Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/00068

 

Сутай богд бридж

   транс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/005783 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1876 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Сутай богд бридж транс ХХК

Хариуцагч :  Б.Энхжаргал

Нэхэмжлэлийн шаардлага : 164.128.632 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхжаргал нь БНСУ-аас өөрийн ачааг оруулж ирэхээр тээвэр зуучийн компаниар 2013, 2014 онуудад зуучлуулан тээвэрлүүлж ирсэн бөгөөд нэхэмжлэгч Сутай Богд Бридж Транс ХХК-р зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн хөлсийг дараа төлөх нөхцөлтэйгөөр буюу ачааг эцсийн хүлээн авах газар болох Улаанбаатар хотод ирсний дараа төлөхөөр тохиролцож 69.630 ам.долларын нийт 15 чингэлгийг зуучлуулж тээвэрлүүлсэн. “...14 чингэлгийн хөлсийг Улаанбаатарт ирсний дараа төлөх нөхцөлтэй боловч одоо төлөх боломжгүй байна удахгүй төлнө...” гээд зээлээр тухайн 15 чингэлгийг Б.Энхжаргал нь өөрийн гарын үсгээ зурж авч явсан. Нийт тээврийн хөлснөөс 13.700 ам.долларыг төлсөн боловч үлдэгдэл 55.930 ам.долларыг төлөөгүй тул 2013.01.01-ний өдрөөс 2015.01.01-ний өдөр хүртэл тооцоо нийлсэн акт үйлдсэн. Талууд Иргэний хуулийн 189.1, 236.1.3-д заасны дагуу өмнө нь байгуулсан тээвэрлэлтийн зуучлалын гэрээний үүргийг сольж үлдэгдэл 55.930 ам.долларт “Тээвэрлэлтийн зээлийн гэрээ”-г 2015.01.02-ны өдөр байгуулсан. Хариуцагч гэрээний 1.1, 1.4, 2.1-д заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 55.930 ам.долларыг 2015.3.31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээ, тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш DJLU5012545 тоот чингэлгийн үлдэгдэл 400 ам.долларыг 2015.9.09-ний өдөр төлсөн боловч үлдэгдэл 55.530 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөлгүй. Гэрээний 2.3-д зааснаар 2015.3.31-ний өдрөөс эхлэн алданги тооцох ёстой боловч 2015.9.09-ний өдрөөс 2016.6.16-ны өдөр хүртэл өдрийн 277 ам.долларын алданги нийт 281 өдрийн алданги 77.837 ам.доллараас 50 хувиар харгалзан 27.765 ам.долларын болж байна. Иймд 55.530 ам.доллар, алданги 27.765 ам.доллар нийт 83.295 ам.доллар буюу /1970,45 төгрөг/ 164.128.632 төгрөгийг Б.Энхжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-2/

 Хариуцагч Б.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. /хх 23/

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/005783 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Энхжаргалаас 164.128.632 төгрөг гаргуулж Сутай богд бридж транс ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Сутай богд бридж транс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 978.600 төгрөгийг улсын орлогод үлдээж, Б.Энхжаргалаас 978.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон байна. /хх 117-122/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1876 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/05783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ. /хх 140-147/

 Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие нь Солонгос улсаас Монгол улсад тавилга оруулж зардаг бөгөөд 2013-2014 оноос БНСУ-ын Дунгён компанитай тээврийн гэрээ байгуулан хамтран ажилласан. 2015 оноос Сутай Богд Брижд Транс ХХК нь Дунгён компанийн өмнөөс надтай харьцаж эхэлсэн. Гэтэл Сутай Богд Брижд Транс ХХК нь өмнө нь хамтран ажиллаж байсан Дунгён ХХК-ийн надаас авах ёстой төлбөрийг өөрийн компанийн хамтран ажилласан тээврийн хөлстэй нэгтгэн 55.930 ам.долларын тээврийн хөлс нэхэмжлэх болсон. Тухайн үед миний бие тэр нэхэмжлэлийг   зөвшөөрсөн боловч Дунгён компанид төлөх ёстой төлбөрийг танайд төлөхгүй гэснээс болж бидний дунд маргаан үүссэн. Гэтэл шүүх БНСУ-ын Дунгён компаниар тээвэрлүүлсэн тээврийн хөлсийг хариуцагч миний биеэс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ. Түүнчлэн, Сутай богд бридж транс ХХК нь Дунгён ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл   гаргах эрх бүхий этгээд биш байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн  авч  хэргийг  шийдвэрлэсэн  нь  хуулийг  буруу тайлбарлаж хэрэглэсэн, Сутай богд бридж транс ХХК-иас намайг нэг өдөр дуудаад гэрээн дээр гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь хуучин гэрээгээ шинэчилж байгаа юм байна гэж бодоод гарын үсэг зурсан бөгөөд тээврийн зээлийн гэрээ байгуулж байгаа гэдгийг би мэдээгүй, мөн надад өмнө гэрээгээ дуусгавар болгоод шинээр зээлийн гэрээ байгуулж алданги тооцохоор болсон гэдгийг мэдээгүй мэдэгдээгүй гарын үсэг зуруулсан гэдгийг сүүлд мэдсэн болно. Өмнө миний бие нэхэмжлэгч компани дээр очоод л тооцоо нийлж гарын үсэг зурдаг байсан болоод тухайн үед өөрийн тоомсоргүй үйлдлээс болоод уншиж танилцаагүй болно. Гэтэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д "талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно" гэж заасан бөгөөд энэхүү заалт нь хоёр тал заавал тохиролцсон байх ёстой гэдгийг зохицуулж өгсөн. Шүүх хуулийн энэхүү заалтыг хэрэглэсэн хирнээ тохиролцсон эсэхэд анхаарч дүгнэлт өгөөгүй, намайг шүүх хуралдаанд оролцож тайлбар мэдүүлэг өгөх болон өмгөөлүүлэх эрхээр хангаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. /хх 153-154/

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нь 2015.01.02-ны өдрийн гэрээг үндэслэн Б.Энхжаргалаас 55.530 ам.доллар, алданги 27.765 ам.доллар нийт 83.295 ам.доллар буюу 164.128.632 төгрөг шаардсан байна. Хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмэжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт нийцээгүй тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаав.

1.Сутай богд бридж транс ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "...БНСУ-с зуучлуулан тээвэрлүүлсэн 14 чингэлгийн тээврийн хөлс 55.930 ам.долларыг Сутай богд бридж транс ХХК-д хариуцагч төлөх үүргийг солих талаар тохиролцон 2015.01.02-ны өдөр 15/001 тоот гэрээ байгуулсан..." гэж тайлбарлан, 15/001 дугаар гэрээг үндэслэн Б.Энхжаргалаас   55.530 ам.доллар, алданги 27.765 ам.доллар нийт 83.295 ам.доллар буюу    164.128.632 төгрөг шаардаж байгаа ч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.13 дахь хэсэгт "...талууд өмнөх үүргийн солихоор тохиролцсон..." бол үүрэг дуусгавар болно гэж заажээ. Хуулийн уг зохицуулалтыг хэрэглэхэд "талууд өмнө үүрэг хүлээсэн" байх, өмнө хүлээсэн үүргийг "солих" талаар тохиролцсон байх хоёр урьдчилсан нөхцөл хамтдаа байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, 2015.01.02-ны өдрийн 15/001 дугаар гэрээний талаар дүгнэлт хийхэд "хариуцагч өмнө нь 55.930 ам.доллар төлөх үүрэгтэй байсан" эсэхийг тогтоох шаардлагатай юм.

Б.Энхжаргал нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа 55 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн /хх 25-80/ бөгөөд РСSU5102659, TGHU6890980, GESU6490532, GESU5322132, TGHU9641194, TGHU6892690, PCIU2118034, TGHU8263485, TGHU5106521, DYLU5106650, DJLU5700466, FSCU8502112 дугаартай 12 чингэлгийг Сутай богд бридж транс ХХК тээвэрлэсэн гэх мэдээлэл уг баримтуудад /хх 25-72/ байхгүй байна.

DJLU5012545 дугаартай чингэлэгтэй холбоотой баримт хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ.

2. СЕSU 4583718, VPLU 5100251 дугаартай чингэлгийг нэхэмжлэгч тээвэрлэсэн байж болох мэдээлэл хэргийн 73-80 дугаар талд буй баримтад агуулагдаж байх боловч хэргийн 25-80 дугаар талд буй баримтууд бүрэн орчуулагдаагүй байх тул эдгээрийг хяналтын шатны шүүх хуралдаанаас үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

3. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтын талаар шүүх нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр тайлбар авах /хх 110-114/ бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад энэ ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-г зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/005783 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1876 дугаар магадлалыг  тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 978.600 төгрөгийг захирамжаар Б.Энхжаргалд олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ