Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00358

 

Б.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Д.Цолмон, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02735 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2313 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Л-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох,

Эмчилгээний зардалд 3 861 180 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 42 898 580 төгрөг, цаашид нөхөн төлбөрийг сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мэндсайханы гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.Л- 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн нутагт Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Эрдэнэдалайн үйлдсэн гэмт хэргийн хохирогч болж, Хайрханы заставын “Богалт”-ын харуулын байранд хэвлийдээ буудуулан, нуруу нугасны хүнд гэмтэл авч, тахир дутуу болсон бөгөөд түүний сүйт залуу нь ч тухайн гэмт хэргийн хохирогч болж нас барсан. Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Б.Эрдэнэдалайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 25 жилийн хорих ялаар шийтгэж, Б.Л-д учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хилийн цэргийн 0245 дугаар ангиас 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэм хорын хохиролд 1 117 810 төгрөгийг Б.Л-д төлсөн. Мөн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр гэм хорын хохиролд тооцож Б.Л-гийн 2007 оны 01, 02 дугаар сард худалдан авсан эмийн үнэ болох 265 660 төгрөгийг Хилийн цэргийн 0245 дугаар ангиас дахин гаргуулж байжээ. Б.Л- нь дээрх гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан бөгөөд олон жилийн турш хүнд өвчиндөө бие сэтгэлээрээ шаналан зовж, хэвтэрт байнгын асаргаа, сувилгаа, эмчилгээтэй байснаас гадна эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөр эрхлэх боломж хомсоос ажил, орлогогүй хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1, 498 дугаар зүйл 498.2-т зааснаар байлдагч Б.Эрдэнэдалайн цэргийн алба хааж байсан ангийн удирдах дээд байгууллага болох Хилийн цэргийн ерөнхий газраас гэм хорын хохирлын төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйл 505.1-д заасны дагуу 2010 оны 06 дугаар сараас 2006 оны 02 дугаар сард эрүүл мэндийн шинжилгээ, эм тарианы зардалд 3 157 480 төгрөг, орон нутгаас нийслэлд ирж, буцах замын зардалд 703 700 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах, Иргэний хуулийн 228 дугаар зүйл 228.3, 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйл 509.1-д тус тус зааснаар Б.Л-гийн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой 2005 оны 11 дүгээр сараас 2016 оныг дуустал хугацаанд cap тутам төлөх нөхөн төлбөрт 17 642 700 төгрөг гаргуулж өгнө үү. Гэм хорын нийт хохиролд өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцон 42 898 580 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. Цаашид cap бүр хариуцагчаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төлбөрийг гаргуулж Б.Л-д гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Эрдэнэдалай нь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хилийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байх үедээ заставын харуулын байрыг орхин явж, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Нандин-Эрдэнийг 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө АКМ буугаар буудаж амь насыг нь хохироосон, энгийн иргэн Б.Л-, байлдагч Б.Отгонбат нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор тогтоосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн Б.Эрдэнэдалай нь бусдад учруулсан гэм хороо хариуцан арилгах үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн-г төрийн тусгай албан хаагчид хамаарахаар заасан. Хугацаат цэргийн албан хаагч нь Монгол улсын Үндсэн хуульд заасан цэргийн албанд дайчилгаагаар татагдан, цэргийн алба хаах үүргээ биелүүлж байгаа Монгол Улсын иргэн бөгөөд төрийн албан хаагчид хамаарахгүй. Хугацаат цэргийн албан хаагчийн гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан гэм хорыг төр хариуцан арилгана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

Иймд иргэн Б.Л- нь нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг, хугацаат цэргийн албан хаагчийн гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан гэм хорыг төр хариуцан арилгана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Б.Эрдэнэдалай нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул иргэн Б.Л-гийн эрүүл мэндийн шинжилгээ эм тарианы зардал 3 147 480 төгрөг, нөхөн төлбөр 17 642 700 төгрөг, цаашид cap бүр хариуцагчаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төлбөрийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02735 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Л-гийн хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас эмчилгээний үнэ 3 861 180 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 42 898 580 төгрөг, цаашид cap бүр нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2313 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх “төрийн албан хаагч” гэсэн илүү олон этгээд хамаарах өргөн хүрээтэй ойлголтыг “төрийн жинхэнэ албан хаагч” болон “төрийн тусгай албан тушаалтан” гэсэн түүнээс цөөн этгээд хамаарах явцуу ойлголтуудтай адилтган тайлбарласан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихөд хүргэж байна. Нэхэмжлэгч тал хугацаат цэргийн албан хаагч Б.Эрдэнэдалайг төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж огт маргаагүй болно. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхлэж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “хуульд заасан бусад албан тушаал” гэж жагсаалтыг нээлттэй байдлаар зохицуулсан бөгөөд Монгол Улсын Хилийн тухай хуулийн (2016 оны шинэчилсэн найруулга) 3 дугаар зүйлийн 3.1.18-д “хилчин” гэж хилийн цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг” ойлгоно, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хилчин ... нь төрийн төлөөлөгч байж, улсын эрх ашгийн үүднээс иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих, түүний биелэлтийг хангуулах эрхтэй” этгээд гэж тус тус заасны дагуу хугацаат цэргийн алба хаагч, “байлдагч” цолтой Б.Эрдэнэдалай нь гэмт хэрэг үйлдэх үедээ “хилчин” албан тушаалтай байжээ.

Хугацаат цэргийн албан хаагч “хилчин” нь Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Хилийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтад заасны дагуу цалин хөлс, алба хаах нөхцөл, баталгаагаар хангагдсан этгээд мөн болохыг нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо дэлгэрэнгүй тайлбарласан болно.

Дээрх хуулийн заалтуудаас дүгнэхэд хугацаат цэргийн албан хаагч Б.Эрдэнэдалайг төрийн албан хаагч гэж үзэх хангалттай үндэслэл бий болно. Түүнчлэн талууд Б.Эрдэнэдалайг “хариуцагч байгууллагад ажиллаж байсан эсхүл ажиллаж байгаагүй” гэж мэтгэлцээгүй бөгөөд нэхэмжлэгч тал түүнийг хариуцагч байгууллага болох хуулийн этгээдийн харъяа анги, салбарт алба хааж байх хугацаандаа Б.Л-д гэм хор учруулсан хэмээн тайлбарласан бөгөөд үүнтэй ч хариуцагч маргаагүй болно. Хэрэв шүүх Хил хамгаалах ерөнхий газрыг жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасныг баримтлах ёстой байсан.

...Гэм хорын хохирлыг дээрх шүүхийн шийдвэрээс гадна хавтаст хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 126 шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 7 дахь, 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаарт шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 7 дахь заалтуудаар Хилийн цэргийн ерөнхий газрын харъяа хилийн цэргийн 0245 дугаар ангиас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэр биелэж байсан. Түүнчлэн Б.Л-г хожим гэм хорын хохирлоо тухайн байгууллагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоосон бөгөөд шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар Хил хамгаалах ерөнхий газрын төлөөлөгч оролцож байсныг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, магадлалдаа огт дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл хилийн цэргийн байгууллагыг нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоосон байхад шүүх “үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг зөрчсөн.

Иймд магадлалыг бүхэлд хүчингүй болгож, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд бүрэн тогтоогдоогүй байгааг анхаараагүйгээр шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Л- нь хариуцагч Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан гэм хор арилгуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Б.Л- нь  2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн нутагт Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Эрдэнэдалайн үйлдсэн гэмт хэргийн хохирогч болж, Хайрханы заставын “Богалт”-ын харуулын байранд хэвлийдээ буудуулан, нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Б.Эрдэнэдалай нь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хилийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байх үедээ заставын харуулын байрыг орхин явж, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Нандин-Эрдэнийг 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө АКМ буугаар буудаж амь насыг нь хохироосон, энгийн иргэн Б.Л-, байлдагч Б.Отгонбат нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор тогтоосон байна.

Нэхэмжлэгч Б.Л- нь хариуцагч Хил хамгаалах Ерөнхий газарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба эмчилгээний зардалд 3 157 480 төгрөг, замын зардалд 703 700 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас 2016 оныг дуусталх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсан нөхөн төлбөрт 17 642 700 төгрөг, нийт 21 503 880 төгрөгийн хэмжээгээр шаардлагаа тодорхойлжээ. Түүнчлэн, цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төлбөрийг  сар бүр гаргуулахыг нэхэмжилсэн байна.

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар нь нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлдээ цэргийн жинхэнэ алба хааж байгаа байлдагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагч биш учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасан хариуцлагыг төр хариуцах үүрэггүй, харин гэм хор учруулсан этгээд хариуцлага хүлээх ёстой гэж тайлбарлажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэх зохицуулалт зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хамааралгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон гэм хор учрах үед үйлчилж байсан, мөн одоо хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1-д эх орны тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн гэж заажээ. Мөн Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1-ийн 4-т зааснаар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг болно.

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар батлан хамгаалах нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг мөн байна. 

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, 06 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдсөн ба Цэргийн албаны тухай хууль батлагдсанаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогджээ.

Энэ хуулийн 3 дугаар зүйлд цэргийн албыг “төрийн албаны онцлог төрөл” гэж тодорхойлсон байжээ.

Цэргийн жинхэнэ алба хааж буй байлдагч нь төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажилладаг төрийн албан хаагч биш байх нь, мөн төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаардаггүй байх нь цэргийн албыг төрийн алба биш гэж, цэргийн алба хааж буй иргэнийг төрийн албыг хэрэгжүүлэгч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэх зохицуулалтын төрийн албан хаагч гэдэгт Төрийн албаны тухай хуульд заасан субъект хамаарах боловч энэ зохицуулалтад төрийн чиг үүргийг хэрэгжүүлж, цэргийн алба хааж буй байлдагчийг хамааруулах эсэх талаар шүүх эрх зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.  

Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.-т зааснаар цэргийн албан хаагчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас  гуравдагч этгээдэд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу цэргийн анги, байгууллага төлсөн тохиолдолд гарсан зардлыг гэм буруутай цэргийн албан хаагч энэ хуульд заасан журмын дагуу барагдуулах ёстой.

Нэхэмжлэгч Б.Л- нь 2007 онд Хилийн цэргийн 0245 дугаар ангид холбогдуулан эмчилгээний зардал гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба Увс аймаг дахь сум дундын шүүх 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Л- одоогийн нэхэмжлэлийг цэргийн анги, байгууллагад бус харин Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан гаргасан шалтгаан тодорхой бус байгаагаас гадна 2005 оны 11 дүгээр сараас 2016 оныг дуусталх хугацааны нөхөх олговор гаргуулах шаардлагыг тодорхойлох хангалттай баримт хэрэгт авагдаагүй байгааг шүүх анхаараагүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар эрүүл мэндэд гэм хор учирсан этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг шаардах эрхтэй ба гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй болно. Хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсний хэмжээг тодорхойлохын тулд гэм хор учирсан этгээд нийгмийн даатгалын сангаас авч байсан болон авч байгаа тэтгэврийн хэмжээг, мөн гэм хор учрахаас өмнө авч байсан цалин, хөлс, орлого, эсхүл шаардлага гаргаж буй хугацаанд мөрдөгдөж байсан болон мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тус тус зааж, тэдгээрийн зөрүүгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох учиртай. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дээрх тооцоог гаргах боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд залруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02735 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2313 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН