Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 558

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Б, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00195 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.М-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 166 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Х нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Г.М-тэй зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээгээр 90 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаанд 500 000 төгрөг төлсөн. Удахгүй төлж барагдуулна гэдэг боловч холбоо барихгүй утсаа салгаж зугатаадаг болсон. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 90 000 000 төгрөг, хүү 31 900 000 төгрөг, алданги 45 000 000 төгрөг, нийт 166 900 000 төгрөг болж байгаагаас өгсөн 500 000 төгрөгийг хасаад 166 400 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү. Тухайн зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөө бэлнээр хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбоотой баримт хэрэгт байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээний дагуух үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй. Хариуцагч хадгаламж зээлийн хоршооноос мөнгө зээлсэн байдлаа холбож яриад байна. Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний үүрэг ба 2007 онд байгуулсан гэрээ байдаг. Энэ маргаанд өмнөх зээлийн асуудал ямар ч хамаагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн маргаан юм. Хариуцагч эрх зүйн бүрэн чадамжтай хүн, мөнгө аваагүй байхад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаад байна. Хүч хэрэглээд юм уу эсхүл хууран мэхлээд зуруулсан юм бол үүнтэйгээ холбоотой шаардлага гаргах байсан. Мөн цагдаад хандах байсан. Зээлийн гэрээнээс гадна, мөнгө хүлээн авсан талаарх бичгийн баримт байдаг. Зээлийн мөнгө хүлээж аваагүй бол яагаад гарын үсэг зурсан нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заажээ. Зээлийн гэрээ байгуулсан нь мөнгө хүлээж авсан гэдгээ нотолж байгаа гэж үзэж байна. 2007 онд Г.Х нь М ХЗХ-нд захирал биш ажилтан нь байсан. Энэ үед Г.М 9 000 000 төгрөгийн зээлийг авсан байдаг. Энэ үеийн зээлийг 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаатай хольж тайлбарлаад байна. Г.М 2016 оны 3 сард Г.Х-т Хятад улсаас барилгын материал оруулж ирж зарна эгчдээ мөнгө зээлээч гэж гэрээр нь очоод авсан байдаг. Г.Х нь энэ хүнтэй садан төрлийн холбоотой байсан учраас зээлсэн гэдэг. Татгалзлын үндэслэл нь хуульд заасан ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Тэр бумтан хоршоо нь 2007 оноос 2012 оны хооронд үйл ажиллагаа явуулж байгаад зогссон байдаг. Энэ хугацаанд ажиллахгүй болсон гэдгийг хариуцагч мэдэж байсан. Хууль мэдэхгүй нь аливаа хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан байгаа. Мөн зээлийн гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага байхгүй. Мөнгөн хөрөнгийг талууд хоорондоо шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүсдэг. Өөрөө амралтын өдөр гэрт нь очиж мөнгө авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.М- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Г.Х-аас 90 000 000 төгрөгийн зээл аваагүй. Харин 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г.Х- даргатай М ХЗХ-оос 9 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн газрын гэрчилгээ, мөн аавынхаа байрны гэрчилгээг өгсөн. 2007 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 10 400 000 төгрөг болгож өгөхөөр харилцан тохиролцсон. Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж удаан хугацаанд ажилгүй байсан нь зээл төлөлт олон жил үргэлжилсэн. 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 20 251 400 төгрөгийг тушаасан байдаг. Бүх баримтаа нотариатаар батлуулаад хэрэгт хавсаргасан. Энэ хугацаанд Г.Х- байнга зээл, зээлийн хүү гэж нэхдэг байсан. Удаан хугацаанд зээлээ төлж байгаа учраас тодорхой хэмжээний мөнгө надаас нэхэж байна гэж ойлгож мөнгө орж ирвэл дансанд нь хийдэг байсан. Байнга утсаар ярьж нэхдэг болохоор барьцаанд авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нэгийг нь өгчих, барьцаанд тавиад мөнгийг чинь өгье гэж хэлж байсан. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бүтэн сайн өдөр байсан. Г.Х- намайг дуудаад Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирсэн учраас санхүүгийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай боллоо. Таны зээл хаагдаагүй учраас та хэдэн баримтан дээр гарын үсэг зураад өг гээд надад канондсан баримт гарган өгч гарын үсэг зуруулсан. Энэ баримт нь 90 000 000 төгрөгийн баримт байсан нь одоо шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Би 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөр дуусаагүй байхад Г.Х- надад 90 000 000 төгрөгийн гэрээ хийж мөнгө өгөх хүн биш. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоо болтол өгөөгүй. Хэрэв энэ их мөнгө надад өгсөн бол нотариат оролгүй зүгээр өгнө гэж байхгүй. Намайг энэ шаардаад байгаа мөнгийг аваагүй гэдгийг миний эргэн тойронд байгаа хүмүүс бүгд гэрчилнэ. Хугацаандаа төлөөгүй гэж үзээд надаас хүү, алданги байнга авдаг байсан. Г.Х-ын гэрт нь очиж мөнгө авсан гэж хэлж байгаа нь худлаа би гэрийг нь мэдэхгүй, гэрт нь очиж үзээгүй. Намайг хуурч, мэхлэн гэрээнд гарын үсэг зуруулсанд гомдож байна. Тус болооч гэхээр нь итгээд гарын үсэг зурсан, ингэж ашиглана гэж бодоогүй. Хүнд худлаа хэлж болохгүй. Тухайн өдөр Гадаад харилцааны яамны баруун талын машины зогсоол дээр өөрөө машиндаа суугаад би машинд нь ороод хоёр цаасан дээр гарын үсэг зурсан. Ийм л үйл явдал болсон. Г.Х- нь М ХЗХ-ны дарга байсан. Энэ тухай баримт хэрэгт байгаа. Би 90 000 000 төгрөгийн зээл гэрт нь очиж аваагүй гэдгээ дахин хэлмээр байна. Бид нар хамаатан, садан гэдгээ мэддэг боловч гэрт нь очихоор тийм гүнзгий харилцаатай хүмүүс биш. Харин надад компаниа миний нэр дээр болго гэдэг байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Х-ын нэхэмжлэлтэй Г.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 90 000 000 төгрөг, зээлийн хүү 31 900 000 төгрөг, алданги 45 000 000 төгрөг, нийт 166 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 989 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тус шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 166 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн дээрх шаардлагын тухайд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй буруу дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ болон бэлэн мөнгө хүлээлцсэн баримт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болон 189 дүгээр зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар байгуулсан хүчин төгөлдөр гэрээ, баримт юм. Энэхүү гэрээг анхан шатны шүүх дүгнэхдээ “...Зохигчид  2016  оны  3 дугаар сарын 14-ний өдөр № 2 дугаар зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан талаар талууд маргаагүй байна, харин зээлийн гэрээний дагуу 90 000 000 төгрөгийг хүлээж аваагүй энэ талаар ямар нэгэн баримт байхгүй гэж маргаж байна.” гэж нотлох баримтыг үнэлэхгүйгээр буруу дүгнэсэн. Дээрх гэрээг нотариатчаар заавал гэрчлүүлэх шаардлагагүй гэрээ байхад нотариатаар гэрчлүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн түүнчлэн энэ баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч тал гаргаагүй, бэлэн мөнгө хүлээн аваагүй гэдэг нь тогтоогдоогүй байхад шүүх энэ баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шүүх дүгнэхдээ “Нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж байхад 9 000 000 төгрөгийг хариуцагч зээлж авсан байдаг” гэж хавтаст хэрэгт байгаа баримт материалыг зөв үнэлээгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан материалд 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 400 000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа болохоос биш 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээ гэж авагдаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх зөвхөн хариуцагчийн үндэслэлгүй тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлсээр байгаагийн нэг нотолгоо юм. Шүүх дүгнэхдээ “...2007, 2009, 2010, 2012, 2015 онуудад нэхэмжлэгч Г.Х-ын дансанд төлсөн мөнгийг “М” ХЗХ-оос авсан зээлийн төлбөрт төлсөн” гэж үзсэн нь хуулийн этгээдэд төлбөл зохих төлбөрийг иргэний дансанд төлсөн байхад нотлох баримтыг буруу үнэлсэн. Мөн түүнчлэн, 2015 онд зээл төлсөн баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй байхад төлсөн гэж дүгнэсэн. Дээрх төлбөрийг орлого бэлнээр гэж бичсэн байдаг ба 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөгийн гүйлгээний баримт дээр өмнөх зээлийн үргэлжлэл гэж бичигдээгүй нотлох баримт байхад “өмнөх зээлийн үлдэгдэл” гэж шүүх нотлох баримтыг гуйвуулж, өөр утга агуулга нэмж дүгнэсэн. Хэрэв “М” ХЗХ-ны мөнгө гэж байгаа бол 2012 оноос 2016 он хүртэл 4 жилийн хугацаанд огт төлбөр төлөгдөөгүйг шүүх анхаарч үзээгүй. Гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй мөртлөө гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй гэж үзсэн нь хууль бус. Хариуцагчийн тайлбар нь “2016оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээ хийхдээ санхүүгийн шалгалт орно, хүнд үзүүлэх баримт хэрэгтэй болсон тул тус болсон, мөн өмнөх зээлийн гэрээнд барьцаалсан 2 гэрчилгээг авахын тулд гэрээнд гарын үсэг зурсан” гэдэг нь давхар нотлох баримтаар нотлогдоогүй байхад нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Энэхүү тайлбар нь үндэслэлгүй бөгөөд 2012 онд татан буугдсан дээрх ХЗХ-д шалгалт орохгүй гэдгийг хариуцагч мэдэх боломжтой байсан, хэрэв хүнд үзүүлэх, шалгуулах тус болохын тулд гарын үсэг зурсан гэж байгаа бол бүх гэрээ, баримт нь “М” ХЗХ-ны нэр дээр тамга тэмдэгтэй байх нь тодорхой байхад шүүх анхаарч үзээгүй. Хариуцагч тал хүчин төгөлдөр бус гэрээ гэж сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т “Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж зааснаар талуудын хооронд .... хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж шүүх өөрийн санаачилгаараа хариуцагчийн өмнөөс шаардлага гаргасан нь хэт нэг талыг барьж, хийсвэр дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Х- нь хариуцагч Г.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 166 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 90 000 000 төгрөг аваагүй гэж маргажээ./хэргийн 1, 13 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Г.М- нь “М” ХЗХ-оос 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 9 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлж, зээлийн төлбөрт 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 20 251 440 төгрөгийг төлсөн байна. Уг зээлийн гэрээнээс хойш 9 жилийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэн Г.Х-аас 90 000 000 төгрөгийг тус тус зээлсэн байна./хэргийн 3, 14-27 дугаар тал/

 

Улмаар хариуцагч Г.М- нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Г.Х-ын Хаан банкин дахь 5753391636 тоот данс руу 500 000 төгрөгийг шилжүүлсэн байгааг өмнөх гэрээний төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч 2007 онд “М” ХЗХ-оос 9 000 000 төгрөг зээлсэн. Харин 2016 онд Г.Х-аас 90 000 000 төгрөгийг зээлсэн нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул хариуцагчийн өмнөх гэрээний төлбөрт 500 000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, мөн өдөр мөнгө хүлээлцсэн баримт гэж тодорхойлж гараар бичсэн баримт хэрэгт авагдсан байна./хэргийн 3-4 дүгээр тал/ Энэ баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид бэлнээр 90 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр заасан. Гэтэл дээрх баримт нь эх хувь байгаа учир энэ хуулийн заалт хамааралгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Г.Х- бусдад зээлдүүлэх мөнгөтэй байсан эсэх нөхцөл байдал нь хэрэгт ач холбогдолгүй. Учир нь зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, мөнгө хүлээлцсэн баримтад талууд гарын үсэг зурсан талаар маргахгүй байна. Энэ тохиолдолд хариуцагч уг баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа тайлбарын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч Г.Х- хариуцагчид шилжүүлсэн мөнгийг хаанаас гаргаж өгсөн эсэх нөхцөл байдал нь хэрэгт ач холбогдолтой үйл баримт биш. Дээрх зээлийн гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан байхад шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хүүг 360 хоног, 3 хувь гэж заасан байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний утга агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгаар тайлбарлана. Гэрээнд сар бүр 3 хувийн хүү төлөхөөр заагаагүй, нийт гэрээний хугацааг 360 хоног гэж бичээд уг хугацаанд, 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байгаа учраас 360 хоногт 3 хувийн хүүтэй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүүд 31 900 000 төгрөг шаардах эрхгүй. Харин 2 700 000 төгрөгийг шаардах эрхтэй болно. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 92 700 000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги шаардахаар гэрээндээ заасан учраас мөн хуулийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтад нийцүүлэн алдангид 46 350 000 төгрөг, нийт 139 050 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 500 000 төгрөгийг хасч, үлдэх 138 550 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд гэрээ байгуулагдаж, мөнгө хүлээлцэж баримт үйлдэх үед байгаагүй хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь хариуцагч мөнгө аваагүй гэх үйл баримтыг нотлох баримт болохгүй бөгөөд зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн болохыг үгүйсгэх баримт болохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн гэрч нар нь талууд гэрээ байгуулж, мөнгө хүлээлцэхэд байлцсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 138 550 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 850 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-ээс 138 550 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 850 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж”, хариуцагч Г.М-ээс 850 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-т олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 989 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.О

 

                                             ШҮҮГЧИД                             Д.Б

 

                                                                                           С.Э