Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1409

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р МУТГ

байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын

хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Р/-ийн М У төлөөлөгчийн газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01402 дугаар шийдвэртэй

 

Р МУТГнэхэмжлэлтэй хариуцагч Д.Мөнхөөд холбогдох орон сууцнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөр 20 800 000 төгрөг, ашиглалтын зардал 4 817 941 төгрөг, нийт 25 617 941 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С.Зимирев, өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С.Зимирев шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 дугаар хороолол, 14 байр, 104 тоот орон сууцыг иргэн Д.Мөнхөөд Иргэний хуулийн 302.1-т заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлж, гэрээний хугацааг 1 жилээр буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байхаар тохиролцсон. Д.Мөнхөө нь 2212 тоот гэрээний дагуу 1 сарын түрээсийн төлбөрт 200 ам.доллар төлөх, байрны ашиглалтын төлбөрийг цаг тухайд нь төлөх, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэтэл Д.Мөнхөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээний төлбөр 200 ам.доллар их байна гэж маргаж байгаа. Өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Гэрээний 1 жилийн хугацаа дууссанаас хойш Д.Мөнхөөтэй шинээр гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан боловч Д.Мөнхөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Гэрээний төлбөрийг гэрээнд 200 ам.доллар гэж бичсэн хэдий ч 400 000 төгрөгөөр бодож авдаг байсан. Гэвч Д.Мөнхөө нь өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. 5 жил шүүхээр явж байна. Өнгөрсөн хугацаанд манай байгууллага 2 удаа Д.Мөнхөөгийн байрны цахилгаан тасалсан гэдэг нь үнэн. Бид 200 ам.доллараар бодож түрээсээ авах юм бол сард 528 000 төгрөг болно. Гэтэл манайх бусад хэрэглэгчтэй адилхан үнээр тооцож нэхэмжилж байгаа. Ашиглалтын зардлын хувьд ашигласан хэрэглээний зардлыг тооцоог гаргаж нэхэмжлэлд хавсаргасан байгаа, зун, өвлийн цагийн хэрэглээний төлбөр өөр, өөр байдаг. Иймд хариуцагч Д.Мөнхөөг орон сууцнаас албадан гаргуулж, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд байр хөлсөлсөн төлбөрт 20 800 000 төгрөг, ашиглалтын зардалд 4 817 941 төгрөг, нийт 25 617 941 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Мөнхөө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би анх 2010 оны 10 дугаар сард РЦНК-ийн захирал Михаловтай орон сууц хөлслөх гэрээ байгуулж байсан. Гэрээ байгуулах үед 200 ам.долларыг их байна гэж хэлж байсан. Тэгэхэд 2011 он гараад түрээсийн төлбөрийг ярьж болно гэж хэлээд надтай гэрээ байгуулсан. Би энэ хугацаанд төлбөр мөнгийг бүрэн төлж байсан. Тэр үед 00 нь бөглөрсөн, хагарсан байсан. Танд 00-ийг чинь сольж өгнө 2011 онд таны түрээсийн гэрээг ярилцья гэж хэлж байсан. 2011 онд 200 ам.долларыг багасгах талаар ярилцаж, дахиж гэрээ хийх гэтэл болоогүй, байж бай гэдэг байсан. Хэрэглээний төлбөрийг аж ахуйн нэгжээр хийдэг. Би санал бодлоо хэлэхээр энэ байгууллага тог тасалдаг, байрнаас гар гэж хэлдэг. 2016 онд би гэрээгээ сунгах талаар хүсэлт өгч байсан. Би эвлэрэх гэж олон удаа явсан. Би энэ байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Би хүүхдийнхээ төлбөрийг төлөхийн тулд эмнэлэг ажиллуулдаг. Би өгөх ёстой мөнгөө өгсөн. Эдельвайс торг компанид 30 айл хэрэглээний төлбөр төлдөг. Хэрэглээний зардал харьцангуй, өөр өөр гардаг. Надтай 400 000 төгрөгөөр гэрээ байгуулаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх дээр 2005 оноос хойш маргаантай байсан. Уг орон сууц нь ОХУ-ын өмч гэдэгтэй маргахгүй, харин хэн нэхэмжлэх эрхтэй этгээд вэ гэдэг дээр л манай тал маргаж байгаа. Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Т.Ч.Будаева гэх хүн нэхэмжлэл гаргасан байна. Хавтаст хэргийн 33 дугаар талд итгэмжлэл байгаа. Уг итгэмжлэлээс харахад зөвшилцөж шийдвэр гаргахаар заасан байна. Уг төлөөлөгчийн газар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь итгэмжлэлээс харагдахгүй байгаа. Маргаан бүхий 14 дүгээр байрны 2 орц нь РЦНК-д хамаарна гэсэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт хэрэгт байгаа. ОХУ-ын элчин сайдын яамны 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийн талаар тодорхойлолт дээр РЦНК-ын 2 орц танайд хамааралгүй гэх заалт байхгүй байна. Энэ 2 тодорхойлолт нь хоорондоо зөрчилтэй байна. Он цагийн дарааллын хувьд эргэлзээтэй байна. ОХУ-ын өмчийг Хилийн чанадад удирдах газар нь өөрөө гэрээгээр орон сууц хөлслүүлдэг газар байгаа. “Эдельвайс торг” ХХК нь ОХУ-тай түрээсийн гэрээ хийхдээ 1 м.кв-ийг 40 центээр хийдэг. Тэгээд Монголчуудад 400 000 төгрөгөөр байр түрээсэлдэг. Үүнийг түрээслэгч нар мэдээд маргаан үүсгэсэн. Хэрвээ Монгол улсын иргэн юм уу, хуулийн этгээдийн өмч байсан бол Д.Мөнхөө маргахгүй байсан. Гэтэл ОХУ-ын өмч байгаа. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг Михаилов гэх хүнтэй байгуулсан. ОХУ-ын өмчийг төлөөлж шүүхэд хэн оролцох ёстой вэ гэдэг дээр маргаж байгаа. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, итгэмжлэлээр төлөөлөх этгээд нь хэн байх ёстой талаар тодорхойгүй байна. Шүүхийн харъяалал дээр маргахгүй байгаа. Хэрвээ төлөөлөгчийн газар юм бол шүүхэд төлөөлөх эрхтэй этгээдээ хуулийн дагуу оруулж ирэх ёстой. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна. Будаева гэх хүнд итгэмжлэл өгсөн нь шүүхэд төлөөлөх эрх олгосон гэж харагдахгүй байна. 2019 оны 12 сар хүртэл хүчинтэй, бусдад дамжуулахыг хориглосон байгаа. Итгэмжлэлийг бусдад дамжуулахыг хориглосон байхад бусад этгээдийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байна. Будаева гэх хүн ийм эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч тал өмчлөх эрхтэй гэсэн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн элчин сайдын яамны тодорхойлолтоор өмчлөх эрхтэй гэдэг боловч РЦНК өмчлөх эрхтэй гэх нотлох баримт байхгүй байна. Михаилов гэх хүний байгуулсан гэрээг Будаева гэх хүн шийдэх эрхтэй эсэх тодорхойгүй байна. Будаева гэх хүн одоо өөрчлөгдөж Амгалан гэх хүн төлөөлж байгаа юм бол итгэмжлэл нь хүчинтэй юм уу. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн долларын ханшийн мэдээг шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч 200 ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан гэдэгтэй маргаагүй. Байрны төлбөр харилцан адилгүй байсан тул түрээсийн төлбөрөө багасгах маргаан гаргасан. 2014 оны 3 дугаар сард гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн байсан. Гэрээний 6 дугаар зүйлээс харахад уг гэрээгээ цуцалсан мэт харагдаж байгаа. Гэрээ цуцлах мэдэгдэл өгсний дараа нь 400,000 төгрөг гэсэн мэдэгдэл өгсөн. Иргэний хуулинд заасан талуудын тохиролцсон үнийн дүн биш. Хэрэглээний төлбөрийн хувьд 4 817 941 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн гэх баримт байхгүй байгаа. Үнэхээр хэрэглээний төлбөр төлсөн бол уг баримтаа хэрэгт хавсаргах ёстой байсан. Зарим саруудад зуны улиралд халаалтын төлбөр гарсан байх жишээний эргэлзээтэй нөхцөл байдал байна. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, мөнгөн дүнгээ яаж тодорхойлсон гэдэг нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 295 дугаар зүйлийн 295.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Мөнхөөг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байр, 4 давхар, 401 тоот хаягт байрлах орон сууцнаас албадан гаргаж, хариуцагч Д.Мөнхөөгөөс орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 20 800 000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 4 817 941 төгрөг, нийт 25 617 941 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 356 240 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6, 289 дугаар зүйлийн 289.1.2, 295 дугаар зүйлийн 295.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл болох орон сууц нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 24798 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204008829 дугаарт бүртгэгдсэн ОХУ-ын өмч юм. Зохигчдын хооронд байгуулсан орон сууцыг богино хугацаагаар хөлслөх тухай №22/12-к дугаар гэрээг нэг талаас хөлслүүлэгчийг төлөөлж Р МУТГ байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-аас олгосон 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/01/00645 тоот Ерөнхий итгэмжлэлийн дагуу ажиллаж байгаа төлөөлөгчийн газрын Тэргүүн байгуулсан. Мөн тус гэрээний 8-р зүйлд “Оросын холбооны улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ. ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан Х746 дугаартай тодорхойлолтын агуулга нь 14-р байр нь ОХУ-ын өмч бөгөөд түүний 6, 7-р орцны 29 орон сууц /80-96, 98-109 тоот/-ыг эрх эзэмшигч хийгээд дээрх орон сууцны шуурхай удирдлагыг хангах эрх бүхий Р МУТГ байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-т шилжүүлснийг ОХУ-ын холбооны өмчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн В103770035902 тоот Регистрт бүртгэж бичилт хийснийг үүгээр нотолж байна гэх агуулгатай бөгөөд ОХУ-д байрлах Р МУТГ байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-т шилжүүлэн өгснийг нотолж байгаа тодорхойлолт байхад шүүхээс бүх үйл ажиллагаа нь зөвшөөрөл, итгэмжлэлээр явдаг РЦНК-д эрх эзэмшигчийг шилжүүлсэн мэт андуурч буруу дүгнэлт хийсэн. Р МУТГ байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/ нь ОШУСТ буюу РЦНК-ийн үүрэгт ажлыг нэг бүрчлэн итгэмжлэлээр олгодог бөгөөд хавтаст хэргийн 33-р талд байгаа №1/03/06202 дугаарт итгэмжлэлд шүүхэд төлөөлөх эрх тусгагдаагүй. Дээр дурдсан үндэслэлүүд, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл ОХУ-ын өмч болох 14 дүгээр байртай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох, мөн итгэмжлэлтэйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй. Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 14 дүгээр байр нь ОХУ-ын өмч гэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24798 тоот гэрчилгээ хэрэгт байгаа болохоос нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралд тайлбарласан шиг ОШУСТ буюу РЦНК нь 6, 7-р орцны 29 орон сууц /80-96, 98-109 тоот/-ны өмчлөгч гэсэн гэрчилгээ нотлох баримт хэргийн материалд байхгүй болно. Шүүхээс нэхэмжлэгчийг хуулийн этгээд гэж дүгнэсэн боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ байхгүй гэдгээ шүүх хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг. Мөн нэхэмжлэгч байгууллага нь холбогдох татварын алба, бүртгэлийн газарч бүртгэлгүй болох нь хавтаст хэргээс тодорхой харагддаг. Орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх байр хөлсөлсөн төлбөр, ашиглалтын зардлыг шүүхээс шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” буюу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдэд гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Р МУТГ байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь хариуцагч Д.Мөнхөөд холбогдуулан Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 дугаар хороолол, 14 байр, 104 тоот орон сууцнаас хариуцагчийг албадан гаргуулж, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 20 800 000 төгрөг, ашиглалтын зардал 4 817 941 төгрөг, нийт 25 617 941 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1-3/ хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш, түүнчлэн түрээсийн төлбөрийг 400 000 төгрөгөөр тохироогүй, ашиглалтын зардлыг нэхэмжлэгч төлсөн нь тодорхойгүй байна гэж тайлбар гарган маргажээ. /хх.55/

 

            Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Орон сууцыг богино хугацаагаар хөлслөх тухай” 22/12-к дугаартай гэрээгээр Улаанбаатар хот, 15-р хороолол, Хилчдийн гудамж, 14-р байрны 104 тоот 2 өрөө орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар, сарын түрээсийн төлбөрийг 200 ам.доллар байхаар талууд тохиролцжээ. /хх.13-17, 20-23/ Гэрээ байгуулсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна.

 

            Шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан байх тул орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн маргаан болж буй “Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 дугаар хороололд орших 6292,18 м.кв талбайтай, 660 060 ам.долларын үнэ бүхий 5 давхар угсармал орон сууцны барилгын 14 тоот” байр нь ОХУ-ын өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24793 дугаарт бүртгэгдсэн, уг орон сууцыг эзэмших эрхийг Р МУТГ байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-т шилжүүлсэн байх бөгөөд ОХУ-аас олгосон итгэмжлэлд орон сууц түрээслэх гэрээ болон төлөөлөгчийн газрын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор гэрээ байгуулах болон иргэний эрхийн бусад гэрээ байгуулж, түүнд гарын үсэг зурах эрхийг тус агентлагийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчид олгосон үйл баримт тогтоогдсон. /хх.14, 25, 33/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, гэрээг цааш нь сунгаагүй байх боловч хөлслөгч буюу хариуцагч Д.Мөнхөө орон сууцыг өнөөг хүртэл эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасныг давхар баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Учир нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлд заасан зохицуулалт нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үр дагаврыг шийдвэрлэсэн заалт юм. Нэхэмжлэгч нь дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө шаардах эрхийнхээ дагуу шаардаж байгаа тохиолдолд мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасныг заавал давхар баримтлах шаардлагагүй. Иймд тус заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулна.

 

            Орон сууц хөлслөх гэрээний 4.1-т орон сууц хөлсөлсний нэг сарын төлбөр нь 200 АНУ доллартай дүйцэх мөнгөн дүнтэй тэнцэнэ, 5.3-т төлбөрийн хугацаа хожимдуулсан тохиолдолд хөлслөгч нь хугацаа хожимдуулсан хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заажээ. Уг гэрээний хугацаанд буюу 2014 оны 9 дүгээр сараас хойш хариуцагч Д.Мөнхөө нь төлбөрийг төлөөгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасны дагуу орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 20 800 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасны дагуу орон сууцны ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгч нь орон сууцны ашиглалтын зардлыг хариуцагчийн өмнөөс төлж байсан талаарх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ашиглалтын зардал төлснийг нотлох санхүүгийн холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан жагсаалтыг /хх.9-12/ үндэслэж хариуцагчаас орон сууцны ашиглалтын зардалд 4 817 941 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулна.

 

Түүнчлэн, шүүх тогтоох хэсгийнхээ 1 дэх заалтад хариуцагч Д.Мөнхөөг орон сууцнаас албадан гаргаж шийдвэрлэхдээ орон сууцны тоотыг буруу бичсэн алдаа гаргаж, “104” тоотыг “401” гэж бичсэнийг залруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01402 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч Д.Мөнхөөг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байр, 4 давхар, 104 тоот хаягт байрлах орон сууцнаас албадан гаргаж, хариуцагч Д.Мөнхөөгөөс орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 20 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р МУТГ байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 817 941 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...356 240 төгрөг” гэснийг “...332 150 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 356 240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                            ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО