Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00883

 

Б.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/03731 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 380 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Л-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХЕГ, Увс аймаг Улаангом суманд байрлах Хилийн 0245 дугаар анги нарт холбогдох,

Эм, эмчилгээний зардалд 3 157 480 төгрөг, унааны зардал 703 700 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 46 837 400 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгний нөхөн төлбөрийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мэндсайханы гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Л- 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа хилийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Эрдэнэдалайн үйлдсэн гэмт хэргийн хохирогч болж, Хайрханы заставын Богалтын харуулын байранд хэвлийдээ буудуулснаас нуруу нугасны хүнд гэмтэл авч, тахир дутуу болсон бөгөөд сүйт залуу нь ч тухайн гэмт хэргийн хохирогч болж нас барсан.

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Б.Эрдэнэдалайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 25 жилийн хорих ялаар шийтгэж, Б.Л-д учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн.

 Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хилийн 0245 дугаар ангиас 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэм хорын хохиролд 1 117 810 төгрөгийг Б.Л-д төлсөн.

Мөн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр гэм хорын хохиролд тооцож Б.Л-гийн 2007 оны 1, 2 дугаар сард худалдан авсан эмийн үнэ болох 265 660 төгрөгийг хилийн цэргийн 0245 дугаар ангиас дахин гаргуулсан. Б.Л- нь дээрх гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан.

... Байлдагч Б.Эрдэнэдалайн цэргийн алба хааж байсан ангийн удирдах дээд байгууллага болох Хилийн цэргийн Ерөнхий газар, хилийн 0245 дугаар ангиас гэм хорын хохиролд Иргэний хуулийн 505 дугаар зүйл 505.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 06 дугаар сараас 2016 оны 02 дугаар сард эрүүл мэндийн шинжилгээ, эм тарианы зардалд 3 157 480 төгрөг, орон нутгаас нийслэлд ирж, буцах замын зардалд 703 700 төгрөг, Иргэний хуулийн 228 дугаар зүйл 228.3, 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой 2005 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд сар тутам төлөх нөхөн төлбөрт тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, 46 837 400 төгрөг, цаашид шүүхийн шийдвэр гарснаас хойш сар тутам тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХЕГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Б.Эрдэнэдалай нь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан харуулын байраа орхин, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагчийг 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө байлдааны зэвсэг АКМ буугаар буудаж амь насыг нь хохироож, иргэн Б.Л-, байлдагч Б.Отгонбат нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Увс аймаг дахь сум дундын шүүх 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу Б.Эрдэнэдалай нь бусдад учруулсан гэм хороо хариуцан арилгах үүрэгтэй.

Төрийн албаны тухай хуульд зааснаар хугацаат цэргийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан цэргийн албанд дайчилгаагаар татагдан, цэргийн алба хаах үүргээ биелүүлж байгаа Монгол Улсын иргэн бөгөөд төрийн албан хаагчид хамаарахгүй. Хугацаат цэргийн албан хаагчийн гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан гэм хорыг төр хариуцан арилгана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хилийн 0245 дугаар анги шүүхэд гаргасан тайлбартаа:

... 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолд Хилийн цэргийн анги, салбарыг дурдаагүй байгаа нь энэ хэргийн хариуцагч нь зөвхөн Б.Эрдэнэдалай гэдэг нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэснийг үндэслэл болгон Б.Эрдэнэдалайг төрийн албан хаагч мөн гэж маргасан. Б.Эрдэнэдалай нь Төрийн албан тухай хуульд заасан төрийн албан хаагч биш юм. Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д хилчин гэж хилийн цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг хэлнэ гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу Б.Эрдэнэдалай бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/03731 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хилийн 0245 дугаар ангиас эм, эмчилгээний зардал 3 157 480 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 сарыг дуусах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 1 478 776 төгрөг, нийт 4 636 256 /дөрвөн сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас унааны зардал 703 700 төгрөг, нөхөн төлбөр 45 358 624 төгрөг, нийт 46 062 324 төгрөгт холбогдох хэсгийг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагыг, мөн хариуцагч ХХЕГт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хилийн 0245 дугаар ангиас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 89 130 төгрөгийг гаргуулж улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 380 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/03731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Магадлалын хянавал хэсэгт “...Харин нэхэмжлэгч гэмтэл авах үедээ ажил эрхэлж байгаагүй, түүний өмнөх эрхлэж байсан ажлын цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байсан тул тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жишиг болгон тооцсон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт нийцсэн’ гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. ... нэхэмжлэгч тал гэм хорын нөхөн төлбөрт тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жишиг болгосон нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, эрх зүйн байдлыг нь дордуулж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

... Учир нь хохирогч Б.Л- гэм хорын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны дараа ажил хийж цалин, тэтгэвэр авсан нь түүний хөдөлмөрийн чадвараа алдсантай эсхүл хөдөлмөрийн чадвар сайжирсантай огт холбоогүй бөгөөд харин амьдралын төлөө тэмцэл, тэвчээр хатуужил гаргаж хөдөлмөрлөсний үр дүнд нь хуулиар олгогдсон цалин, хөлс авах эрхээ эдэлсэн явдал юм. Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалт гэм хор учирснаас хойш өнөөдрийг болтол тасралтгүй, тогтмол 70-80 хувиар тогтоогдсоор ирсэн.

... Түүнчлэн хариуцагч нараас гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг шаардаагүй, энэ талаар маргаагүй байхад шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн диспозитив зарчмыг зөрчиж, нөхөн төлбөрийн хэмжээг өөрийн санаачилгаар багасгасан нь үндэслэлгүй юм.

... Тэжээн тэтгэхтэй холбоотой тэтгэлэг нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар буурсантай холбоотой болохоос түүний хөдөлмөр эрхлэх, орлого олохтой огт холбоогүй гэж үзнэ.

Харин Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.2-т заасны дагуу хохирогчийн хөдөлмөрийн чадвар сайжирсантай холбоотойгоор авч байгаа цалин, хөлс, орлого болон тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг шаардах эрх хариуцагчид бий.

Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Л- нь хариуцагч ХХЕГ, Хилийн 0245 дугаар ангид холбогдуулан гэм хор арилгуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, цэргийн албан хаагч нь төрийн албан хаагч биш, гэм хор учруулсан этгээд бүх төлбөрийг хариуцах ёстой гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

 Нэхэмжлэлийн шаардлага нь эм, эмчилгээний зардал 3 157 480 төгрөг, унааны зардал 703 700 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны нөхөн төлбөр 46 837 400 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг багтаажээ.

Нэхэмжлэгч Б.Л- нь 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн нутагт Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Эрдэнэдалайн үйлдсэн гэмт хэргийн хохирогч болж, Хайрханы заставын “Богалт”-ын харуулын байранд хэвлийдээ буудуулан, нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Б.Эрдэнэдалай нь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хилийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байх үедээ заставын харуулын байрыг орхин явж, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Нандин-Эрдэнийг 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө АКМ буугаар буудаж амь насыг нь хохироосон, энгийн иргэн Б.Л-, байлдагч Б.Отгонбат нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Увс аймаг дахь Сум дундын шүүх 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор тогтоосон байна.

Нэхэмжлэгч Б.Л- нь 2005 онд авсан гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан болох нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, баримтаар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал буюу гэмтэл авах үеийн хөдөлмөрийн орлого, эм, эмчилгээнд зарцуулсан зардлын хэмжээ зэрэг хэрэгт ач холбогдолтой, нэхэмжлэлийн үндэслэл болж буй үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2., 505 дугаар зүйлийн 505.1., 505.2.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Харин гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/03731 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 380 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН