Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00597

 

Ж ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/03305 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2442 дугаар магадлалтай,

Ж ы нэхэмжлэлтэй,

“Д ” ХХК-д холбогдох

хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 16,200,000.00 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Д ” ХХК-тай 2017 оны 09 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацааг 6 сараар 1 удаа сунгасан. Тус компанид нийт 46,200,000 төгрөгийг төлж, барьцаалуулсан автомашинаа буцаан авсан. Төлбөрийг төлөх бүрт хариуцагч тал хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги авч байсан. “Д ” ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг гэж ойлгосон. Хэрэв уг компани байнгын шинжтэй зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол банк, аль эсхүл банк бус санхүүгийн байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах ёстой байтал хууль зөрчиж, тусгай зөвшөөрөл авахгүйгээр зээл олгож, алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн гаргасан тооцооллын тоон дүн болон зээлийн гэрээний хугацааг 2018 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл сунгасан талаар маргахгүй ч зээлийн хүү, алдангийг хууль хэрэглээний хувьд зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалттай. Иймд талуудын хооронд 2017 оны 09 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас 16,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг заавал банк, аль эсхүл банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх хэмжээний асуудал гэж үзэхгүй. Иргэний хуульд зааснаар барьцаалан зээлдүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж, ашиг олохыг хязгаарлаагүй. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч тал манай компанид 46,200,000 төгрөгийг төлсөн, үүнд үндсэн зээл, ашигласан хүү, хугацаа хэтрүүлсэн хоног тутам бодогдсон алданги тус тус багтсан, харин зээлдэгчийн автомашиныг өдрийн 2000 төгрөгөөр хадгалсны төлбөр 524,000 төгрөг багтаагүй, дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс авах учиртай. Хэрэгт авагдсан зээлийн тооцооны баримтаар нэхэмжлэгч тал нийт 43,824,000 төгрөг төлөхөөс түүнд 3,853,200 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 40,000,000 төгрөгийг 2018 оны 05 сарын 23-ны өдөр хүлээн авсан ба үүнээс өмнө 6,200,000 төгрөг төлсөн болон зээлийн гэрээний хугацааг сунгасан үйл баримтын хувьд маргахгүй. Нэхэмжлэгчид тухайн үед яаралтай мөнгө хэрэг болж, үүнийгээ авч хэрэглэсэн, мөн зээлийг хүү, алдангийн хамт 2018 оны 05 сарын 23-ны өдөр ямар нэгэн маргаангүй төлсөн атлаа хожим манай компанийг заавал банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагааг явуулах ёстой байсан, тусгай зөвшөөрөлгүй эрхэлж байна гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                                           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/03305 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Д ” ХХК-аас 5,903,014 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон 10,296,986 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 109,398 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2442 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/03305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж “5,903,014.00” гэснийг “5,356,000” гэж, “10,296,00” гэснийг “10,844,000” гэж, 2 дах заалтын “109,398.00” гэснийг “100,646” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуулын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2442 дугаар магадлалыг ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн, хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт "...Хариуцагч нь гэрээний хугацаа дуусаад дахин сунгагдах хүртэл хугацаанд алданги төлөх үүрэг үүссэн гэж тайлбар, гомдол гаргаж байгаа ч үндэслэлгүй. Учир нь талууд харилцан тохиролцож гэрээг сунган зээлийн хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг үргэлжлүүлэн ашигласан, ашигласан хугацааны хүү тооцон зээлдэгчээс гаргуулсан байх тул гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрхгүй...” гэжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж мөн талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4-т “Гэрээний хугацаанд зээлийн хүүг төлж сунгаагүй буюу үндсэн зээлийг төлөөгүй нөхцөлд үндсэн зээлийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй”, мөн гэрээний 8-т “3ээлдэгч авсан зээлээ, түүний хүүг хугацаандаа буцаан төлөөгүй, зээлдүүлэгчтэй өөрийн биеэр ирж уулзан, тодорхой хугацаагаар зээлийн хугацааг бичгээр сунгаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал ... алданги ... хохирлоо гаргаж авна" гэж заасны дагуу Зээлдүүлэгч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотойгоор зээлдэгчээс 5,903,014 төгрөгийн алданги тооцож авсан. Учир нь зээлдэгч 2017.10.18, 2017.12.19, 2018.01.26, 2018.02.24, 2018.04.22-ны өдөр тус тус зээлийн гэрээг тухай бүр нэг сарын хугацаатай сунгаж байсан бөгөөд ийнхүү сунгалт бүрт зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж дахин нэг сарын хугацаатай сунгасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг 2017.10.18-ны өдөр сунгахдаа 14 хоногоор, 2017.12.19-ний өдөр сунгахдаа 32 хоногоор, 2018.01.26-ны өдөр сунгахдаа 8 хоногоор, 2018.04.22-ны өдөр сунгахдаа 26 хоногоор тус тус нийт 80 хоногоор хэтрүүлж 12,000,000 төгрөгийн алданги төлөхөөс дээрх хугацаанд 200,000 төгрөгийг төлсөн бөгөөд талууд харилцан тохиролцож 5,903,014 төгрөгийн алданги тооцож авсан. Ийнхүү нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр үндсэн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 52,296,986 төгрөг \30,000,000+10,296,986+12,000,000\-ийг  төлөхөөс үндсэн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 46,200,000 төгрөг \30,000,000+10,296,986+5,903,014\-ийг төлсөн бөгөөд талууд харилцан тохиролцож талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцааны зүйлийг барьцаалбараас чөлөөлсөн болно. Иймээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2442 дугаар магадлалын зарим хэсэг буюу хариуцагчаас 5,356,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох шийдвэрийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ. Нэхэмжлэгч Ж  нь хариуцагч “Д ” ХХК-д холбогдуулан “...тусгай зөвшөөрөлгүйгээр байнгын шинжтэй зээлийн үйл ажиллагааг эрхэлж, зээл олгосон тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 16,200,000.00 төгрөгийг буцаан гаргуулах”-аар шаардлага гаргасан байна.

Хариуцагч “Д " ХХК-ийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5.2, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар уг компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх гэснээс үзэхэд   хариуцагч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдүүлэх журмаар иргэн, хуулийн этгээдэд зээл олгох үйлчилгээг эрхэлдэг байна. Ж  нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Д ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000.00 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, DongFeng маркийн 04-90 УБЦ улсын дугаартай автомашиныг барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон, зохигчдын хооронд барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт нийцсэн. 

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 30 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан боловч харилцан тохиролцон гарын үсэг зурж, гэрээний хугацааг сунгаж, хүү гэж 1,200,000.00-1,250,000.00 төгрөг төлж байсан нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нотлогджээ. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 8 сар 18 хоногийн хугацаанд хариуцагчийн шилжүүлсэн 30,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч ашигласан ба талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хүүгийн талаар бичгийн гэрээгээр  тохирсон тул зээлдэгч буюу нэхэмжлэгч нь 10,320,000.00 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч нь зээлдүүлэгчид нийт 46,200,000.00 төгрөгийг төлж, барьцааны хөрөнгөө буцаан авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь 30,000,000.00 төгрөгийн зээл, 10,320,000.00 төгрөгийн хүү, авто зогсоолын төлбөр 524,000.00 төгрөг, нийт 40,844,000.00 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй ч гэрээнд заасан үндэслэлгүйгээр хариуцагчид илүү шилжүүлсэн 5,356,000.00 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцжээ. Иргэний хуулийн 286 дугаар зүйлээр “барьцаалан зээлдэх журмаар зээл олгох” харилцааг тусгайлан зохицуулсан байх бөгөөд энэ нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах үйлчилгээнд хамаарахгүй боловч хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь зохицуулалтаар үүрэг гүйцэтгүүлэгчийн алданги шаардах эрх тодорхой нөхцлөөр хязгаарлагдах ёстой. Иймээс хариуцагч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрхгүй, шүүх гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг зөв тоолсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2442 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуулаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 100,646.00 /нэг зуун мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН