Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00100

 

  *******, Гадаадад амьдарч байгаа

эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн

хамтын ажиллагааны Холбооны агентлаг /Россотрудничество/-ийн Монгол

Улс дахь төлөөлөгчийн газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01402 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1409 дүгээр магадлалтай,

 Нэхэмжлэгч:*******, Гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны агентлаг /Россотрудничество/-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д.Мөнхөө

Орон сууцнаас албадан гаргах, орон сууцны хөлсөлсний төлбөр, ашиглалтын зардалд нийт 25 617 941 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Мөнхөөгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч Д.Мөнхөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч.Будаева шүүхэд гаргасан нэхэмжлэл болон В.С.Зимирев шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 дугаар хороолол, 14 байр, 104 тоот орон сууцыг иргэн Д.Мөнхөөд Иргэний хуулийн 302.1-т заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлж, гэрээний хугацааг 1 жилээр буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байхаар тохиролцсон. Д.Мөнхөө нь 2212 тоот гэрээний дагуу 1 сарын түрээсийн төлбөрт 200 ам.доллар төлөх, байрны ашиглалтын төлбөрийг цаг тухайд нь төлөх, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусах нөхцөлтэй гэрээ байгуулсан.

Гэтэл Д.Мөнхөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээний төлбөр 200 ам.доллар их байна гэж маргаж байгаа. Өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Гэрээний 1 жилийн хугацаа дууссанаас хойш Д.Мөнхөөтэй шинээр гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан боловч Д.Мөнхөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан.

Гэрээний төлбөрийг гэрээнд 200 ам.доллар гэж бичсэн хэдий ч 400 000 төгрөгөөр бодож авдаг байсан. Гэвч Д.Мөнхөө нь өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. 5 жил шүүхээр явж байна. Өнгөрсөн хугацаанд манай байгууллага 2 удаа Д.Мөнхөөгийн байрны цахилгаан тасалсан гэдэг нь үнэн. Бид 200 ам.доллараар бодож түрээсээ авах юм бол сард 528 000 төгрөг болно. Гэтэл манайх бусад хэрэглэгчтэй адилхан үнээр тооцож нэхэмжилж байгаа. Ашиглалтын зардлын хувьд ашигласан хэрэглээний зардлын тооцоог гаргаж нэхэмжлэлд хавсаргасан байгаа, зун, өвлийн цагийн хэрэглээний төлбөр өөр, өөр байдаг.

Иймд хариуцагч Д.Мөнхөөг орон сууцнаас албадан гаргуулж, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд байр хөлсөлсөн төлбөрт 20 800 000 төгрөг, ашиглалтын зардалд 4 817 941 төгрөг, нийт 25 617 941 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.Мөнхөө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би анх 2010 оны 10 дугаар сард РЦНК-ийн захирал Михайловтай орон сууц хөлслөх гэрээ байгуулж байсан. Гэрээ байгуулах үед 200 ам.долларыг их байна гэж хэлж байсан. Тэгэхэд 2011 он гараад түрээсийн төлбөрийг ярьж болно гэж хэлээд надтай гэрээ байгуулсан. Би энэ хугацаанд төлбөр мөнгийг бүрэн төлж байсан. Тэр үед 00 нь бөглөрсөн, хагарсан байсан. Танд 00-ийг чинь сольж өгнө 2011 онд таны түрээсийн гэрээг ярилцъя гэж хэлж байсан. 2011 онд 200 ам.долларыг багасгах талаар ярилцаж, дахиж гэрээ хийх гэтэл болоогүй, байж бай гэдэг байсан. Хэрэглээний төлбөрийг аж ахуйн нэгжээр хийдэг. Би санал бодлоо хэлэхээр энэ байгууллага тог тасалдаг, байрнаас гар гэж хэлдэг.

2016 онд би гэрээгээ сунгах талаар хүсэлт өгч байсан. Би эвлэрэх гэж олон удаа явсан. Би энэ байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Би хүүхдийнхээ төлбөрийг төлөхийн тулд эмнэлэг ажиллуулдаг. Би өгөх ёстой мөнгөө өгсөн. Эдельвайс торг компанид 30 айл хэрэглээний төлбөр төлдөг. Хэрэглээний зардал харьцангуй, өөр өөр гардаг. Надтай 400 000 төгрөгөөр гэрээ байгуулаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх дээр 2005 оноос хойш маргаантай байсан. Уг орон сууц нь ОХУ-ын өмч гэдэгтэй маргахгүй, харин хэн нэхэмжлэх эрхтэй этгээд вэ гэдэг дээр л манай тал маргаж байгаа. Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Т.Ч.Будаева гэх хүн нэхэмжлэл гаргасан байна. Хавтаст хэргийн 33 дугаар талд итгэмжлэл байгаа. Уг итгэмжлэлээс харахад зөвшилцөж шийдвэр гаргахаар заасан байна. Уг төлөөлөгчийн газар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь итгэмжлэлээс харагдахгүй байгаа. Маргаан бүхий 14 дүгээр байрны 2 орц нь РЦНК-д хамаарна гэсэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт хэрэгт байгаа. ОХУ-ын элчин сайдын яамны 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийн талаарх тодорхойлолт дээр РЦНК-ын 2 орц танайд хамааралгүй гэх заалт байхгүй байна. Энэ 2 тодорхойлолт нь хоорондоо зөрчилтэй байна. Он цагийн дарааллын хувьд эргэлзээтэй байна.

ОХУ-ын өмчийг Хилийн чанадад удирдах газар нь өөрөө гэрээгээр орон сууц хөлслүүлдэг газар байгаа. Эдельвайс торг ХХК нь ОХУ-тай түрээсийн гэрээ хийхдээ 1 м.кв-ийг 40 центээр хийдэг. Тэгээд Монголчуудад 400 000 төгрөгөөр байр түрээсэлдэг. Үүнийг түрээслэгч нар мэдээд маргаан үүсгэсэн. Хэрвээ Монгол улсын иргэн юм уу, хуулийн этгээдийн өмч байсан бол Д.Мөнхөө маргахгүй байсан. Гэтэл ОХУ-ын өмч байгаа. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг Михаилов гэх хүнтэй байгуулсан. ОХУ-ын өмчийг төлөөлж шүүхэд хэн оролцох ёстой вэ гэдэг дээр маргаж байгаа. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, итгэмжлэлээр төлөөлөх этгээд нь хэн байх ёстой талаар тодорхойгүй байна. Шүүхийн харьяалал дээр маргахгүй байгаа. Хэрвээ төлөөлөгчийн газар юм бол шүүхэд төлөөлөх эрхтэй этгээдээ хуулийн дагуу оруулж ирэх ёстой. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна. Будаева гэх хүнд итгэмжлэл өгсөн нь шүүхэд төлөөлөх эрх олгосон гэж харагдахгүй байна. 2019 оны 12 сар хүртэл хүчинтэй, бусдад дамжуулахыг хориглосон байгаа. Итгэмжлэлийг бусдад дамжуулахыг хориглосон байхад бусад этгээдийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байна. Будаева гэх хүн ийм эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч тал өмчлөх эрхтэй гэсэн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн элчин сайдын яамны тодорхойлолтоор өмчлөх эрхтэй гэдэг боловч РЦНК өмчлөх эрхтэй гэх нотлох баримт байхгүй байна. Михаилов гэх хүний байгуулсан гэрээг Будаева гэх хүн шийдэх эрхтэй эсэх тодорхойгүй байна. Будаева гэх хүн одоо өөрчлөгдөж Амгалан гэх хүн төлөөлж байгаа юм бол итгэмжлэл нь хүчинтэй юм уу. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн долларын ханшийн мэдээг шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч 200 ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан гэдэгтэй маргаагүй.

Байрны төлбөр харилцан адилгүй байсан тул түрээсийн төлбөрөө багасгах маргаан гаргасан. 2014 оны 3 дугаар сард гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн байсан. Гэрээний 6 дугаар зүйлээс харахад уг гэрээгээ цуцалсан мэт харагдаж байгаа. Гэрээ цуцлах мэдэгдэл өгсний дараа нь 400 000 төгрөг гэсэн мэдэгдэл өгсөн. Иргэний хуульд заасан талуудын тохиролцсон үнийн дүн биш. Хэрэглээний төлбөрийн хувьд 4 817 941 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн гэх баримт байхгүй байгаа. Үнэхээр хэрэглээний төлбөр төлсөн бол уг баримтаа хэрэгт хавсаргах ёстой байсан. Зарим саруудад зуны улиралд халаалтын төлбөр гарсан байх жишээний эргэлзээтэй нөхцөл байдал байна. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, мөнгөн дүнгээ яаж тодорхойлсон гэдэг нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01402 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 295 дугаар зүйлийн 295.1, 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч Д.Мөнхөөг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байр, 4 давхар, 401 тоот хаягт байрлах орон сууцнаас албадан гаргаж, хариуцагч Д.Мөнхөөгөөс орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 20,800,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 4,817,941 төгрөг, нийт 25,617,941 /хорин таван сая зургаан зуун арван долоон мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 356,240 /гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1409 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч Д.Мөнхөөг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байр, 4 давхар, 104 тоот хаягт байрлах орон сууцнаас албадан гаргаж, хариуцагч Д.Мөнхөөгөөс орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 20 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 817 941 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...356 240 төгрөг гэснийг ...332 150 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 356 240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Д.Мөнхөө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.29-ний өдрийн 1409 дугаартай магадлалыг хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй үндэслэлээр хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбар болон хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй.

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, байр хөлсөлсөн төлбөр, ашиглалтын зардлыг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэн тайлбарлаж, илтэд ташаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6, 289 дугаар зүйлийн 289.1.2, 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

1. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй., Иргэний зүйлийн 99 дүгээр зүйлийн 99.1-д Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна., 99.2-т Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна., 99.3-т Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна. болон мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна. гэж тус тус заажээ.

2. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл болох орон сууц нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24798 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204008829 дугаарт бүртгэгдсэн ОХУ-ын өмч юм. /ХХ-24 тал/

3. Зохигчдын хооронд байгуулсан орон сууцыг богино хугацаагаар хөлслөх тухай №22/12-к дугаар гэрээг нэг талаас хөлслүүлэгчийг төлөөлж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-аас олгосон 2013-04-03-ны өдрийн 1/01/00645 тоот Ерөнхий итгэмжлэлийн дагуу ажиллаж байгаа төлөөлөгчийн газрын Тэргүүн байгуулсан. /XX-20 тал/

/Мөн тус гэрээний 8-р зүйлд ...Оросын холбооны улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ." гэж заажээ. /XX-24 тал/

4. ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам 2015.11.26-ны өдөр гаргасан №746 дугаартай тодорхойлолтын агуулга нь 14-р байр нь ОХУ-ын өмч бөгөөд түүний 6, 7-р орцны 29 орон сууц /80-96, 98-109 тоот/-ыг эрх эзэмшигч хийгээд дээрх орон сууцны шуурхай удирдлагыг хангах эрх бүхий Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-т шилжүүлснийг ОХУ-ын холбооны өмчийн 2014-12-25-ны өдрийн В103770035902 тоот регистрт бүртгэж бичилт хийснийг үүгээр нотолж байна гэх агуулгатай бөгөөд ОХУ-д байрлах Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/-т шилжүүлэн өгснийг нотолж байгаа тодорхойлолт байхад шүүхээс бүх үйл ажиллагаа нь зөвшөөрөл, итгэмжлэлээр явдаг ОШУСТ буюу РЦНК- д эрх эзэмшигчийг шилжүүлсэн мэт андуурч буруу дүгнэлт хийсэн.

5. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлаг /Россотрудничество/ нь ОШУСТ буюу РЦНК-ийн үүрэгт ажлыг нэг бүрчлэн итгэмжлэлээр олгодог бөгөөд хавтаст хэргийн 33-р талд байгаа №1/03/06202 дугаарт итгэмжлэлд шүүхэд төлөөлөх эрх тусгагдаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс 2019-05-13-ны өдрийн шүүх хуралд гаргаж өгсөн №77 АВ 1497228 дугаартай итгэмжлэлд ОХУ нь МУ-д байрлах өмчтэй нь холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан зохигчдын эрх, үүргийг тусгасан итгэмжлэлээр оролцдог болох нь тогтоогддог. Гэвч шүүхээс энэ тал дээр дүгнэлт хийгээгүй юм.

6. Нэхэмжлэгч түрээсийн төлбөр гэж нэхэмжилснийг шүүх шийдвэрлэсэн нь нотлох баримтад үнэн зөв үнэлгээ өгөөгүйтэй холбоотой гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2015 оны 1-р сараас хойш ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Хариуцагч миний бие гэрээтэй байсан үе буюу 2014 оны 12-р сарын 31-ныг хүртэлх түрээсийн болон хэрэглээний төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2015 оны 1-р сарын 8-ны өдөр гэрээг үргэлжлүүлэн байгуулах талаар БЗД, ЧД, СБД-ын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргийг 2015 оны 6-р сарын 18 хүртэл хянуулсан, 2016 онд РЦНК-ны иргэн Д.Мөнхөөгөөс түрээсийн төлбөр нэхэмжилж мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр нь 2017 онд хэрэгсэхгүй болж гарсан. Мөн түүнчлэн хариуцагчийн оршин суудаг 14-р байрны ОХУ-ын нэр дээр олгосон Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг иргэнээр болон Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-аар дамжуулан гаргаж, 2018 оны 10-р сар хүртэл шүүхэд хянан шийдвэрлүүлсэн.

Дээрх шүүхийн шийдвэрүүд нь хэрэгт нотлох баримтаар өгөгдсөн боловч шүүх энэхүү нөхцөл байдлыг харглзан үзэлгүйгээр шүүхэд хэрэг хянагдсан, шийдвэр гарсан хугацаан дахь төлбөрийг төлүүлэхээр шийдвэр гаргасан нь хуулийн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

7. Нэхэмжлэгч РЦНК нь өөрөө ашгийн бус, төлөөлөгчийн газар статусаар МУ-д бүртгэгдсэн байдаг нь тэдний шүүхэд гаргаж өгсөн гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд миний бие МУ-ын иргэн эсвэл ашиг олох зориулалттай хуулийн этгээдтэй нэхэмжилж буй хугацаанд гэрээ хийсэн байсан бол шүүхээр асуудлыг шийдүүлэхгүйгээр иргэн би үүргээ биелүүлэх байсан. Нэхэмжлэгч Госзагрансобственнось төлөөлөгчийн газартай мөн ямар ч гэрээ байхгүй, төлбөр төлөх ямар ч хуулийн үндэслэл байхгүй юм. Энэ гэрээгүй байх хугацаанд хариуцагч миний бие ТБЭЭАХХ ТББ -ын гишүүнд элсэн орж, хувиараа болон ТББ-аар дамжуулан Санхүүгийн зохицуулах хороо, НМХГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Татварын Ерөнхий газар, НГА, Улсын бүртгэл, Оюуны өмчийн газар, ГХЯ, МУ-ын Ерөнхийлөгч, МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд байрны асуудлыг шийдэж өгөх талаар удаа дараалан хандаж байснаар тэдгээр байгууллагуудын энэ байртай холбоотой хийж буй ажлуудын талаар хариуг авч байснаа хэрэгт хавсаргасан байгаа.

Учир нь энэхүү маргаан бүхий байр нь МУ-ын 1992 оны Шинэ үндсэн хуулийг 27 жил зөрчиж байгаа 1971 оны ЗХУ-БНМАУ-ын ЗГ-ын протоколтой холбоотой ба энэхүү протокол нь 1993 оны МУ-ын хууль болон Олон улсын гэрээ хэлэлцээрийг Үндсэн хуульд нийцүүлэх тухай хуулийг хэрэгжүүлээгүй МУ-ын ЗГ-ын эс үйлдэхүйн үр дагавар юм.

Дээр дурдсан үндэслэлүүд, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл ОХУ-ын өмч болох 14-р байртай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох, мөн итгэмжлэлтэйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт дурдсан Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

14-р байр нь ОХУ-ын өмч гэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24798 тоот гэрчилгээ хавтаст хэрэгт байгаа болохоос нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралд тайлбарласан шиг ОШУСТ буюу РЦНК нь 6, 7-р орцны 29 орон сууц /80-96, 98-109 тоот/-ны өмчлөгч гэсэн гэрчилгээ нотлох баримт хэргийн материалд байхгүй болно.

Шүүхээс нэхэмжлэгчийг хуулийн этгээд гэж дүгнэсэн боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ байхгүй гэдгээ шүүх хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг. Мөн нэхэмжлэгч байгууллага нь холбогдох татварын алба, бүртгэлийн газар ч бүртгэлгүй болох нь хавтаст хэргээс тодорхой харагддаг. /XX 59-61 тал/

Орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх байр хөлсөлсөн төлбөрийг шүүхээс шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5- д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдэд гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

Хариуцагч миний бие яг ямар гэрээ эрх зүйн харилцааг үндэслэж төлбөр төлөх болсноо ойлгохгүй, түүнийг тайлбарласан тайлбар алга.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.29-ний өдрийн 1409 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч *******, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны Агентлаг /Россотрудничество/-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь хариуцагч Д.Мөнхөөд холбогдуулан орон сууцнаас албадан гаргах, орон сууцны хөлсөлсний төлбөр, ашиглалтын зардалд нийт 25 617 941 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас орон сууцны хөлс 20 800 000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгож, ашиглалтын зардал нэхэмжилсэн 4 817 941 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Д.Мөнхөө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй, ....шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 Хариуцагч Д.Мөнхөө нь Баянзүрх дүүргийн 4-р хороо 15 дугаар хороололд байрлах 14 дүгээр байрны 104 тоотыг эзэмшдэг бөгөөд тус 14 дүгээр байр нь бүхэлдээ ОХУ-ын өмч болох нь Улсын бүртгэлийн 2204008829 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсоноор нотлогдсон байна. /хх-24 дүгээр тал/

 Улаанбаатар хот, 15-р хороолол, 4-р хороо, Баянзүрх дүүргийн 14 дүгээр байрны 7 дугаар орцны 29 орон сууц /80-96, 98-109 тоот/-ыг эрх эзэмшигч хийгээд дээрх орон сууцны шуурхай удирдлагыг хангах эрх бүхий *******, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны агентлаг /Россотрудничество/-т шилжүүлснийг ОХУ-ын холбооны өмчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн В103770035902 тоот регистрт бүртгэснийг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №746 тодорхойлолтод заажээ.

 *******, Гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны агентлагийн тэргүүн Митрофанова Элеонора Валентиновна нь Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Будаева Татьяана Чагдуровнад 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №1/03/06202 дугаартай итгэмжлэлээр Монгол Улс дахь Росстудничество агентлагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар төрийн ба орон нутгийн байгууллага, арилжааны болон арилжааны бус байгууллагуудад агентлагийн ашиг сонирхлыг төлөөлөн оролцох эрхийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар олгожээ.

 Дээрх итгэмжлэлийг үндэслэн Будаева Татьяана Чагдуровна хариуцагч Д.Мөнхөөд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 Зохигчийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц богино хугацаагаар хөлслөх тухай гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр хөлслүүлэгч Россотрудничества агентлаг Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 дугаар хороолол, Хилчний гудамж, 14 дүгээр байрны 104 тоот 47.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хөлслүүлэх, хөлслөгч Д.Мөнхөө тус орон сууцанд амьдарч, тохирсон журмын дагуу орон сууц ашигласны төлбөр болон гэрээнд заасан бусад төлбөрийг цаг тухайд нь хийхээр, орон сууц хөлсөлсний нэг сарын төлбөрийг 200 ам.доллартай дүйцэхүйц мөнгөн дүнтэй тэнцэхээр, байр хөлслөх хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл байхаар тус тус харилцан тохиролцсон, гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч орон сууцанд үргэлжлүүлэн амьдарч байгаа үйл баримт тогтоогджээ.

 Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно, орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана гэж Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 296 дугаар зүйлийн 296.1., 294 дүгээр зүйлийн 294.6.-д тус тус зохицуулжээ.

 Орон сууцыг богино хугацаанд хөлслөх тухай №22/12-к гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурснаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл, гэрээнд орон сууцны хөлсийг 200 ам.доллартай дүйцэх мөнгөн дүнгээр тохирсон боловч хөлслүүлэгч нэг сарын төлбөрийг 400 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь гэрээгээр тохирсон мөнгөн дүнгээс хэтрээгүй, хөлслөгчид ашигтай, түүний эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх ба гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч орон сууцыг үргэлжлүүлэн ашигласаар байгаа үндэслэлээр гэрээний нөхцөлөөр орон сууцны хөлсийг тооцож нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөлслүүлэгч орон сууцаа буцаан шаардаж, ашигласан хугацааны хөлсийг, ашиглалтын зардлын хамт нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтад нийцсэн, шүүх маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч ашиглалтын зардалтай холбогдох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй байна.

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа нэхэмжлэгч нь ашиглалтын зардал гэж нэхэмжилсэн 4 817 941 төгрөгийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

 Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй... гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1409 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Мөнхөөгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Мөнхөөгөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Б.УНДРАХ

                                   ШҮҮГЧ         Х.ЭРДЭНЭСУВД