Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/01045

 

 

 

 

 

2020 03 30

101/ШI2020/01045

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б энд И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: А.Б

Хариуцагч: Д.Н

Хариуцагч: Б.У

Хариуцагч: Б.Х нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 50,116,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Э.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б /Ү-2106/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч зээлдэгч А.Б хамтран зээлдэгч Д.Н, Б.У, Б.Х нар манай байгууллагаас 2017.10.13-ны өдөр 40,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлээс 2017.11.13-нд 1,500,000, 2017.12.13-нд 1,500,000 төгрөг, 2018.01.12-нд 1,500,000 төгрөг, 2018.02.13-нд 1,500,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг төлж 34,000,000 төгрөгийн зээл төлөөгүй үлдэгдэлтэй байгаагаас гадна хүүгийн үлдэгдэл 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нар нэхэмжлэлд дурьдсан 40 сая төгрөгийг огт аваагүй, өөрөөр хэлбэл 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Харин Б энд И ББСБ-тай 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЗГ1410/0099 тоот зээлийн гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулж 40 сая төгрөгийг 3.2 хувийн хүүтэй авсан. Дараа нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээгээр 1 жилийн хугацаагаар буюу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгасан. Үүний дараа 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийн хүүг 3,0 хувь болгон бууруулж дахин 2 жилийн хугацаагаар сунгасан. Түүнээс биш нэхэмжлэгч Б энд И ББСБ ХХК-иас 2017 онд мөнгө зээлж аваагүй. Хариуцагч нар 2014 оны 11 сараас 2018 оны 08 сар хүртэл Б энд И ББСБ ХХК-д зээлийн хүү гэж 57,984,340 төгрөг, үндсэн зээл гэж 6,000,000 төгрөг төлсөн байна. Гэтэл нэхэмжлэгч нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж дахин үндсэн зээл 34,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 ттөгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б энд И ББСБ ХХК нь хариуцагч А.Б, Д.Н, Б.У, Б.Х нарт холбогдуулан зээл 34,000,000 төгрөг, хүү 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б энд И ББСБ ХХК, хариуцагч А.Б, Д.Н, Б.У, Б.Х нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГ1710/0174 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээнд хариуцагч нар гарын үсэг зуржээ. /хх-13-15 тал/

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Б энд И ББСБ ХХК нь хариуцагч А.Б, Д.Н, Б.У, Б.Х нарт 40,000,000 төгрөгийг, сарын 3,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, бэлнээр зээлдүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч уг гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг аваагүй, 2014 оны зээлийн гэрээг сунгасан тул 2017 оны зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үндэслэлгүй гэж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, уг гэрээний сунгалт хийсэн гэрээ, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтаас үзэхэд зохигч талууд 2014 оны зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоо хийж, уг гэрээний дагуу үндсэн зээл 40,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч А.Б нь нэхэмжлэгчид төлсөн баримт хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2014 оны зээлийн гэрээний үндсэн зээл, хүүг төлж барагдуулсан гэж тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өмнөх зээлийн 40,000,000 төгрөгийг хариуцагч төлж, дахин мөн өдрөө 40,000,000 төгрөгийн зээл авсан байх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Тодруулбал; 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч А.Б 40,000,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын ордер тасалбар, түүнээс хойш зээлд 6,000,000 төгрөг төлсөн, зээлийн хүүнд 10 удаагийн төлөлтөөр 10,795,000 төгрөг төлсөн баримт, А.Бийн нэрээр 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б энд И ББСБ ХХК-иас 40,000,000 төгрөгийн зээл авсан, үлдэгдэл 34,000,000 төгрөг гэсэн Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээлэл, нэхэмжлэгч байгууллагын бэлэн мөнгөний орлого, зарлагын журнал, зээлийн хувийн хэрэгт хавсаргагдсан зээл хүссэн өргөдөл, зээлдэгчийн анкет бусад баримтаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

Түүнчлэн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Ипотекийн гэрээний барьцаа үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч чөлөөлөөгүй, хариуцагч уг хөрөнгөө шаардаагүй үйл баримт нь 2017 оны зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд шууд нөлөөлөх үйл баримт гэж үзэх үндэслэлгүй юм.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т зааснаар зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д зээл олгох хэлбэрийг бэлнээр гэж заасан тул зээлийг олгосон байна гэж үзлээ.

Иймээс зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Зохигч талуудаас гаргасан бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт нь зээлийн тооцоолол баримтад бүрэн тусгагдсан, нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч нараас үндсэн зээл 34,000,000 төгрөг, хүү 16,116,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б энд И ББСБ ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцэж байна гэж үзлээ.

Зохигч талууд барьцааны гэрээтэй холбоотой үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.Б, Д.Н, Б.У, Б.Х нараас үндсэн зээл 34,000,000 төгрөг, хүү 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б энд И ББСБ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,530 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 408,530 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ