Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/01893

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Засгийн газрын автобаазын хашаанд байрлах У ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 1 тоот хаягт оршин суух Боржигин овогт Г.Э /регистрийн дугаар /-д холбогдох,

 

1,092,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч У ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь иргэн Г.Э-тэй 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ТТ-17-070 тоот автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан ба түрээслэгч иргэн Г.Э нь 1111 улсын дугаартай Хьюндай Элантра маркийн автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглах, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг хүлээж, уг автомашиныг эзэмших ашиглахад бүрэн бүтэн байдлаар актаар хүлээлгэн өгч баталгаажуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн байна.

Түрээслэгчийн түрээсийн үйл ажиллагааг дэмжиж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Э.Э нь батлан даалт гаргаж баталгааны гэрээ үйлдсэн байна.

Түрээслэгч иргэн Г.Э нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй түрээсийн орлогоо гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, ЗХД зөрчсөн торгуулийн төлбөр төлөөгүй тул түрээслүүлэгч талаас ТТ17-170 тоот гэрээний үүргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болгож, түрээсийн зүйл болох 1111 улсын дугаартай Хьюндай Элантра маркийн автомашиныг хүлээн авч акт үйлдэж оношилгоо үзлэгт оруулж холбогдох засвар үйлчилгээг хийлгэсэн байна.

Тухайн үеийн түрээсийн орлогын үлдэгдэл, ЗХД зөрчсөн торгууль, засвар үйлчилгээ, оношилгооны зардал төлбөрийг танилцуулж шийдвэрлэх боломжийг талууд харилцан ярилцахад иргэн Г.Э нь төлбөрийг барагдуулахгүй өдий хүрсэн.

Засвар үйлчилгээний зардал, төлбөр 901,700 төгрөг, түрээсийн орлогын үлдэгдэл өр 100,000 төгрөг, ЗХД зөрсөн торгууль 50,900 төгрөг, бусад авлага өр 440,000 төгрөг, нийт 1,092,600 төгрөгийг Г.Эгээс гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу гэв.

 

Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулан 1111 улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар ашиглахдаа 500,000 төгрөг бэлнээр өгсөн. Уг мөнгийг барьцаа болгон авна гэж шаардсан юм. Ингээд би 2 сар гаруй хугацаанд ажиллахдаа 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл орлогоо бүрэн тушааж, эмнэлэгт хэвтэх болсон тул 11 дүгээр сарын 28-ны өглөө машинаа механикт хүлээлгэж өгч, гаражид нь тавьсан.

Гэтэл түрээсийн орлого, оношлогооны зардал төлбөрийг би өөрөө төлсөн байтал харилцан ярилцах битгий хэл, уулзаж танилцуулаачгүй байж уулзсан мэтээр гүтгэн бичиж 1 сая гаруй төгрөгийн төлбөр нэхэмжилсэн байна.

Харин би машинд нь 1 ширхэг дугуй 60,000 төгрөг, 1 ширхэг хөгжим 55,000 төгрөгөөр өөрийн мөнгөөр авч тавьсан ба бэлэн барьцаанд өгсөн 500,000 төгрөг, нийт 615,000 төгрөгийг нэхэмжлэн авах саналтай байна. Эс бөгөөс эргэн ажилд минь оруулж өгөхийг шүүхээс хүсмээр байна. Би 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажиллаад 28-ны өдрөөс эхлэн эмчилгээ хийлгэж 2018 оны 4 дүгээр сарын 26-нд бүрэн эмчилгээ дуусаад одоо ажил хийх чадвартай болсон. Нийт 4 сар 28 хоног өвчтэй байсан, хийсэн эмчилгээ акт бүрэн бий.

Нэхэмжлэлийн шаардлагаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50,900 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Г.Э-д холбогдуулан, автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 1,092,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50,900 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч У ХХК нь такси үйлчилгээ эрхлэх, БНСУ-ын Хьюндай компанид 2011 онд үйлдвэрлэсэн, Элентра маркийн, 2222 улсын дугаартай, суудлын автомашиныг түрээслэгч Г.Э-д 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 33 сарын хугацаатай түрээслүүлж, нэг сарын түрээсийн төлбөр 550,000 төгрөг, нэг сарын түрээсийн хүү 2 хувь, гэрээний нийт үнэ 17,774,697.45 төгрөг байхаар тогтоож, хугацааны эцэст автомашины өмчлөлийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. 312.4.-т Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болно. гэж тус тус заасан бөгөөд талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Эгийн эзэмшилд байсан Элентра маркийн, 2222 улсын дугаартай, автомашиныг засахад зарцуулсан зардал 901,700 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 4 хоногийн түрээсийн орлогын үлдэгдэл өр 100,000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 50,900 төгрөг, бусад авлага өр 440,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ., мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус зааснаар түрээслүүлэгч нь автомашинд учирсан элэгдэл, засвар болон түрээслэгчийн буруугаас өөрт учирсан хохирлыг түрээслэгчээс шаардах эрхтэй.

Хариуцагч Г.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй, эмчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Натул эмнэлэгийн магадлагаа зэргээр тогтоогдож байх бөгөөд Г.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 2222 улсын дугаартай, автомашинаар такси үйлчилгээнд гарчээ. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эмчилгээ хийлгэхээр чөлөө авах өргөдлийг гарган, 2222 улсын дугаартай автомашиныг У ХХК-д хүлээлгэн өгч, акт үйлдсэн байна.

Автомашиныг дээр дурдсанаар хүлээлгэн өгөхөд, Автомашины оношлогоо, үзлэгийн хуудсыг үйлдэж, запас дугуй хагархай, урд, хойд буфер, хоёр талын хормойд сэвтэй, зүүн хойд крыло засах, будахыг тэмдэглэж, хөдөлгүүрийн тос, тосны шүүр, агаар шүүгч, эйр кондейшний шүүр, гар 1 ширхэг, урд амортизатор, пүрш 2 ширхэг, яндан глушитель гагнах, жийрэг 1 ширхэгийг тус тус засах, солих, паарны радиатор солих, тэнхлэг тохиргоо хийх, к/ш хаалт солих, усны хаялганы булан солихоор тэмдэглэжээ.

У ХХК-ийн 2222 улсын дугаартай, автомашиныг Монгол хьюндай автомотив ХХК-ийн засвар үйлчилгээнд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, мөн оны 02 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд хүлээн авсан Засвар үйлчилгээний хуудсаас үзэхэд агрегат, компьютер, кузов оношлоход нийт 40,000 төгрөг, дугуй солих 6,500 төгрөг, хөдөлгүүрийн тос солиход 10,000 төгрөг, такси дуудлагын системийн эрх нээхэд 165,000 төгрөг зарцуулсан нь хариуцагч Г.Э-д хамаарах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн засварын ажил нь автомашиныг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгснөөс хойш хоёр сар гаруйн дараа хийгдсэнээс гадна автомашин хүлээлцсэн акт, оношлогоо, үзлэгийн хуудсаас гадуур зүйлсийн зардал байна.

Мөн түүнчлэн, түрээсийн орлогын өр 100,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд төлөгдөөгүй өр гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч энэ хугацаанд түрээсийн орлогын өр үүссэн, улмаар өр төлөх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүй, харин хариуцагч эмчилгээ хийлгэхээр 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр автомашиныг хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд гэрээ хэвийн үргэлжилж байсан үйл баримт тогтоогдож байх тул түрээсийн орлогын өр 100,000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 321,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль болон автомашины засварын зардалд нийт 771,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Э-гээс 771,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 321,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эгээс 23,056.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА