Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01342

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01342

 

 

Сутай богд бридж транс ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05ы өдрийн 101/ШШ2017/01173 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Сутай богд бридж транс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Энхжаргалд холбогдох

 

Тээврийн зээлийн гэрээний үүрэгт нийт 164 128 632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхжаргал нь "Сутай богд бридж транс" ХХК-иар 69.630 ам.долларын нийт 15 чингэлэг зуучлуулж тээвэрлүүлсэн. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасны дагуу Б.Энхжаргал нь чингэлгийн хөлсийг Улаанбаатарт ирсний дараа төлөх нөхцөлтэй байсан ч одоо төлөх боломжгүй, удахгүй төлнө гээд тухайн 15 чингэлгийг зээлээр, өөрийн гарын үсгээ зурж авч явсан бөгөөд нийт 69.630 ам.долларын 15 чингэлгийн тээврийн хөлснөөс 13.700 ам доллар төлсөн. Үлдэгдэл 55.930 ам.долларыг төлөөгүй тул 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлэн акт үйлдэж, 55.930 ам.доллар төлөх үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу өмнө нь байгуулсан тээвэрлэлтийн зуучлалын гэрээний үүргийг сольж үлдэгдэл 55.930 ам.долларт тээврийн зээлийн гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 2.1-д заасны дагуу Б.Энхжаргал нь үлдэгдэл төлбөр 55.930 ам.долларыг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ч DJLU5012545 тоот чингэлгийн үлдэгдэл 400 ам.долларыг 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр төлсөн бөгөөд үлдэх 55.530 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Тээврийн зээлийн гэрээний 2.3-д заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн алданги тооцох ёстой.

Б.Энхжаргалын хамгийн сүүлд төлбөр төлсөн буюу 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 281 өдрийн алданги 77.837 ам.доллар болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 27.765 ам.долларын алдангийг нэхэмжлэгч "Сутай богд бридж транс" ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд тээвэрлүүлсэн чингэлэгийн үлдэх хөлс 55.530 ам.доллар, алданги 27.765 ам.доллар, нийт 83.295 ам.долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 1970,45 төгрөгөөр тооцож 164 128 632 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Б.Энхжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тээврийн хөлс 55.530 ам.долларыг төлөх тухайд маргахгүй. Б.Энхжаргал нь "Сутай богд бридж транс" ХХК-тай итгэлт түншийн харилцаатай байсан бөгөөд үүрэг сольсныг зөвшөөрөхгүй. 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн тээврийн зээлийн гэрээ байгуулсан ба энэ гэрээн дэх гарын үсэг Б.Энхжаргалынх мөн хэдий ч гэрээн дэх нөхцөлийг зөвшөөрөхгүй. Б.Энхжаргал 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн тээврийн зээлийн гэрээг уншихгүй гарын үсгээ зурсан тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6~д зааснаар хариуцагч Б.Энхжаргалаас 83.295 ам доллар буюу 164.128.632 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Сутай богд бридж транс" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Сутай богд бридж транс" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 978.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхжаргалаас 978.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Сутай богд бридж транс" ХХК-д олгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 24188 дугаартай захирамжаар хариуцагч Б.Энхжаргалын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд энэ захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие нь Солонгос улсаас Монгол Улсад тавилга оруулж зардаг бөгөөд 2013-2014 оноос БНСУ ын Дунгён (Dungyon) компанитай тээврийн гэрээ байгуулан хамтран ажилласан. 2015 оноос Сутай Богд Бридж Транс ХХК нь Дунгён компанийн өмнөөс надтай харьцаж эхэлсэн бөгөөд Дунгён ХХК-ийн надаас авах ёстой төлбөрийг өөрийн компанийн хамтран ажилласан тээврийн хөлстэй нэгтгэн 55 930 ам.долларын тээврийн хөлс, алданги 27.765 ам.доллар буюу 164 128 632 төгрөг нэхэмжлэх болсон. Тухайн үед миний бие нэхэмжлэлийг зөвшөөрсөн боловч Дунгён компанид төлөх ёстой төлбөрийг танайд төлөхгүй гэснээс болж бидний дунд маргаан үүссэн. Гэтэл шүүх БНСУ-ын "Дунгён" ХХК-иар тээвэрлүүлсэн тээврийн хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ. Түүнчлэн "Сутай богд бридж транс" ХХК нь "Дунгён" ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

"Сутай богд бридж транс" ХХК-иас гэрээн дээр гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь хуучин гэрээгээ шинэчилж байна гэж бодоод гарын үсэг зурсан бөгөөд тээврийн зээлийн гэрээ байгуулж байгаа гэдгийг би мэдээгүй, мөн өмнөх гэрээг дуусгавар болгоод шинээр зээлийн гэрээ байгуулж, алданги тооцохоор болсон гэдгийг мэдээгүй, мэдэгдээгүй гарын үсэг зуруулсан гэдгийг сүүлд мэдсэн. Өмнө нь нэхэмжлэгч компани дээр очоод л тооцоо нийлж гарын үсэг зурдаг байсан, тухайн үед өөрийн тоомсоргүй үйлдлээс болоод уншиж танилцаагүй. Гэтэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар хоёр тал заавал тохиролцсон байх ёстой гэдгийг зохицуулж өгсөн байна. Шүүх хуулийн энэхүү заалтыг хэрэглэсэн хирнээ тохиролцсон эсэхэд анхаарч дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Сутай богд бридж транс ХХК нь хариуцагч Б.Энхжаргалд холбогдуулан Тээврийн зээлийн гэрээний үүрэгт зээл 55 530 ам.доллар, алданги 27 765 ам.доллар нийт 83 295 ам.доллар буюу 164 128 632 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 55 530 ам.долларыг төлөхийг зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Б.Энхжаргал нь 15 чингэлгийг нэхэмжлэгч Сутай богд бридж транс ХХК-иар зуучлуулан тээвэрлүүлсэний хөлсөнд 69 630 ам.доллар төлөхөөс 14 100 ам.доллар төлж, төлбөрийн үлдэгдэл 55 930 ам.доллар үлдсэн талаар тооцоо нийлсэн баримт үйлдсэнийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан тээвэр зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн байна.

 

Дээрх тооцооны үлдэгдлийн баталгаа нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцлийн шинжийг агуулж байх ба хариуцагч Б.Энхжаргал нь 55 930 ам.долларыг төлөх үүрэг хүлээсэн талаар буюу өмнөх үүргийн талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Сутай богд бридж транс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг үндэслэн тээвэрлэлтийн зуучлалын гэрээний үүргийг сольж, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Тээврийн зээлийн байгуулсан гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Тээврийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч гэрээний нөхцөлийг зөвшөөрөхгүй, гэрээг уншиж танилцаагүй гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Тээврийн зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.Энхжаргал нь 55 930 ам.долларыг 2015 оны 03 дугаар сарын 31-нд төлөх, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алдангийг нэхэмжлэгч Сутай богд бридж транс ХХК-д төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож болох ба талууд өмнөх үүргийг дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцох нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл болно.

 

Тээврийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Энхжаргал нь 55 930 ам.доллар төлөхөөс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 400 ам.доллар төлсөн байна. Иймд нэхэмжлэгч Сутай богд бридж транс ХХК нь хариуцагч Б.Энхжаргалын 55 530 ам.долларыг төлөх ёстой 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлүүлэхээр шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхжаргал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ