Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02442

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02442

 

 

 

 

Ж.Дэмбэрэлсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ернөхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/03305 дугаар шийдвэртэй, Ж.Дэмбэрэлсайханы нэхэмжлэлтэй Доог-Алт ХХК-д холбогдох, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 16 200 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Доог-Алт ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацааг 6 сараар 1 удаа сунгасан. Тус компанид нийт 46 200 000 төгрөгийг төлж, барьцаалуулсан автомашинаа буцаан авсан. Төлбөрийг төлөх бүрт хариуцагч тал хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги авч байсан. Доог-Алт ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг гэж ойлгосон. Хэрэв уг компани байнгын шинжтэй зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол банк, аль эсхүл банк бус санхүүгийн байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах ёстой байтал хууль зөрчиж, тусгай зөвшөөрөл авахгүйгээр зээл олгож, алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн гаргасан тооцооллын тоон дүн болон зээлийн гэрээний хугацааг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасан талаар маргахгүй ч зээлийн хүү, алдангийг хууль хэрэглээний хувьд зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалттай. Иймд, талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас 16 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг заавал банк, аль эсхүл банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх хэмжээний асуудал гэж үзэхгүй. Иргэний хуульд зааснаар барьцаалан зээлдүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж, ашиг олохыг хязгаарлаагүй. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч тал манай компанид 46 200 000 төгрөгийг төлсөн, үүнд үндсэн зээл, ашигласан хүү, хугацаа хэтрүүлсэн хоног тутам бодогдсон алданги тус тус багтсан, харин зээлдэгчийн автомашиныг өдрийн 2 000 төгрөгөөр хадгалсны төлбөр 524 000 төгрөг багтаагүй, дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс авах учиртай. Хэрэгт авагдсан зээлийн тооцооны баримтаар нэхэмжлэгч тал нийт 43 824 000 төгрөг төлөхөөс түүнд 3 853 200 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 40 000 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан ба үүнээс өмнө 6 200 000 төгрөг төлсөн болон зээлийн гэрээний хугацааг сунгасан үйл баримтын хувьд маргахгүй. Нэхэмжлэгчид тухайн үед яаралтай мөнгө хэрэг болж, үүнийгээ авч хэрэглэсэн, мөн зээлийг хүү, алдангийн хамт 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ямар нэгэн маргаангүй төлсөн атлаа хожим манай компанийг заавал банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагааг явуулах ёстой байсан, тусгай зөвшөөрөлгүй эрхэлж байна гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Доог-Алт ХХК-аас 5 903 014 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Дэмбэрэлсайханд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон 10 296 986 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 109 398 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг давж заалдах гомдолдоо: Хариуцагчийг Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэн явуулдаг тул тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах ёстой гэх тайлбар хийгээгүй. Хариуцагч нь байнгын шинжтэй буюу 2000 оноос хойш зээлийн үйл ажиллагааг явуулдаг. Ийнхүү байнгын шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. 286.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагааны төрөлд хамаарахгүй, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зээл гэх төрөлд хамаарч байгаа тул тусгай зөвшөөрөлтэй энэ үйл ажиллагааг эрхлэх учиртай. Гэрээ хүчин төгөлдөр бус учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зохигчдын xoopoнд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хүү, алдангид төлсөн 10 296 986 төгрөгийг нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2-т Зээлдэгч нь зээлийн хүүг cap бүр гэрээний хугацааг хэтрүүлэлгүй төлнө. 3-т Зээлдэгч нь гэрээнд заасан буюу сунгалтын хугацаанд авсан зээлээ хүүгийн хамт эргүүлж төлөх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нийт 10 296 986 төгрөгийн хүүг хариуцагчид төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч хүү тооцож авах эрхтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1 200 000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1 200 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 200 000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1 200 000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1 200 000 төгрөгийг тус тус нийт 6 000 000 төгрөгийн хүүг мөн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үлдэх 4 296 986 төгрөгийн хүүг үндсэн зээл, алдангийн хамт төлсөн. Ийнхүү нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний дагуу 2017 орны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нийт 10 296 986 төгрөгийн хүүг дээрх хугацаанд хариуцагчид төлсөн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан 5 703 014 төгрөгийн хүүг илүү төлсөн гэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...зээлдэгч тал гэрээнд заасан зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлээгүй байхад алданги тооцох учиргүй юм. мөн ...үндэслэлгүйгээр алданги тооцсон... гэжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.3 дахь хэсэг, Зээлийн гэрээний 4, 8-т заасны дагуу хариуцагч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотойгоор нэхэмжлэгчээс алданги тооцож авах эрхтэй. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус тус Зээлийн гэрээг тухай бүр нэг сарын хугацаатай сунгаж байсан бөгөөд ийнхүү сунгалт бүрт зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж дахин нэг сарын хугацаатай сунгаж, нийт 80 хоногоор хэтрүүлж 12 000 000 төгрөгийн алданги төлөхөөс дээрх хугацаанд 200 000 төгрөгийг төлсөн. Мөн шүүхийн шийдвэрт заасан илүү төлсөн 5 703 014 төгрөгийн хүү нь өөрөө хугацаа хэтрүүлсэн алданги бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт төлсөн. Ийнхүү нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр үндсэн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 52 296 986 төгрөг \30 000 000+10 296 986+12 000 000\-ийг төлөхөөс үндсэн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 46 200 000 төгрөг \30 000 000+10 296 986+5 903 014\-ийг төлсөн бөгөөд талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцааны зүйлийг барьцаалбараас чөлөөлсөн. Иймээс хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, зээлийн тооцооны баримт болон холбогдох бусад нотлох баримт, энэхүү гомдолд дурдсан үндэслэлд анхаарал хандуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу хариуцагчаас 5 903 014 төгрөгийг олгох шийдвэрийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч маргааныг шийдвэрлэхэд хамааралтай Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ж.Дэмбэрэлсайхан нь хариуцагч Доог-Алт ХХК-д холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 16 200 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ж.Дэмбэрэлсайхан нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Доог-Алт ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, DongFeng маркийн 04-90 УБЦ улсын дугаартай автомашиныг барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Иймд талуудын хооронд зээлийн болон барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт нийцсэн. /хх-ийн 4 дүгээр тал/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээний 1-т хүүгийн хэмжээ, төлөх үүргийн талаар тохиролцсон учир зээлдэгчид хүү төлөх үүрэг үүссэн гэж үзнэ. Талууд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 30 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан боловч түүнээс цааш зээлдэгч, зээлдүүлэгч хэн аль нь харилцан тохиролцон гарын үсэг зурж гэрээний хугацааг сунгаж, хүү болох 1 200 000-1 250 000 төгрөг төлж байсан болох нь хэрэгт авагдсан сунгалтын болон орлогын гэх баримтууд, зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх-ийн 47-48 дугаар тал/

Эдгээр нөхцөл байдлуудыг харьцуулан үзэхэд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 8 сар 18 хоногийн хугацаанд хариуцагчийн шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ашигласан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар бичгийн гэрээгээр тохирсон бол мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөрийг буюу хүү төлөх ёстой. Энэ төлбөр болох хүү нь 10 320 000 төгрөг болж байна. Түүнчлэн талууд зээлийн гэрээний 7-д барьцааны зүйлийг хадгалахтай холбоотой авто зогсоолын төлбөр төлөх талаар харилцан тохиролцсон учраас 524 000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.4.2-т зааснаар өөрөө хариуцах учиртай. Иймээс 40 844 000 /30 000 000+10 320 000+524 000 000/ төгрөгийг нэхэмжлэгч хариуцан төлөх үүрэгтэй.

Зээлдэгч нь зээлдүүлэгчид өмнө нь 6 200 000 төгрөг болон 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 40 000 000 төгрөг, нийт 46 200 000 төгрөгийг төлсөн, барьцааны хөрөнгөө буцаан хүлээлцсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх-ийн 47-48 дугаар тал/

Нэхэмжлэгч барьцааны зүйлтэй холбоотойгоор шаардлага гаргаагүй, барьцаалан зээлдүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсон байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь учир дутагдалтай байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээнд заасан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 5 356 000 /46 200 000-40 844 000/ төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцнэ. Хууль хэрэглээний хувьд гэрээний дагуу үүсч буй үүргийг бус, харин гэрээний дагуу шилжүүлэх ёсгүй байсан мөнгөн хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотой шаардлага учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өөрчлөлт оруулахад үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой гэрээний бус үүргийн зохицуулалтыг баримтлах нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1,196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцон, гэрээний эрх чөлөөний зарчмыг үндэслэн гэрээг чөлөөтэй, агуулгыг өөрсдөө тодорхойлон байгуулсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Шүүх энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасантай нийцнэ.

Түүнчлэн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулах үйл ажиллагааны төрөлд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь хамаарахгүй, Доог алт ХХК нь өөрийн дүрэм болон хуулийн бүртгэлийн гэрчилгээнд заасан үйл ажиллагааг явуулсан тул хариуцагчийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хуулийн этгээд үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Нэхэмжлэгчийн ... байнгын шинжтэй, тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагааг эрхэлж зээл олгосон тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, хүү төлөхгүй ... гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

Хариуцагч нь гэрээний хугацаа дуусаад дахин сунгагдах хүртэл хугацаанд алданги төлөх үүрэг үүссэн гэж тайлбар, гомдол гаргаж байгаа ч үндэслэлгүй. Учир нь талууд харилцан тохиролцож гэрээг сунган зээлийн хөрөнгө болох 30 000 000 төгрөгийг үргэлжлүүлэн ашигласан, ашигласан хугацааны хүүг тооцон зээлдэгчээс гаргуулсан байх тул гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/03305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж 5 903 014 00 гэснийг 5 356 000 гэж, 10 296 00 гэснийг 10 844 000 гэж, 2 дах заалтын 109 398 00 гэснийг 100 646 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 179 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 109 398 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Б.НАРМАНДАХ