Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/03305

 

 

 

 

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/03305

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Д-н гаргасан,

 

ХариуцагчД ХХК холбогдох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 16,200,000.00 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Би, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч “Д” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, тус компаниас 30,000,000.00 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацааг 6 сараар 1 удаа сунгасан.

 

            Миний бие өнгөрсөн хугацаанд хариуцагчид нийт 46,200,000.00 төгрөгийг төлсөн, үүнээс 40,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлж, барьцаалуулсан автомашинаа буцаан авсан. Намайг эдгээр төлбөрүүдийг төлөх бүрт хариуцагч тал хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги авч байсан, гэвч надад машин минь яаралтай хэрэгтэй байсан учраас тухайн үед энэ талаар маргахгүйгээр төлсөн.

 

            Би, хариуцагч “Д” ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг гэж ойлгож байсан. Хэрэв уг компани байнгын шинжтэй зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол банк, аль эсхүл банк бус санхүүгийн байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах ёстой байтал хууль зөрчиж, тусгай зөвшөөрөл авахгүйгээр зээл олгож, алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

            Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1.-д зааснаар банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах ёстой бөгөөд хуульд зааснаар алданги тооцох ёсгүй юм.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа бол байнгын бус буюу тохиолдлын шинжтэй нэг удаагийн иргэд хоорондын зээлийн харилцаа байдаг. Хэдийгээр бид хариуцагчийн гаргасан тооцооллын тоон дүн болон зээлийн гэрээний хугацааг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасан талаар маргахгүй ч зээлийн хүү, алдангийн хувьд хууль хэрэглээний хувьд зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалттай.

 

            Иймд, талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас 16,200,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү, тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй тул миний бие 30,000,000.00 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэв.

 

            Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

            “Манай компани Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д заасан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулж, иргэн болон хуулийн этгээдэд зээл олгодог, энэ талаар хэрэгт авагдсан компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнд тодорхой тусгагдсан.

 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг заавал банк, аль эсхүл банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх хэмжээний асуудал гэж үзэж болохгүй, тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй аливаа этгээд Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуульд заасан  шаардлага хангасан дүрмийн сангийн хэмжээнд энэ төрлийн санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулахгүйгээр хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааны хүрээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхэлж болно.

 

            Иргэний хуульд зааснаар барьцаалан зээлдүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж, ашиг олохыг хязгаарлаагүй, өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд хуулиар хориглоогүй тухайн үйл ажиллагааг эрхлэн явуулж, ашиг олох, олсон ашгаасаа татвар төлөх харилцааг хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

            Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч буюу зээлдэгч тал манай компанид 46,200,000.00 төгрөгийг төлсөн, үүнд үндсэн зээл, ашигласан хүү, хугацаа хэтрүүлсэн хоног тутам бодогдсон алданги тус тус багтсан, харин зээлдэгчийн автомашиныг өдрийн 2,000 төгрөгөөр хадгалсаны төлбөр 524,000.00 төгрөг багтаагүй, бид дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс авах ёстой гэсэн үг.

 

            Хэрэгт авагдсан зээлийн тооцооны баримтаар нэхэмжлэгч тал нийт 43,824,000.00 төгрөг төлөх ёстой байснаас түүнд 3,853,200.00 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 40,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан ба үүнээс өмнө 6,200,000.00 төгрөг төлсөн болон зээлийн гэрээний хугацааг сунгасан үйл баримтын хувьд маргахгүй.

 

            Нэхэмжлэгчид тухайн үед яаралтай мөнгө хэрэг болж, үүнийгээ биднээс авч хэрэглэсэн, мөн зээлийг хүү, алдангийн хамт 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ямар нэгэн маргаангүй төлсөн атлаа хожим манай компанийг заавал банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагааг явуулах ёстой байсан, тусгай зөвшөөрөлгүй эрхэлж байна гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Даас хариуцагч “Д” ХХК-нд холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 16,200,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 16,200,000.00 төгрөгийг буцаан гаргуулах” гэснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж.Д болон хариуцагч “Д” ХХК нар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000.00 төгрөгийг 2017 оны 10 дугаар срын 04-ний өдөр хүртэл 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ /х.х-ийн 4-р хуудас/.

 

            Түүнчлэн зохигчид энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар аралын дугаартай, бүртгэлийн дугаартай автомашиныг барьцаалахаар тохирч, барьцааны гэрээг байгуулсан байна /х.х-ийн 45-р хуудас/. 

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно” гэж, мөн 189.3.-д “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, тодорхой төрлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулахад зайлшгүй тусгай зөвшөөрөл шаардагдах тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагаас тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг олгох бөгөөд Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1.-д зааснаар банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд заавал тусгай зөвшөөрөл авах зохицуулалттай.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох хариуцагч “Д” ХХК-ийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5.2, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар уг компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх гэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал Банкны тухай хуулийн 6 дугаар зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус заасан үйл ажиллагааг эрхлэн явуулдаггүй, харин Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д заасан барьцаалан зээлдүүлэх журмаар иргэн, хуулийн этгээдэд зээл олгох үйлчилгээг эрхэлдэг байна /х.х-ийн 12, 23-26-р хуудас/.   

 

            Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйл ажиллагааны төрөлд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ хамрагдаагүй байх тул энэхүү үйл ажиллагааг явуулахад заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, нөгөө талаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг байнгын шинжтэй эрхлэн явуулсан тохиолдолд тухайн этгээд банк, аль эсхүл банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрхлээгүй бол тусгай зөвшөөрөл авахыг шаардахгүй.

 

            Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж заажээ. Тодруулбал, тус хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу зохигчдын байгуулсан гэрээ нь хууль зөрчөөгүй байх тохиолдолд хүчин төгөлдөр байх юм.

 

            Хэдийгээр тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан боловч талуудын маргаж буй энэхүү гэрээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэн гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээнд байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ ажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, түүнчлэн 286 дугаар зүйлийн 286.1.-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

  

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ж.Д 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000.00 төгрөгийг хүлээн авсан ба тэрээр хариуцагч “Д” ХХК-нд нийт 46,200,000.00 төгрөгийг төлсөн, үүний 40,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлж, барьцаалуулсан автомашинаа буцаан авсан байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж, мөн 160 дугаар зүйлийн 160.1.1.-д “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” гэж тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу бий болсон үүрэг дуусгавар болжээ /х.х-ийн 43, 46-р хуудас/.

 

Гэвч талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан, уг хугацаанд үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх тусгай хугацаа болон энэхүү хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох талаар тохиролцоогүй байхад хариуцагч тал гэрээ болон хууль зөрчиж, нэхэмжлэгчээс төлсөн 46,200,000.00 төгрөгөөс /уг төлбөрт барьцаалсан автомашины хадгалалтын хөлс гэх 524,000.00 төгрөг багтаагүй, үүнийг харилцан тооцох талаар тайлбар, татгалзал гаргаагүй/ алдангид 200,000.00 төгрөгийг суутгаж, 5,703,014.00 төгрөгийн хүүг илүү төлүүлсөн байна /х.х-ийн 27-р хуудас/.

 

Учир нь, талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасан үйл баримтын талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч буюу зээлдэгч Ж.Даас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, мөн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, түүнчлэн 2018 оны 01 дүгээр сарын 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болон 2018 он 04 дүгээр 22-ны өдөр хариуцагч буюу зээлдүүлэгч “Д” ХХК-нд төлбөр төлсөн баримтуудыг үзвэл зохигчид гэрээний хугацааг сунгасан ба зээлийн хүүг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцож төлж байсан хэдий ч хариуцагч тал үндэслэлгүйгээр алданги тооцсон байгаагаас гадна илүү хүү авсан байна /х.х-ийн 38-43-р хуудас/.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж, түүнчлэн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч болох зээлдэгч тал гагцхүү гэрээнд заасан хүүг тухайн зээлийг ашигласан буюу гэрээний хугацаагаар тооцож төлөх үүрэгтэй бөгөөд түүний хүлээсэн үүрэгт илүү хүү төлөх үүрэг хамаарахгүй тул үүнийг зохих ёсоор бий болсон үүрэг гэж үзэхгүй.   

 

 Нөгөө талаар тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасны дагуу зээлдэгч тал гэрээнд заасан зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлээгүй байхад алданги тооцох учиргүй юм.

 

Зохигчдын байгуулсан гэрээ, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хүүг тооцвол:

 

  • 30,000,000x4%=1,200,000 /1 сарын хүү/, 1,200,000x12=14,400,000 /1 жилийн хүү/, 14,000,000:365=39,452.05 /1 өдрийн хүү/,

 

  • Нэхэмжлэгч тал 30,000,000.00 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлж дуусгах хүртэлх хугацаанд зээлийг ашигласан хугацаа нийт 8 сар 21 өдөр буюу 261 өдөр, үүнээс төлбөл зохих хүүгийн хэмжээ 39,452.05x261=10,296,986 төгрөг болж байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4.-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө” гэж заасны дагуу талууд хүүгийн хэмжээг сараар тохирч, тухай бүр авч байсныг үндэслэн нэхэмжлэгчийн төлбөл зохих зээлийн хүүг ашигласан өдрөөр тооцоход 10,296,986.00 төгрөг, үндсэн зээл 30,000,000.00 төгрөг, нийт 40,296,986.00 төгрөгийг төлөх ёстой байжээ.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 5,903,014.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон 10,296,986.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Д” ХХК-иас 5,903,014.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Дд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон 10,296,986.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 109,398.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР