Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М даргалж, шүүгч Д.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/03731 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Л-ийн хариуцагч ХХЕГ,  Х 0245 дугаар ангид холбогдуулан гаргасан эм, эмчилгээний зардал 3 157 480 төгрөг, унааны зардал 703 700 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 46 837 400 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч ХХЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О , Х 0245 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн ХХЕГ-ынхарьяа Х 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Э үйлдсэн гэмт хэргийн хохирогч болж, Хайрханы заставын Богалтын харуулын байранд хэвлийдээ буудуулснаас нуруу нугасны хүнд гэмтэл авч, тахир дутуу болсон бөгөөд түүний сүйт залуу нь ч тухайн гэмт хэргийн хохирогч болж нас барсан. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Б.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 25 жилийн хорих ялаар шийтгэж, Б.Л-Д учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу Х 0245 дугаар ангиас 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэм хорын хохиролд 1 117 810 төгрөгийг Б.Л-Д төлсөн. Мөн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр гэм хорын хохиролд тооцож Б.Л-ийн 2007 оны 1, 2 дугаар сард худалдан авсан эмийн үнэ болох 265 660 төгрөгийг Х цэргийн 0245 дугаар ангиас дахин гаргуулсан. Б.Л нь дээрх гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан бөгөөд олон жилийн турш хүнд өвчиндөө бие сэтгэлээрээ шаналж, байнгын асаргаа сувилгаатай хэвтэрт эмчилгээтэй байснаас гадна эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөр эрхлэх боломж хомсоос ажил, орлогогүй хүнд, хэцүү нөхцөлд амьдарч байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйл 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар байлдагч Б.Э цэргийн алба хааж байсан ангийн удирдах дээд байгууллага болох Х цэргийн Ерөнхий газар, Х 0245 дугаар ангиас гэм хорын хохиролд Иргэний хуулийн 505 дугаар зүйл 505.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 6 дугаар сараас 2016 оны 02 дугаар сард эрүүл мэндийн шинжилгээ, эм тарианы зардалд 3 157 480 төгрөг, орон нутгаас нийслэлд ирж, буцах замын зардалд 703 700 төгрөг, Иргэний хуулийн 228 дугаар зүйл 228.3, 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой 2005 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд сар тутам төлөх нөхөн төлбөрт тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож 46 837 400 төгрөг, цаашид шүүхийн шийдвэр гарснаас хойш сар тутам тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Энь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан харуулын байраа орхин, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагчийг 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө байлдааны зэвсэг АКМ буугаар буудаж амь насыг нь хохироож, иргэн Б.Л, байлдагч Б.Онарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Увс аймаг дахь сум дундын шүүх 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 ХХЕГ-т шийтгэх тогтоолд Х цэргийн анги, салбарыг дурдаагүй нь энэ хэргийн хариуцагч нь зөвхөн Б.Эрдэнэдалай гэдэг нь нотлогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэснийг үндэслэл болгон Б.Э-г төрийн албан хаагч мөн гэж маргасан. Тухайн үед Б.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу иргэний үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хааж байсан иргэн юм. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд төрийн албан тушаалыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж ангилсан. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зэвсэгт хүчин, Х ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарна гэж заасны дагуу Хил хамгаалах байгууллага нь төрийн тусгай албыг хэрэгжүүлдэг. Дээрх хуулиар зохицуулсан төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, төрлүүдэд хугацаат цэргийн албан хаагчийг хамааруулсан зүйл заалт байхгүй байгаа нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаал хашдаггүй нь илэрхий байна. Төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авдаг. Цалин хөлс нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлээр зохицуулагдаж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны, цол зэрэг дэв, докторын зэрэг, мэргэшлийн зэрэг, ур чадвар бусад нэмэгдлээс тус тус бүрдэхээр хуульчлагдсан.Мөн төрийн албан хаагчдад Засгийн газрын 2014 оны 332, 208 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу цалин хөлс олгодог. Хугацаат цэргийн алба хаагч нь дээрх цалингийн сүлжээний дагуу цалин, хөлс авдаггүй бөгөөд Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолын дагуу гэрээт цэргийн алба хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний цолны мөнгөн хангалт эдэлдэг. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн үүргийг тусгаж өгсөн байдаг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан дотоод албаны дүрмийн 104 дүгээр зүйлд байлдагчийн үүргийг тусгайлан заасан. Мөн төрийн алба хаагч нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулан албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлдэг бол хугацаат цэргийн алба хаагч нь үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүрэг, Цэргийн албаны тухай хуулийн дагуу хугацаат цэргийн албанд зарлан дуудах, мэдэгдэх хуудсаар татагдаж үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Төрийн байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан орон тооны дээд хязгаарт багтаан төрийн албан хаагчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулж, мөрдөн ажилладаг. Хил хамгаалах байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан албаны үйл ажиллагааг явуулдаг бөгөөд уг бүтэц, орон тоонд хугацаат цэргийн албан хаагчдад хамаарах орон тоо байдаггүй нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаалтан биш болох нь харагдаж байна. Х тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д хилчин гэж Х цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг хэлнэ гэж тодорхойлсон. Хилчин гэдэг нь албан тушаалын нэршил биш бөгөөд хил хамгаалах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа иргэнийг нэрлэсэн нэршил юм. Иймд Б.Эрдэнэдалай нь хугацаат цэргийн алба хаагч мөн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчид хамаарахгүй юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу бусдад учруулсан гэм хороо Б.Эрдэнэдалай хариуцан арилгах үүрэгтэй. Увс аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр х 0245 дугаар ангиас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар буюу ажил олгогчийн хүлээх хариуцлагын хүрээнд Б.Л-Д гэм хорын хохирол гаргуулж байсан нь хариуцагч Хил хамгаалах Ерөнхий газраас Б.Эрдэнэдалайгийн өмнөөс Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гэм хорыг арилгах үүрэг үүссэн гэх нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхгүй. Дээрх үндэслэлээр манай байгууллага хэргийн хариуцагч биш, гэм хорын нэхэмжлээд байгаа хохиролтой шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х 0245 дугаар ангиас эм, эмчилгээний зардал 3 157 480 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 сарыг дуусах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 1 478 776 төгрөг, нийт 4 636 256 /дөрвөн сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас унааны зардал 703 700 төгрөг, нөхөн төлбөр 45 358 624 төгрөг, нийт 46 062 324 төгрөгт холбогдох хэсгийг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагыг, мөн хариуцагч ХХЕГ-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х 0245 дугаар ангиас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 89 130 төгрөгийг гаргуулж улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...нэхэмжлэгч нь ... харин гэмтэл авсны дараа 2007 оноос хойш тодорхой хугацаанд ажил эрхэлж байсан байх тул дээрх заалтын дагуу дутуу авсан цалин хөлсийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жишиг болгох нь зүйтэй гэж шүүх үзэв” гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого ... хохирогчид төлөх үүрэгтэй" гэсэн нь гэм хор учрах үед хохирогч цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой байсан улмаар уг гэм хороос шалтгаалж хөдөлмөрийн чадвараа алдсанаас урьд авч байсан цалин, түүнтэй адилтгах орлого буурсан бол тухайн буурсан хэмжээг нөхөн төлөх үүргийг гэм хорыг хариуцах этгээдэд хүлээлгэх хамгаалалтын зохицуулалт юм Өөрөөр хэлбэл хохирогчид гэм хор учирч, хөдөлмөрийн чадвар алдсанаар түүний урьд авч байсан цалин, орлого буурч, эдийн хохирол хүлээх ёсгүй гэсэн ойлголт гэж үзнэ. Гэтэл хохирогч Б.Л нь гэм хор учрах үед цалин, орлогогүй байсан бөгөөд энэ тохиолдолд нөхөн төлбөрийг хэмжээг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж зааснаар тогтооно. Үүнд хууль тогтоогч хохирогчийн шаардах нөхөн төлбөрийн доод хэмжээг хоёргүй утгаар шууд зааснаас бус түүний дээд эсхүл тогтсон хэмжээг заагаагүй юм. Иймд нэхэмжлэгч гэм хорын “нөхөн төлбөрт тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож” гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жишиг болгосон нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, эрх зүйн байдлыг нь дордуулж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тухайн үеийн цалингийн дундаж хэмжээнээс ямагт бага байдгийг ч шүүх анхаарах ёстой байсан. Мөн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн “...нэхэмжлэлийн шаардлагад дурсан хугацаанд нэхэмжлэгчийн авсан цалин хөлс, нийгмийн даатгалын сангаар олгосон тэтгэврийн хэмжээ нь тухайн үеийн мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байсан хэсгийг Б.Л-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорд тооцон нийт 1 478 776 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй” гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь хохирогч Б.Л гэм хорын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны дараа ажил хийж цалин, тэтгэвэр авсан нь түүний хөдөлмөрийн чадвараа алдсантай эсхүл хөдөлмөрийн чадвар сайжирсантай огт холбоогүй бөгөөд харин амьдралын төлөө тэмцэл, тэвчээр хатуужил гаргаж үр дүнд нь хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн. Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалт гэм хор учирснаас хойш өнөөдрийг болтол тасралтгүй, тогтмол 70-80 хувиар тогтоогддог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлсэн нь гэм хорын нөхөн төлбөрийг шаардах эрхээ хязгаарлуулах үндэслэл болох ёсгүй. Түүнчлэн хариуцагч нараас гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг шаардаагүй, энэ талаар маргаагүй байхад анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн диспозитив зарчмыг зөрчиж, нөхөн төлбөрийн хэмжээг өөрийн санаачилгаар багасгасан нь үндэслэлгүй юм. Мөн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ түүний хөдөлмөрийн чадвар сэргэх нь эргэлзээтэй гэж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тайлбарлаж, нэхэмжлэгчийг цаашид ажил хөдөлмөр эрхлэхгүй, орлого олохгүй гэж урьдчилан дүгнэх боломжгүй” хэмээн үзэж “шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт заасан эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй” гэснийг үндэслэсэн. Хохирогч одоо ч хөдөлмөрийн чадвараа алдсан хэвээрээ байгаа бөгөөд дахин : хоёр жилээр сунгагдсан болно. Тэжээн тэтгэхтэй холбоотой тэтгэлэг нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар буурсантай холбоотой болохоос түүний хөдөлмөр эрхлэх, орлого олохтой огт холбоогүй юм. Харин Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.2 дахь хэсэгт заасны дагуу хохирогчийн хөдөлмөрийн чадвар сайжирсантай холбоотойгоор авч байгаа цалин, хөлс, орлого болон тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг хариуцагч шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “ 2005 оны 11 сараас 2018 оны 12 сарыг дуусах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 1 478 776 төгрөг, нийт 4 636 256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаас унааны зардал 703 700 төгрөг, нөхөн төлбөр 45 358 624 төгрөг, нийт 46 062 324 төгрөгт холбогдох хэсгийг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Л хариуцагч ХХЕГ, Х 0245 дугаар ангид холбогдуулан эм тарианы зардалд 3 157 480 төгрөг, орон нутгаас нийслэлд ирж буцах замын зардалд 703 700 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сар тутам төлөх нөхөн төлбөрт тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 46 837 400 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар тутам тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч марган, үндэслэлээ хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан хаагч биш тул төрийн байгууллагаас бус гэмт хэрэг үйлдсэн этгээдээс хохирлоо шаардах эрхтэй гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Б.Л нь Б.Э үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирсон болох нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 126, 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолуудаар тогтоогджээ./1хх7-10/

 

Хариуцагч тал Б.Э-г хугацаат цэргийн алба хааж байсан эсэхэд маргаагүй, харин цэргийн албан хаагч нь төрийн албаны ангилалд хамаарахгүй тул төрийн албан хаагч биш тул хохирлыг байгууллага хариуцахгүй гэж маргасан.

 

Цэргийн алба хаах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн үүрэг бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /1992 оны/ 3 дугаар зүйлд заасан “төрийн албаны онцлог төрөл” гэж үзэх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх, төрийн албан тушаалын ангилалд хамаарахгүй байх нь цэргийн албыг төрийн алба биш, цэргийн албан хаагчийг төрийн албан хаагч биш гэж үзэх үндэслэлд хамаарахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймээс нэхэмжлэгч нь цэргийн албан хаагч Б.Э үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо түүний алба хааж байсан Х цэргийн 0245 дугаар ангиас гаргуулахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

Харин Б.Э үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг түүний алба хааж байсан Х 0245 анги хариуцан арилгах үүрэгтэй тул ХХЕГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн биед 2005 онд учирсан гэмтлийн хор уршиг арилаагүй, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар 80 хувийн алдалттай хэвээр байгаа талаарх тайлбар нь хэрэгт авагдсан. Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0068777 дугаар акт /хх85-86/, хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар, 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 24 сарын хугацаагаар тогтоосон байдлаар нотлогдсон байна. /хх87-88/

 

Хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаар дүгнэлт авагдсан ба “Б.Л-ийн эмчилгээ хийлгэсэн, эм, тариа хийлгэсэн тухай баримтууд нь түүний 2005 онд учирсан гэмтэл болон уг гэмтлийн улмаас гаргасан эмгэг, үйл ажиллагааны өөрчлөлтүүдийг эмчлүүлсэнтэй холбоотой” /хх147/ байх тул шүүх нэхэмжлэгчийн эм, эмчилгээний зардалд 3 157 480 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Унааны зардалд нэхэмжилсэн 703 700 төгрөг нь Улаанбаатар хотод эрүүл мэндийн шалтгаанаас болж ирсэн гэдгийг нотлох баримт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг хангахгүй орхихдоо нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн үнэлжээ.

 

Нэхэмжлэгч нь 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр авч эхэлсэн болох нь хэргийн 90-91 дүгээр талд авагдсан баримтаар, 2007 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс ХХҮХ-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Т сумын нийгмийн ажилтан, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс ХХҮХ-т нийгмийн ажилтнаар ажиллаж байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 88-91 дүгээр талд авагдсан баримтаар тус тус тогтоогджээ.

 

Харин нэхэмжлэгч гэмтэл авах үедээ ажил эрхэлж байгаагүй, түүний өмнөх эрхэлж байсан ажлын цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байсан тул тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жишиг болгон тооцсон нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг тооцохдоо нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд нэхэмжлэгчийн авсан цалин хөлс, нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээг тухай бүр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байсан зөрүүгээр хохирлыг тооцон, дээрхийн зөрүү нийт 1 478 776 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг цаашид ажил эрхлэхгүй, орлого олохгүй гэж урьдчилан тогтоож, дүгнэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсгийн цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй нөхөн төлбөр шаардах эрхтэй талаарх заалтыг шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ирээдүйд хэрэглэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Х 0245 дугаар анги нь Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаад, эм, эмчилгээний зардалд 3 157 480 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны нөхөн төлбөрт 1 478 776 төгрөг, нийт 4 636 256 төгрөгийг Х 0245 дугаар ангиас гаргуулж, унааны болон нөхөн төлбөрт 45 358 624 төгрөг, нийт 46 062 324 төгрөгийг болон шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг болон хариуцагч ХХЕГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/03731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.М

 

                                               ШҮҮГЧИД                            Д.Ц

 

                                                                                            А.О