Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00362

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00362

 

ТУ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/03896 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ТУ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч БК ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 838,547,911 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний алдангид 471,654,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу БК ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48,965,807 төгрөг, барилгын сафутыг түрээслүүлж олох байсан орлого нийт 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, П.Е, Д.Н, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Талуудын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 838,547,911 төгрөг гаргуулна.

ТУ ХХК нь БК ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймаг, 3амын-Үүд суманд ЗТЯ-ны захиалгатай, улс хоорондьн авто вокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч компани захиалагч БК ХХК-ийн 600, 000 000 төгрөг буюу 33,5 хувийн, нэхэмжлэгч өөрийн болон зээлийн 1,189,700 000 төгрөг буюу 66,7 хувийн санхүүжилтээр 2013 оны 8 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал 1,789,733,352 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн. Захиалагч БК ХХК нь 2012 онд 562,000,000 төгрөгийг газар шорооны ажлын гүйцэтгэлээр, 2,073,000,000 төгрөгийг урьдчилгаагаар нийт 2,625,000,000 төгрөгийн санхүүжилтийг авсан. Тэрчлэн 2013 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлаар 2,247,424,416 төгрөгийн гүйцэтгэл гарган 2012 онд авсан 2,0 тэрбум төгрөгийн урьдчилгаагаа суутгуулаад 200,000 000 төгрөгийн санхүүжилтийг нэмж авсан. Ийнхүү ЗТЯ-аас нийт 2012, 2013 онд 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан боловч нийт гүйцэтгэлийнх нь 64,3 хувийг гүйцэтгэсэн нэхэмжлэгч компанид нийт авсан санхүүжилтийнхээ 21,4 хувийг өгсөн. Нэхэмжлэгчид өгөх ёстой 1,2 тэрбум төгрөгийг зориулалт бусаар өөр төсөлд зарцуулан туслан гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийг хохироосон. Мөн уг ажлыг Зам тээврийн яам болон АҮЯ-нь концессийн гэрээгээр өөр байгууллагаар гүйцэтгүүлэхээр болж БК ХХК нь 2016 оны 5 дугаар сард Авто Тээврийн Үндэсний Төвд хүлээлгэж өгөхдөө 2,835,000 000 төгрөгийн гүйцэтгэлээр тооцон хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч гүйцэтгэлээ Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181-р тушаалаар батлагдсан Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн дагуу гаргасан. Бридж констракшн компани нь Зам тээврийн яаманд 2013 оны 9 дүгээр сарын 2,247,424,416 төгрөгийн гүйцэтгэл болон 2016 оны 5 дугаар сард Авто Тээврийн Үндэсний Төвд хүлээлгэж өгөхдөө гаргасан 2,835,000 000 төгрөгийн гүйцэтгэлээ ч мөн дээрх дүрмийн дагуу гаргаж санхүүжилтийн тооцоогоо хийсэн. БК ХХК-нь нэхэмжлэгч компаниар Дорноговь аймаг, 3амын Үүд сум дахь Зам тээврийн яамны захиалгатай улс хоорондын авто вокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 1,789,733,352 төгрөгөөс 2013 онд 600,000,000 төгрөг,2014 оноос хойш 155,000,000 төгрөг, Ландкруйзер-200 маркийн авто машиныг 195,94 сая төгрөгийн санхүүжилтэд тооцож тус тус өгч нийт 951,185,441 төгрөгийн санхүүжилт өгсөн. Одоо дутуу санхүүжилт буюу ажлын хөлсөө нэхэмжилж байгаа.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Шат, сафутыг хариуцагчаас хүлээж аваагүй. Нэхэмжлэгч ажлаа гүйцэтгэхийн тул Хятадаас худалдаж аваад ашигласан манай хөрөнгө. Хариуцагч нь ажлаа гүйцэтгүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд шатны холбоос хэрэглүүлсэн ба бүрэн буцааж өгсөн. Зээлийг энэ ажилтай холбоотойгоор аваагүй ба банкнаас авсан зээлээ манайхаас нэхэмжилжээ. Сөрөг нэхэмжлэлд баталгаа гэж байгаагүй. Өөрсдөөс нь болоод өөр газраар ажлыг хийлгэх болсон. Манайхтай хамааралгүй гүйцэтгэлийн баталгаа юм. Хариуцагч нь манай 1,8 тэр бум төгрөгийн гүйцэтгэлээр 3 тэрбум гаруй төгрөг авсан

 

2.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэл:

2.1. ТУ ХХК-ийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс тооцсон алдангид 471,654,000 төгрөг,

2.2. Зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх 48,965,807 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн.

2.3. Олох байсан орлого гэх 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөг гаргуулна.

Нэхэмжлэгчтэй 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 4.6-д ямар ч тохиолдолд гэрээний үнэд тохируулга, өөрчлөлт хийгдэхгүй гэж заасан байгаа. Мөн захиалагч, гүйцэтгэгч компанийн эрх бүхий албан тушаалтнууд /инженер/ болох гүйцэтгэгч талаас Ц.Н, Ц.Г, Б, захиалагч талаас н.О нар гэрээний дагуу хийсэн гүйцэтгэгч компанийн ажлын тоо, хэмжээг баталгаажуулж акт үйлдсэн байдаг. Энэ актыг үндэслэн гүйцэтгэгчийн хийсэн ажилд нь ногдох санхүүжилтийг гэрээ хийсэн төсвөөр бодож захиалагчаас гүйцэтгэгчид олгосон.

Ажлын гүйцэтгэлийн тоо, хэмжээг гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн байж, тэрхүү гүйцэтгэл хүчин төгөлдөр болох учиртай. Гэтэл гүйцэтгэгч ТУ ХХК нь талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр бус, төсвийн бус дүнгээр буюу өөрсдийн дураар ажлын гүйцэтгэлийг нэг талын актаар үйлдэж /энэ актыг захиалагч тал хүлээн зөвшөөрөөгүй/ түүнийгээ үндэслэн их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Гэрээний заалтаа дагаж мөрдөх нь хуульд нийцэх юм.

Ажлын үр дүнг хүлээн авсны дараа анх гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ, хөлсийг л төлөх үүрэгтэй бөгөөд захиалагч БК ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. БК ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамтай АТ/2012-02/132 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хоорондын зорчигч тээврийн авто вокзал болон гаалийн баталгаат агуулахын барилгын ажлыг нийт 6,116,534,487 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тус ажлын зарим хэсгийг буюу барилга угсралтын ажил, гадна тохижилтын ажлыг гүйцэтгүүлэхээр БК ХХК нь нэхэмжлэгч ТУ ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тэрхийн-Ундраа ХХК нь гэрээгээр зорчигч тээврийн авто вокзал,гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажлыг 4,716,540,000 төгрөгт хийхээр тохиролцсон.

ТУ ХХК нь ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийж дуусгах ёстой байсан ч үүргээ ноцтой зөрчиж тогтоосон хугацаанд барилгын ажлыг дуусгаагүй өнөөдрийг хүрсэн. Гэрээгээр 4 давхар авто вокзал болон 3 давхар агуулахын барилга угсралтын ажил, дотоод заслын ажлыг бүрэн дуусгах ёстойгоос ердөө барилга тус бүрийн нэг давхрын карказын ажлын зарим хэсгийг хийсэн. Түүнээс өөрөөр ТУ ХХК ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй. ТУ ХХК-ийн хийсэн дутуу ажлуудын нарийвчилсан тоо хэмжээг талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу ТУ ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэл, түүний тоо хэмжээн дээр талууд маргадаггүй ба уг тооцоо нь талуудын тохиролцсон төсөв-ийн дагуу гүйцэтгэгчийн ажлын хөлсийг тооцох үндсэн хэмжигдэхүүн болдог. БК ХХК нь Зам тээврийн яамтай байгуулсан гэрээний төсөв болох 6,1 тэрбум төгрөгийн ажлын төсөв (түүний задаргаа)-ийг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч талуудын байгуулсан гэрээний салшгүй нэг хэсэг болсон. ТУ ХХК-ийн хийсэн ажлын хэмжээг төсөвт заасан үнэлгээний дагуу тооцоход нийт 961,730,031 төгрөгийн зардал гарсан, бүрэн төлж барагдуулсан. Харин ТУ ХХК нь гэрээгээр тохирсон ажлын үнэлгээг өндөрсгөх, гэрээгээр тохирсноос өөр материалын үнэ нэхэмжлэх зэргээр авто вокзалын барилгыг 586,094,661.20 төгрөгөөр, агуулахын барилгыг 273,816,854.77 төгрөгөөр тус тус өсгөж биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлээр дээр дурдсан нийт 833,507,207 төгрөгийг гаргуулна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар хариуцагч БК ХХК-с ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 838,547,911 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТУ ХХК-д олгож, нэхэмжлэгч ТУ ХХК-д холбогдох гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй гэх алдангид 471,654,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн гэх хохиролд 48,965,807 төгрөг, олох байсан орлого гэх 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөг гаргуулах тухай хариуцагч БК ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 4,350,690 төгрөг, хариуцагчийн 4,483,437 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,350,690 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх журам зөрчсөн талаар:

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн авто вокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх нээлттэй тендер зарласан бөгөөд БК ХХК-ийн тендерээр зарласан ажлын гүйцэтгэлийг 6,116,536,489 төгрөгөөр багтаан гүйцэтгэх санал өгч, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Авто тээврийн газартай 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр АТ/2012-02/132 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилга угсралтын ажлын захиалагч гүйцэтгэгчийн хоорондын байгуулсан гэрээ-г байгуулсан. Тус гэрээний нийт үнийн дүн нь 6,116,536,489 төгрөг ба улсын төсвөөс 2012 онд 2,500,000 төгрөг, 2013 онд 3,616,536,489 төгрөгийг санхүүжүүлэхээр, барилга угсралтын ажлыг 2012 оны 8 сарын 10-ны өдөр эхэлж, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон.

Тус ажлын зарим хэсэг ...улс, хот хоорондын авто вокзалын барилга угсралт, гаалийн баталгаат агуулахын барига угсралт, гадна тохижилт, гадна лифт, урсдаг шатны ажил болон ажил хийх явцад буулгасан бусад зүйлсийг нөхөн сэргээх ажлын хамт иж бүрэн ажлыг гүйцэтгүүлэхээр ТУ ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилга угсралтын ажлын захиалагч гүйцэтгэгчийн хоорондын байгуулсан гэрээ-г байгуулсан.

Гэрээний нийт үнэ нь 4,716,540,000 төгрөг, гэрээний үнийн дүнд техник хяналтын зардал, нормчлолын сан, ажлын зардал, НӨАТ орсон бөгөөд туслан гүйцэтгэгч гэрээт ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн дотор өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, санхүүжилтийг гүйцэтгэлээр авахаар тус тус харилцан тохиролцсон болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 4.1, 5.2-т нийт үнийн дүнгийн хэмжээг харилцан тохиролцож 4 716 540 000 төгрөгөөр тогтоохдоо, тендерийн баримт бичиг болох Үндсэн гэрээний хавсралтаар батлагдсан төсөвт өртгийг, баримтлан тогтоосон. Энэ нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр захиалагч Авто тээврийн газрын дарга П.Дэлгэрнаран, гүйцэтгэгч БК ХХК-ийн захирал Ч.Дорждэрэм нарын хянан баталгаажуулсан 6 116 536 489 төгрөгийн төсөвт өртгийн задаргаа бүхий нотлох баримт /1хх 192-250, 2хх1-167/, мөн Барилгын төсөвчдийн холбооны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /3хх 129-139/, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ТУ ХХК болон БК ХХК нарын 4,116,540,000 төгрөгийн тооцоо нийлсэн акт /1-р хх33-34/, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1845 дугаар "Тэрхийн ундраа" ХХК-аас "Бридж констракшн" ХХК-д Санхүүжилт хүсэх тухай албан бичиг /1 хх130/, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон авто вокзал болон гаалийн баталгаат агуулахын барилгын ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх актыг гүйцэтгэгч талын талбайн инженер Ц.Нэргүй, даамал Ц.Ганзориг, менежер Т.Баярмагнай, Захиалагч талаас хяналтын инженер Г.Отгонмөнх нар хянан баталгаажуулсан баримт /1хх 38-39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

БК ХХК нь ЗТБХБЯ, АТГ-тай 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үндсэн гэрээ хийгдэх үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй ЗТБХБЯ-ны сайдын 2012 оны 181 дүгээр тушаал мөрдөгдөж эхлээгүй байсан тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ЗТБХБЯ-ны сайдын 2009 оны Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай 263 дугаар тушаалаар батлагдсан дүрмийн дагуу төсөвт өртгийн дүнг тооцсон. /1хх 86-106/

Мөн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилга угсралтын ажлын захиалагч гүйцэтгэгчийн хоорондын байгуулсан гэрээний хэлцлийн хурлын тэмдэглэл /4хх 216-217/, Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2/1529 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хавсралт баримт, (2009 оны 263 дугаартай тушаалын батлагдсан 0,26 итгэлцүүрийн дагуу тооцоог гаргасан) /3хх172-202/, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18/08 дугаар Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, /2хх190-191/, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлт /3хх38/, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1845 дугаар "Тэрхийн ундраа" ХХК-аас БК ХХК-д Санхүүжилт хүсэх тухай албан бичиг /1хх 130/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

Ажил гүйцэтгэх гэрээнийхээ үнийг үндсэн гэрээгээр баталсан төсөвт өртгөөс давуулан байгуулах,нэмж санхүүжилт өгөх эрх зүйн боломжгүй.

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилга угсралтын ажлын захиалагч гүйцэтгэгчийн хоорондын байгуулсан гэрээ-ний 4.6-д энэхүү гэрээгээр тохирсон үнэ нь гэрээт ажлын нийт гүйцэтгэл байх бөгөөд үнийн тохируулга хийгдэхгүй гэж тохиролцсон.

ЗТБХБЯ-ны сайдын 2009 оны "Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай" 263 дугаар тушаалаар батлагдсан дүрмийг баримтлах нь нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдохоор байдаг.

4.2. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан талаар:

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж заасан.

Бридж констракшн" ХХК нь захиалагч ЗТБХБЯ-ны хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч болно. Туслан гүйцэтгэгчид Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт заасан төсөв зохиох шаардлага огт үүсээгүй.

Төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Талуудын гэрээний 4.7-д Төсөлд тусгагдаагүй нэмэлт ажил болон өөрчлөлтийн үр дүнг гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тодотгон санхүүжүүлэх асуудлыг захиалагч талд тавьж шийдвэрлүүлнэ гэж заасан. Гэтэл талуудын хооронд ийм нөхцөл байдал үүсээгүй, хавтаст хэрэгт ийм баримт огт авагдаагүй. Хэрэв туслан гүйцэтгэгчийн зүгээс энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулсны дараа 2012 оны ЗТБХБЯ-ны сайдын 181 дүгээр тушаалыг үндэслэн төсвийн хэмжээг нэмэгдүүлэх, гэрээний үнийг өсгөх шаардлагыг захиалагч талд тавьсан бол захиалагч нь төсвөөс хэтэрсэн санхүүжилтийг нэмж олгох боломжгүй тул гэрээг дуусгавар болгож, гэрээнд заасан буюу төсөвт заасан хэмжээгээр л хөлсийг нь төлөх үүрэг хуулиар хүлээнэ.

Гэтэл талуудын гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон, ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэнээс хойш 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч талаас санхүүжилт хүссэн албан тоотыг хариуцагчид хүргүүлэхдээ төсвийн хэмжээг нэмэгдүүлэн шаардсан нь нотлох баримтаар авагдсан /1хх 130/ Хариуцагч Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3, 345.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр төсөв буюу гэрээнд заасан хөлсийг гүйцэтгэгчид төлнө.

Ерөнхий гүйцэтгэгч БК ХХК нь туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнийг нэмэх эрх хэмжээтэй этгээд мөн эсэхийг анхан шатны шүүх хянан үзэх ёстой байсан.

4.3. Улсын дээд шүүхийн 0085 тоот тогтоолын биелэлт хангагдаагүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан даалгавар биелэгдээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болох барилгын ажлын гүйцэтгэлийн тайланг хуурамчаар үйлдсэн.

Анхан шатны шүүхэд хэргийг буцааснаас хойш нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, өөрчлөх, тодруулах ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг нэмж өгөөгүй,ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Бэсгэ ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг дан ганц шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Бэсгэ ХХК нь дээр дурдсан хуурамч нотлох баримтад орсон барилгын материалын тоо хэмжээ, үнийн дүнг үндэслэл болгож шинжээчийн дүгнэлтийг гаргасан байхад анхан шатны шүүх үүнийг анхааралгүй шийдвэрийнхээ үндэслэл болгон нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой.

4.4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан.

Өмгөөлөгч Д.Болормаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тухай хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамтаар бичгээр шүүхэд гаргасан. Хүсэлтийг шүүх хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.

4.5. Сөрөг нэхэмжлэлд давж заалдах журмаар гомдол гаргах тухай /5хх205-207/

1. Алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар:

ТУ ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх байсан.

Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй.

2.Зээлийн гэрээний шимтгэлд төлсөн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон талаар:

БК ХХК нь барилга угсралтын ажлыг Зам тээвэр, хот, байгуулалтын яамны тендерт шалгарч, улмаар яамтай 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээгээр барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн хийж дуусгахаар гэрээг байгуулсан бөгөөд гэрээний үүргийн баталгаа болгож Хаан банкнаас 305,826,825 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан байдаг.

ТУ ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгын гүйцэтгэлийг бүрэн гүйцэтгээгүйн улмаас Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам /тухайн үеийн нэрээр/-с гэрээг цуцалж барилгын ажлыг хүлээн авсан. Үүний улмаас манай компаниас сар бүр банканд зээлийн гэрээний шимтгэл төлж хохирол учирсан байдаг.

3. Барилгын тоног төхөөрөмж /сафут, шат/ түрээслэн олох ёстой байсан орлогыг хэрэгсэхгүй болгосон талаар:

ТУ ХХК нь БК ХХК-аас 4332 ширхэг сафутыг барилгын ажилд авч ашиглаж байсан бөгөөд үүнийг ТУ ХХК-аас үгүйсгэж чадаагүй.

Мөн 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд маргаан бүхий барилга угсралтын фото зураг авагдсан бөгөөд тус зургаар барилгын тулаас төмөр буюу сафутыг барилгад ашиглагдаж байгаа болох нь тодорхой харагдана. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч ТУ ХХК-аас үгүйсгэж чадаагүй, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт барилгын тоног төхөөрөмж авч ашиглаж байсныг дүгнэсэн атал нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлүүд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч ТУ ХХК нь хариуцагч БК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 838,547,911 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийг нэхэмжлэгч хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас алдангид 471,654,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 48,965,807 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах, олох ёстой орлогод 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ./1хх1-2, 59-60/

 

Хэрэгт хариуцагч БК ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай Дорноговь аймгийн Замын үүд суманд улс хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилгын ажлыг 2012 онд 2,500,000,000 төгрөг, 2013 онд 3,616,536,489 төгрөг, нийт 6,116,536,489 төгрөгийн санхүүжилттэйгээр гүйцэтгэж, үр дүнг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /1хх86-105/

 

Улмаар хариуцагч нь нэхэмжлэгч ТУ ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дээрх барилгын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр 4,716,540,000 төгрөгийн үнэ бүхий туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан./1хх28-32 /

 

Энэхүү гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 951,185,441 төгрөгийн хөлс төлсөн, гэрээ байгуулагдсан үйл баримтад талууд маргаангүй.

 

Хэрэгт ажлын үр дүнг хүлээлцсэн гэх акт авагдсан. /1хх38-39/

 

Мөн гүйцэтгэсэн ажлын тооцооны үлдэгдэл гэх баримтыг зохигч 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үйлджээ. /1хх33/

 

Түүнчлэн, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШТ 2021/00085 тоот тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгожээ./5хх 66-75/ Уг тогтоолд зааснаар ... Баянзүрх дүүргийн прокурорын 367 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 764 дүгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ТУ ХХК-ийн нягтлан ажилтай гэрч Т.Баярмагнайгийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон нотлох баримт хуурамч гэж дүгнэжээ. /5 хх66-75/

 

Зохигчид ТУ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлсийг ямар аргачлалаар тооцох, гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тооцоолоход Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр Барилгын норм ба дүрэм батлах тухай тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм, мөн сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаартай Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан нормын алиных нь дагуу тооцох талаар маргаж байна.

 

Хууль журмыг хэрэглэх тухай асуудал нь шинжээчийн дүгнэлтийн зүйл болохгүй хэдий ч уг журам хэзээнээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн талаар холбогдох газраас лавлаж тодруулах нь тухайн хэрэгт ач холбогдолтой байжээ.

 

Мөн зохигчид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон тооцоолол, барилгын ажлын гүйцэтгэлийн тайланг хуурамч эсэх тухайд маргаж байгаа нөхцөлд шинжээч ямар баримтад үндэслэж дүгнэлт гаргасан нь ач холбогдолтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахаар байна.

 

Нэгэнт хуурамч гэж тооцогдсон баримтуудыг ялган зааглаж, хавтаст хэргийн хуудасны дугаарыг тодорхой зааж нотлох баримтаас хасах асуудлыг шийдвэрлээгүйгээс талууд уг баримтыг дахин иш татах, нотлох баримт хуурамч эсэх тухайд талууд дахин маргах зөрчил үүсчээ.

 

Зохигч түүнчлэн ажил гүйцэтгэх төсвийн хэмжээ нэмэгдсэн эсэх, хуулиар тогтоосон журмын дагуу төсвийн хэмжээ нэмэгдсэн асуудлаар гэрээний талууд хэрхэн хоорондоо харилцсан байдал, гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тооцоолох арга журам өөрчлөгдсөн эсэхэд маргаж байгаа нөхцөлд энэ үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон, талууд бүрэн мэтгэлцсэн байх шаардлагатай.

 

Мөн хэрэгт хоёр өөр зөрүүтэй шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд дахин шинжээч томилсон шүүгчийн захирамж биелэгдээгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шинжилгээ хийлгэх ажиллагааг дутуу гүйцэтгэжээ.

 

Хэргийн баримтаас Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нийт 1,832,884,440 төгрөгийг тооцоолол гарсан бол дахин шинжээчээр томилогдсон Барилгын төсөвчдийн холбоо-ноос 926,666,911 төгрөгийн тооцоог гаргаж, хоёр шинжээчийн дүгнэлтээр тооцоолол илт зөрүүтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаан давхацсан талаар хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлажээ. /5хх147-148/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/03896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,676,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

  ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД