Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00098

 

“У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01893 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1824 дүгээр магадлалтай

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Эд холбогдох

Засвар үйлчилгээний зардал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгууль, түрээсийн орлогын үлдэгдэл өр, бусад өр авлага нийт 1 092 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Г.Этэй 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ТТ-17-070 тоот “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулсан ба түрээслэгч Г.Э нь 1264 УНМ улсын дугаартай Хьюндай Элантра маркийн автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглах гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг хүлээж, уг автомашиныг эзэмших, ашиглахад бүрэн бүтэн байдлаар актаар хүлээлгэн өгч баталгаажуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн байна.

Түрээслэгчийн түрээсийн үйл ажиллагааг дэмжиж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Э.Эрдэнэ-Очир нь батлан даалт гаргаж баталгааны гэрээ үйлдсэн байна. Түрээслэгч Г.Э нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй түрээсийн орлогоо гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн төлбөр төлөөгүй тул түрээслүүлэгч талаас гэрээний үүргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болгож, түрээсийн зүйл болох автомашиныг хүлээн авч акт үйлдэж, оношилгоо үзлэгт оруулж, холбогдох засвар үйлчилгээг хийлгэсэн.

Тухайн үеийн түрээсийн орлогын үлдэгдэл, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль, засвар үйлчилгээ, оношлогооны зардал төлбөрийг танилцуулж шийдвэрлэх боломжийг талууд харилцан ярилцахад Г.Э нь төлбөрийг барагдуулахгүй өдий хүрсэн.

Засвар үйлчилгээний зардал, төлбөр 901 700 төгрөг, түрээсийн орлогын үлдэгдэл өр 100 000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрсөн торгууль 50 900 төгрөг, бусад авлага өр 440 000 төгрөг, нийт 1 092 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулан 1264 УНМ улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар ашиглахдаа 500 000 төгрөг барьцаа болгон шаардсаныг өгсөн. Би 2 сар гаруй хугацаанд ажиллахдаа 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл орлогоо бүрэн тушааж, эмнэлэгт хэвтэх болсон тул 11 дүгээр сарын 28-ны өглөө автомашиныг механикт хүлээлгэж өгч, гараажид нь тавьсан.

Гэтэл түрээсийн орлого, оншлогооны зардал төлбөрийг би өөрөө төлсөн байтал харилцан ярилцах битгий хэл, уулзаж танилцуулаагүй байж уулзсан мэтээр бичиж 1 000 000 гаруй төгрөгийн төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Харин би автомашинд нь 1 ширхэг дугуй 60 000 төгрөг, 1 ширхэг хөгжим 55 000 төгрөгөөр өөрийн мөнгөөр авч тавьсан ба бэлэн барьцаанд өгсөн 500 000 төгрөг, нийт 615 000 төгрөгийг нэхэмжлэн авах саналтай байна. Эс бөгөөс эргэн ажилд минь оруулж өгөхийг шүүхээс хүсмээр байна. Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажиллаад, 28-ны өдрөөс эхлэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоо ажил хийх чадвартай болсон. Нийт 4 сар 28 хоног өвчтэй байсан, хийсэн эмчилгээ акт бүрэн бий.

Нэхэмжлэлийн шаардлагаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50 900 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01893 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Эгээс 771 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 321 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эгээс 23 056 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1824 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01893 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “771 100 төгрөгийг” гэснийг “364 900 төгрөгийг” гэж, “321 500 төгрөгт” гэснийг “727 700 төгрөгт” гэж өөрчилж,

2 дахь заалтын “23 056.4 төгрөгийг” гэснийг “11 597 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 056 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: "УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Эд холбогдох иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.13-ны өдрийн 1824 дугаартай магадлалд гомдол гаргаж байна. Үүнд:

Магадлалд 2017.11.29-ний өдөр автомашин хүлээлцэх актаар свеча 4ш, катушка 2ш, урд амортизатор 2ш, яндан гагнах, хойд болон баруун гупер засах , будах, усны хаялгын булан солих тэмдэглэл үйлджээ. Үүнийг 2018.02.01-ний өдрийн үнэлгээгээр тооцож тогтоох нь зүйтэй байна гэж дээр дурьдсан эд ангийн үнэлгээ 254 000 төгрөг, засвар ажлын хөлс 460 000 төгрөг, нийт 714 000 төгрөгөөр тооцжээ.

Уг автомашиныг 2017.11.29-ний өдөр "Монгол Хьюндай автомотив" ХХК-ийн оношлогоо, үзлэгт оруулан ямар эвдрэл, гэмтэл үүссэнийг 40 000 төгрөгийн төлбөртэйгээр тогтоолгож, тухайн өдрийн автомашин хүлээлцэх актанд: агаар шүүгч, авто салоны шүүр, свеча 4ш, катушка 2ш, урд амортизатор 2ш, яндан гагнах, жийрэг 1ш, хойд болон баруун гупер засах, будах, усны хаялгын булан солихоор тэмдэглэгдсэн байдаг.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд 2 ширхэг урд амортизаторын үнэлгээний 140 000 төгрөг, оншилогооны төлбөр 40 000 төгрөг буюу 180 000 төгрөгийг орхигдуулан хохирлын үнэлгээг 254 000 төгрөгөөр тооцсон, хариуцагч Г.Э нь "ТТ-17-070" дугаартай гэрээнд заасны дагуу төлөгдвөл зохих төлбөр 100 000 төгрөгийг 2017.10.17-ны өдрөөс 2017.10.20-ны өдрийг дуусталх хугацаандаа төлөөгүйг байгууллагын санхүүгийн нотлох баримтанд тусгасныг үнэлж дүгнээгүй байна.

Иймд дээрх нотлох баримтанд тулгуурлан дутуу бодогдсон үнэлгээний төгрөг 180 000 төгрөг, 4 хоногийн төлөгдөөгүй төлбөр 100 000 төгрөгийн төлбөрийг нэмж гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“У” ХХК нь Г.Эд холбогдуулан засвар үйлчилгээний зардал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгууль, түрээсийн орлогын үлдэгдэл өр, бусад өр авлага нийт 1 092 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгуулийг зөвшөөрнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 771 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчаас 364 900 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хариуцагч Г.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “У” ХХК-тай №тт-17-070 тоот “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, 1264 УНМ улсын дугаартай Хюндай Элентра маркийн автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглах, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх, гэрээний хугацаа дуусах үед үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд түрээсийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр шаардах, түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч нь түрээсийн зүйл болох автомашиныг зориулалтын дагуу ашиглуулахаар түрээслэгчийн эзэмшилд хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээжээ.

Гэрээний дагуу түрээслүүлэгч автомашиныг хүлээлгэн өгсөн, түрээслэгч автомашиныг эзэмшиж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл такси үйлчилгээ эрхэлж, түрээсийн төлбөр төлж байсан үйл баримт тогтоогджээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Хариуцагч Г.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл такси үйлчилгээнд явж байгаад эмчилгээ хийлгэж, эмчлүүлэх шаардлагын улмаас түрээсийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж, авто машиныг хүлээлгэн өгсөн боловч үргэлжлүүлэн ажиллаагүй тул түрээслүүлэгч гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1., 294 дүгээр зүйлийн 294.2.1., 227 дугаар зүйлийн 227.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийн төлбөл зохих хохирлыг үндэслэл бүхий тодорхойлсны улмаас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтуудыг зөрчөөгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 764 900 төгрөгийг хангаж, үүнээс түрээслэгчээс гэрээний баталгаа болгож дэнчинд төлсөн 400 000 төгрөгийг хасч /764 900-400 000/ үлдэх 364 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба дээрх үнэлгээнд гомдолд дурдсан 2 ш амартизаторын үнэ багтсан байна.

Харин “...4 хоногийн түрээсийн төлбөр 100 000 төгрөг, автомашины оношлогооны төлбөр 40 000 төгрөг” нэхэмжилсэн шаардлагаа үндэслэл бүхий нотлоогүй,  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул дээрх төлбөрийг нэмж гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1824 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 056 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД