Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00222

 

Т У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00670 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 803 дугаар магадлалтай,

Т У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б К ХХК-д холбогдох

Ажлын хөлсний үлдэгдэл 838.547.911 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, алданги, хохиролд 833.507.207 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, Ө.Б, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Т У ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймаг 3амын-Үүд суманд улс хоорондын автовокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг хариуцагч Б К ХХК-тай байгуулсан. Дээрх гэрээний дагуу манай компани захиалагч Б К ХХК-ийн 600.000.000 төгрөг буюу 33,5 хувийн, компани өөрийн болон зээлийн 1.189.700.000 төгрөг буюу 66,7 хувийн санхүүжилтээр 2013 оны 8-10 дугаар сарын хооронд 1.789.733.352 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн болно. Захиалагч Б К ХХК нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2012, 2013 онд нийт 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтыг авсан байгаа боловч нийт гүйцэтгэлийнх нь 64,3 хувийг гүйцэтгэсэн манай компанид авсан санхүүжилтийнхээ 21,4 хувийг өгч, манай компанид өгөх ёстой 1,2 тэрбум төгрөгийг зориулалт бусаар өөр төсөлд зарцуулан туслан гүйцэтгэгч манай компанийг хохироосон. Мөн уг ажлыг Зам тээврийн болон Аж үйлдвэрийн яам нь концессын гэрээгээр өөр байгууллагаар гүйцэтгүүлэхээр болж Б К ХХК нь 2016 оны 5 дугаар сард Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэж өгөхдөө 2.835.000.000 төгрөгийн гүйцэтгэлээр тооцон хүлээлгэж өгсөн байдаг. Манай компани гүйцэтгэлээ Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн дагуу гаргасан болно. Б К ХХК нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд 2013 оны 9 дүгээр сард 2.247.424.410 төгрөгийн гүйцэтгэл болон 2016 оны 5 дугаар сард Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэж өгөхдөө гаргасан 2.835.000.000 төгрөгийн гүйцэтгэлээ ч мөн дээрх дүрмийн дагуу гаргаж санхүүжилтийн тооцоогоо хийсэн байдаг. Б К ХХК нь манай компаниар гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 1.789.733.352 төгрөгөөс 2013 онд 600.000.000 төгрөг, 2014 оноос хойш 155.000.000 төгрөг, Ландкрузер 200 маркийн авто машиныг 195,94 сая төгрөгийн санхүүжилтэнд тооцож, нийт 951.185.441 төгрөгийн санхүүжилт өгсөн. Хариуцагч нь 2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай гэрээ хийхдээ 2009 оны 263 дугаар тушаалыг баримтлан гэрээ хийсэн ба үүний дагуу тооцож хөлс төлөх ёстой гэж биднийг хохироож байна. Гэрээний 4.1-д зааснаар 1,2 тэрбум төгрөгийн ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ба мөн 6.2, 7.2.2-т зааснаар 14 хоногийн дотор гүйцэтгүүлсэн ажлынхаа төлбөрийг төлөөгүй. Бэсгэ ХХК-ийн дүгнэлтээр 2012 оны 181 дүгээр тогтоолын дагуу 1,8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Барилгын төсөвчдийн холбооны шинжээчид нь хүчингүй болсон норм дүрмийг үндэслэж дүгнэлтийг гаргасан ба Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын 2009 оны 263 дугаар тушаалын 2 дахь хавсралтыг үндэслэл болгосон гэсэн байна. Энэ тушаал нь 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар хүчингүй болсон байна. Иймд хариуцагч Б К ХХК-иас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтын үлдэгдэл болох 838.547.911 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б К ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай АТ/2012-02/132 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзал болон гаалийн баталгаат агуулахын барилгын ажлыг нийт 6.116.534.487 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тус ажлын зарим хэсгийг буюу барилга угсралтын ажил, гадна тохижилтын ажлыг гүйцэтгүүлэхээр Б К ХХК нь Т У ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Т У ХХК нь гэрээний дагуу зорчигч тээврийн автовокзал, гаалийн баталгаат агуулахын барилгын барилга угсралтын ажлыг хийх үүргийг хүлээсэн. Гэрээний 4.1-д гэрээт ажлын нийт үнийг 4.716.540.000 төгрөг байхаар тохиролцсон ба гэрээний 5.2-т зааснаар ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийж дуусгах ёстой байсан. Гэвч гүйцэтгэгч гэрээний үүргээ ноцтой зөрчиж тогтоосон хугацаанд барилгын ажлыг дуусгаагүй. Дээрх гэрээний дагуу Т У ХХК нь 4 давхар автовокзал болон 3 давхар агуулахын барилга угсралтын ажил, дотоод заслын ажлыг бүрэн дуусгах ёстой байсан боловч ердөө барилга тус бүрийн нэг давхрын карказын ажлын зарим хэсгийг хийсэн. Т У ХХК-ийн хийсэн дутуу ажлуудын нарийвчилсан тоо хэмжээг талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн. Б К ХХК нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний төсөв болох 6,1 тэрбум төгрөгийн ажлын төсвийг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч талуудын байгуулсан гэрээний салшгүй нэг хэсэг болсон. Өөрөөр хэлбэл, манай компанийн яамтай байгуулсан болон Т У ХХК-тай байгуулсан гэрээ нь нэг ижил төсвөөр бодогдож байгаа болно. Гэрээний хавсралт болсон дээрх төсөвт Т У ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг нэг бүрчлэн зааж тэдгээрт шаардлагатай шууд болон шууд бус зардлыг бодох аргачлалыг мөн тохиролцсон. Б К ХХК-ийн зүгээс Т У ХХК-ийн хийсэн ажлын хэмжээг төсөвт заасан үнэлгээний дагуу тооцоход нийт 961.730.031 төгрөгийн зардал гарсан байх ба автовокзалын барилга 620.800.536 төгрөг, агуулахын барилга 340.929.494 төгрөгөөр зардал нь хуваагдаж байна. Б К ХХК-ийн зүгээс гэрээ болон төсвийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэл болох 961.730.031 төгрөгийн зардлыг Т У ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Харин Т У ХХК нь гэрээгээр тохирсон ажлын үнэлгээг өндөрсгөх, гэрээгээр тохирсноос өөр материалын үнэ нэхэмжлэх зэргээр автовокзалын барилгыг 586.094.661 төгрөгөөр, агуулахын барилгыг 273.816.854 төгрөгөөр тус тус өсгөж биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Гэрээний 5.2-т заасан хугацаанд Т У ХХК барилгын ажлыг хийж дуусгаагүй. Түүнчлэн гэрээний 8.2.12, 9.1.1-д заасан ажлын гүйцэтгэлийн тайланг 7 хоног тутам захиалагчид бэлтгэн хүргүүлэх өгөх үүргээ зөрчиж ажлын явцын талаар бидэнд огт мэдээлж байгаагүй, нэг ч удаа ажлын гүйцэтгэлийг гаргаж өгөөгүй, түүгээр зогсохгүй хийсэн ажлаа ч хүлээлгэж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б К ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Т У ХХК гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийх ёстой байсан боловч манай компанийн зүгээс гүйцэтгэсэн ажилд холбогдох төлбөрийг ажил дуусахаас өмнө шилжүүлж тус компанид үүргээ гүйцэтгэх боломжийг бүрэн олгосон. Гэвч Т У ХХК нь дээрх байдлаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас ерөнхий захиалагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас манай компанитай байгуулсан барилга угсралтын гэрээг цуцалсан ба манай компанийн нэр хүнд болон эд хөрөнгийн ихээхэн хохирол амсаад байна. Иймд гэрээний 4.3-т гүйцэтгэгч нь графикт ажлын хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу хугацаа хэтэрсний алдангийг тооцоолж үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 538.815.173 төгрөг болж байна. Гэрээний 4.4-т алдангийн хэмжээг гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан тул Т У ХХК нь Б К ХХК-д нийт 471.654.000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Түүнчлэн Т У ХХК-ийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Б К ХХК өөрийн үйл ажиллагаа явуулж буй 2 дэлгүүрийн барилгыг банкинд барьцаалж, сар бүр банкинд төлбөр төлж хохирсон. Тодруулбал, манай компани нь ерөнхий захиалагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахдаа Хаан банкинд дээрх хоёр үл хөдлөх хөрөнгөө барьцаалж гүйцэтгэлийн баталгааг гаргуулсан. Т У ХХК гэрээний үүргээ зөрчсөний улмаас Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас одоог хүртэл гүйцэтгэлийн баталгааг чөлөөлж өгөөгүй ба үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 48.965.807 төгрөгийг Хаан банкинд төлсөн. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх хүртэл даашид ч дээрх төлбөрүүд сар бүр төлөгдөж хохирлын хэмжээ нэмэгдэхээр байна. Т У ХХК-д барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор тулаас төмөр байгаагүй учир манай компанийн өмчлөлийн тулаас төмрийг хоногийн 25 төгрөгөөр түрээсээр ашиглах тухай саналыг Бридж Консракшн ХХК-д ирүүлсэн. Бид гэрээний 5.2-т заасан гэрээт ажлыг бүрэн дуусгах хугацаа буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4332 ширхэг барилгын тулаас төмрийг гэрээний хугацаанд ашиглуулахаар Т У ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээний хугацаа дууссанаас хойш манай өмчлөлийн 4332 тулаас төмрийг нэхэмжлэгч хүлээлгэж өгөөгүй, төлбөрийг төлөөгүй. Манай компани гэрээний хугацаанд 4332 ширхэг тулаас төмрийг нэг хоногийн 40 төгрөгөөр түрээслүүлэхэд 312.887.400 төгрөгийн ашиг олох боломжтой байсан. Иймд Т У ХХК-иас гэрээний алдангид 471.654.000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу Б К ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48.965.807 төгрөг, барилгын тулаас төмрийг түрээслүүлж олох байсан орлого болох нийт 312.887.400 төгрөг, нийт 833.507.207 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т У ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Б К ХХК тендерийн ажилдаа эд хөрөнгөө барьцаалсан, Хаан банк ХХК-д зээлийн төлбөр төлж байгаа гэх гүйцэтгэлийн баталгаа зэрэг нь Т У ХХК-д хамааралгүй, гэрээ байгуулах явцад гүйцэтгэлийн баталгааны асуудал гэрээнд тусгагдаагүй, нэхэмжилж байгаа алданги, бусад төлбөр нь үндэслэлгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч Б К ХХК захиалагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээнээс үүсэх үүргээ өөрөөсөө зайлуулж, туслан гүйцэтгэгчид уг үүргийг шилжүүлэх сонирхолтой байгаа нь харагдаж байна. Ерөнхий гүйцэтгэгч захиалагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны ажлыг гүйцэтгэх тендертээ техникийн тодорхойлолт, үзүүлэлтэд тусгасан эд зүйлсээ болох сапутыг туслан гүйцэтгэгч компанид түрээслэн үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжлэх эрхгүй юм. Гэрээнд гүйцэтгэгчийн өөрийн хөрөнгөөр хийсэн ажлын санхүүжилтийг 14 хоногийн дотор өгнө гээд заасан байгаа. Гэтэл 4,5 жил болоход өгөөгүй. Тиймээс гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Б К ХХК, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээтэй холбогдсон маргаан биш. Тиймээс барьцааны хүү, алдангийн асуудал манай компанид ямар ч хамааралгүй юм. Барилгын тулаас төмөр нэгийг ч хүлээж авч, хэрэглээгүй. Б К ХХК манайхаас өмнө өөр туслан гүйцэтгэгч сонгоод тэр нь 2012 онд ямар ч ажил хийгээгүй учраас 2013 онд манай компанийг сонгосон. Тэр компаниар ажил гүйцэтгүүлэхдээ тодорхой хэмжээний тулаас төмрүүдийг талбай дээр авч ирсэн байсан. Тэр төмрүүд нь манай гүйцэтгэх ажлын шаардлагыг хангахгүй байсан. Манай ажилд 4,5-аас 6 метрийн урттай тулаас төмрүүд шаардлагатай учраас бид хэрэглээгүй. Гэтэл өмнө авчирч тавьсан байсан тулаас төмрүүд нь 2,4-өөс 2,8 метрийн урттай байсан учраас бид нэг ч ширхэгийг хэрэглээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00670 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т У ХХК-ийн хариуцагч Б К ХХК-д холбогдуулан гаргасан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны захиалгатай, улс хоорондын автовокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 838 547 911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б К ХХК-ийн нэхэмжлэгч Т У ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний алдангид 471 654 000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу Б К ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48 965 807 төгрөг, барилгын сапутыг түрээслүүлж олох байсан орлого 312 887 400 төгрөг, нийт 833 507 207 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 4 350 690 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 483 437 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 803 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00670 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б К ХХК-аас 838 547 911 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т У ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын 232 дугаар зүйлийн 232.4 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж, 3 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Б К ХХК-аас 4 350 690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т У ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 350 690 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 325 486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хариуцагч Б К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Ажлын хөлсийг гэрээний дагуу бус 181 дүгээр тушаалаар тооцсон нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 сарын 13-ны өдрийн 181 дугаар Барилгын норм ба дүрэм батлах тухай тушаалаар батлагдсан дүрэм, журмыг баримтлан 1.789.733.352 төгрөгөөр тодорхойлж, үүнээс санхүүжилтээр шилжүүлсэн 951.185.441 төгрөгийг хасч үлдэх 838.547.911 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж дүгнээд Б К ХХК-аас 838. 547. 911 төгрөгийг гаргуулахаар болсон. Т У ХХК болон Б К ХХК-ийн хооронд 2013 оны 7 сарын 18-ны өдөр байгуулагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ юм. Иргэний хуулийн 343.1 болон 344.1-т заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам хугацааг талууд “харилцан тохиролцож” тогтоодог. Талууд ажлын хөлсний хэмжээн дээр маргаж байгаа тохиолдолд талуудын ажлын хөлсний талаарх тохиролцоог шүүх нэн тэргүүнд анхаарч үзэх ёстой. Манай тохиолдолд Т У ХХК-ийн гүйцэтгэх ажлын хөлсийг нийт 4.716.540.000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Гэвч давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг талуудын харилцан тохиролцоогүй, гэрээнд үл хамаарах Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дугаар Барилгын норм ба дүрэм батлах тухай тушаалаар тооцоолсон нь Иргэний хуулийн 343.1-т заасан “хэлэлцэн тохирсон хөлс” төлөх хуулийн зохицуулалтад илт харшилж байна. Харин харилцан тохиролцсон үнийн дүн буюу 4.715.500.000 төгрөгийн дагуу Т У ХХК-ийн хийсэн ажлыг тооцоход 961.730.429 төгрөг болж байна. Үүнийг шүүгчийн захирамжаар томилогдсон Барилгын төсөвчдийн холбооны 2018 оны 5 сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотолсон байдаг.

Б К ХХК нь 2012 оны 8 сарын 10-ны өдөр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай АТ/2012-02/132 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Дорноговь аймгийн Замын-үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзал болон гаалийн баталгаат агуулахын барилгын ажлыг нийт 6.116.534.487 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 6.116.534.487 төгрөгийн төсөв нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 9 сарын 25-ны өдрийн 263 дугаар “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” тушаалаар бодогдсон. Улмаар Б К ХХК нь нэхэмжлэгч Т У ХХК-тай карказ, хана хамрын ажил, гадна тохижилтын зэрэг зарим ажлыг туслан гүйцэтгүүлэхээр 4.716.540.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гэрээ байгуулсан. Харин гэрээний нэг бүрчилсэн төсвийн задаргааг Б К ХХК-ийн яамтай байгуулсан 6.1 тэрбум төгрөгийн төсвөөр тохирсон ба энэхүү төсөв нь гэрээний 2.1.1-т заасны дагуу талуудын байгуулсан гэрээний салшгүй хэсэг болсон. Тодруулбал, яамтай байгуулсан болон Т У ХХК-тай байгуулсан гэрээ нэг ижил төсвөөр бодогдож байгаа болно. Яамтай байгуулсан гэрээний төсөв нь гэрээний салшгүй хэсэг болсон, талууд түүнийг хүлээн зөвшөөрсөн болохыг дараах үйл баримтууд хангалттай нотолно. Үүнд:

Т У ХХК нь барилга угсралтын ажлыг 2013 оны 10 сарыг дуустал хийж гүйцэтгэсэн ба энэ хугацаанд гүйцэтгэсэн ажлаа гэрээний үнээр тооцож 976,6 сая төгрөгийн санхүүжилт хүсч 2013 оны 10 сарын 30-ны өдөр Б К ХХК-д 01/1345 тоот албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүнээс Т У ХХК нь гэрээний хавсралт төсвийг хүлээн зөвшөөрч, ажлын хөлсийг тооцоолсон болох нь нотлогдоно. Мөн энэхүү дүн нь гэрээний дагуу Б К ХХК-ийн ажлын хөлсийг бодсон тооцоололтой таарч байдаг. Түүнчлэн тус албан бичигт Т У ХХК нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 181-р тушаалаар өртөгийг тооцоолбол 1,3 тэрбум төгрөг болохоор байна гэж дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа 181-р тушаалыг гэрээнээс тусдаа буюу хамааралгүй гэдгийг тухайн үедээ хүлээн зөвшөөрч байсныг нотлох юм. Б К ХХК-ийн нөхцөл байдлаас үзэхэд 263 дугаар тушаалаар гэрээний төсвөө яамаар батлуулсан атлаа Т У ХХК-тай өөр төсвөөр буюу 181-р тушаалаар гэрээ байгуулах боломжгүй юм. Хэрвээ шүүхийн дүгнэж байгаа шиг 181-р тушаалаар Т У ХХК-тай гэрээ байгуулсан бол гэрээний үнийн дүн 4.716.540.000 биш харин үүнээс даруй 2-3 дахин илүү өндөр үнэ гарч ирэх нь мэдээжийн хэрэг юм. Учир нь 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт Барилгын төсөв зохиох дүрмийн барилгын ажиллах хүчний зардлыг тодорхойлох хэсгийн 4-т зааснаар төсөвт тусгагдсан ажилчдын үндсэн цалингийн дүнгээс инженер техникчдийн цалинг 17 хувиар, нэмэгдэл цалин хөлсийг 37 хувиар, барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, ажлын хувцасны зардлыг 13,6 хувь, төсөвт ашгийг барилга угсралтын ажлын 15 хувиар нэмж авахаар тусгасан. Эдгээр зардлууд нь яамтай байгуулсан гэрээний төсөв болон Т У ХХК-тай байгуулсан гэрээний төсөвт тусгагдаагүй. Тиймээс Б К ХХК нь 181-р тушаалаар гэрээ байгуулаагүй талууд 263 дугаар тушаалаар бодогдсон төсвийг баримталж гэрээ байгуулсан нь нотлогдоно. Улмаар Б К ХХК нь Т У ХХК-д гэрээний дагуу 961.730.429 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн гэрээний хавсралт байхгүй гэж дүгнээд гэрээний үнийн дүнг 181-р тушаалаар тооцсон нь үндэслэлгүй байна. Түүнчлэн магадлалын үндэслэл болсон 181-р тушаалын 1.2 дэх хэсэгт улс орон нутгийн төсвийн хөрөнгө, Монгол улсыг хөгжүүлэх сан, түүнтэй адилтгах төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжигдэх барилга байгууламжийн төсвийг зохиоход 181-р тушаал хэрэглэгдэхээр заасан байна. Иймд хувийн хоёр байгууллагын хооронд хийгдсэн гэрээний төсөв буюу Б К ХХК-ийн хөрөнгөөр санхүүжигдэх барилга байгууламжийн төсвийг зохиоход 181-р тушаал хэрэглэгдэнэ гэж дүгнэлт гаргасан нь давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх Б К ХХК-г яаманд барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 181-р тушаалын дагуу хүлээлгэн өгсөн гэж буруу дүгнэсэн. Хэдийгээр хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээнд 181-р тушаал болон Б К ХХК-ийн яаманд хүлээлгэн өгсөн ажлын гүйцэтгэл хамааралгүй боловч давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан тул үүн дээр тайлбар өгөх нь зүйтэй. Өмнө нь дурдсанчлан Б К ХХК болон захиалагч яамны хооронд байгуулагдсан гэрээний төсөв нь 263 дугаар тушаалаар бодогдсон байдаг. Улмаар Б К ХХК нь барилга угсралтын ажлын гүйцэтгэлээ гэрээ буюу 263 дугаар тушаалын дагуу тооцоолсон юм. Учир нь: Бридж Коснтракшн ХХК болон захиалагч яам нь 2013 оны 9 сарын 26-ны өдөр барилга угсралтын гүйцэтгэлийн төсвийн дүнг баталгаажуулан тооцоо нийлсэн. Уг тооцоо нийлсэн актаас талууд ажлын гүйцэтгэлийг шинээр батлагдсан 181 дүгээр тушаалын дагуу биш харин өмнө батлагдсан төсөв буюу гэрээний дагуу хүлээлцсэн гэдэг нь тодорхой харагддаг. Тодруулбал, 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт Барилгын төсөв зохиох дүрмийн барилгын ажиллах хүчний зардлыг тодорхойлох хэсгийн 4-т зааснаар төсөвт тусгагдсан ажилчдын үндсэн цалингийн дүнгээс инженер техникчдийн цалинг 17 хувиар, нэмэгдэл цалин хөлсийг 37 хувиар, барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, ажлын хувцасны зардлыг 13,6 хувь, төсөвт ашгийг барилга угсралын ажлын 15 хувиар нэмж авахаар тусгасан. Харин Б К ХХК нь эдгээр зардлуудыг яамнаас аваагүй. Эндээс талууд барилгын гүйцэтгэлийн төсвийг 181-р тушаалын дагуу хүлээлцээгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн Б К ХХК нь барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг яаманд 181-р тушаалаар биш харин 263 дугаар тушаалын дагуу хүлээлгэн өгсөн гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд Барилгын төсөвчдийн холбоог төлөөлөн оролцсон шинжээч А.Эрдэнэбаатар хэлсэн мэдүүлгээр нотлогдоно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4, 41.1 дүгээр зүйл болон яамтай байгуулсан гэрээний 44.0-т заасны дагуу гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглосон байдаг. Тиймээс хариуцагч Б К ХХК нь батлагдсан төсвийг өөрчилж 181 дүгээр тушаалын дагуу төсвөө нэмэгдүүлэх ямар ч боломжгүй юм. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс хэргийн 3-р хавтасны 181-р хуудаст байгаа Б К ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яаманд гаргасан гүйцэтгэлийг Т У ХХК-ийн гүйцэтгэлтэй харьцуулах замаар хариуцагчийг 181-р тушаалын дагуу хүлээлгэж өгсөн гэж дүгнэсэн. Хэргийн 3-р хавтасны 181-р хуудаст байгаа Б К ХХК-ийн гүйцэтгэл нь зөвхөн хариуцагчийн 2012 онд яаманд гаргасан гүйцэтгэл юм. Энэ үед Б К ХХК нь Т У ХХК-тай гэрээ байгуулаагүй байсан. Түүнчлэн тус гүйцэтгэлээс харахад Вридж Констракшн ХХК нь инженер техникчдийн цалин 17 хувь, нэмэгдэл цалин хөлс 37 хувь, барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, ажлын хувцасны зардал 13,6 хувь, төсөвт ашгийн 15 хувийн зардлыг яамнаас нэмж аваагүй байдаг. Хэрвээ давж заалдах шатны шүүх Т У ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 2012 оны энэ гүйцэтгэлтэй холбож тайлбарлаж байгаа бол Т У ХХК-ийн гүйцэтгэсэн ажил 961.730.429 төгрөг биш 562.014.520 төгрөг гарч буурахаар байна. Үүнээс давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн болох нь харагдаж байна. Дээрхээс үзэхэд давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаж, алдаатай дүгнэлт гаргасан тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна. Давж заалдах шатны шүүх Б К ХХК-ийн Т У ХХК-с хугацаа хоцроосны алдангид 471.654.000 төгрөг, сафут түрээслүүлж олох байсан орлого 312.887.400 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлийн шимтгэлд төлсөн 48.965.807 төгрөг нийт 833.507.207 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисон нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Шүүх алдангийг хэрэгсэхгүй болгохдоо “...Т У ХХК-н буруутай ажиллагааны улмаас гэрээнд заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, захиалагч тал ажлын хөлсийг гүйцэтгэлийн төсвөөр, гүйцэтгэлийн үе шатаар төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн. Талуудын байгуулсан гэрээний 4.1, 5.2-т заасны дагуу гүйцэтгэгч Т У ХХК нь барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгө, зардлаар 2013 оны 11 сарын 01-ний өдрийн дотор бүрэн хийж дуусган Б К ХХК-д хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч Т У ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаагүй. Гэрээний дагуу Т У ХХК нь анхнаасаа гэрээт ажлыг өөрийн санхүүжилтээр хийх үүрэг хүлээсэн тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүх зээлийн шимтгэлд төлсөн төлбөрийн талаар шийдэхдээ “...зээл авсан үйлдэл учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Өмнө нь дурдсанчлан Б К ХХК нь яамтай барилга угсралтын ажлыг 2013 оны 11 сарын 01-ний өдрийн дотор бүрэн хийж дуусгахаар гэрээ байгуулсан. Энэхүү үүргийн баталгаа болгож Б К ХХК нь Хаан банкнаас 305.826.825 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан байдаг. Улмаар Т У ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүйгээс Б К ХХК нь 2013 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн банкинд сар бүр гүйцэтгэлийн баталгаанд зээлийн шимтгэл төлж хохирсон. Хэрвээ Т У ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн бол Б К ХХК нь банкинд зээлийн шимтгэл төлж хохирохгүй байсан тул энэ нь Иргэний хуулийн 229.1-т заасны дагуу Б К ХХК-д учирсан хохирол мөн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “4332 ширхэг тулаас төмөр буюу сафутыг Т У ХХК-д ашиглуулахаар хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй, түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй...” гэж үзсэн. Т У ХХК-ийн хувьд 2013 оны 10 сарын 23-ны өдөр барилга угсралтын ажилд шаардлагатай сафутыг хоногийн 25 төгрөгөөр түрээслэх санал тавьж байсан. Улмаар Б К ХХК нь хувьд 4332 ширхэг сафутыг Т У ХХК-д гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар хүлээлгэж өгсөн боловч Т У ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж дуусгалгүй сафутыг буцааж өгөөгүй. Т У ХХК нь Бридж Контракшн ХХК-с 4332 ширхэг сафутыг барилгын ажилд авч ашиглаж байснаа үгүйсгэдэггүй ба барилга угсралтын ажилтай холбоотойгоор газар дээр нь очиж үнэлгээ хийсэн Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр барилгын тулаас төмөр буюу сафут нь барилгад ашиглагдаж байгаа болох нь нотлогддог. Хэрвээ Т У ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэж, сафутыг хариуцагчид хүлээлгэн өгсөн бол Б К ХХК нь сафутыг зах зээлийн үнэлгээгээр бусдад түрээслүүлж орлого олох боломжтой байсан. Иймд Т У ХХК-ийн буруугаас Б К ХХК нь олох ёстой байсан орлогоо алдсан тул Иргэний хуулийн 229.1-т заасны дагуу хохиролд тооцож шүүхээс хангах ёстой байсан. Гэвч давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гомдлыг хангаагүй нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 803 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т У ХХК, хариуцагч Б К ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, ажлын хөлсний үлдэгдэл  838.547.911 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч гэрээний алдангид 471.654.000 төгрөг, учирсан хохирол буюу гүйцэтгэлийн баталгааны төлбөр 48.965.807 төгрөг, барилгын тулаас төмрийг түрээслүүлж олох байсан орлого 312.887.400 төгрөг, нийт 833.507.207 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан бөгөөд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

1. Б К ХХК, Т У ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т У ХХК нь Б К ХХК-ийн захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралт, гаалийн баталгаат агуулахын барилга угсралт, гадна тохижилт, гадна лифт, урсдаг шатны ажил болон ажил хийх явцад буулгасан бусад зүйлсийг нөхөн сэргээх ажлыг гэрээний 5.2-т зааснаар гүйцэтгэгч ажил эхлэх зөвшөөрөл авсан өдрөөс эхлэн гэрээт ажил эхэлснээр тооцож түүнээс хойш 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсөнд  4.716.540.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.  

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч Б К ХХК нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Авто тээврийн газартай 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр дээр дурьдсан ажлыг 6.116.536.489 төгрөгийн санхүүжилтээр 2012.8.10-наас 2013.11.15-ний дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон, уг ажлаа туслан гүйцэтгэгч Т У ХХК-р гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна.

Т У ХХК нь 2013 оны 8 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд гэрээгээр тохирсон ажлын зохих хэсгийг гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгсөн, ажлын тоо хэмжээ, чанарын талаар зохигч маргаагүй тул хийсэн ажлын хэмжээнд хөлс шаардах эрхтэй байна. Гагцхүү ажлын хөлсийг хэрхэн тооцох тухайд зохигч өөр өөрийн тайлбар, баримтыг  гаргажээ.

Нэхэмжлэгч Т У ХХК 2012 оны 6 дугаар сард батлагдаж, 9 дүгээр  сараас мөрдөж эхэлсэн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 181 дугаар тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмээр тооцож ажлын хөлсийн үлдэгдэлд 838.547.911 төгрөгийг нэхэмжилснийг, хариуцагч зохигчийн байгуулсан гүйцэтгэх гэрээ нь Б К ХХК-ийн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Авто тээврийн газартай байгуулсан гэрээний салшгүй хэсэг бөгөөд энэхүү гэрээнд  санхүүжилтийг өмнө мөрдөж байсан 2009 оны 236 дугаартай тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмээр тооцсон гэсэн тайлбар өгчээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд үнийн санал, төсөв, ажил гүйцэтгэх календарьчилсан төлөвлөгөө, төлбөрийн нөхцөл, санхүүжилтийн хуваарь нь гэрээний салшгүй хэсэг байхаар заасан боловч тухайн хавсралтыг үйлдээгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, Б К ХХК-ийн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Авто тээврийн газартай 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт баримтыг, Б К ХХК, Т У ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний хавсралт гэж дүгнэсэн нь буруу болжээ. Иймээс зохигчийн хоорондох гэрээ Б К ХХК-ийн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Авто тээврийн газартай байгуулсан гэрээний салшгүй хэсэг гэх үндэслэл тогтоогдоогүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д гүйцэтгэх ажлын хөлсийг  4.716.540.000 төгрөг гэж тогтоосон боловч гүйцэтгэгч нь гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгээд, санхүүжилтыг гүйцэтгэлээр авахаар мөн заажээ.

Давж заалдах шатны шүүх, Б К ХХК-ийн  захиалагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг жагсаалтаар  гаргаж, 2.809.439.236 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч тооцоо нийлсэн баримт, Б К ХХК болон Т У ХХК-ийн хоорондын ажил хүлээлцсэн акт, гүйцэтгэсэн ажлын хөлсийг тооцсон Бэсгэ ХХК болон Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулж “...яаманд хүлээлгэн өгсөн ажлын гүйцэтгэлд нэхэмжлэгч Т У ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь дийлэнх хэсгийг эзэлж буй тул нэхэмжлэгчийн тайлбар болох ажлын гүйцэтгэлийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаар тушаалаар батлагдсан дүрмийг баримталсан гэх тайлбар илүү үндэслэлтэй.” гэж дүгнэснийг үгүйсгэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Бэсгэ ХХК дүгнэлт гаргахдаа ажлын гүйцэтгэлийг газар дээр нь очиж үзлэг хийж, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 174 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын ажлын тоо хэмжээ бодох заавар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан төсөвт зохиох дүрэм БНбД /81-95-12/-ийг баримталж, дүгнэлтийг дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлан гүйцэтгэсэн ажлын зардлыг 1.832.844.440 төгрөгөөр тогтоосныг хариуцагч зөвшөөрөөгүй маргаж, шүүхэд хүсэлт гаргасны дагуу Барилгын төсөвчдийн холбоог шүүх шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байх ба тус байгууллага гүйцэтгэсэн ажлын зардлыг 926.666.911 төгрөг гэж тодорхойлсон боловч тухайн дүгнэлтдээ Б К ХХК-ийн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Авто тээврийн газартай  байгуулсан гэрээний хавсралтыг Бридж ХХК болон Т У ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хавсралт гэж үзэн дүгнэлтийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

Иймд ажлын хөлсний үлдэх хэсгийг гаргуулж шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

2. Алданги, хохиролд нийт 833.507.207 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хариуцагч Б К ХХК нь гэрээний 4.3, 4.4-т заасныг үндэслэж алдангид 471.654.000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх анз болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тодорхойлсон байна.

Гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах нэг нөхцөл болдог бөгөөд Т У ХХК-ийн буруугаас ажлыг бүрэн хүлээлгэн өгөөгүй гэх нөхцөл тогтоогдоогүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ. Харин анхан шатны шүүх алданги гаргуулах шаардах эрхийн үндэслэлийг оновчтой тодорхойлоогүйг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Б К ХХК нь Т У ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсний улмаас 2 дэлгүүрийн барилгыг банкинд барьцаалж, банкинд сар бүр төлбөр төлсний хохирол гэж 48.965.807 төгрөг нэхэмжилснийг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо зээл авснаас хохирол учирсан, уг хохирол учирахад нэхэмжлэгчийн гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

Мөн Б К ХХК нь 4332 ширхэг тулаас төмрийг Т У ХХК-д ашиглуулахаар хүлээлгэн өгснөө нотлоогүй, тэдний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 312.887.400 төгрөг  шаардах эрхгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 803 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 8.676.175 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ