Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00005

 

Г.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00195 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 558 дугаар магадлалтай,

Г.Х-ын нэхэмжлэлтэй,

Г.М-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 166.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагч Г.М-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Г.М-тэй зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээгээр 90.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаанд 500.000 төгрөг төлсөн. Удахгүй төлж барагдуулна гэдэг боловч холбоо барихгүй утсаа салгаж зугатаадаг болсон. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 90.000.000 төгрөг, хүү 31.900.000 төгрөг, алданги 45.000.000 төгрөг, нийт 166.900.000 төгрөг болж байгаагаас өгсөн 500.000 төгрөгийг хасаад 166.400.000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Г.Х-аас 90.000.000 төгрөгийн зээл аваагүй. Харин 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г.Х- даргатай Монгол тэрбумтан ХЗХ-оос 9.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн газрын гэрчилгээ, мөн аавынхаа байрны гэрчилгээг өгсөн. 2007 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 10.400.000 төгрөг болгож өгөхөөр харилцан тохиролцсон. Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж удаан хугацаанд ажилгүй байсан нь зээл төлөлт олон жил үргэлжилсэн. 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 20.251.400 төгрөгийг тушаасан байдаг. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бүтэн сайн өдөр байсан. Г.Х- намайг дуудаад Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирсэн учраас санхүүгийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай боллоо. Таны зээл хаагдаагүй учраас та хэдэн баримтан дээр гарын үсэг зураад өг гээд надад канондсан баримт гарган өгч гарын үсэг зуруулсан. Энэ баримт нь 90.000.000 төгрөгийн баримт байсан нь одоо шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Би 9.000.000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөр дуусаагүй байхад Г.Х- надад 90.000.000 төгрөгийн гэрээ хийж мөнгө өгөх хүн биш. Намайг хуурч, мэхлэн гэрээнд гарын үсэг зуруулсанд гомдож байна. иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00195 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан Г.Х-ын нэхэмжлэлтэй Г.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 90.000.000 төгрөг, зээлийн хүү 31.900.000 төгрөг, алданги 45.000.000 төгрөг, нийт 166.400.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 989.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 558 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-ээс 138.550.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27.850.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Г.М-ээс 850.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-т олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх “Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, мөн өдөр мөнгө хүлээлцсэн баримт гэж тодорхойлж гараар бичсэн баримт хэрэгт авагдсан байна. Энэ баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 90.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж үзнэ” гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт авагдсан уг гар бичмэлийн доторхи агуулгаас үзэхэд “90.000.000 төгрөг зээлэв” гэсэн байгаа нь мөнгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэсэн баримт биш юм. Тухайн баримтанд ямар дэвсгэртээр хэд хичнээн төгрөг өгч авалцсан талаар нэг ч үг үсэг байхгүй байгаа, зөвхөн 90.000.000 төгрөг зээлэв гэсэн бичвэр байгаа, үүнийг давж заалдах шатны шүүх 90.000.000 төгрөгийг намайг хүлээн авсан гэж дүгнэсэнд туйлын их гомдолтой байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасантай дээрхи бичгээр үйлдсэн баримт нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй, харин анхан шатны шүүх энэхүү баримтыг хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн гэдгийг нотолж чадахгүй байна гэж зөв дүгнэсэн. Өмнө нь 2007 оны 01 сарын 29-ний өдөр 9.000.000 төгрөгийг олгохдоо гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлэн, зарлагын баримтаар мөнгөн дүнг тоогоор болон үсгээр бичиж олгосон байдаг, гэтэл 90.000.000 төгрөгийг тал цаасан дээр үйлдсэн дээрх баримтаар өгөх үү? Үүнийг хяналтын шатны шүүх нухацтай шүүн хэлэлцэж өгнө үү. Миний хүлээж аваагүй 90.000.000 төгрөг болон дээрх аваагүй мөнгөний хүү, торгууль болох 46.350.000 төгрөг, нийт 138.550.000 төгрөгийг төлүүлэхээр шийдсэн явдал дэндүү шударга биш шийдвэр боллоо. Хэрэв 9.000.000 төгрөг байсан бол би яаж ийгээд төлнө харин 138.550.000 төгрөг гэдэг бол дэндүү шударга биш байна. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 8 дугаар зүйл заалтуудтай нийцүүлж, талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй” гэж туйлын зөв шийдвэр гаргаад байхад, яагаад давж заалдах шатны шүүх үүнийг харгалзалгүй алдаатай дүгнэлт хийв. Би тэтгэврийн насны хүн, эрүүл мэндийн хувьд сайнгүй, чихрийн шижин, байнга даралт ихэддэг өвчтэй хүн, надад 90.000.000 төгрөгийг бусдаас зээлэх шаардлага ч байхгүй, би өдий насандаа үр хүүхэддээ юу гэж ийм их өр үлдээж үхэхийг бодох юм. 9.000.000 төгрөгийг 90.000.000 болгож зассан, үүнийг шинжлүүлэх ёстой юм байна. Энэ талаар би ямар ч ойлголтгүй явжээ, нэгэнт үйлдсэн баримтанд шинжилгээ хийлгэж кримналистикийн дүгнэлт гаргуулах ёстой юм байна гэдгийг давж заалдах шатны шүүх хурлын дараа хуулийн зөвлөгөө авсанаар ойлгож мэдсэн. Зээлийн гэрээнд 9.000.000 төгрөг гэж бичгээр бичээгүй тоогоор бичсэн байсан, дараа нь тэг нэмсэн байна, үүнийг шинжлүүлж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Харин намайг өдий насны хүн ямар баримтанд гарын үсэг зурж байгаагаа мэдэх эрх зүйн бүрэн чадамжтай гэсэн мөртлөө 2019 оны 0З сарын 14-ний өдрийн гэрээг 2007 оны 01 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээтэй хольж хутгаж байна гэдэг нь цэвэр гүтгэлэг, би ямар гэрээнд гарын үсэг зурсан, юу гэж хэлж зуруулсныг маш сайн мэдэж байгаа, түүнийгээ л хэлсээр маргасаар байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 558 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Г.Х- 2018.10.10-ны өдөр шүүхэд хандаж, Г.М-т холбогдуулан зохигчийн хооронд 2016.03.14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэж, гэрээний үүрэгт зээл 90.000.000 төгрөг, хүү 31.900.000 төгрөг, алданги 45.000.000 төгрөг, нийт 166.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч “...хадгаламж зээлийн хоршоонд шалгалт орох гээд байна, хүнд үзүүлэх баримт хэрэгтэй, та үүн дээр гарын үсэг зураад өг” гэсний дагуу бичгийн гэрээнд гарын үсэг зурснаас бус мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зоригоор гэрээ байгуулж, гэрээний дагуу мөнгө шилжүүлэн аваагүй” гэж маргасан байна.

           Анхан шатны шүүх Г.М-т холбогдуулан гаргасан Г.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Г.М-ээс 138.550.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Х-т олгохоор шийдвэрлэжээ.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бол гэрээний үүргийн биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.

           Хэдийгээр бичгээр байгуулсан гэх гэрээ, мөнгө хүлээлцэн тухай баримтХэдийгээр

         90.000.000 төгрөгийг 360 хоногийн хугацаатай, сар тутам 3 хувийн буюу 2.700.000 төгрөгийн хүү төлөх, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлэх тухай зохигчийн хэн алины гарын үсэг бүхий бичгийн хэлбэртэй гэрээ, “мөнгө хүлээлцсэн” тухай баримт, 2016.04.28-ны өдөр Г.М-ээс Г.Х-т 500.000 төгрөг шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч гаргасан боловч эдгээр баримт нь тэдгээрийн хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зориг илэрхийлэгдэж, харилцан эрх, үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг “хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тогтоосон байх бөгөөд давж заалдах шатны шүүх зээлийн гэрээ, “мөнгө хүлээлцсэн” баримт, мөнгө шилжүүлсэн тухай баримтыг зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Хариуцагч Г.М- зээлийн гэрээнд болон “мөнгө хүлээлцсэн” баримтад гарын үсэг зурснаа “өмнөх буюу Г.Х- захиралтай Монгол тэрбумтан ХЗХ-ноос 2007 онд 9.000.000 төгрөг зээлж, уг мөнгийг хугацаа хэтрүүлж 2013 оны 02 сар хүртэл төлсөн. Зээлд 2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалсан боловч үүргээ бүрэн биелүүлээгүй шалтгаанар өгөхгүй, мөнгө нэмж өгөхийг шаарддаг. ХЗХ-нд шалгалт орох нэрээр гэрээ болон баримтад гарын үсэг зуруулсан” гэж тайлбарлан “Монгол тэрбумтан” ХЗХ болон Г.М- нарын хооронд байгуулагдсан 2007.01.29-ний өдрийн 06 тоот зээлийн гэрээ, 2007.11.12-ны өдрөөс 2013.02.04-өдөр хүртэл зээл, зээлийн хүүд нийт 20.251.400 төгрөгийг Монгол тэрбумтан ХЗХ болон Г.Х-т бэлнээр, түүнчлэн  Г.Х-ын Хаан банк дахь 5753.... тоот дансанд төлсөн тухай 20 удаагийн баримт гаргаж, гэрчээр Н.С, Г.М, В.Х нарыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж уг ажиллагааг хийсэн байна.

           Зохигчийн тайлбар нь нотлох баримтын нэг болох бөгөөд хариуцагч Г.М- нэхэмжлэлээс татгалзсан тайлбар гаргаж, тайлбарын үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгч Г.Х- үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байна.

            Нэхэмжлэгч Г.Х-, зээлийн 90.000.000 төгрөгийг хариуцагч Г.М-ийн гэрт нь аваачиж бэлнээр өгч “мөнгө хүлээлцсэн” тухай баримт үйлдсэн гэх боловч хэргийн 4-р талд авагдсан уг баримтад “2016.03.14-нд Г.Х- би, Г.М-т 90.000.000 төгрөг /ерэн сая/ зээлэв.” гэж бичсэн нь мөнгө хүлээлгэн өгсөн гэх агуулгагүй байна.

         2016.04.28-ны өдөр Г.М- 500.000 төгрөгийг Г.Х-ын Хаан банк дахь 5753... тоот дансанд шилжүүлснээ хариуцагч “өмнөх зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй гэдэг, барьцаалсан 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авахын тулд уг мөнгийг шилжүүлсэн” гэснийг хариуцагч няцаагүй байна.

            Дээр дурдснаар давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Харин анхан шатны шүүх 2016.03.14-ний зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэл муутай, зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэсэн дүгнэлттэй зөрчилтэй болсныг дурдах нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 558 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.

          2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 850.700 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ