Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01824

 

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01824

 

 

Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргигйн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01893 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Эрхүүд холбогдох,

 

1 092 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Г.Эрхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Г.Эрхүүтэй 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ТТ-17-070 тоот автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан ба түрээслэгч Г.Эрхүү нь 1264 УНМ улсын дугаартай Хьюндай Элантра маркийн автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглах, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг хүлээж, уг автомашиныг эзэмших ашиглахад бүрэн бүтэн байдлаар актаар хүлээлгэн өгч баталгаажуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн байна.

Түрээслэгчийн түрээсийн үйл ажиллагааг дэмжиж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Э.Эрдэнэ-Очир нь батлан даалт гаргаж баталгааны гэрээ үйлдсэн байна. Түрээслэгч Г.Эрхүү нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй түрээсийн орлогоо гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн төлбөр төлөөгүй тул түрээслүүлэгч талаас гэрээний үүргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болгож, түрээсийн зүйл болох автомашиныг хүлээн авч акт үйлдэж оношилгоо үзлэгт оруулж холбогдох засвар үйлчилгээг хийлгэсэн.

Тухайн үеийн түрээсийн орлогын үлдэгдэл, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль, засвар үйлчилгээ, оношилгооны зардал төлбөрийг танилцуулж шийдвэрлэх боломжийг талууд харилцан ярилцахад Г.Эрхүү нь төлбөрийг барагдуулахгүй өдий хүрсэн.

Засвар үйлчилгээний зардал, төлбөр 901 700 төгрөг, түрээсийн орлогын үлдэгдэл өр 100 000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрсөн торгууль 50 900 төгрөг, бусад авлага өр 440 000 төгрөг, нийт 1 092 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулан 1264 УНМ улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар ашиглахдаа 500 000 төгрөг барьцаа болгон шаардсаныг өгсөн. Би 2 сар гаруй хугацаанд ажиллахдаа 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл орлогоо бүрэн тушааж, эмнэлэгт хэвтэх болсон тул 11 дүгээр сарын 28-ны өглөө автомашиныг механикт хүлээлгэж өгч, гараажид нь тавьсан.

Гэтэл түрээсийн орлого, оношлогооны зардал төлбөрийг би өөрөө төлсөн байтал харилцан ярилцах битгий хэл, уулзаж танилцуулаачгүй байж уулзсан мэтээр бичиж 1 000 000 гаруй төгрөгийн төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Харин би автомашинд нь 1 ширхэг дугуй 60 000 төгрөг, 1 ширхэг хөгжим 55 000 төгрөгөөр өөрийн мөнгөөр авч тавьсан ба бэлэн барьцаанд өгсөн 500 000 төгрөг, нийт 615 000 төгрөгийг нэхэмжлэн авах саналтай байна. Эс бөгөөс эргэн ажилд минь оруулж өгөхийг шүүхээс хүсмээр байна. Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажиллаад, 28-ны өдрөөс эхлэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоо ажил хийх чадвартай болсон. Нийт 4 сар 28 хоног өвчтэй байсан, хийсэн эмчилгээ акт бүрэн бий.

Нэхэмжлэлийн шаардлагаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50 900 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Эрхүүгээс 771 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 321 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эрхүүгээс 23 056 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Би уг баазад 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажиллахдаа орлогоо бүрэн тушааж байсан бөгөөд бие өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тул автомашиныг бүрэн хүлээлгэн өгч, гараажид тавьсан. Гэтэл хүлээлцсэн акт гэж хуурамч бичиг гарган, гар бичмэлээр нэмж худлаа он, сар тавьсан байна. Уг хүлээлцсэн бичиг нь анх автомашиныг авахдаа хүлээлцсэн миний гарын үсэгтэй бичиг юм. Энэ өдрүүдэд би эмнэлэгт босч чадахгүй хэвтэн эмчлүүлж байсан.

Мөн бусад өр гэж 440 000 төгрөг огт байхгүй. Харин би автомашинд 1 дугуй, 1 хөгжимийг 115 000 төгрөгөөр авч тавьсан. Барьцаа болгож өгсөн 500 000 төгрөг өгсөн бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх 50 900 төгрөгийг хасч 554 100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь хариуцагч Г.Эрхүүд холбогдуулан засвар үйлчилгээний зардалд 901 700 төгрөг, түрээсийн төлбөрт 100 000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс учирсан хохирол 50 900 төгрөг, бусад авлагад 440 000 төгрөг, нийт 1 092 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тт-17-070 тоот Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 1264 УНМ улсын дугаартай Хюьндай Элентра автомашиныг 33 сарын хугацаатай, такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглуулахаар хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг хүлээж, уг автомашиныг хүлээн авсан. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Хариуцагч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50 900 төгрөгийн торгуулийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин автомашиныг актаар хүлээлгэж өгөөгүй тул засварын болон бусад зардлыг төлөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Г.Эрхүү нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр 10 хоногийн чөлөө авах өргөдлийг Улаанбаатар такси транспорт сервис ХХК-д гаргаж, автомашиныг хүлээлгэж өгсөн болох нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр автомашин хүлээлцэх актад гарын үсэг зурснаар тогтоогдож байна.

 

Уг актаар севча 4, катушка 2, урд амортизатор 2, яндан гагнах, хойд болон баруун гупер засах, будах, усны хаялгын булан солих гэсэн тэмдэглэл үйлджээ.

 

Автомашинд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Хюьндай ХХК-иар засвар үйлчилгээ хийлгэсэн баримтыг хариуцагчаас автомашиныг хүлээж авснаас хойш 2 сар 4 хоногийн дараа үйлдэж, автомашинд засвар хийсэн байх тул энэ баримтыг үндэслэн хариуцагч Г.Эрхүүг буруутгах боломжгүй. Иймд автомашиныг хүлээлгэж өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар тогтоогдсон хохирлыг хариуцагч нь хариуцах үүргийн хүрээнд хохирлын хэмжээг тухайн үед тогтоосон баримтгүй тул 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээгээр тооцож тогтоох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан эд ангийн үнэлгээг 254 000 төгрөг, засвар хийх ажлын хөлс 460 000 төгрөг нийт 714 000 төгрөгөөр хохирлыг тооцов.

 

Хариуцагчаас засвар үйлчилгээний зардалд 714 000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 50 900 төгрөг, нийт 764 900 төгрөгөөс хариуцагчаас баталгаа болгож төлсөн 400 000 төгрөгийг хасч тооцвол 364 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 727 700 гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01893 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын 771 100 төгрөгийг гэснийг 364 900 төгрөгийг гэж, 321 500 төгрөгт гэснийг 727 700 төгрөгт гэж өөрчилж,

2 дахь заалтын 23 056.4 төгрөгийг гэснийг 11 597 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 056 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА