Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2019/00195

 

2019 оны 01 сарын 15 өдөр                   Дугаар 184/ШШ2019/00195                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Уб хот, БЗД, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол Нарны зам, 000-0 тоот хаягт оршин суух Т овогт Г-гийн Х /регистрийн дугаар: АА00000000, утасны дугаар: 0000-0000, 0000-0000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уб хот, СХД, 00 дугаар хороо, Х 0-00 тоот хаягт оршин суух И овогт Г-гийн М /регистрийн дугаар: АА00000000, утас: 0000-0000, 0000-0000/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 166 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Г.М, хариуцагчийн хүсэлтээр гэрч Г.М, Н.С, В.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Х нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Г.М-тэй зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээгээр 90 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаанд 500 000 төгрөг төлсөн. Удахгүй төлж барагдуулна гэдэг боловч холбоо барихгүй утсаа салгаж зугатаадаг болсон. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 90 000 000 төгрөг, хүү 31 900 000 төгрөг, алданги 45 000 000 төгрөгийн алданги нийт 166 900 000 төгрөг болж байгаагаас өгсөн 500 000 төгрөгийг хасаад 166 400 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гаргуулж өгнө үү.

Тухайн зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгөө бэлнээр хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбоотой баримт хэрэгт байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээний дагуух үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй.

Хариуцагч хадгаламж зээлийн хоршооноос мөнгө зээлсэн байдлаа холбож яриад байна. Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний үүрэг ба 2007 онд байгуулсан гэрээ байдаг. Энэ маргаанд өмнөх зээлийн асуудал ямар ч хамаагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн маргаан юм. Хариуцагч эрх зүйн бүрэн чадамжтай хүн, мөнгө  аваагүй байхад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаад байна. Хүч хэрэглээд юм уу эсхүл хууран мэхлээд зуруулсан юм бол үүнтэйгээ холбоотой шаардлага гаргах байсан. Мөн цагдаад хандах байсан. Зээлийн гэрээнээс гадна, мөнгө хүлээн авсан талаарх бичгийн баримт байдаг. Зээлийн мөнгө хүлээж аваагүй бол яагаад гарын үсэг зурсан нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заажээ. Зээлийн гэрээ байгуулсан нь мөнгө хүлээж авсан гэдгээ нотолж байгаа гэж үзэж байна. 2007 онд Г.Х нь “М т” ХЗХ-нд захирал биш ажилтан нь байсан. Энэ үед Г.М 9 000 000 /есөн сая/ төгрөгийн зээлийг авсан байдаг. Энэ үеийн зээлийг 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаатай хольж тайлбарлаад байна. Г.М 2016 оны 3 сард Г.Х-т “Хятад улсаас барилгын материал оруулж ирж зарна эгчдээ мөнгө зээлээч“ гэж гэрээр нь очоод авсан байдаг. Г.Х нь энэ хүнтэй садан төрлийн холбоотой байсан учраас зээлсэн гэдэг. Татгалзлын үндэслэл нь хуульд заасан ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. “Т б” хоршоо нь 2007 оноос 2012 оны хооронд үйл ажиллагаа явуулж байгаад зогссон байдаг. Энэ хугацаанд ажиллахгүй болсон гэдгийг хариуцагч мэдэж байсан.

Хууль мэдэхгүй нь аливаа хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан байгаа. Мөн зээлийн гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага байхгүй. Мөнгөн хөрөнгийг талууд хоорондоо шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүсдэг. Өөрөө амралтын өдөр гэрт нь очиж мөнгө авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Г.Х-аас 90 000 000 /ерэн сая/ төгрөгийн зээл аваагүй. Харин 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г.Х даргатай “М т” ХЗХ-оос 9 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн газрын гэрчилгээ, мөн аавынхаа байрны гэрчилгээг өгсөн. 2007 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 10 400 000 төгрөг болгож өгөхөөр харилцан тохиролцсон. Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж удаан хугацаанд ажилгүй байсан нь зээл төлөлт олон жил үргэлжилсэн. 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 20 251 400 төгрөгийг тушаасан байдаг. Бүх баримтаа наториатаар батлуулаад хэрэгт хавсаргасан.

Энэ хугацаанд Г.Х байнга зээл, зээлийн хүү гэж нэхдэг байсан. Удаан хугацаанд зээлээ төлж байгаа учраас тодорхой хэмжээний мөнгө надаас нэхэж байна гэж ойлгож мөнгө орж ирвэл дансанд нь хийдэг байсан. Байнга утсаар ярьж нэхдэг болохоор “барьцаанд авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нэгийг нь өгчих, барьцаанд тавиад мөнгийг чинь өгье” гэж хэлж байсан. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бүтэн сайн өдөр байсан. Г.Х намайг дуудаад Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирсэн учраас санхүүгийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай боллоо. Таны зээл хаагдаагүй учраас та хэдэн баримтан дээр гарын үсэг зураад өг гээд надад канондсан баримт гарган өгч гарын үсэг зуруулсан. Энэ баримт нь 90 000 000 төгрөгийн баримт байсан нь одоо шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

Би 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөр дуусаагүй байхад Г.Х надад 90 000 000 төгрөгийн гэрээ хийж мөнгө өгөх хүн биш. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоо болтол өгөөгүй. Хэрэв энэ их мөнгө надад өгсөн бол нотариат оролгүй зүгээр өгнө гэж байхгүй. Намайг энэ шаардаад байгаа мөнгийг аваагүй гэдгийг миний эргэн тойронд байгаа хүмүүс бүгд гэрчилнэ. Хугацаандаа төлөөгүй гэж үзээд надаас хүү, алданги байнга авдаг байсан.

Г.Х-ын гэрт нь очиж мөнгө авсан гэж хэлж байгаа нь худлаа би гэрийг нь мэдэхгүй, гэрт нь очиж үзээгүй. Намайг хуурч, мэхлэн гэрээнд гарын үсэг зуруулсанд гомдож байна. Тус болооч гэхээр нь итгээд гарын үсэг зурсан, ингэж ашиглана гэж бодоогүй. Хүнд худлаа хэлж болохгүй. Тухайн өдөр Гадаад харилцааны яамны баруун талын машины зогсоол дээр өөрөө машиндаа суугаад би машинд нь ороод хоёр цаасан дээр гарын үсэг зурсан. Ийм л үйл явдал болсон. Г.Х нь “М т” ХЗХ-ны дарга байсан. Энэ тухай баримт хэрэгт байгаа. Би 90 000 000 төгрөгийн зээл гэрт нь очиж аваагүй гэдгээ дахин хэлмээр байна. Бид нар хамаатан, садан гэдгээ мэддэг боловч гэрт нь очихоор тийм гүнзгий харилцаатай хүмүүс биш. Харин надад компаниа миний нэр дээр болго гэдэг байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөр төлөх үндэслэлгүй гэв.

Шүүх хуралдаанаар гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Г.М-т холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл 90 000 000 төгрөг, зээлийн хүү 31 900 000 төгрөг, алданги 45 000 000 төгрөг, нийт 166 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Г.М: ...2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яамны гадна уулзаж санхүүгийн шалгалт орно, хүнд үзүүлэх баримт хэрэгтэй байна гэж 90 000 000 сая төгрөгийн баримт дээр гарын үсэг зуруулсан. Өмнөх зээлийн төлбөрт барьцаалсан гэрчилгээг авахын тулд итгэж тус болох зорилготой гарын үсэг зурсан.

Би Г.Х-ыг “Т б” хоршооны дарга байх үед 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 9 000 000 төгрөгийн зээл 3 сарын хугацаанд авч үл хөдлөх хөрөнгийн 2 ширхэг гэрчилгээг барьцаалсан. Нийт 20 251 440 төгрөг төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Өмнөх зээлийн гэрээний үргэлжлэл гэж маргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримтууд зэргээс дүгнээд

Нэхэмжлэгч Г.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “№ 2” дугаар зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан талаар талууд маргаагүй байна. /хх 3, 4 /.

Харин “зээлийн гэрээний дагуу 90 000 000 төгрөгийг хүлээж аваагүй энэ талаар ямар нэгэн баримт байхгүй” гэж маргаж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээрт 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 90 000 000 төгрөгийг 360 хоногийн хугацаатай 3 %-ийн хүүтэй зээлүүлэхээр, гэрээний 3 дугаарт: зээлдэгч зээлийн мөнгийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэх үүрэгтэй, мөнгийг хүлээн авснаар гэрээ байгуулахаар тооцно, гэрээний 6 дугаарт: ...хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол хэтэрсэн хоног тутамд 0,5%-иар алданги тооцох талаар харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлохоор нотариатчаар гэрчлүүлээгүй № 2 тоот зээлийн гэрээ, тал цаасан дээр мөнгө хүлээж авсан гэх гарын үсэгтэй бичиг зэргийг ирүүлжээ. /хх-3, 4/

Уг баримтууд нь зээлдэгч хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн гэдгийг нотолж чадахгүй байгаа бөгөөд баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцагч Г.М 90 000 000 төгрөгийг дансаар биш гэрт нь очиж бэлнээр авсан байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний зохицуулалтад хамаарна” гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.

Нэхэмжлэгчийг хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж байхад нь 9 000 000 төгрөгийг хариуцагч зээлсэн байдаг. Энэ зээл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд хамаарна, тус хоршоо нь 2007-2012 он хүртэл үйл ажиллагаа явуулаад одоо зогссон. 2016 онд авсан 90 000 000 төгрөгийн зээл иргэд хоорондын зээл юм. Зээлийн гэрээг заавал наториатчаар гэрчлүүлнэ гэсэн хуулийн шаардлага байхгүй, гэрээнд гарын үсэг зурсан гэж мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгэж мөнгийг ямар хэлбэрээр шилжүүлсэн эсэх үйлдэл нь баримтаар нотлогдохгүй байна.

Тэрээр дээрх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагад нийцээгүй ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг, мөн хариуцагч Г.М мөнгийг аваад үүргээ гүйцэтгээгүй болохыг тус тус нотолж чадахгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан маргаан бүхий зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дууссан ба хариуцагч үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй байхад нэхэмжлэгч Г.Х гэрээг сунгасан эсэх, шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх мөн баримтаар нотлогдоогүй байна.

Түүнчлэн хариуцагчийн “...2007, 2009, 2010, 2012, 2015 онуудад нэхэмжлэгч Г.Х-ын дансны 00000000000 дугаарт зээл төлсөн, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөгийг өмнөх зээлийн үргэлжлэл гэж, мөн 0000000000 дугаар дансанд төлсөн /хх 6, 16-27/ дахь талд авагдсан нотариатчаар гэрчлүүлсэн орлогын мэдүүлэгүүд, гэрчийн мэдүүлэг, зээлийн гэрээ, зэрэг баримтаар нотлогдоно гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч баримтаар няцаахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа шаардлагын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Х нь 2007 онд “Т б” хадгаламж зээлийн хоршооны даргаар ажиллаж байсан болох нь талуудын хооронд байгуулсан 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний наториатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байгаа ба /хх-14-21/, хариуцагч нь тухайн үеийн зээлийн гэрээний эргэн төлөлтийг Г.Х-ын 0000000000 дугаар дансанд төлж байсан болох нь /хх 22-27/ дахь талд авагдсан хаан банкны орлогын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. Уг баримтуудыг ач холбогдолтой хамааралтай гэж үнэлэв. Харин хариуцагчийн хүсэлтээр хуралд оролцсон гэрч Г.М, Н.С, В.Х нарын мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй тул үнэлээгүй болно.

Хариуцагчаас “2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээ хийхдээ санхүүгийн шалгалт орно, хүнд үзүүлэх баримт хэрэгтэй гэсэн тул тус болсон, мөн өмнөх зээлийн гэрээнд барьцаалсан 2 гэрчилгээг авахын тулд гэрээнд гарын үсэг зурсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцааж чадахгүй байна.

Иргэд хоорондын болон иргэний эрх зүйн гэрээ нь сайн дурын үндсэн дээр талуудын хүсэл зоригийн илэрхийллийн нэгдэл байхаар хуульд заасан байна.

Зээлийн гэрээ байгуулахад зээлдэгч буюу хариуцагчийн хүсэл зориг үнэн зөв бодит байдлаар илэрхийлэгдсэн байх ёстой.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн” гэж заажээ.

Хариуцагч Г.М нь 90 000 000 төгрөгийн зээлийг төлөх үндэслэл шалтгаангүйгээр үүрэг хүлээх гэрээг хийсвэр байдлаар хийсэн ба 2007 оны зээлийн гэрээнд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг буцаан авах зорилготойгоор түүний ашиг сонирхолд нийцүүлсэн” гэсэн тайлбар нь нэхэмжлэгч Г.Х 2007 онд “Т б” хадгаламж зээлийн хоршооны даргаар ажиллаж байх үед талуудын хооронд байгуулсан гэрээ /хх  14-21/, хариуцагч нь тухайн үеийн зээлийн гэрээний эргэн төлөлтийг Г.Х-ын 0000000000 дугаар дансанд төлж байсан зэргээр тогтоогдож байх тул хариуцагч нь эрхзүйн хувьд бодит байдлаараа эргэлзээтэй гэрээ хийсэн гэж үзэж түүний тайлбарыг үнэн зөв гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д “Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж зааснаар талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ нь 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зорилгыг ашиглан зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.

Тэрээр нэхэмжлэгч Г.Х, хариуцагч Г.М нарын хооронд бичгээр үйлдэгдсэн “Зээлийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрх үүсэхгүй бөгөөд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр зохигч талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 989 950 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан Г.Х-ын нэхэмжлэлтэй Г.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 90 000 000 төгрөг, зээлийн хүү 31 900 000 төгрөг, алданги 45 000 000 төгрөг, нийт 166 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 989 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ОЮУНЦЭЦЭГ