлцэх акт үйлдээгүй байдгаас болж маргаан үүссэн. Бид гэрээний үндсэн төлбөрөөрөө мөнгөө шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь илүү зардлаар илүү ажил хийсэн гэдгээ нотлоогүй. Нэхэмжлэгч нь өөрийн тайлбартаа холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Сөрөг нэхэмжлэлээр нийт 833,507,207 төгрөг нэхнэ. Гэрээний 5.2-т зааснаар 2013.11.1-нд гэрээг дуусгах ёстой байсан. Мөн хариуцагч нь сафут хэрэглүүлэхээр тохиролцсон. Гэтэл гэрээ дууссанаас хойш сафутыг ашигласаар байсан тул гэрээний дагуу төлбөр нэхсэн. Үүнийг зах зээлийн үнээс багаар тооцоход 312,887,400 төгрөг болдог. 2017.10.18-нд анх сөрөг гаргаж, 520,619,807 төгрөг нэхсэн. Энэ нь үндсэн нэхэмжлэлд заасан ажил гүйцэтгэх гэрээний 5.2-т зааснаас ажил гүйцэтгэлийг хожимдуулсан тул 8.2.12, 9.1.1-д заасныг зөрчсөн нь ажил зогсох шалтгаан болсон. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шаардсан. Мөн нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх ёстой байсан боловч үүнийг зөрчсөнөөс болоод яамны өмнө үүргээ биелүүлж чадаагүй. Улмаар манай компани сангийн яамны хар жагсаалтад орсон. Ингээд алдангид 471,654,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа буюу захиалагч яаманд өгсөн 48,965,807 төгрөг нийт 520,619,807 төгрөг нэхнэ. Энэ нь нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол юм. Бид ганц л нэхэмжлэгчийг туслан гүйцэтгэгчээр авсан. Улмаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчлөөс болж манайд хохирол учирсан байдаг гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 838,547,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Б” ХХК нь үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй гэх алдангид 471,654,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн гэх хохиролд 48,965,807 төгрөг, олох байсан орлого гэх 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

 

 Нэхэмжлэгч “Т” ХХК нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилсэн. Улмаар шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүгч хариуцагчийн төлөөлөгчид хэрэгт байгаа баримтыг үзүүлсэн гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч шүүх хэргийн оролцогчид хэрэгт байгаа баримтыг танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хэргийн оролцогч нь өөрийн гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд танилцуулах эрхтэй бөгөөд шүүх эрхээр хангах үүрэгтэй. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, тогтоогдсон үед гэдэг нь шүүх хуралдаанд оролцогчид өөрт таалагдаагүй нөхцөл үүссэнээр хүссэн цагтаа шүүгчийг татгалзах эрх олгосон зохицуулалт биш юм. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч “Б” ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай Дорноговь аймгийн Замын үүд суманд улс хооронд зорчигч тээврийн авто вокзалын барилгын ажлыг 2012 онд 2,500,000,000 төгрөг, 2013 онд 3,616,536,489 төгрөг, нийт 6,116,536,489 төгрөгийн санхүүжилттэйгээр гүйцэтгэж, ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх тухай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 86-105 дугаар тал/

Улмаар хариуцагч нь нэхэмжлэгч “Т” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дээрх барилгын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр 4,716,540,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 28-32 дугаар тал/

Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 951,185,441 төгрөгийн хөлс төлсөн бөгөөд дээрх гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар зохигч хэн аль нь  маргаагүй.

 

Зохигчид нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ буюу гүйцэтгэсэн ажлыг харилцан тохиролцож хүлээлцсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 38-39 дүгээр тал/

Мөн гүйцэтгэсэн ажлын тооцооны үлдэгдлийг 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 дүгээр хавтас 33 дугаар тал/

Нэхэмжлэгч нь өөрийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл болон холбогдох тооцооны талаар баримтуудыг шүүхэд гаргасан боловч “Гүйцэтгэлийн тайлан” гэсэн баримтын доод хэсэгт “Т” ХХК-ийн нягтлан бодогч гэсний ард, “Автовокзалын барилга угсралтын ажлын гүйцэтгэл” гэсэн баримтын “Гүйцэтгэл гаргасан” гэсний ард, мөн уг баримтын төгсгөлийн хуудасны доод хэсэгт “Тооцоо хийсэн” гэсний ард, “Агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл” гэсэн баримтын доод хэсэгт “Гүйцэтгэл гаргасан” гэсний ард, “Ажилчдын хөдөлмөр зарцуулалт, хөдөлмөрийн хөлсний тооцоо” гэсэн баримтын доод хэсэгт “Тооцоо хийсэн” гэсний ард, “Т” ХХК-ийн харилцагчидтай хийх тооцооны бүртгэл гэсэн баримтын “нягтлан бодогч” гэсний ард тус тус зурагдсан гарын үсгүүдийг нэхэмжлэгчийн нягтлан бодогч гэх Т.******* зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 764 дүгээр дүгнэлтээр тогтоогджээ. /хэргийн 1 дүгээр хавтас 4-12, 14-15, 20, 5 дугаар хавтас 32-35 дугаар тал/

Гэвч эдгээр баримтууд нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс гаргасан баримт бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т нь эдгээр баримтыг хүлээн зөвшөөрч байх тул уг баримтад хийгдсэн тооцооны дагуу ажлыг гүйцэтгэж, төлбөр тооцсон талаар нэхэмжлэгч тал тайлбарласан гэж үзнэ.

Учир нь зохигчдын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар харилцан тохиролцсон дээрх тооцооны үлдэгдлийн баталгаагаар нийт 4,116,540,000 төгрөг гэсэн бол тооцооны задаргааг гаргасан баримтуудаар үлдэгдлийг үүнээс багаар буюу 838,547,911 төгрөг гэсэн байна.

Энд эдгээр тооцоо нь зөвхөн нэхэмжлэгч талаас гаргасан тооцоо бөгөөд өөрөөр хэлбэл, уг тооцоо нь шийдвэрийн шууд үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Зохигчид нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ буюу төрлийн талаар маргаагүй боловч ийнхүү гүйцэтгэсэн ажлын хөлсийг тооцох аргачлалын талаар маргаж байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын үнэлгээг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр Барилгын норм ба дүрэм батлах тухай тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмээр тооцно гэж тайлбарласан бол хариуцагч нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаартай Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан нормын дагуу тооцно гэж маргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг гаргуулахаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19597 дугаар захирамжаар “Бэсгэ” ХХК-ийг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02728 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04713 дугаар захирамжаар Барилгын төсөвчдийн холбоог тус тус шинжээчээр томилсон байна. /хэргийн 2 дугаар хавтас 176-178, 234-237, 3 дугаар хавтас 8-11 дүгээр тал/

Дээрх захирамжуудын дагуу “Бэсгэ” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр, Барилгын төсөвчдийн холбоо нь 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр шүүхэд дүгнэлт ирүүлсэн бол Барилгын хөгжлийн төв нь дүгнэлт гаргаагүй байна. /хэргийн 2 дугаар хавтас 183-217, 3 дугаар хавтас 36-56 дугаар тал/

 

Эдгээр дүгнэлтээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг “Бэсгэ” ХХК нь нийт 1,832,884,440 төгрөгөөр тооцсон бол харин Барилгын төсөвчдийн холбоо нь 926,666,911 төгрөгөөр тооцсон байна.

 

Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтээс үзэхэд “автовокзал, гаалийн баталгаат агуулахын барилгын ажлын гүйцэтгэлийн төсвийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан “Барилгын төсөв зохиох заавар” БНбД(1\/).81-2-98, БХБ-ын Сайдын оны 09-р сарын 25-ны өдрийн 263 тоот тушаалын 1-р хавсралтын дагуу, ЗТБХБ сайдын 2009 оны 263 дугаар тушаалын 2 дугаар заалт 0,26 гэсэн итгэлцүүрийг хэрэглэн тооцож, төсвийг Estimator-pro“ программаар боловсруулж гаргахад” гэжээ. Гэвч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгосон байна. Үүнээс үзэхэд барилгын төсөвчдийн холбооны дүгнэлт нь хүчингүй болсон аргачлалаар тооцогдсон гэж үзэхээр байна.

Харин “Бэсгэ” ХХК-ний дүгнэлтээс үзэхэд газар дээр нь үзлэг хийсэн байх бөгөөд зохигчдын хооронд гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ДБХ-н сайдын 2001 оны 174 дүгээр тушаалаар батлагдсан барилгын ажлын тоо хэмжээ бодох заавар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан төсөв зохиох дүрэм БНбД/81-95-12/-г үндэслэл болгожээ.

Дээрх дүгнэлтүүд, түүний үндэслэл зэргийг харьцуулан үзээд “Бэсгэ” ХХК-ний дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь зохигчид гэрээ байгуулах үед 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан төсөв зохиох дүрэм БНбД/81-95-12/ мөрдөгдөж байсан байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь захиалагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээгээр 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан журмаар үнэлгээг тооцохоор тохиролцсон тул туслан гүйцэтгэгч буюу энэ хэргийн нэхэмжлэгчтэй дээрх журмаар үнэлгээг тооцно гэж маргаж байна. Гэвч хэргийн 86-105 дугаар талд байх ажил гүйцэтгэх гэрээнд энэ талаар тусгагдаагүй бөгөөд хариуцагч  тал өөрийн тайлбарыг нотолж чадаагүй.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь захиалагчтай хийсэн уулзалтын тэмдэглэлээр 263 дугаар тушаалаар баталсан аргачлалаар тооцохоор тохиролцсон нь тогтоогдоно гэж тайлбарласан. /хэргийн 4 дүгээр хавтас 216-217 дугаар тал/

Энэхүү тэмдэглэлээс үзэхэд захиалагчтай байгуулсан дээрх 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд заасан 2013 оны санхүүжилтийг өсгөх эсэх талаар хүсэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тус гэрээний талууд гүйцэтгэх ажлын үнэлгээг гэрээнд шууд заасан бөгөөд 263 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар тооцох эсэх талаар тохиролцсон зүйлгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь захиалагчтай гэрээ байгуулах үед 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан төсөв зохиох дүрэм БНбД/81-95-12/ мөрдөгдөж байсныг дурдах нь зүйтэй.

 

Үүнээс гадна хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үнэлгээг 181 дүгээр тушаалаар баталсан аргачлалаар тооцож захиалагчаас санхүүжилт авсан болох нь Автотээврийн үндэсний төвийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/1347 дугаар албан тоот, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1529 дугаар албан тоот, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 3 дугаар хавтас 150, 171-202 дүгээр тал/

Иймд хариуцагч талын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан аргачлалаар тооцож, хөлс авсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг 2012 оны 181 дүгээр тушаалаар баталсан аргачлалаар тооцох нь зүйтэй байх тул “Бэсгэ” ХХК-ний дүгнэлтийн дагуу 1,832,884,440 төгрөгийг ажил гүйцэтгэсэн гэж үзлээ.

 

Зохигчид хариуцагчийг маргаж буй гэрээний дагуу нийт 951,185,441 төгрөгийн хөлс төлсөн талаар маргаагүй тул гүйцэтгэсэн ажлын үнэлгээнээс төлсөн хөлсийг хасвал 881,698,999 төгрөгийн хөлс төлөгдөөгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсөнд нийт 838,547,911 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэж алдангид 471,654,000 төгрөг, маргаж буй ажлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас авсан зээлийн гэрээний үүрэгт 48,965,807 төгрөг, барилгын туслах материал буюу шат, сафутыг буцаан өгөөгүйгээс бусдад түрээсэлж олох байсан ашиг гэж 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн тайлбарыг өөрөөр нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Хариуцагч болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нарын хооронд байгуулагдсан гэрээний 4-т зааснаар ажлын үр дүнг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна. Харин зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.2-т зааснаар ажлын үр дүнг 2013 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Улмаар хариуцагч нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гүйцэтгэлийн тайлан гаргасан болох нь Автотээврийн үндэсний төвийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1529 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хэргийн 3 дугаар хавтас 171 дүгээр тал/ Ийнхүү хариуцагч нь ажлын гүйцэтгэлийн тайлан гаргахаас өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд хийгдсэн ажлын талаар зохигчид тооцоо нийлсэн акт үйлджээ. /хэргийн 1 дүгээр хавтас 34 дүгээр тал/ Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн ажил гүйцэтгэх гэрээний хугацаатай холбоотойгоор хариуцагчид хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхээ алджээ.

Иймд хариуцагчид 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 4.3-т зааснаар алданги шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул алдангид холбогдох 471,654,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний удиртгал хэсэгт зааснаар захиалагч нь хариуцагч “Б” ХХК, гүйцэтгэгч нь нэхэмжлэгч “Т” ХХК байна. Гэрээний 4.1-т зааснаар санхүүжилтийг гүйцэтгэлээр төлөх бөгөөд 10 хувийг ажил дуусаж, үндсэн захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгсний дараа төлөхөөр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлын гүйцэтгэх, захиалагч нь тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээх тул хариуцагч нь гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээр хөлс төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч нь 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Хаан банк” ХХК-тай зээлийн эрх нээлгэх тухай гэрээ байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 143-147 дугаар тал/ Энэхүү гэрээний 4.3-т зааснаар зээлийн зориулалтыг урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах гэжээ. Улмаар уг баримтыг Зам тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн дардаснаас дүгнэвэл зээлийн гэрээг маргаж буй ажлын үндсэн захиалагчтай гэрээ байгуулахад баталгаа болгож байгуулсан гэж үзэхээр байна.

Эдгээр үйл баримтыг харьцуулан дүгнэвэл хариуцагч нь маргаж буй гэрээний хөлсийг төлөх үүрэгтэй, маргаж буй 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулахаас өмнө зээлийн гэрээ байгуулсан байх тул уг зээлийн гэрээний үүрэг нь хариуцагчид хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ нь зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй шалтгаант холбоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүйгээс зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэх 48,965,807 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад тодорхой тооны сафут болон шатыг хариуцагчаас авч ашиглаж байсан болох нь “Т” ХХК-ний 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0/311 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 129 дүгээр тал/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн бид сафут, шатыг БНХАУ-с худалдан авч, ажилд ашигласан гэх тайлбар үндэслэлгүй.

Гэвч хариуцагч нь хэдэн ширхэг сафут, шат хүлээлгэж өгсөн, мөн хэдэн ширхгийг буцаан аваагүй болохыг хуульд заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй.

Түүнчлэн хариуцагч нь сафут, шатыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар бусдад түрээслэх байсан бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдсан орлогыг олох байсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймд түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэх хохиролд 312,887,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Эдгээр үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нийт 833,507,207 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар хариуцагч “Б” ХХК-с ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 838,547,911 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдох гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй гэх алдангид 471,654,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн гэх хохиролд 48,965,807 төгрөг, олох байсан орлого гэх 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Б” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 4,350,690 төгрөг, хариуцагчийн 4,483,437 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,350,690 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД