Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2019/01402

 

 

 

 

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2019/01402

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: //-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.М-д холбогдох

 

Орон сууцнаас албадан гаргуулах, байр хөлсөлсөн төлбөр 20,800,000 төгрөг, ашиглалтын зардал 4,817,941 төгрөг, нийт 25,617,941 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З В С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ОХУ-ын өмч болох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, *******,******* орон сууцыг иргэн Д.Мд Иргэний хуулийн 302.1-т заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлсэн. Гэрээний хугацаа 1 жилээр буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байхаар байгуулсан. Д.М нь 2212 тоот гэрээний дагуу 1 сарын түрээсийн төлбөрт 200 ам.доллар төлөх, байрны ашиглалтын төлбөрийг цаг тухайд нь төлөх, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэтэл Д.М гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээний төлбөр 200 ам.доллар их байна гэж маргаж байгаа. Өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Гэрээний 1 жилийн хугацаа дууссанаас хойш Д.Мтэй шинээр гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан боловч Д.М Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Гэрээний төлбөрийг гэрээнд 200 ам.доллар гэж бичсэн хэдий ч манайх 200 ам.доллар авч байгаагүй. 400,000 төгрөгөөр бодож авдаг байсан. Гэвч Д.М нь өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. 5 жил шүүхээр явж байна. Өнгөрсөн хугацаанд манай байгууллага 2 удаа Д.Мгийн байрны цахилгаан тасалсан гэдэг нь үнэн. Шүүхийн шийдвэр гарах хүртэл цахилгаан таслаж болохгүй гэсэн учраас буцааж залгаж байсан. Бид 200 ам.доллараар бодож түрээсээ авах юм бол сард 528,000 төгрөг болно. Гэтэл манайх бусад хэрэглэгчтэй адилхан үнээр тооцож нэхэмжилж байгаа. Ашиглалтын зардлын хувьд ашигласан хэрэглээний зардлыг тооцоог гаргаж нэхэмжлэлд хавсаргасан байгаа, зун, өвлийн цагийн хэрэглээний төлбөр өөр, өөр байдаг. Иймд хариуцагч Д.Мг орон сууцнаас албадан гаргуулж, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд байр хөлсөлсөн төлбөрт 20,800,000 төгрөг, ашиглалтын зардалд 4,817,941 төгрөг, нийт 25,617,941 төгрөгийг хариуцагч Д.Мгөөс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би анх 2010 оны 10 дугаар сард Р******* ******* орон сууц хөлслөх гэрээ байгуулж байсан. Гэрээ байгуулах үед 200 ам.долларыг их байна гэж хэлж байсан. Тэгэхэд 2011 он гараад түрээсийн төлбөрийг ярьж болно гэж хэлээд надтай гэрээ байгуулсан. Би энэ хугацаанд төлбөр мөнгийг бүрэн төлж байсан. Тэр үед 00 нь бөглөрсөн, хагарсан байсан. Танд 00-ийг чинь сольж өгнө 2011 онд таны түрээсийн гэрээг ярилцая гэж хэлж байсан. 2011 онд 200 ам.долларыг багасгах талаар ярилцаж, дахиж гэрээ хийх гэтэл болоогүй, байж бай гэдэг байсан. Монгол улсын иргэн, байгууллагатай гэрээ хийсэн бол би ийм маргаан үүсгэхгүй байсан. Би санхүүгийн зохицуулах хороонд хандаж ам.доллараар гэрээ хийж байгаа талаар мэдээлсэн. Хэрэгт баримт нь байгаа. Хэрэглээний төлбөрийг аж ахуйн нэгжээр хийдэг. Би санал бодлоо хэлэхээр энэ байгууллага тог тасалдаг, байрнаас гар гэж хэлдэг. 2016 онд би гэрээгээ сунгах талаар хүсэлт өгч байсан. Би эвлэрэх гэж олон удаа явсан. Би энэ байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Би хүүхдийнхээ төлбөрийг төлөхийн тулд эмнэлэг ажиллуулдаг. Шүүхээр хэрэг хянагдаж байх хугацаанд 3 удаа манай тогийг тасалсан. Эхний удаа 66 хоног тог тасалсан, дараа нь 46 хоног тасалсан. Энэ хугацаанд шүүх хурал болох үед тог залгаад буцаад тог тасалдаг байсан. Би хандаж болох бүх байгууллагад хандсан. ОХУ болон Монгол улсын хооронд байгуулсан 1972 оны гэрээ нь газрын талаар болохоос биш үл хөдлөх хөрөнгийн талаарх гэрээ биш юм байна лээ. Жирэмсэн хүүхэд минь төрөх гэж байхад намайг дарамталсан, бичлэг нь надад байгаа. Би өгөх ёстой мөнгөө өгсөн. компанид 30 айл хэрэглээний төлбөр төлдөг. Хэрэглээний зардал харьцангуй, өөр өөр гардаг. Дипломат байгууллага байж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, намайг доромжилж байна. Надтай 400,000 төгрөгөөр гэрээ байгуулаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх дээр 2005 оноос хойш маргаантай байсан. Уг орон сууц нь ОХУ-ын өмч гэдэгтэй маргахгүй, харин хэн нэхэмжлэх эрхтэй этгээд вэ гэдэг дээр л манай тал маргаж байгаа. агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Т.Ч.******* гэх хүн нэхэмжлэл гаргасан байна. Хавтаст хэргийн 33 дугаар талд итгэмжлэл байгаа. Уг итгэмжлэлээс харахад зөвшилцөж шийдвэр гаргахаар заасан байна. Уг төлөөлөгчийн газар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь итгэмжлэлээс харагдахгүй байгаа. Маргаан бүхий 14 дүгээр байрны 2 орц нь РЦНК-д хамаарна гэсэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт хэрэгт байгаа. ОХУ-ын элчин сайдын яамны 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийн талаар тодорхойлолт дээр РЦНК-ын 2 орц танайд хамааралгүй гэх заалт байхгүй байна. Энэ 2 тодорхойлолт нь хоорондоо зөрчилтэй байна. Он цагийн дарааллын хувьд эргэлзээтэй байна. ОХУ-ын өмчийг Хилийн чанадад удирдах газар нь өөрөө гэрээгээр орон сууц хөлслүүлдэг газар байгаа. ХХК нь ОХУ-тай түрээсийн гэрээ хийхдээ 1 м.кв-ийг 40 центээр хийдэг. Тэгээд Монголчуудад 400,000 төгрөгөөр байр түрээсэлдэг. Үүнийг түрээслэгч нар мэдээд маргаан үүсгэсэн. Хэрвээ Монгол улсын иргэн юм уу, хуулийн этгээдийн өмч байсан бол Д.М маргахгүй байсан. Гэтэл ОХУ-ын өмч байгаа. Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо нь Үндсэн хуулийн Цэцэд хандахад энэ асуудал шинэ үндсэн хуулиар бол хууль зөрчсөн байна. Гэхдээ 1972 оны асуудлыг бид шийдэхгүй гэсэн хариу өгсөн. Захиргааны хэргийн шүүхэд хандахад 1972 оны гэрээ учраас Захиргааны шүүх хүчингүй болгож чадахгүй гэсэн. Уг асуудлыг УИХ, 2 улсын Засгийн газар шийднэ. 1982 он болон 1973 оны протоколоор РЦНК буюу ОХУ-ын төлөөлөгчийн газар нь маргаан бүхий байрны өмчлөгч гэж тайлбарлаж байна. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг ******* гэх хүнтэй байгуулсан. ОХУ-ын өмчийг төлөөлж шүүхэд хэн оролцох ёстой вэ гэдэг дээр маргаж байгаа. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, итгэмжлэлээр төлөөлөх этгээд нь хэн байх ёстой талаар тодорхойгүй байна. Шүүхийн харъяалал дээр маргахгүй байгаа. Хэрвээ төлөөлөгчийн газар юм бол шүүхэд төлөөлөх эрхтэй этгээдээ хуулийн дагуу оруулж ирэх ёстой. Иргэний хуулийн 29.5-д зааснаар хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна. ******* гэх хүнд итгэмжлэл өгсөн нь шүүхэд төлөөлөх эрх олгосон гэж харагдахгүй байна. 2019 оны 12 сар хүртэл хүчинтэй, бусдад дамжуулахыг хориглосон байгаа. Итгэмжлэлийг бусдад дамжуулахыг хориглосон байхад бусад этгээдийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байна. ******* гэх хүн ийм эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч тал өмчлөх эрхтэй гэсэн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн элчин сайдын яамны тодорхойлолтоор өмчлөх эрхтэй гэдэг боловч РЦНК өмчлөх эрхтэй гэх нотлох баримт байхгүй байна. ******* гэх хүний байгуулсан гэрээг ******* гэх хүн шийдэх эрхтэй эсэх тодорхойгүй байна. ОХУ-ын иргэний хуулийн 185-189 дугаарт зааснаар итгэмжлэлтэй, гэрээ байгуулах эрхтэй байсан бол манай тал маргахгүй байсан. Будаев гэх хүн одоо өөрчлөгдөж Амгалан гэх хүн төлөөлж байгаа юм бол итгэмжлэл нь хүчинтэй юм уу. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн долларын ханшийн мэдээг шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч 200 долларын гэрээнд гарын үсэг зурсан гэдэгтэй маргаагүй. Байрны төлбөр харилцан адилгүй байсан тул түрээсийн төлбөрөө багасгах маргаан гаргасан. 2014 оны 3 дугаар сард гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн байсан. Гэрээний 6 дугаар зүйлээс харахад уг гэрээгээ цуцалсан мэт харагдаж байгаа. Гэрээ цуцлах мэдэгдэл өгсний дараа нь 400,000 төгрөг гэсэн мэдэгдэл өгсөн. Иргэний хуулинд заасан талуудын тохиролцсон үнийн дүн биш. Хэрэглээний төлбөрийн хувьд 4,817,941 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн гэх баримт байхгүй байгаа. Үнэхээр хэрэглээний төлбөр төлсөн бол уг баримтаа хэрэгт хавсаргах ёстой байсан. Нэхэмжлэх эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Зарим саруудад зуны улиралд халаалтын төлбөр гарсан байх жишээний эргэлзээтэй нөхцөл байдал байна. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, мөнгөн дүнгээ яаж тодорхойлсон гэдэг нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч //-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь хариуцагч Д.Мг орон сууцнаас албадан гаргуулж, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 20,800,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 4,817,941 төгрөг, нийт 25,617,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь Оросын холбооны улсыг төлөөлж ОХУ-ын өмчийн талаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш, нэхэмжилж буй орон сууцны 1 сарын хөлс 400,000 төгрөгийг талууд гэрээгээр тохирсон дүн биш, орон сууцны ашиглалтын зардлыг нэхэмжлэгч тал төлсөн гэдэг нь тодорхойгүй гэсэн агуулгаар маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Орон сууцыг богино хугацаагаар хөлслөх тухай гэрээ №22/12-к гэрээг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, хөлслүүлэгч Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгчийн хамтын ажиллагааны холбооны агентлаг //-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байр, , хаягт байрлах, 48,08 кв.м, 29,81 кв.м ашигтай талбай бүхий 2 өрөө орон сууцыг хөлслөгч Д.Мд, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар, орон сууц хөлсөлсний 1 сарын төлбөрт 200 ам.доллартай дүйцэх мөнгөн дүнгээр тооцож төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна. /хх-20-23 тал/

Зохигчийн байгуулсан Орон сууцыг богино хугацаагаар хөлслөх тухай гэрээ №22/12-к гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээ байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон боловч гэрээ байгуулсан талууд гэрээг цааш сунгаагүй, хөлслөгч нь орон сууцыг одоог хүртэл эзэмшиж байгаа болох зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-т эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохирсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх хуулийн зохицуулалттай байна.

Иймээс орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар орон сууц чөлөөлүүлэх шаардлага гаргах, мөн хуулийн дээрх зохицуулалтын дагуу орон сууц хөлсөлсний төлбөр, орон сууцны ашиглалтын зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь ОХУ-ын өмчийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар товч /орос/ нэр хэрэгжүүлэх тул Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгчийн хамтын ажиллагааны холбооны агентлаг //-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрыг ОХУ-ын өмчийн орон сууцтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж маргаж байгаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болох орон сууц буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд орших 6292,18м2 талбайтай, 660.060 ам.долларын үнэ бүхий таван давхар угсармал орон сууцны барилга №14-ийн хууль ёсны өмчлөгч нь ОХУ мөн тул улсын бүртгэлийн 2204008829 дугаарт бүртгэсэн болох нь Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24793 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-24 тал/

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15-р хороолол, 14 дүгээр байр гэсэн хаягтай орон сууцны барилга нь ОХУ-ын өмч мөн бөгөөд түүний 6,7-р орцны 29 орон сууц /,/-ыг эрх эзэмшигч хийгээд дээрх орон сууцны шуурхай удирдлагыг хангах эрхийг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгчийн хамтын ажиллагааны холбооны агентлаг //-т шилжүүлснийг ОХУ-ын өмчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн В103770035902 тоот Реестрт бүртгэж бичилт хийснийг нотлосон тодорхойлолтыг Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 746 дугаартай албан бичгээр гаргасан байна. /хх-25 тал/

Түүнчлэн ОХУ-ын Гадаад явдлын яамны 2018 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн итгэмжлэлд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгчийн хамтын ажиллагааны холбооны агентлаг //-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч ******* Татъяана Чагдуровнад Монгол улс дахь агентлагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар төрийн болон орон нутгийн байгууллага, арилжааны болон арилжааны бус байгууллагуудад агентлагийн ашиг сонирхлыг төлөөлөн оролцох эрх олгож, түүний дотор орон сууц түрээслэх гэрээ байгуулах зэрэг эрхийг олгосон байна. /хх-33 тал/

Эдгээр нотлох баримтаас үзэхэд агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь ОХУ-ын өмч болох маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслөх, орон сууцны шуурхай удирдлагыг хангах, түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.

ОХУ-ыг гадаад оронд төлөөлөх эрх бүхий төрийн байгууллага болох ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, ОХУ-ын Гадаад харилцааны яам нь агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын бүрэн эрхийг нотлосон тодорхойлолт, итгэмжлэлийг олгосон байна.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар товч /орос/ нэр Монгол улс дахь ОХУ-ын өмч болох маргаан бүхий орон сууцны талаар шаардлага гаргаагүйг дурьдав.

Орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 20,800,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;

Орон сууц хөлслөх гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулж, Орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т орон сууц хөлсөлсөний нэг сарын төлбөрийг 200 АНУ доллартай дүйцэх мөнгөн дүнтэй тэнцэнэ, 5 дугаар зүйлийн 5.3-т төлбөрийн хугацаа хожимдуулсан тохиолдолд хөлслөгч нь хугацаа хожимдуулсан хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан байна.

Гэрээний талууд төлбөрийг 400,000 төгрөгөөр тооцож, 2014 оны 9 дүгээр сараас эхлэн хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг төлөөгүй, орон сууцыг одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа тул хариуцагч орон сууц хөлслөх гэрээний хөлс төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд хугацаа хэтрүүлсэн алданги 608,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

Орон сууцны ашиглалтын зардалд 4,817,941 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;

Орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөгч ашиглалтын зардыг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн гаргасан******* байрны орон сууцны ахуйн үйлчилгээний төлбөрийн тооцоо баримтыг үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч тал гаргаж мэтгэлцээгүй байна.

Иймд хариуцагч Д.Мг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байр, , хаягт байрлах орон сууцнаас албадан гаргаж, хариуцагч Д.Мгөөс орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 20,800,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 4,817,941 төгрөг, нийт 25,617,941 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгчийн хамтын ажиллагааны холбооны агентлаг //-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 295 дугаар зүйлийн 295.1, 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч Д.Мг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байр, , хаягт байрлах орон сууцнаас албадан гаргаж, хариуцагч Д.Мгөөс орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 20,800,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 4,817,941 төгрөг, нийт 25,617,941 /хорин таван сая зургаан зуун арван долоон мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгчийн хамтын ажиллагааны холбооны агентлаг //-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газарт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 356,240 /гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ