Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2018/00753

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дүгээр багт оршин суух, Ш овогт З-ын Мы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын Лаборатори  дугаар сургууль /захирал Ө.Г/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.М, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Г, түүний өмгөөлөгч Х.З, гэрч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч З.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын тушаалаар сургалтын менежерээр ажилд орсон юм. 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн захирлаар ажиллах болсон Ө.Г нь захирал болсон цагаас хойш намайг хавчин гадуурхаж, хувийн өс хонзонгоор ханддаг байсан ч миний бие тэвчээд явдаг байсан. 2017 оны 12 дугаар сард Ө.Г нь захирлын ажлаасаа чөлөөлөгдөн оронд нь К.Е захирлаар томилогдон ажиллахад миний бие хамт олонтойгоо нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн юм.

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс захирлаар эргэн томилогдсон Ө.Г нь хуучин ааш зангаа хөдөлгөж намайг дарамталж эхэлсэн ба 2018 оны 5 дугаар сарын 15-25-ны хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад шууд мэдрэгдэж байсан юм. Үүнийг би эмнэлэгт хэвтэж байхад надад явуулсан 3 хүнээр төлөөлүүлэн хэлэх байна. Тухайлбал захирал болох Ө.Г нь намайг энэ хүн эмнэлэгт хэвтэж байгаа нь үнэн үү мэдэж ир гэж хүн явуулсан нь захирал Ө.Г нь намайг хардаж, дарамталж байсны илрэл гэж үзэж байна. Эмнэлгээс гараад, гэрээр эмчлүүлэх шаардлагатай байсан тул ээлжийн амралт хүртэл нэг сарын цалингүй чөлөө олгох хүсэлтээ хуулийн хугацаанд гаргасан боловч, үл тоомсорлосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 80 дугаар зүйлийн 80.1, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.12.3-т заалтын дагуу чөлөө авах эрхээ миний бие эдэлсэн гэж үзэж байна. Энэ хугацаанд миний бие манай багийн Раушан өрхийн эмнэлгийн эмч К.Ед 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр эмч Нт, Ф хувийн эмнэлгийн эмчид 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үзүүлж эмчийн зөвлөгөө авч байнга гэрээр эмчлүүлж ирсэн юм.

Миний бие 2007 оноос эхэлж зүрх өвддөг, цусны даралт хэлбэлзэлтэй, элэгний архаг үрэвсэл гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгүүлж байсан. Үүний нотлох эмчилгээний карт надад байгаа. Улмаар Улаанбаатар хотын Ачдын, Халдвартын эмнэлэгт удаа дараа очиж үзлэг, шинжилгээ хийлгэж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод С эмнэлэгт иж бүрэн шинжилгээ хийлгэж, зөвлөгөө авсан тухай нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа.

Гэтэл ажил олгогч намайг 3 хоног шалтгаангүй ажил тасалсан гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас шууд халсан явдалд гомдолтой байна. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч Ахбота эмчид үзүүлж эмнэлгийн акт авч байсан. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нарийн бичиг М.Маас ажлаас халах тушаал болон, ээлжийн амралт эдлэх тушаал хүлээн авсан. Тус тушаалыг хүлээн авахдаа 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 64 тоот тушаал гэж хүлээн авч гар утсандаа зургийг нь татаж авсан. Үүнийг та бүхэнд харуулж Ө.Г захирал өөрөө хүлээн зөвшөөрсөн. Амралтын хугацааг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс гэж гаргасан байсан учир анх би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага дээр 7 дугаар сарын 02-ны өдөр гэж тусгасан байсан юм. Гэтэл захирал Ө.Г нь шүүхэд хариу тайлбар өгөхдөө, амралтын хугацааг санаатайгаар 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэж өөрчилсөн байсан. Уг тушаалын дугаар болон сар өдөр нь санаанд оромгүйгээр өөрчлөгдсөн. Уг тушаалд захирал өөрөө гарын үсэг зурж, тамга дарагдсан эрх зүйн акт бичиг баримт учир энэ хүн санаатайгаар шүүн таслах ажиллагааг төөрөгдүүлэх гэсэн ноцтой зөрчил гэж үзэж байна.

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хариу тайлбартаа уг бичиг баримт нь манай сургуулийн санхүү буюу ня-бод байгаа хугацаа нь санаандгүйгээр өөрчлөгдсөн байна гэж бичсэн. Нарийн бичгийн уучлаарай гэдэг үгээр зүгээр өнгөрүүлэхийг би зөвшөөрөхгүй байна. Боловсролын байгууллагад 28 жил хөдөлмөрлөж өөрийн гэсэн орон зайгаа эдэлж, бусдаар хүрээлүүлж чадсан миний бие шалтгаангүйгээр ажил таслах ёс суртахууны болон ёс зүйн зөрчил надад байхгүй гэдгийг хүн бүхэн зөвшөөрөх байх. Хүмүүсээс асуусан ч болно. Гагцхүү биеийн байдлаасаа болж цалингүй чөлөө авч, гэрээр эмчлүүлэх шаардлагын үүднээс, чөлөө авах тухай хүсэлтээ хуулийн хугацаанд өгсөн. Мөн хариуцагч хариу тайлбартаа 5 дугаар сарын багш нарын цалинг бичиж өгөөгүй гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан ба эмнэгээс гарч гэртэй ирээд, гэрийн компьютероор 5 дугаар сарын цалинг шивж бичиж өгсөн. Бүх хүмүүс хуулийн хугацаанд цалингаа авсан байсан. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоот тушаалын заалтууд нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж миний бие үзэж байгаа. Учир нь өмнө нь ямар нэгэн арга хэмжээ авагдсан, мөн түүнийг давтсан байвал түүнийг ноцтой зөрчилд тооцох, ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно. Мөн эмнэлгийн шинжилгээ хийлгэж байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалах гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хуулиас давсан дүрэм, журам гэж байдаггүй болохоор сургуулийн дотоод журмын 7, 13 дугаар зүйлийн холбогдох заалтууд мөн хүчин төгөлдөр бус байна. Чөлөө олгоогүй гэх мөртлөө надад 2018 оны 2 дугаар улирлын /4.5.6-р сарууд/ урамшууллын зөвхөн нэг сарыг амралтын хугацааны 30 хоногийн 24 хоногийг тооцоолж энэ оны 7 дугаар сарын 02-оос амралтын тушаал гаргасан нь үндэслэлгүй бөгөөд түүгээрээ надад нэг сарын чөлөө олгосонд тооцох бүрэн үндэслэлтэй. Ажилтныг ажлаас халах тухайгаа хуулийн дагуу 1 сарын өмнө мэдэгдэх ёстой мөртлөө би тийм албан бичиг хүлээж аваагүй. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Ө сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Ө.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Сургалтын менежер З.М нь ажил тасалдаг нь хичээл зохицуулагч болон, цаг бүртгэгчийн бүртгэлээр нотлогдож байгаа. Мөн чөлөө олгоогүй шалтгаан нь сургуулийн ид ажлын үе байсан. Сурагчдын шалгалтын материал бүрдүүлэх, улсын болон элсэлтийн ерөнхий шалгалт, анги дэвших шалгалт авах, шалгалтын материал засах, багш нарын ажлыг дүгнэх, тайлан гаргах, тайлан дүгнэх, багш нарын бичиг баримт журналыг хянах, суурь боловсролын гэрчилгээ болон төгсөлтийн гэрчилгээг хянах, гарын үсэг зурах, нийгмийн ухааны хичээлийн сургалтын менежер учир хариуцсан 7 ангийг эзэмшиж байгаа. Тус 7 ангийн үйл ажиллагааг орхигдуулж чөлөө авах хүсэлт гаргасан.

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоот тушаалын үндэслэл нь З.Мы ажлаас шалтгаангүй 3 хоног тасалсан нь цаг бүртгэлээр нотлогдож байгаа тул ноцтой зөрчил гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас халах тушаал гаргасан байсан. Ажлын ид ачааллын үе байсан. Сургуулийн захирлын дэргэдэх хурлыг хуралдуулж, З.Мы хүсэлтийг танилцуулсан. Сургуулийн захирлын дэргэдэх хурлаас ажлын ид ачааллын үе байгаа тул чөлөө олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн юм. З.Мыг багшаар үлдээх боломж байсан. З.Мтай хамт ажилладаг байсан багш нарыг явуулж ирж уулз гэж хэлээрэй. Багш нарын зүгээс өөр багшийн ажилд шилжүүлэх санал гаргаж байна ирж уулзах юм бол багшийн ажилд шилжүүлж өгье гэж хэлсэн. Гэхдээ З.М ирж уулзаагүй, утсаар залгаж, зурвас бичиж байсан ч нэг ч хариу өгөөгүй 1 сарын хугацаанд ажил тасалж байсан. Тиймээс ноцтой зөрчил гэж үзээд, ажлаас халах тушаал гаргасан. З.Мы хөдөлмөрийн гэрээний 2.3.4 болон Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т шалтгаангүй 3 хоног ажил таслах юм бол ноцтой зөрчил гэж тооцно гэж тусгасан байгаа. Иймд З.Мыг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Мы нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1). Нэхэмжлэгч З.Мыг тус сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, дотоод журмын 7 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.20.2, хөдөлмөрийн гэрээний 2.3.2.4 дүгээр зүйлийн 2.4.1.1.4, сургуулийн Захирлын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн 3-аас дээш хоногоор шалтгаангүй ажил тасалсан гэж сургалтын менежерийн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ажил олгогчийн сургалтын менежерийн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан №66 дугаартай тушаалыг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхэд гомдлоо 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гэж тайлбарласан ба хариуцагчаас түүнийг үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаандаа шүүхэд гомдлоо гаргасан байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ажил олгогчид эрүүл мэндийн байдлаас болж гэртээ хэвтэн эмчилгээ хийлгэх мөн эхнэр маань зайлшгүй эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгэх шаардлагатай тул нэг сарын цалингүй чөлөө олгохыг хүссэн хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалингүй чөлөө авах эрхтэй гэж тайлбарлажээ.

Ажил олгогчид ажилтан З.Маас 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ... Биеийн байдлын улмаас 4 дүгээр сард Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэж, 5 дугаар сарын 15-аас аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторид биеэ үзүүлж, улмаар эмнэлэгт хэвтэж энэ сарын 25-д гарсан. Гэвч даралт маань тогтворжихгүй байгаа мөн эхнэр маань 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж 10 хоног зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, миний бие өөрөө гэрээр эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагаар надад Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 80 дугаар зүйлийн 80.1, тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.12.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэг сарын хугацаатай цалингүй чөлөө олгоно уу. Хугацаа 2018.05.28- 2018.06.28-ны хооронд гэж хүсэлтээ гаргасан байжээ.

Ажил олгогчоос нэхэмжлэгчийн уг хүсэлтийг тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.12-т зааснаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж хүсэлтдээ холбоотой хүндэтгэн үзэх шалтгаантай, өвчтэй талаарх эмчийн магадалгаа ирүүлээгүй мөн сургуулийн анги дэвших сургууль төгсөх, улсын шалгалт явагдаж байгаа ид үед шалгалтын сэдвийг боловсруулах, засах, суралцагчийн хувийн хэрэг, журналын бичилтийг хийлгэх, хянах, суурь бүрэн дунд боловсролын гэрчилгээ үнэмлэхийн бичилт хийх багш нарын хичээлийн жилийн ажлыг дүгнэх, урамшуулал олгох, тайлан хамгаалуулах сургуулийн жилийн болон сарын яамд өгөх тайлан бичих зэрэг хойшлуулшгүй чухал ажилтай. Эдгээр ажлыг дуусгаж, үр дүнг тооцуулаад чөлөө авахыг тус сургуулийн дотоод журмын 9.12.3-дахь хэсэгт зааснаар ажил олгогчоос 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай албан тоотоор цалингүй чөлөө олгох тухай хүсэлтийн хариуг бичгээр шуудангаар явуулсан байна.

Нэхэмжлэгч З.М нь ажил олгогчоос миний цалингүй чөлөө олгох тухай хүсэлтийн дагуу цалингүй чөлөө олгосон гэж үзэж ажилдаа очоогүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч ажил олгогчоос 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай албан тоотоор аймгийн шуудангаар явуулсан өргөдлийн хариуг Б аймгийн Монгол шуудангийн газарт 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч өөрийн биеэр очиж ажил ихтэй учраас хүлээн авах боломжгүй (өвчтэй, чөлөөтэй байгаа) гэж бичсэн талаар болон тус сургуулийн Нийгмийн ажилтан н.Кандидат надтай уулзаагүй. Утсаар нэг удаа ярьж байсан. Танд захирал ирээд уулз гэж байна боломж байна та тэрийг ашиглаач гэхээр нь намайг хууран мэхлэн хуралд оруулж ирээд тулган шаардах магадлал ихтэй гэж бодон очоогүй байсан гэх түүний хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа тул ажил олгогчоос цалингүй чөлөө олгох эсэхийг хойшлуулсныг нэхэмжлэгч мэдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Ажил олгогчоос ажилтны цалингүй чөлөө олгох тухай хүсэлтийг тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.12.3-д ажил албан тушаалын онцлогтой холбоотой сургуулийн хойшлуулшгүй, зайлшгүй ажлын шаардлагыг харгалзан чөлөө олгох хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулсан тохиолдолд ажилтанд энэ талаар бичгээр мэдэгдэнэ гэж зааснаар ажилтан З.Мд бичгээр болон нийгмийн ажилтнаар мэдэгдэж ажил олгогч үүргээ биелүүлсэн байна.

2). Нэхэмжлэгчээс 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Улаанбаатар С эмнэлгийн Эрүүл мэндийн үзүүлэлт, үзлэгийн захиалгын хуудас, зүрхний бичлэг, мөн өдрийн эмийн жор 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх эмнэлгийн магадалгаа зэрэг нотлох баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч талуудын хоорондох маргаан 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны хооронд ажилтан хүндэтгэн үзэх шалтгаантай, шалтгаангүйгээр ажил тасалсан эсэхэд маргаж байгаа ба эдгээр нотлох баримтууд нь 05 дугаар сарын 28-наас өмнөх нэхэмжлэгчийн цалинтай чөлөө олгох тухай хүсэлтэй холбоотой нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчээс амбулаториор эмчлүүлэгчдийн картад 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 6 дугаар сарын 04-ний өдөр, 6 дугаар сарын 20-ны өдрийн амбулаториор үзлэг-ийн талаарх нотлох баримтыг нотлох баримтаар өгсөн боловч эмчээс нэхэмжлэгчийн биеийн байдлыг үзэж, уух эмийн жорыг бичиж өгсөн байх бөгөөд хэдий хугацаанд эмчилгээ хийлгэх талаар хугацаа заагаагүй ба 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эмч К.Еийн үзлэгт эмийн жор бичиж доор нь гэрээр эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар бичсэн хэдий, ямар хугацаатай гэрээр эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхой бус байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс цалингүй чөлөө хүссэн өргөдөлдөө Хөдөлмөрийн дотоод журмын 9.12.3-д заасныг үндэслэл болгосон бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч уг заалтын үндэслэлийг мэдэж байсан мөн ажил олгогчоос ажилтны өргөдөлдөө хүндэтгэн үзэх шалтгаан буюу биеийн байдлын улмаас гэрээр эмчилгээ хийлгэх талаарх эмчийн магадалгааг ирүүлээгүй мөн ажлын онцлог, хойшлуулшгүй зайлшгүй шаардлагаар чөлөө олгох боломжгүй гэсэн шийдвэрийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн байх бөгөөд уг өдрөөс хойш ажил олгогчид уулзаж ажлын зайлшгүй шаардлага гарсан хэдий ч биеийн байдлын улмаас ажиллах боломжгүй тухай эмчийн магадалгаагаа ажил олгогчид гаргаж өгч чөлөө авах бүрэн боломжтой байхад 6 дугаар сарын 28-ны хүртэл ажил тасалж очоогүй болох нь цагийн бүртгэл, 2018 оны 5 дугаар сарын 29, 6 дугаар сарын 06, 08, 27-ны өдрүүдийн Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, талуудын тайлбараар нотлогдон тогтоогдлоо.

Ажил олгогчоос тус сургуулийн ажилтнуудын ээлжийн амралт олгох тухай тушаалаа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №65 дугаартай тушаалаар бус 2018 оны оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №64 дугаартай тушаалаар ажилтнуудын ээлжийн амралтыг олгосон болох нь тус сургуулийн бичиг хэргийн эрхлэгч М.Мын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, уг тушаалд төрийн сангийн мэргэжилтний 041 дугаар тэмдгийг дарж баталгаажуулсан зэргээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч З.Мы ээлжийн амралтын хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж байгаа тухай бичиж харин ажилдаа ирээгүй асуудлыг шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр түүний амралт дуусах өдрийг тавиагүй асуудал хууль зөрчөөгүй байна.

3). Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн тохирсон ноцтойд тооцогдох зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж болохоор заасан байх ба харин тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4-т хөдөлмөрийн ноцтой зөрчлийн талаар мөн ажил олгогч болон ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3.2.4-д ....сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7.4 дугаар зүйлд заасны дагуу дараах тохиолдлыг хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр заасан ба үүний 2.4.1.1.4 дэх хэсэгт ажлын байраа ажлын 3 ба түүнээс дээш хоногоор шалтгаангүй орхиж явсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар харилцан тохиролцсон байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж заасан ба үүнээс дүгнэхэд чөлөө олгох эсэх нь ажил олгогчийн үүрэг байхад ажилтан З.М нь чөлөө олгох эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн З.Мыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Ө сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04-09-04/51 дугаартай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн зөвлөмж болон шалгалт хийсэн тухай тэмдэглэл, нэхэмжлэгч З.Мы 2018.02.28-03.03-ны хооронд болон 2018.03.26-ны өдрийн тус тус цалинтай чөлөө олгохыг хүссэн тухай өргөдөл зэрэг нотлох баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ажил олгогчийн ажилтан З.Мыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа үндэслэл болгоогүй тул эдгээр нотлох баримтуудыг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Мы Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №66 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ