Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01173

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01173

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоот хаягт байрлах, С транс ХХК-ийн /РД: хххххххххххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: хххххххххххххххххххххххххххх тоотод оршин суух, Бийн Эд /РД: ххххххххххх/ холбогдох

164.128.632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С трансХХК-ийн захирал Б.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.Э нь БНСУ-аас өөрийн ачааг оруулж ирэхээр нэхэмжлэгч С трансХХК олон улсын тээвэр зуучийн компаниар 2013, 2014 онуудад зуучлуулан тээвэрлүүлж ирсэн бөгөөд С трансХХК-иар зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлэгийн хөлсийг дараа төлөх нөхцөлтэй буюу ачааг эцсийн хүлээн авах газар болох Улаанбаатар хотод ирсний дараа төлөхөөр тохирсон. Б.Э нь нэхэмжлэгч С трансХХК-иар 69.630 ам долларын нийт 15 чингэлэгийг зуучлуулж тээвэрлүүлсэн.

1. PCSU5102659 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 4.800 ам доллар, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 4.000 ам доллар төлсөн, 800 ам доллар төлөх ёстой,

2. TGHU6890980 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 4.800 ам доллар, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 4.800 ам доллар төлөх ёстой,

3. GESU6490532 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 5.150 ам доллар, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 5.150 ам доллар төлөх ёстой,

4. GESU5232132 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 5.300 ам доллар, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр чингэлэгийг хүлээн авсан, төлөх ёстой төлбөр 5.300 ам доллар,

5. TGHU9641194 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 5.150 ам доллар, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 5.150 ам доллар төлөх ёстой,

6. TGHU6892690 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 5.430 ам доллар, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 4.080 ам доллар төлсөн, 1.350 ам доллар төлөх ёстой,

7. PCSU2118034 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 2.950 ам доллар, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр чингэлэгийг хүлээн авсан, 150 ам доллар төлсөн, 2.800 ам доллар төлөх ёстой,

8. TGHU8263485 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 4.650 ам доллар, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр чингэлэгийг хүлээн авсан, 4.650 ам доллар төлөх ёстой,

9. DYLU5106521 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 4.900 ам доллар, 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 4.900 ам доллар төлөх ёстой,

10. DYLU5106650 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 4.600 ам доллар, 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 4.600 ам доллар төлөх ёстой,

11. DJLU5700466 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 4.400 ам доллар, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 4.400 ам доллар төлөх ёстой,

12. FSCU8502112 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 4.500 ам доллар, 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдөр чингэлэгийг хүлээн авсан, 1.470 ам доллар төлсөн, 3.030 ам доллар төлөх ёстой,

13. GESU4583718 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 4.300 ам доллар, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 4.300 ам доллар төлөх ёстой,

14. VPLU5100251 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 4.300 ам доллар, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 4.300 ам доллар төлөх ёстой,

15. DJLU5012545 тоот чингэлэг, төлөх ёстой төлбөр 4.400 ам доллар, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр чингэлэгийг хүлээн авсан, 4.000 ам доллар төлсөн, 400 ам доллар төлөх ёстой.

Нийт 69.630 ам доллар төлөхөөс 13.700 ам доллар төлсөн.

Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасны дагуу хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч С трансХХК-иар БНСУ-аас зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлэгийн хөлсийг Улаанбаатарт ирсний дараа төлөх нөхцөлтэй байсан ч одоо төлөх боломжгүй, удахгүй төлнө гээд тухайн 15 чингэлэгийг зээлээр, өөрийн гарын үсгээ зурж авч явсан бөгөөд нийт 69.630 ам долларын 15 чингэлэгийн тээврийн хөлснөөс 13.700 ам долларыг төлсөн.

Үлдэгдэл 55.930 ам долларыг төлөөгүй тул нэхэмжлэгч С трансХХК, хариуцагч Б.Э нар 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлэн акт үйлдсэн. Уг актаар хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч нэхэмжлэгч С трансХХК-д 55.930 ам доллар төлөх үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Нэхэмжлэгч С трансХХК болон хариуцагч Б.Э нар Иргэний хуулийн 18 дүгээр зүйлийн 189.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу өмнө нь байгуулсан тээвэрлэлтийн зуучлалын гэрээний үүргийг сольж үлдэгдэл 55.930 ам долларт тээврийн зээлийн гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан.

Хоёр талын байгуулсан тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 2.1-д заасны дагуу хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч талаар зуучлуулж тээвэрлүүлсэн 15 чингэлэгийн нийт үлдэгдэл төлбөр 55.930 долларыг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ч хариуцагч Б.Э нь DJLU5012545 тоот чингэлэгийн үлдэгдэл 400 ам долларыг 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр төлсөн бөгөөд үлдэх 55.530 ам долларыг өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч С трансХХК-ийг хохироож байна.

Хариуцагч Б.Э нь хоёр талын байгуулсан тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 2.1-т заасан хугацаанд нэхэмжлэгч талаар зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлэгийн үлдэгдэл төлбөр 55.530 ам долларыг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа тул тээврийн зээлийн гэрээний 2.3-д зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг зээлдүүлэгч талд үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу мөн гэрээний 2.1-д заасан хугацаа буюу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн алданги тооцох ёстой.

Гэсэн хэдий ч хариуцагч Б.Э нь хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өдрийн 277 ам долларын алданги, нийт 281 өдрийн алданги 77.837 ам доллар болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 27.765 ам долларын алдангийг нэхэмжлэгч С трансХХК-д төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч С трансХХК-иас зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлэгийн үлдэх хөлс 55.530 ам доллар, алданги 27.765 ам доллар, нийт 83.295 ам долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны ам долларын төгрөгтэй тэнцэх ханш 1970,45 төгрөгөөр тооцож 164.128.632 төгрөг нэхэмжлэгч С трансХХК-д төлөх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хоёр талын байгуулсан тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 2.1, 3.2-т заасны дагуу 55.530 ам доллар, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, тээврийн зээлийн гэрээний 2.3-т заасны дагуу алданги 27.765 ам доллар, нийт 83.295 ам доллар буюу 164.128.632 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Б.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч С трансХХК-иар 2013, 2014 онуудад нийт 15 чингэлэгийг зуучлуулан тээвэрлүүлсэн бөгөөд тээврийн хөлсөнд 69.630 ам доллар төлөхөөс 14.100 ам долларыг төлсөн ба одоо тээврийн хөлсөнд 55.530 ам доллар төлөх ёстой.

Тээврийн хөлс 55.530 ам долларыг төлөх тухайд маргахгүй. Б.Э нь С трансХХК-тай итгэлт түншийн харилцаатай байсан бөгөөд үүрэг сольсныг зөвшөөрөхгүй. 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн тээврийн зээлийн гэрээ байгуулсан ба энэ гэрээн дэхь гарын үсэг Б.Эынх мөн хэдий ч гэрээн дэхь нөхцлийг зөвшөөрөхгүй.

Б.Э 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн тээврийн зээлийн гэрээг уншихгүй гарын үсгээ зурсан тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Тээврийн хөлс 55.530 ам долларыг төлнө, алданги 27.765 ам долларыг төлөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С трансХХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан 164.128.632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч С трансХХК-иар тээвэр зуучлалын үүрэг гүйцэтгүүлэхээр буюу 2013-2013 онуудад нэхэмжлэгч С трансХХК-иар зуучлуулан 15 тооны чингэлэгийг нийт 69.630 ам.доллараар БНСУ-аас Монгол улс руу тээвэрлүүлсэн ба тээврийн хөлсөнд нийт 69.630 ам доллар төлөхөөс 14.100 ам доллар төлсөн, одоо 55.530 ам.доллар тээврийн хөлсөнд төлөх болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргахгүй байна.

/ХХ-ийн 25-80, 179-239, 244-268 дугаар тал/

 

Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсний дагуу зохигчдын хооронд тээвэрлэлтийн гэрээний зуучлалын гэрээ үүссэн ба талууд энэ талаар мөн маргахгүй байгаа болно.

 

Нэхэмжлэгч С трансХХК болон хариуцагч Б.Э нар 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд Б.Эын төлөх төлбөрийн талаар тооцоо нийлэхэд 55.930 ам долларыг Б.Э төлөхөөр тооцоо гарсныг харилцан баталгаажуулжээ.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

 

Хариуцагч Б.Э нь тээвэрлэлтийн хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй тул талууд үүргийг өөрчлөх талаар тохиролцон тээвэрлэлтийн гэрээний үүргийг дуусгавар болгон шинэ буюу зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэсэнтэй нийцсэн ба өмнөх үүргийг дуусгавар болгосон байна.

 

Талууд 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр зээлийн гэрээ байгуулан өмнөх үүргийн хэмжээг зээлийн гэрээний зүйл болгож, үүрэг биелүүлэх хугацаа, үүрэг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тухайн гэрээнд тусгасан ба зохигчдын хооронд байгуулагдсан Тээврийн зээлийн гэрээ гэх нэр бүхий гэрээ нь зохигчийн хооронд мөнгөн хөрөнгө зээлдэх, зээлдүүлэх хэлцлийн шинжийг агуулжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, агуулгыг болон гэрээний гол нөхцлийг өөрсдөө тохиролцох зарчмын үүднээс дүгнэхэд зээлдэгч буюу хариуцагч Б.Э нь гэрээний зүйл мөнгийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхээр ажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан тээврийн зээлийн гэрээ нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл бөгөөд талууд гэрээнд хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл ба гэрээг уншаагүй гэх хариуцагчийн тайлбар түүнийг алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Дээрх гэрээ ёсоор хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч С трансХХК-д 55.930 ам долларыг 2015 оны 3 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохирсон ба Б.Э нь 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 400 ам доллар төлснөөр төлөх төлбөр нь 55.530 ам доллар болжээ.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир нэхэмжлэгч С трансХХК нь хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний дагуу зээл 55.530 ам доллар болон хугацаанд нь үүргээ биелүүлээгүй тул алданги 27.765 ам долларыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч С трансХХК-иар 15 тооны чингэлэг зуучлуулан тээвэрлүүлсэн талаараа болон тээврийн хөлсөнд 55.530 ам доллар төлөх талаараа маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 1 ам долларын ханшийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63,2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 1970.45 төгрөгөөр тодорхойлсон болно.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Иймд хариуцагч Б.Эаас 83.295 ам доллар буюу 164.128.632 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С трансХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С трансХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Эаас 83.295 ам доллар буюу 164.128.632 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С трансХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С трансХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 978.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 978.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С трансХХК-д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 24188 дугаартай захирамжаар хариуцагч Б.Эын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд энэ захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН